Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 485

 

                                                         Т.Э-д  холбогдох

                                                   эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Дүүрэнбилэг,

яллагдагч Т.Э, түүний өмгөөлөгч Т.Чинбат,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ШЗ/635 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор А.Дүүрэнбилэгийн бичсэн 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 15 дугаартай эсэргүүцлээр Т.Э-д  холбогдох эрүүгийн 1905 04092 1107 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б х овгийн Т-н Э, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр ......... аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт ..................... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: .............../;

Т.Э нь Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн Нарангийн ......... тоот хашаанд 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнө хохирогч Д.Ш-н цээжний баруун хэсэгт хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Т.Э-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүх талуудын шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан санал, хүсэлтийг хүлээн авч хянаад хэргийг шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх боломжгүй, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх шаардлагатай гэж дүгнэв.

Учир нь, хохирогч Д.Ш-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд “...Т.Э надтай хэрэлдээд уурлаад нүүр хэсэгт цохиод байхаар нь би боль гэж зөндөө гуйсан. Би өөрийгөө хамгаалах үедээ найз Э-г хэд хэдэн удаа цохисон. ... Тэгсэн ирээд миний баруун хавирга хэсэгт нэг зүйлээр хатгасан. Тэгээд миний баруун хавирга хэсгээс цус алдаад байж байхад хамт байсан үл таних эмэгтэй миний цус алдаж байгаа хэсэгт алчуураар дарсан ...” гэж, гэрч О.З-с “...Унтаж байхад хүмүүс орилолдоод байхаар нь сэртэл Ш миний унтаж байсан орыг налчихсан хэвтэж байсан. Х, Ш-н баруун хавирга дээр нэг алчуураар дарчихсан Ш-н баруун хавирга орчимоос цус гарч байсан...” гэж, гэрч У.Х мөрдөн шалгах ажиллагааны шатанд: “... удалгүй дахиад Т.Э, Ш 2 муудалцаад байхаар нь сэрээд хартал Т.Э хэвтсэн, дээр нь Ш хоолойг нь боочихсон сууж байсан. Тэгэхээр нь би босоод Т.Э, Ш нарыг салгаад байж байтал Ш “яаая” гээд доошоо суухаар нь эргэж хараад найз залуу Э-н гарт иш нь хар өнгөтэй дунд зэргийн урттай хутга байхаар нь би аваад байшингийн үүдний хэсэг рүү шидсэн. Би Ш-н баруун талын хавирга хэсгээс цус гарахаар нь тогтоох гэж байхад найз залуу Т.Э түргэн тусламж дуудсан...” гэж хэрэг учралын газарт болсон үйл явдлын талаар тус тус зөрүүтэй мэдүүлэг өгсөн байна.

Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нарын дээрх мэдүүлгийн зөрүүг арилгаагүй, зөрүүтэй байдлаар нь яллах дүгнэлтэд тусгасан байгаа нь шүүхийн шатанд гэм буруугийн хуралдаанаар нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах боломжгүйд хүргэх бөгөөд хэрэгт ач холбогдолтой, хамааралтай талаас хянаж үнэлэхэд эргэлзээтэй байдлыг бий болгож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 2, 8.2 дугаар зүйлийн 3.2-д тус тус зааснаар гэрч, хохирогч хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй, худал мэдүүлэг өгсөн тохиолдолд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээх этгээдүүд болно.

Түүнчлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч яллагдагчаас бусад хүний мэдүүлэгт ноцтой зөрөө байвал хоёр хүний хооронд нүүрэлдүүлж мэдүүлэг авч болно” гэж заасан.

Хэрэг учрал болсон өдөр хохирогч, яллагдагч нарын хооронд үүссэн маргаан, зодооныг хохирогчийн мэдүүлж байгаагаар гэрч О.З салгасан уу, эсхүл гэрч нарын мэдүүлж буйгаар гэрч У.Х салгасан уу гэдгийг эргэлзээгүй шалгаж тогтоох нь хэргийн бодит байдлыг тогтооход төдийгүй цаашлаад нотлох баримтын эх сурвалжийг магадлахад чухал ач холбогдолтой.

Энэ нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан үндэслэлд хамаарч байх тул яллагдагчийн өмгөөлөгчийн хэргийг прокурорт буцааж өгнө үү гэсэн хүсэлтийг хүлээн авч, яллагдагч Т.Э-д  холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор А.Дүүрэнбилэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Т.Э нь хохирогч Д.Ш-н цээжний баруун хэсэгт хутгалсан болох нь тогтоогдсон, шүүгдэгч Т.Э, хохирогч Д.Ш нарыг зодооныг салгасан гэх гэрч О.З, гэрч У.Х нарын мэдүүлэг нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй юм.

Түүнчлэн шүүх хохирогч Д.Ш, гэрч О.З, У.Х нарыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйл болон мөн хуулийн 35 дугаар бүлэгт зааснаар шүүх хуралдаанд оролцуулан мэдүүлэг, авах, нотлох баримтыг шинжлэн судлах замаар хэргийг шийдвэрлэх боломжтой атал уг ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй хэмээн дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд хэргийг буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаалгахаар эсэргүүцэл бичсэн.  ...” гэв.

Яллагдагч Т.Э тус шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй гэв.   

Яллагдагч Т.Э-н өмгөөлөгч Т.Чинбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “хэргийн бодит байдлыг прокурор, мөрдөгч тогтооно” гээд заасан. Гэтэл прокурор эсэргүүцэлдээ шүүхээр хэргийн бодит байдлыг тогтоолгох гээд байгаа нь ойлгомжгүй байна. Хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлгүүд зөрүүтэй байдаг. Хэргийн бодит байдал тогтоогдоогүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. ...” гэв.

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр яллагдагч Т.Э-д  холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүх яллагдагч Т.Э-д холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Ш, гэрч О.З, У.Х нарын мэдүүлгийн зөрүүг арилгаагүй гэсэн үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ.

Т.Э-д  холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулсан, нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй, тухайн нотлох баримтуудын хүрээнд яллагдагчийн гэм буруутай эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд прокурор хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, шүүх хуралдаанд хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүргийг хэрэгжүүлэх боломжтой юм.

Түүнчлэн, яллагдагч, түүний өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, цагаатгах, ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хэрэгжүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид дурдсан үндэслэлээр хэргийг прокурорт буцаах шаардлагагүй тул прокурор А.Дүүрэнбилэгийн бичсэн 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 15 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ШЗ/635 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.