| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
| Хэргийн индекс | 128/2023/0907/З |
| Дугаар | 221/МА2026/0379 |
| Огноо | 2026-06-03 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 221/МА2026/0379
“Т” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Б.Адъяасүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч М.Цэцэгмаа
Илтгэсэн шүүгч Д.Баатархүү
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Д, өмгөөлөгч Р.Б, Д.О
Нэхэмжлэгч: “Т” ХХК
Хариуцагч: Эрчим хүчний зохицуулах хороо
Нэхэмжлэлийн шаардлага: “Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай” 555 дугаартай тогтоол, 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн “Үүрэг даалгаврын биелэлтийг дүгнэх тухай” 528 дугаартай тогтоол, 2023 оны 05 дугаар сарын 24-ний “Түдгэлзүүлэх тухай” 451 дүгээр тогтоолыг илт хууль бус байсан болохыг тогтоолгох”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 338 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, А.Б, Л.Э, Б.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр
Хэргийн индекс: 128/2023/0907/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Т” ХХК-иас Эрчим хүчний зохицуулах хороонд холбогдуулан “Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай” 555 дугаартай тогтоол, 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн “Үүрэг даалгаврын биелэлтийг дүгнэх тухай” 528 дугаартай тогтоол, 2023 оны 05 дугаар сарын 24-ний “Түдгэлзүүлэх тухай” 451 дүгээр тогтоолыг илт хууль бус байсан болохыг тогтоолгох”-оор маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 338 дугаар шийдвэрээр: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: “Давж заалдах гомдолд үндсэн гомдлын агуулгыг маш дэлгэрэнгүй дурдсан байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэр бол илт үндэслэлгүй гарсан. Хэтэрхий захиргааны байгууллагын талд асуудлыг шийдвэрлэж байгаа нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж байгаад маш эргэлзээтэй байгаа. Гол гомдол юунд байна вэ гэвэл үүрэг даалгавар биелэлтийг дүгнэсэн тогтоолд маш үндэслэлгүйгээр дүгнэсэн байхад шууд хяналтгүйгээр захиргааны байгууллагын гаргасан дүгнэлт үндэслэлтэй байна гэж дүгнэсэн нь шийдвэрийн гол үндэслэл болсон. Яагаад үндэслэлгүй байгаа талаар гомдол маш тодорхой заасан. Өөрөөр хэлбэл 4 үзүүлэлтээр үүрэг даалгаврыг дүгнэсэн байгаа. 60 оноо авахаас маш бага оноогоор дутсан байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс ямар гомдолтой байгаа гэхээр өгсөн үүрэг даалгавар гэдэг зүйл нь 1 дүгээр биелэгдэх боломжгүй байсан. 