Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 63

 

                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Л.Оюун нарын бүрэлдэхүүнтэй

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Баттөмөр хөтлөн

улсын яллагч М.Мөнхцэцэг

шүүгдэгч Н.Норовсамбуу, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг

хохирогч Б.Идэрмөнх

иргэдийн төлөөлөгч Г.Саранболор

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201626022422 дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 2 дугаар сарын 20-нд Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-1, Завхан аймгийн Улиастай сумын Өлзийт багийн Ажилчин хэсгийн 2 дугаар гудамжны 41 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, хэрэгт холбогдох үедээ Чингэлтэй дүүргийн Хүчит шонхор захын урд, Нуурын 15 дугаар гудамжны 216 тоотыг түрээслэж байсан гэх,

ял: 1. 2000 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Завхан аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 59 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 2-т зааснаар 40.000 төгрөгөөр торгох ялаар,

2. 2002 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Завхан аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 89 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийт 2 жил хорих ялаар,

3. 2003 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Завхан аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 20II дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сар баривчлах ял, өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоох оногдуулсан ялаас нэмж нэгтгэн нийт 1 жил 3 сар 11 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 2004 оны 2 дугаар сарын 8-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан,

4. 2004 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Завхан аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 112 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 11 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2008 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хуулийн тэгшитгэлд хамрагдаж, ялаас хугацааны өмнө суллагдсан,

5. 2014 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр Сум дундын 12 дугаар шүүхийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ялаар шийтгүүлж,

2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 105 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 08 сар 24 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

ИЙ82022014 дугаарын регистртэй, Тайжууд овогт Наранзулын /эх/ Норовсамбуу

Шүүгдэгч Н.Норовсамбуу урьд дээрэмдэх гэмт хэрэгт хорих ялаар шийтгүүлж ялтай байхдаа буюу давтан үйлдлээр, бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед аюултайгаар хүч хэрэглэж 2016 оны 9 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнийн 00 цагийн үед Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Нэгдсэн 3 дугаар эмнэлгийн урд талын бургасан дотор хохирогч Б.Идэрмөнхийн өмсөж явсан гутал, цэнхэр өнгийн куртикийг дээрэмдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Н.Норовсамбуу шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Миний үйлдсэн хэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байгаа тул дахин мэдүүлэхгүй. Дээрмийн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед би ганцаараа явж байсан юм. Батболдыг дуудаад түүнийг ирэх хооронд хохирогчийг дээрэмдсэн. Би хохирогч Идэрмөнхийн эд зүйлсийг авчихсан байсны дараагаар Батболд ирсэн. Тэгээд түүнд би хохирогчийн хувцаснаас өгсөн. Энэ хэрэгт Батболд огт оролцоогүй. Харин Хөдөлгөөнтийн цагдаа нарт баригдах үед Батболд бид хоёр хамт байсан нь үнэн. Бид хоёртой хамт бас нэг хүн байсан. Тэр хүнийг би танихгүй. Батболд бид хоёр дээр гал асуугаад ирсэн юм. Тэр хүнээс цагдаа нар юм асууж байснаа явуулчихаад бид хоёрыг аваад явсан.

Би дахин гэмт хэрэг үйлдэж, бусдыг дээрэмдсэндээ харамсаж байна гэв.

Хохирогч Б.Идэрмөнх шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

9 дүгээр сарын 23-нд дүүгийн хурим болоод, орой нь 1 дүгээр хорооллын 11 дүгээр байр буюу гэрт нь ирж дахин архи уусан. Тэгээд би нилээд их согтоод гэр ойрхон юм чинь алхая гэж гарч яваад дээрэмдүүлсэн. Үндсэндээ бол би тасарчихсан, яг юу болсоныг, хэдэн хүн байсныг санахгүй байгаа юм. Ямар ч байсан цээжин дээр хүн гараад суучихсан, би алуулчихвий дээ гэж бодогдоод ахаасаа авах юм байвал ав, ах нь 2, 3 хүүхэдтэй хүн шүү гэж л хэлж байсан. Дараа нь би такси зогсоож, таксинд суусан байсан. Таксины жолоочид хэлээд охин руугаа яриулаад, таксины жолооч бас цагдаад дуудлага өгсөн байна лээ. Тэр бүгдийг би ерөөсөө санахгүй, мэдэхгүй байгаа юм. Тэгээд би гэртээ хариад шууд унтчихсан. Шөнө нь эдгээр хүмүүс баригдаад, манай хүүхэд, дүүгээр миний алдсан эд зүйлсийг таниулсан юм билээ. Маргааш нь би цагдаа дээр очиж мэдүүлэг өгсөн. Гэхдээ хоёр хүн байсан эсэхийг хэлж мэдэхгүй байна. Ер нь бол би тасарчихсан, юу болсоныг мэдэхгүй, ямар ч байсан гадаа бороо ороод байсан.

Нэхэмжлэх зүйл гээд байх юм юу байхав дээ. Куртик, гутлаа шатаах гээд бэлдчихсэн байгаа. Нэхэмжлэх зүйл алга. Гомдолтой гэхээсээ илүү энэ хүн зохих ял шийтгэлээ аваад явна биз гэв.