2 дугаарт үүнийг дүгнэхдээ ямар ч үндэслэлгүйгээр өөрсдийн үзэмжээр дүгнэсэн байгаа. Хариуцагч юу гэж тайлбарладаг вэ гэхээр манайх аргачлалтай, аргачлалын дагуу дүгнэсэн гэж тайлбарладаг боловч дүгнэсэн байдлыг нь процентоор үзвэл жишээ болгож гомдолд хэд хэдэн зүйлийг бичсэн байгаа. Иймд байдлаар дүгнэчхээд, шүүх энэ дүгнэсэн байдлыг үндэслэлтэй байна, буруутгах боломжгүй гэж дүгнээд байгаа нь өөрөө үндэслэлгүй юм. Ямар зарчим бариад байгаа вэ гэвэл Эрчим хүчний зохицуулах хорооноос өөрсдийн 2, 3 аж ахуйн нэгжийг нийлүүлж олгосон тусгай зөвшөөрлийг цэгцлэх гэдэг юм уу, эсхүл “Т” ХХК-ийн хувьд дулааны төлбөртэй гэдэг асуудал яригддаг. Энэ нь ямар байдлаар үүсэн гэдэг нөхцөл байдал өөрөө маш эргэлзээтэй. Өөрөөр хэлбэл тариф тогтоох байдлаар аж ахуйн нэгжийг 1 сарын дотор маш өндөр хэмжээний төлбөртэй болгосон. Худалдан авсан дулааныхаа төлбөрийг төлөөгүй гэдэг зүйлийг ярьж байна. Бодитой талаас нь дүгнэлт хийж үзвэл худалдан авсан дулаан юм уу, дулааныг дамжуулсан дулаан юм уу гэдэг байдал яригдах ёстой. Ганцхан сарын дотор 300 гаруй сая төгрөгийг төлөх ёстой гэсэн үүрэг, даалгавар өгөөд байгаа нь өөрөө биелэгдэх боломжгүй. Яагаад гэвэл энэ аж ахуйн тусгай зөвшөөрлийнхөө хүрээнд олдог ашиг нь энэ гараад байгаа дүнгээс хамаагүй бага орлоготой. Энэ орлогоос 2, 3 дахин давсан төлбөрийг 1 сарын дотор төлнө гэдэг үүрэг даалгавар бодит байдал дээр биелэгдэх боломжгүй нөхцөл байдал харагдаж байгаа. Ийм нөхцөл байдлуудаас үүдэн захиргааны акт үндэслэлгүй байна гэдэг байдлаар анхан шатны шүүхэд маргасан. Анхан шатны шүүх захиргааны байгууллагын талд буюу хэт нэг талыг барьж, үндэслэлгүй шийдвэрлэсэн тул давж заалдах гомдол гаргасан байгаа. Захиргааны хэргийн шүүхэд маргаан үүсгээд шүүх дээр явж байх үед тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан байдаг. Энэ байдлыг эсрэгээр нь ашиглаж, тусгай зөвшөөрлийг сэргээх боломжгүй, тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан учраас нэхэмжлэлийг хангах боломжгүй агуулгатай шийдвэр гарч байгаа нь үндэслэлгүй байгаа. Тэгэхээр гаргасан гомдлоо дэмжиж байна. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 338 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч “Т” ХХК нь Эрчим хүчний зохицуулах хороонд холбогдуулан “Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай” 555 дугаартай тогтоол, 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн “Үүрэг даалгаврын биелэлтийг дүгнэх тухай” 528 дугаартай тогтоол, 2023 оны 05 дугаар сарын 24-ний “Түдгэлзүүлэх тухай” 451 дүгээр тогтоолыг илт хууль бус байсан болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
3. Хэргийн үйл баримтын тухайд:
3.1. Нэхэмжлэгч “Т” ХХК нь Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 557 дугаар тогтоолоор олгосон тусгай зөвшөөрлүүдийн дагуу дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах үйл ажиллагааг явуулж эхэлжээ.
3.2 Эрчим хүчний зохицуулах хорооны 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 324 дүгээр тогтоолоор “Т” ХХК-ийн дээрх зөвшөөрлүүдийн нөхцөл, шаардлагын 2021 оны зорилтын биелэлтийг “дунд” гэж, 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 406 дугаар тогтоолоор 2022 оны зорилтын биелэлтийг “хангалтгүй” гэж тус тус дүгнэсэн байна.