Шүүгдэгч Н.Норовсамбуугийн хувийн байдалтай холбоотой түүний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-н 62/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 61/, Цагдаагийн ерөнхий газрын хайлт, лавлагааны сангийн бүртгэл /хх-н 63-65/, ялтан Норовсамбуугийн засрал хүмүүжлийн тодорхойлолт /хх-н 100/, суллагдсан хүмүүст олгодог тодорхойлолт /хх-н 99/, ялаас хугацааны өмнө тэнсэн суллах тухай шүүгчийн захирамж /хх-н 110-112, 116/, хяналт тогтоох тогтоол /хх-н 103, 121/, захиргааны хяналтыг түдгэлзүүлэх тогтоол /хх-н 123/, эрэн сурвалжлах ажлыг гүйцэтгүүлэх тогтоол, эрэн сурвалжилсан тухай тэмдэглэл /хх-н 124, 127, 125/

гэрч Наранзулын Болортунгалагийн “... Норовсамбуу миний төрсөн ах байгаа юм. Бидний эхийг Нямцогтын Наранзул гэдэг ба бид төрсөн цагаасаа ээжээр овоглодог, аавынхаа талаар мэдэхгүй. Бага насаа ээжийн хамт Завхан аймгийн Отгон суманд өсөж том болоод Отгон сумын 8-н жилийн сургуульд элсэн суралцаж 8 дугаар анги төгссөн. Бүрэн бус дунд боловсролтой. Манай ээж нас бараад 5 жил болж байгаа ба Норовсамбуу ахын хувьд 2000 оноос хойш хулгай, дээрмийн гэмт хэргээр шоронд орж ял эдлэж байсан болохоор тэр бүр хамт амьдардаггүй. Хамгийн сүүлд 2015 онд шоронгоос суллагдаж ирээд манай гэрт хамт амьдарч байгаад дахин гэмт хэрэгт холбогдсон. Гэр бүлийн хувьд 2012 онд Уранчимэг гэдэг эмэгтэйтэй гэр бүл болоод Завхан аймагт амьдарч байгаад хэрэгт холбогдоод шоронд суух үед салсан ба Норовсамбуу ахын хүүхэд нь одоо ээж Уранчимэгтэйгээ хамт байдаг. Зан байдлын хувьд архи уухаараа их тавьтаргүй, хүнтэй маргаад зодолдоод байдаг юм” /хх-н 38/ гэсэн мэдүүлэг,

Н.Норовсамбууд холбогдох эрүүгийн хэргийн;

Завхан аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2000 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 59 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол /хх-н 72-73/,

Завхан аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2002 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 89 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол /хх-н 74-77/,

Завхан аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2003 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоол /хх-н 78-83/,

Завхан аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2003 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 20II дугаартай шийтгэх тогтоол /хх-н 84-87/,

Завхан аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 112 дугаартай шийтгэх тогтоол /хх-н 88-90/,

Сум дундын 12 дугаар шүүхийн 2014 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоол /хх-н 91-96/,

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 105 дугаартай “Хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах тухай” захирамж /хх-н 110-112/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.                                                                                        

 ТОДОРХОЙЛОХ нь:

2016 оны 9 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнийн 00 цагийн үед Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Нэгдсэн 3 дугаар эмнэлгийн урд бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдэгджээ.

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Н.Норовсамбуу үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлгүүд, хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн, шүүх шинжлэн судласан

хохирогч Бадамсүрэнгийн Идэрмөнхийн “... өчигдөр буюу 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр дүү Мөнх-Эрдэнэ, Цэндсүрэн нарын Баянгол зочид буудалд болсон хуриманд оролцоод жаахан согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай 1 дүгээр хорооллын 11 дүгээр байранд байх ах Бямбадоржийн гэрт очоод 24 цаг өнгөрч байхад гэрээс нь гараад 3 дугаар эмнэлгийн урд талын явган хүний зам буюу төв замын хойд талаар явж байтал 165-170 см өндөртэй 2 эрэгтэй хүн  гарж ирээд миний зүүн чамархай хэсэгт гараараа цохьсон. Цохилтын улмаас газар унатал чирж босгоод замын урд талд байх модон дунд оруулж байгаад хэвтүүлээд нэг нь намайг тэр чигт нь дараад нөгөө нь гутал тайлж аваад авж байх зуураа дуугараад үзээрэй дуу гарах юм бол чамайг ална шүү гэж хэлсэн. Тэр үед би үгэнд нь ороод чимээгүй байж байгаад дотроо амьд гарж байвал одоо яасан ч яахав гээд ахыгаа битгий алаарай, би 2 хүүхэдтэй хүн шүү, надаас авах юм байвал ав гэж хэлсэн. Тэгсэн тэр хоёр залуу миний хар өнгийн арьсан 450.000 төгрөгөөр Ханбүргэдэй худалдааны төвөөс ноднин жил худалдаж авсан гутал болон 250.000 төгрөгөөр Их дэлгүүрээс худалдаж авч байсан цэнхэр өнгийн даавуун куртикийг маань тайлж аваад явсан ба би араас нь харж чадаагүй. Ингээд тэр газраасаа хөл нүцгэн явж байгаад охин Мөнхбаясгалан руу залгаад бид хоёр хамтдаа цагдаа дуудсан.