3.3. Дээрх нөхцөл байдлаас үүдэн мөн хорооны 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 451 дүгээр тогтоолоор “Т” ХХК-д олгосон 22/2019 дугаартай дулаан түгээх, 34/2019 дугаартай дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийг 1 сарын хугацаагаар түдгэлзүүлж,
1. Худалдан авсан дулааны эрчим хүчний өр төлбөрийг бүрэн төлж барагдуулах,
2. Хэрэглэгчийн 2022 он, 2023 оны эхний 5 сарын дуудлага, гомдолд дүн шинжилгээ хийж, шалтгааныг тодорхойлох, “Хэрэглэгчийн эрх ашгийг хангах”-тай холбоотой тодорхой ажил төлөвлөн хэрэгжүүлэх, хангах үйл ажиллагааг хэрэглэгчдэд сурталчлан таниулж, хэрэглэгчдийн гомдол маргааныг бүрэн барагдуулж ажиллах,
3. “Дулаан нэг худалдан авагч”-тай загварт бүрэн хамрагдах,
4. Эрчим хүчний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх заалтад нийцээгүй барилга, байгууламжуудад дулаан түгээх, хангах үйл ажиллагааг тухайн салаа шугамын хамгийн их ачаалалтай хэрэглэгчдийг хариуцан ажиллаж буй тусгай зөвшөөрөл эзэмшигчид шилжүүлэх төлөвлөгөөг боловсруулж холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байх гэсэн үүрэг даалгавруудыг биелүүлж, тайлагнахыг үүрэг болгосон байна.
3.4. Улмаар Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 528 дугаар тогтоолоор “Т” ХХК-ийн үүрэг даалгаврын биелэлтийг дүгнэж, 08 дугаар сарын 30-ны өдрийн 555 дугаар тогтоолоор “Т” ХХК-д олгосон 22/2019 дугаартай дулаан түгээх, 34/2019 дугаартай дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгосноор энэхүү маргаан үүсжээ.
4. Хууль зүйн үндэслэлийн тухайд:
4.1. Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т “энэ хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл олгох, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох”, 9.1.3-т “тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тогтоох, хэрэгжилтийг хянах”, 9.1.9-д “тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагаа, техник, эдийн засгийн талаар мэдээллийн нэгдсэн сан бий болгох, тусгай зөвшөөрөл эзэмшигчээс холбогдох мэдээллийг гаргуулах”, 9.1.11-д “аж ахуйн харилцааны дүрэм батлах, 9.1.19-д “тусгай зөвшөөрөл олгоход баримтлах чиглэл, суурь зарчмыг техник, эдийн засгийн хувьд үр ашигтай, оновчтой байх нөхцөлийг шалгуур болгон тогтоох”, 9.2-т “Зохицуулах хороо нь шийдвэрлэх асуудлаа зохицуулагчдын зөвлөлийн хурлаараа хэлэлцэнэ. Хурлын шийдвэр тогтоол хэлбэртэй байна. Тогтоолыг тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгч дагаж мөрдөнө”, 16 дугаар зүйлийн 16.1-д “Цахилгаан, дулаан түгээх тусгай зөвшөөрлөөр хуулийн этгээдэд тухайн тодорхой нутаг дэвсгэрт цахилгаан, дулаан түгээх үйл ажиллагаа явуулах эрх олгоно” гэж Эрчим хүчний зохицуулах хорооны бүрэн эрхийг хуульчилсан.
4.2. Харин Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 557 дугаар тогтоолын гуравдугаар хавсралтаар батлагдсан “Т” ХХК-ийн дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн нөхцөл, шаардлагын 2020 онд мөрдөж ажиллах зорилт”-ын 2-т “Дулаан түгээх” гээд 2.1-д “... дулаанаар хэрэглэгчийг тасралтгүй найдвартай хангах” 10 оноо, 2.2-т “... дулаан түгээх сүлжээ, ус дулаан дамжуулах төвөөс холбогдсон хэрэглэгчдийг шилжүүлэн авахгүй байх” 10 оноо, 2.3-т “Өөрийн эзэмшлийн дулаан түгээх сүлжээнд нягтын шахалт хийж хангагч байгууллагаар баталгаажуулан тайлагнах, их урсгал засварыг бодитой төлөвлөж бүрэн хийж гүйцэтгэх” 5 оноо, 3-т “Дулаанаар зохицуулалттай хангах” гээд 3.1-д “... шинэчлэн батлагдсан дүрэм, журмыг үйл ажиллагаандаа мөрдөж хэрэгжүүлэх” 5 оноо, 3.2-т “... тусгай зөвшөөрөлд хамаарахгүй үйл ажиллагааны тайлан бүртгэлээс тусад нь хөтөлж, тайлагнах” 5 оноо, 3.3-т “Санхүүгийн зохистой харьцааг хангаж ажиллах, эрчим хүчний өр төлбөр үүсгэхгүй байх, хэрэглэгчээс авах авлагыг бууруулах” 15 оноо гэж, Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 725 дугаар тогтоолоор батлагдсан “Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг дүгнэх аргачлал”-ын 7-д “Дулаан түгээх тусгай зөвшөөрлийн шаардлагыг дараах аргачлалаар дүгнэнэ” гээд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагааны тайланг хэрхэн үнэлэхийг нарийвчлан заажээ.