Би тэр залуусыг гадуураа ямар хувцастай байсан гэдгийг сайн анзаарч хараагүй тухайн үед тэр хавиар гэрэлтүүлэг бага байсан учраас ямар хувцастай байсныг сайн анзаарч хараагүй. Надад өөр алдсан эд зүйл байхгүй. Миний зүүн чамархай хэсэгт хавдаж хөндүүрлэж үл ялиг зулгарсан, өөр бусдаар гэмтэж бэртсэн зүйл байхгүй. Би тэдгээр залуусын зургийг харвал танина. Намайг цохиж аваад л унагааж дараад дуугүй байгаарай новшоо дуугарах юм бол ална шүү гэж хэлсэн. Маш их гомдолтой  байна” /хх-н 30/,

“... намайг хоёр хүн дээрэмдсэн эсхүл нэг хүн, бүр олон хүн байсан эсэхийг ч санахгүй байна. Ямар ч байсан би куртик, гутал зэргээ алдсан байсан ба тухайн үед цагдаа дуудаж чадахгүй шууд гэр рүүгээ орсон. Тэгээд манай хүүхдүүд цагдаа дуудсан. Мөн би өмнө нь мэдүүлэг өгөхдөө хэдэн хүн байсан гэдгийг санахгүй байна гэж хэлсэн, 2 хүн байсан талаар хэлээгүй. Ямар ч байсан намайг газарт унагаад дуугарах юм бол ална шүү гэж хэлээд намайг заамдаж боогоод газар унагаасан. Цээжин дээр дарж байгаад нүүр рүү гараараа цохиод, миний куртикийг тайлаад, бас гутал сугалаад авч явсан ба явахдаа босч болохгүй шүү гэж хэлээд явсан. Тухайн үед миний хамраас цус гарсан байсан.

Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа. Дүгнэлттэй холбоотой ямар нэг санал хүсэлт байхгүй. Би гэмтлээ эмчлүүлээгүй, өөрөө явцаараа эдгэрсэн тул эмчилгээний зардал гэж нэхэмжлэхгүй. Хэрэгт хураагдсан эд зүйлсээ буцааж авна, нэхэмжлэх зүйлгүй” /хх-н 31/,

“... санал хүсэлт байхгүй” /хх-н 152/ гэсэн,

гэрч Жамбалсүрэнгийн Батболдын “... 2016 оны 9 дүгээр сарын 23-ны орой 21 цаг өнгөрч байхад над руу Норовсамбуу утасдаад би хөдөөнөөс орж ирж байна, 3 дугаар эмнэлгийн ойролцоо байна гэж хэлэхээр нь Дарь-Эхээс буюу гэрээсээ гараад автобусанд суугаад 00 цагийн орчимд 3 дугаар эмнэлэг дээр буугаад очтол Норовсамбуу 40-45 орчим насны эрэгтэй хүнтэй хамт зогсож байснаа мэндэлж гар бариад, цагаан цэнхэр өнгийн куртик барьж байснаа май энгийг бүсэлчих гэж хэлсэн. Бүслээд Саппаро руу орох гээд явж байтал Хөдөлгөөнт эргүүлийн машин зогсоод шалгах зүйл байна гэж хэлээд суулгасан ба замаараа байрны гадаа очоод хартал хоёр хүүхэд гарч ирээд аавын хувцас мөн байна гэж хэлээд цагдаагийн машинд суугаад цагдаагийн хэлтэс дээр ирсэн. Би Норовсамбуутай хамт байгаагүй. Норовсамбуу надад юу ч хэлээгүй, зүгээр л бүсэлчих гэж хэлсэн. Норовсамбуу над руу утсаар яриад би хөдөөнөөс тараг, сүүтэй ирсэн, уулзъя гэж хэлэхээр нь яваад очсон. Норовсамбуутай хамт явсан эрэгтэй хүнийг би танихгүй, одоо зүс харвал танина. Урьд нь ерөөсөө харж байгаагүй залуу байсан. Би Норовсамбуутай 2005 онд Завхан аймагт танилцаж байсан ба хөрш зэргэлдээ суманд байхдаа саахалт айл байсан юм” /хх-н 32/ гэсэн,

гэрч Ванчаарайн Насанбаярын “... 2016 оны 9 сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Голден парк хотхоны 105 дугаар байрны 108 тоот гэртээ байж байхад ах Идэрмөнх дээрэмдүүлсэн байдалтай гэртээ орж ирсэн. Тухайн үед доогуураа хөл нүцгэн, дээгүүрээ өмссөн цэнхэр өнгийн куртик нь байхгүй, дан срочкон цамцтай орж ирсэн ба 30 минутын дараа цагдаагийн хэлтсээс залгаад хувцсыг нь олчихсон, хүнийг нь барьчихлаа гарч ирээд үз гэж хэлэхээр нь гараад хартал цагдаагийн машины хойд талын суудал дээр нэг нь хар бор царайтай, нөгөө нь бор шар царайтай хоёр хүн сууж байсан. Цагдаагийн албан хаагч буулгаж харуултал нэг нь хар гутал өмсчихсөн, нөгөө нь куртикийг нь өмссөн байсныг тухайн үед мэдээгүй байж байгаад сайн хартал манай ахын гутлыг өмсчихсөн, харин бор шар царайтай нь ахын цэнхэр куртикийг өмсчихсөн байсан ба тухайн үед надтай хамт манай дүү Мөнхбаясгалан цуг гарч харсан. Ах Идэрмөнх гаднаас орж ирэхдээ зүүн чамархай орчимд үл ялиг шалбарсан, мөн хамраас нь цус гоожсон байдалтай зүүн хацар орчимд цус хатаж тогтсон, хүзүү болон төвөнх орчмын арьс нь улайлттай, боолгосон юм шиг байсан. Өөр ил харагдах гэмтэл байгаагүй. Идэрмөнх ах тухайн үед тийм ч согтуу биш, орж ирэхдээ алхаад ороод ирсэн ба ер нь архи нь гарчихсан ах нь дээрэмдүүлчихлээ гээд уйлчихсан орж ирсэн. Ахыг орж ирэхэд манай дүү буюу ахын том охин Мөнхбаясгалан цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байсан. Би ахыг дээрэмдсэн гэх залуусыг урьд өмнө огт харж байгаагүй, танихгүй залуус байсан.

Намайг ах Идэрмөнхийн хувцсыг танихад ахын гутлыг өмсчихсөн байсан хар бор царайтай хөгшиндүү хүн нь чи юу яриад байгаа юм бэ, би өөрийнхөө гутлыг өмсчихсөн байна, худлаа гүтгээд байгаа юм биш үү гэж хэлсэн. Нөгөө хамт явсан бор шар царайтай нь би бас өөрийнхөө куртикыг өмссөн байна шүү дээ би хулгайлчихсан юм шиг харагдаад байна уу гэж байсан” /хх-н 33/ гэсэн,

насанд хүрээгүй гэрч Идэрмөнхийн Мөнхбаясгалангийн “... 2016 оны 9 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө 00 цаг 20 минутын орчимд гэртээ байж байхад аав Идэрмөнх согтуу, гутал нь байхгүй, мөн хэрэг гарахаас өмнө өмсөж гарсан даавуун куртик нь байхгүй, зүүн чамархай орчимд шалбарсан, хамраас нь цус гарчихсан байдалтай нилээд айсан, бүүр шоконд орсон байдалтай, уйлчихсан, аав нь дээрэмдүүлчихлээ гэж хэлээд ороод ирсэн. Тэгэхэд нь шууд би өөрийн 80120101 дугаарын утаснаас 102 дугаарын утас руу залгаж аав маань дээрэмдүүлчихсэн байна гэж дуудлага өгсөн ба удалгүй 30 минутын дараа цагдаагаас ярьж байна аа, гараад ир, дээрэмдсэн хүмүүсийг нь барьчихсан байна гэж хэлсэн. Ингээд манайд амьдардаг ах Насанбаярын хамт гарч хартал цагдаагийн машины ард талын суудал дээр хар бор царайтай, 40 орчим насны нэг хүн, мөн шар бор царайтай, 40 орчим насны хоёр эрэгтэй хүн сууж байсан ба цагдаагийн албан хаагч нар машинаас буулгаж ирж харуулаад аавын чинь өмсөж явсан хувцас мөн байна уу гэж асуусан. Тэгээд хартал хар бор царайтай хар куртиктай, дээгүүрээ хар өнгийн саравчтай малгай өмссөн байсан эрэгтэй нь манай аавын хар өнгийн арьсан ботинкийг өмчихсөн, энэ миний гутал та нар юу яриад байгаа юм бэ гэчихсэн өөрийнхөө гутлыг гартаа барьчихсан байсан ба өөрийнхөө гартаа барьсан гутлыг энэ гутлыг надад хөдөөнөөс явуулсан юм, энэ өмсчихсөн байгаа гутал ч гэсэн миний гутал гэж хэлсэн. Харин шар бор царайтай 40 орчим насны эрэгтэй аавын куртикийг өмсөж явсан куртикныхаа дотор талаар өмсчихсөн энэ чинийх юм уу тэгвэл ав ав гэж хэлсэн ба манай ах Насанбаяр “наадах чинь манай ахын куртик байна шүү дээ яагаад дээрэмдчихсэн юм бэ” гэж хэлсэн. Гэтэл нөгөө эрэгтэй нь ахын чинь куртик юм уу, тэгвэл ав ав гэж хэлсэн ба манай Насанбаяр ах нөгөө аавыг дээрэмдсэн гэх ахаас согтуу хүн дээрэмдэх ямар байна гэж асуутал мэдэхгүй мэдэхгүй гэж хариулсан. Тэгсэн цагдаагийн албан хаагч нар ах бид хоёрыг ороод дулаан хувцсаа өмсөөд аавынхаа иргэний үнэмлэхийг аваад гараад ир гэж хэлсэн ба тэгэхэд нь гэр рүү ороод захисан юмыг нь аваад цагдаагийн хэлтэс дээр ирсэн.

Манай аавыг дээрэмдсэн гэх хүмүүсийг урьд харж байгаагүй, огт танихгүй. Тэдгээр хүмүүс архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан эсэх талаар мэдэхгүй байна” /хх-н 34/ гэсэн,

гэрч Рэндоогийн Энхтөрийн “... 2016 оны 9 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4, 5, 6 дугаар хороодын нутаг дэвсгэрт Бугат 115 чиглэлд дэд ахлагч Отгонбаярын хамт үүрэг гүйцэтгэж байсан ба 00 цаг 43 минутын орчимд Бугат 10-аас 5 дугаар хороо, 10 дугаар хорооллын автобусны буудлын ойролцоо дээрэмдүүлсэн хүн байна гэсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу очиж хохирогч Идэрмөнхтэй автобусны буудал дээр уулзахад намайг хоёр эрэгтэй хүн боож унагаагаад цэнхэр куртик хар өнгийн ботинк дээрэмдээд аваад явчихлаа, 3 дугаар эмнэлгийн урд модон дунд дээрэмдүүлчихлээ гэж хэлсэн ба уг дуудлага дээр жижүүрийн бүрэлдэхүүнийг дуудаад хэрэг гарсан газрын ойр орчимд эрэн сурвалжлалт явуулж байгаад дараагийн дуудлага руу явахын орчимд Мөнгөн тойг зочид буудлын урд талд Жаст ойл шатахуун түгээх станцын зүүн талд 30-40 орчим насны 3 хүн сэжиг бүхий байдалтай сууж байхаар нь очиж шалгахад Норовсамбуу гэгч гутлыг нь бүсэндээ өлгөчихсөн, Батболд гэгч нь болохоор цэнхэр куртикийг нь өөрийнхөө өмсөж явсан куртик дээр давхарлаад өмсчихсөн байсан түүний голд бас 30-40 орчим насны богино хар савхин куртик өмссөн залуу сууж байсан. Тэр хүмүүсийг саатуулахаар авч явах үед өмнөх дуудлагын хоёр хүн машинд суулгасан. Дуудлага ихтэй явж байсан болохоор гутлыг нь авчихсан байсан Норовсамбуу болон куртикийг нь өмссөн байсан Батболд нарыг эргүүлийн машинд суулгаад Бугат 10-т буюу жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэж өгсөн ба тэдгээр хүмүүсийг саатуулаад Бугат 66 дээр байх дэд хэсэг дээр хохирогчийн ар гэрийн хүмүүсийг дуудаад уулзтал хохирогчийн охин болон дүү нь алдагдсан хувцас мөн байна гэж хэлэхээр нь охин болон дүү гэх залууг нь суулгаад цагдаагийн хэлтэс рүү явсан. Тухайн үед Норовсамбуу гутлыг нь барьчихсан Батболд куртикийг нь өмсчихсөн байсан болохоор Батболд, Норовсамбуу нарыг саатуулсан ба тухайн үед Норовсамбуу нь би өөрөө ганцаараа хэргээ даана гэж хэлсэн ба Батболд нь би энэ хэрэгт хамаагүй зүгээр дагаж явсан гэж хэлж байсан. Батболд өөрөө бид нарт анхны байдлаар мэдээлэл өгөхдөө би ерөөсөө хамаа байхгүй зүгээр дагаж явсан гэж хэлсэн.

Норовсамбуу, Батболд нартай хамт явсан хүний биеийн байцаалтын тэмдэглэсэн зүйл байхгүй. Дараагийн дуудлага шаардагдсан мөн хохирогч хоёр хүн дээрэмдсэн гэж мэдээлэл өгсөн ба мэдээллийн дагуу Норовсамбуу, Батболд нарыг саатуулсан. Тэр хамт байсан хүнийг одоо бараг танихгүй байх сэжигтэй этгээдүүдийн байгаа газар тийм ч их удаагүй шууд л машиндаа суулгаад хохирогчийн гэр рүү явсан тухайн үед дээгүүр хар өнгийн савхин өмссөн байсан ба тэр үедээ хашлага дээр сууж байсан учраас өндрийг нь мэдэж чадаагүй” /хх-н 35/ гэсэн,

гэрч Жамбалдоржийн Отгонбаярын “... 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 20 цагаас 2016 оны 9 сарын 24-ний өглөө 09 цаг хүртэл Баянгол дүүргийн 4, 5, 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт Бугат-115 чиглэлийн автомашинтай эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. 23-наас 24-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад 10 дугаар хорооллын цагдаагийн дэд хэсгийн байранд согтуугийн дуудлагын дагуу хүн авч ирсэн байхад гаднаас Идэрмөнх гэдэг хүн, охины хамт орж ирсэн. Тэр хүн 3 дугаар эмнэлгийн урд талд согтуу явж байгаад гутал, куртикээ дээрэмдүүлсэн гэсэн мэдээллийг бүртгэж аваад уг хүнийг Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр очиж өргөдөл гаргах ёстой гэдгийг тайлбарлаж өгөөд явуулсан. Ингээд уг хүний эд зүйлийг дээрэмдсэн хүний талаар тодруулахад Идэрмөнх би согтуу байсан намайг дээрэмдсэн хүний зүс царай хувцас зэргийг санахгүй байна, мөн хэдэн хүн байсан гэдгийг мэдэхгүй байна, ямартай ч хар өнгийн арьсан гутал, куртикийн хамт дээрэмдүүлсэн гэж хэлж байсан. Эргүүлийн офицер Энхтөрийн хамт согтуугийн дуудлага хүлээн аваад дуудлаганд явсан. Гэтэл Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр 3 дугаар эмнэлгээс зүүн тийш ойролцоогоор 500 орчим метр зайд байрлах Мөнгөн тойг рестораны гадаа сэжиг бүхий 3 хүн зогсож байхаар нь шалгахаар очиход одоо энд саатуулсан гэж яриад байгаа Норовсамбуу, түүний хамт найз нь гэх Батболд нар байсан ба 3 дахь хүн Норовсамбуу, Батболд нараас арай ахимаг насны нэг эрэгтэй хүн нар зогсож байсан ба тэднээс юу хийж байгаа юм гэхэд 50 гаруй насны эрэгтэй хүн “энэ 2 хүн гутал зарна гэж байсан, би худалдаж авах гэж байгаа юм” гээд хар өнгийн арьсан гутал барьсан зогсож байсан. Харин Норовсамбуу, Батболд нар энэ хүнд гутлаа зарах гэж байгаа юм гэж хэлсэн. Тэгээд бид дуудлага шаардаад байсан тул Батболд, Норовсамбуу нарыг аваад согтуугийн дуудлаганд очсон ба дуудлагаа аваад буцахдаа Идэрмөнхийн бүртгүүлсэн гар утасны дугаараар залгахад охин нь гэх эмэгтэй авсан ба согтуу унтаж байна, одоо сэрэхгүй байх, би гараад очих уу гэхээр нь тэг гэж хэлсэн. Ингээд Батболдын өмсөж байсан куртикыг дотор талд давхарлаад өмссөн куртикийг хараад аавын куртик байна, харин Норовсамбуугийн өмссөн гутлыг хараад манай аавын гутал байна гэсэн тул дээрх хүмүүсийг цагдаагийн хэлтсийн байранд хүргэж ирээд, жижүүрийн мөрдөн байцаагчид хүлээлгэж өгсөн.

Тухайн үед биднийг очиход 50 орчим насны хүн энэ 2 хүн гутал зарна гэхээр нь гутлыг үзэж байна гэсэн. Тэд хоорондоо бие биенээ танихгүй, тухайн үед уулзаад зогсож байгаа хүн байна гэж бодсон Батболд, Норовсамбуу нар бас энэ хүнд гутлаа зарах гэж байгаа юм гэсэн тул уг хүнийг үлдээж Батболд, Норовсамбуу нарыг аваад явсан.

Хохирогч Идэрмөнх их согтуу байсан. Хэдэн хүн яаж дээрэмдсэн юм, тэр хүмүүсээ харвал таних уу гэхэд “ах нь согтуу байна, намайг хэдэн хүн дээрэмдсэн гэдгийг би мэдэхгүй байна. Тэр хүний хувцас, зүс царайг хараагүй гээд тодорхой зүйл хэлэхгүй байсан” /хх-н 36/ гэсэн,

гэрч Хатанбаатарын Балдандоржийн “... 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өглөө 09 цагаас 24-ний өглөөний 09 цаг хүртэл 24 цагаар Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст Бугат-66 дээр жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан. Гэтэл 01 цагийн үед Бугат-10 буюу цагдаагийн хэлтсийн жижүүрийн албанаас Идэрмөнх гэх хүн дээрэмдүүлсэн талаар дуудлага мэдээлэл ирсэн тул хэлтсийн жижүүрийн албанаас Идэрмөнх дээрэмдүүлсэн талаар дуудлага мэдээлэл ирсэн тул уг дуудлагыг Бугат-115 чиглэлийн эргүүлийн машины офицер Энхтөр, цагдаа жолооч Отгонбаяр нарын хамт согтуугийн дуудлагад явж байхад 3 дугаар эмнэлгийн зүүн талд Сувилахуйн сургууль чиглэлд эргэх уулзвар дээр 3 хүн зогсож байхаар нь сэжигтэй санагдсан тул очиж шалгахаар болж очиход 50 орчим насны эрэгтэй хүн “энэ 2 хүн гутал зарах гэж байна, би гутлыг үзэж байгаа юм гэсэн ба нөгөө 2 хүн нь гутлаа зарах гэж байгаа 2 хүнийг автомашинд суулгаад авч явсан. Ингээд дуудлага өгсөн утсаар холбогдсон дуудлага өгсөн хүнийг дуудахад манай аав гутал, куртикээ дээрэмдүүлсэн, аав одоо согтуу унтаж байгаа гэсэн тул уг 2 хүний зарах гээд авч явсан гутлыг үзүүлэхэд энэ манай аавын гутал биш байна харин өмсөж байгаа гутал нь манай аавын гутал байна гэсэн тул уг хүмүүсийг цагдаагийн хэлтсийн байр руу эд зүйлийн хамт явуулсан. Гутал авах гэж байсан хүнийг би бодохдоо хоорондоо бие биеээ танихгүй хүмүүс шиг байсан. Гутал зарах гэхээр нь үзэж байгаа бололтой байсан. Хар өнгийн пүүзэн гутал, хөх билүү цэнхэр өнгийн куртик байсан. Эдгээр зүйлсийг дээрэмдсэн гэх хүмүүсийн хамт цагдаагийн хэлтсийн жижүүрийн мөрдөн байцаагчид явуулсан” /хх-н 37/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлгүүд,

эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-н 24, 26/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-н 27/, эд зүйлийн гэрэл зургууд /хх-н 25/ болон бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Н.Норовсамбуугийн хувийн байдалтай холбоотой баримтуудаас үзвэл тэрээр урьд өмнө шүүхээр 5 удаа ял шийтгүүлсэн байх ба хамгийн сүүлд буюу 2014 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар “Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх” гэмт хэрэгт 5 жил 1 сар хорих ялаар шийтгүүлж,

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 105 дугаартай захирамжаар эдлээгүй үйлдсэн 08 сар 24 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагджээ. /хх-н 110-112/

Ялтан Н.Норовсамбуу Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 428 дугаартай захирамжаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хассан талаар Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 105 дугаартай дээрх захирамжид дурдагджээ.

Ялтны 08 сар 24 хоногийн хорих ялыг тэнсэн суллагдсан тэнсэнгийн хугацаа 2016 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөр дуусгавар болж байгаа нь түүнд өмнөх шийтгэх тогтоолоос ял нэмж нэгтгэх тухай хуулийн зохицуулалтад хамааралгүй.

Гэвч шүүгдэгч Н.Норовсамбуу нь хугацааны өмнө тэнсэн суллагдсаны дараагаар 2016 оны 9 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө дахин “Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн нь түүнийг дээрэмдэх гэмт хэргийг ялтай байхдаа буюу давтан үйлдлээр үйлдсэн гэж үзэх хуулийн үндэслэлтэй.

Түүнчлэн тэрээр дээрэмдэх гэмт хэргийг үйлдэх явцдаа хохирогч Б.Идэрмөнхийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... Идэрмөнхийн биед зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал, зулгаралт, хүзүүний цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. ... Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн 13312 тоот дүгнэлтэд /хх-н 8/ тусгагджээ.

Энэ байдал нь “амь биед аюултайгаар хүч хэрэглэж” гэсэн дээрэмдэх гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болно.

Өөрөөр хэлбэл прокуророос шүүгдэгч Н.Норовсамбууг “... урьд дээрэмдэх гэмт хэрэгт шийтгүүлж ялтай байхдаа буюу давтан үйлдлээр, амь биед аюултайгаар хүч хэрэглэж бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн” гэж зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэгт шалгагдвал зохих асуудлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна гэж шүүх дүгнээд

Тайжууд овогт Наранзулын Норовсамбууг урьд дээрэмдэх гэмт хэрэгт шийтгүүлж ялтай байхдаа буюу давтан үйлдлээр, амь биед аюултайгаар хүч хэрэглэж бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүхээс шүүгдэгч Н.Норовсамбууд ял оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзав.

Нөгөөтэйгүүр шүүх шүүгдэгч Н.Норовсамбууд холбогдох энэ хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор буюу Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1-д заасны дагуу шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

Хэргийн үйл баримтаас үзвэл шүүгдэгч Н.Норовсамбуу нь анх Хөдөлгөөнт эргүүлийн цагдаа нарт баригдахдаа ганцаараа биш өөрөөсөө гадна хоёр хүний хамтаар явж байсан, тухайлбал Ж.Батболд гэгч нь хохирогч Б.Идэрмөнхийн куртикийг давхарлаж өмссөн байдалтай баригдсан байдаг.

Мөрдөн байцаалтын явцад Ж.Батболд гэгч гэрчээр мэдүүлэхдээ “... орой 21 цаг өнгөрч байхад над руу Норовсамбуу утасдаад би хөдөөнөөс орж ирж байна, 3 дугаар эмнэлгийн ойролцоо байна гэж хэлэхээр нь Дарь-Эхээс буюу гэрээсээ гараад автобусанд суугаад 00 цагийн орчимд 3 дугаар эмнэлэг дээр буугаад очтол Норовсамбуу 40-45 орчим насны эрэгтэй хүнтэй хамт зогсож байснаа мэндэлж гар бариад, цагаан цэнхэр өнгийн куртик барьж байснаа май энгийг бүсэлчих гэж хэлсэн. Бүслээд Саппаро руу орох гээд явж байтал Хөдөлгөөнт эргүүлийн машин зогсоод шалгах зүйл байна гэж хэлээд суулгасан ба замаараа байрны гадаа очоод хартал хоёр хүүхэд гарч ирээд аавын хувцас мөн байна гэж хэлээд цагдаагийн машинд суугаад цагдаагийн хэлтэс дээр ирсэн. Би Норовсамбуутай хамт байгаагүй. Норовсамбуу надад юу ч хэлээгүй, зүгээр л бүсэлчих гэж хэлсэн. Норовсамбуу над руу утсаар яриад би хөдөөнөөс тараг, сүүтэй ирсэн, уулзъя гэж хэлэхээр нь яваад очсон” /хх-н 32/ гэж,

мөн Н.Норовсамбуу мөрдөн байцаалтын явцад “... Улаанбаатар хотод ирээд Драгон дээр буугаад Батболд руу утсаар залгахад гэрээсээ гараад явж байна гэхээр нь 3 дугаар эмнэлэг дээр уулзъя гэж хэлээд такси бариад 3 дугаар эмнэлэг орсон. 3 дугаар эмнэлэг дээр ирэхэд Батболд ирээгүй байсан тул хүнд юмыг нь оруулж өгөөд гарч ирээд 3 дугаар эмнэлгийн урд талын явган хүний замаар Саппаро чиглээд явж байтал урдаас мөрөн дээрээ цэнхэр куртик тохсон, нилээн согтуу эрэгтэй хүн ирж явахаар нь би хажуугаар нь зөрөхөд тэр эрэгтэй намайг мөрлөхөөр нь би “урдах замаа хараач” гэтэл тэр хүн “хөтлөөд явахгүй биз” гэхээр нь “чи муу юу гээд хуцаад байгаа юм бэ, хөтөлнө гэж энийг хэлдэг юм” гэж хэлээд тэр залууг заамдаж чирээд замын хажуугийн модны араар ороод хавсарч унагаасан. Гэтэл тэр хүн “ахад нь юм байхгүй, ах нь харих гэж байгаа” гэхээр нь би мөрөн дээрээ тохсон куртикийг аваад газар унахад нэг гутал нь сугарсан байхаар нь гутлыг аваад Саппаро чиглэлд явж байтал урдаас Батболд ирсэн” гэж тус тус мэдүүлжээ. /хх-н 41/

Харин хохирогч Б.Идэрмөнх тухайн шөнө нилээд согтолттой, биеэ хамгаалж чадахааргүй, болж буй үйл явдлыг бүрэн дүүрэн ойлгож мэдэж байсан гэхэд эргэлзээтэй байсан нь түүний өөрийнх нь мэдүүлэг болон төрсөн хүүхдийнх нь, дүүгийнх нь, мөн цагдаагийн ажилтануудын мэдүүлгүүдээс харагддаг.

Тухайбал хэргийн үйл баримтаас үзвэл хохирогч Б.Идэрмөнх тэр шөнөдөө цагдаагийн хэлтэс дээр өөрөө очилгүй гэртээ ороод унтчихсан, түүний өмнөөс хүүхэд нь болон дүү нь цагдаагийн ажилтануудтай уулзаж, хохирогчийн өмсөж яваад дээрэмдүүлсэн гэх хувцасаар хэргийн холбогдогчийг таних ажиллагаа явагдаж, нэр бүхий хоёр хүн саатуулагдсан,

улмаар маргааш өдөр нь Б.Идэрмөнх гэгч цагдаагийн байгууллага дээр очиход хэрэгт холбогдсон гэх хүмүүс баригдчихсан байсан нь тэрээр “... намайг хоёр хүн дээрэмдсэн” гэж мэдүүлэх нөхцөлийг бий болгожээ.

Хохирогч хэдийгээр үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй ч, Б.Идэрмөнхийн хувьд хэт согтолтын улмаас чухам юу болсоныг санахгүй байгаа нь тэрээр үнэн зөв мэдүүлжээ гэхэд эргэлзээ төрүүлж байгаа юм.

Тийм ч учраас хохирогч Б.Идэрмөнх мөрдөн байцаалтад дахин мэдүүлэхдээ “... намайг хоёр хүн дээрэмдсэн эсхүл нэг хүн, бүр олон хүн байсан эсэхийг ч санахгүй байна. Ямар ч байсан би куртик, гутал зэргээ алдсан байсан ба тухайн үед цагдаа дуудаж чадахгүй шууд гэр рүүгээ орсон. Тэгээд манай хүүхдүүд цагдаа дуудсан. Би өмнө нь мэдүүлэг өгөхдөө хэдэн хүн байсан гэдгийг санахгүй байна гэж хэлсэн, 2 хүн байсан талаар хэлээгүй ...” гэж мэдүүлсэн байхын зэрэгцээ /хх-н 31/

шүүхийн хэлэлцүүлэгт “... гэхдээ хоёр хүн байсан эсэхийг хэлж мэдэхгүй байна. Ер нь бол би тасарчихсан, юу болсоныг мэдэхгүй, ямар ч байсан гадаа бороо ороод байсан” гэв.

Дээрх байдлууд нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх төдийгүй Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасан заалтад,

түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар зүйлийн 8.2-т заасан “Гэм буруутай этгээд үйлдсэн гэмт хэрэгтээ зөвхөн өөрөө эрүүгийн хариуцлага хүлээнэ” гэсэн зарчимд нийцнэ.

Хохирол төлбөрийн хувьд:

Хохирогч Б.Идэрмөнхийн дээрэмдүүлсэн эд зүйлс болох гутал, цэнхэр өнгийн куртик түүнд буцаан олгогдсон, тэрээр шүүгдэгч Н.Норовсамбуугаас нэхэмжлэх зүйлгүй, харин хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх саналтай гэснийг,

энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Н.Норовсамбуу 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр анх сэжигтнээр баривчлагдаж /хх-н 46/ өнөөдрийг /2017.02.15/ хүртэл нийт 143 хоног цагдан хоригдсоныг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцлоо.

Шүүгдэгч Н.Норовсамбуугийн хорих ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлж өөрчлөх нөхцөл байдал үгүй болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                   ТОГТООХ нь:

1. Тайжууд овогт Наранзулын Норовсамбууг урьд дээрэмдэх гэмт хэрэгт шийтгүүлж ялтай байхдаа буюу давтан үйлдлээр, амь биед аюултайгаар хүч хэрэглэж бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Н.Норовсамбууг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 5 /тав/ жил 6 /зургаа/ сар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Н.Норовсамбууд оногдуулсан 5 жил 6 сар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар чанга дэглэмтэй, эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Н.Норовсамбуугийн цагдан хоригдсон 143 /нэг зуун дөчин гурав/ хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5. Н.Норовсамбуу бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Идэрмөнх нэхэмжлэх зүйлгүй гэснийг, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурсугай.

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Н.Норовсамбууг цагдан хорьсонг хэвээр байлгасугай.

 

                       ДАРГАЛАГЧ,

              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            О.ЖАНЧИВНЯМБУУ

                                 ШҮҮГЧ                                             Г.ЕСӨН-ЭРДЭНЭ                                                              

                                 ШҮҮГЧ                                              Л.ОЮУН