4.3. Дээрх хууль болон мөрдөн ажиллах журам, дүгнэх аргачлалаас үзвэл, хариуцагч Эрчим хүчний зохицуулах хороо нь нэхэмжлэгч “Т” ХХК-ийн 2022 оны зорилтын биелэлтийг “хангалтгүй” гэж дүгнэхдээ аргачлалыг хэрхэн ашигласан нь тодорхойгүй, жишээлбэл, зорилт нь 10 оноо байвал гүйцэтгэсэн ажлын биелэлтээс хамааруулж авбал зохих оноог хувьчилж олгох ёстой байтал 1 оноогоор үнэлсэн, 20 Гкалл/ц-т хүргэх орон сууцны байр, хэрэглэгч байхгүй байхад уг хэмжээнд хүргээгүй гэж 10 онооноос 1 оноо өгсөн, нийтийн өмчлөлд байгаа 200 мм-ийн шугамыг төрийн өмчлөлд шилжүүлэх асуудал нэхэмжлэгчээс хамаарахгүй байхад 1 оноогоор дүгнэсэн, 1 сард 100 сая төгрөгийн орлоготой байх тариф баталчхаад 300 сая төгрөгийг төл гэсэн бодит байдалд биелэх боломжгүй шаардлага тавьж үнэлгээ өгөөгүй зэрэг үйл баримтууд тогтоогдож байна.
4.4. Энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “... аргачлалаар 20 гкал цагийг хангаж байгаа тохиолдолд 10 оноо авах ёстой. Манай үйлчлүүлэгч 18.55 гкал цагийг хангаж байгаа. Гэтэл шууд 1 оноо өгсөн. Хэрэв бид үүнийг хувьчлаад бодох юм бол 9.27 оноо авах ёстой. Дүгнэлтүүдээс үзвэл хангалттай үнэлгээ авах боломжтой байсаныг санаатайгаар оноо хасаж, гэрээнд үндэслэхгүйгээр өөрсдийн үзэмжээр дүгнэсэн хууль бус үнэлгээгээр манай компанийн тусгай зөвшөөрлийг цуцлаж, компанийн үйл ажиллагааг зогсоож дампууруулах нөхцөл байдалд оруулсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэх тайлбар үндэслэлтэй.
4.5. Хэрэгт авагдсан баримт, хэргийн оролцогчдын тайлбараас үзвэл, хариуцагч Эрчим хүчний зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нөхцөл, шаардлагын зорилтын биелэлт, үүрэг даалгаврын биелэлтийг дүгнэх ажиллагаа хууль, журамд заасны дагуу бүрэн явагдаагүй, аргачлалыг баримтлаагүй, өөрөөр хэлбэл, дүгнэсэн оноонууд нь өгсөн үүрэг даалгавраар тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын биелэлтийг дүгнээд байгаа юм уу эсвэл тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын биелэлтийг дүгнэх журмаар дүгнээд байгаа эсэх нь эргэлзээтэй, ойлгомжгүй болох нь хариуцагч талын ч нэхэмжлэгч талын ч шүүх хуралдааны явцад гаргасан тайлбараар тодорхойлогдож байна.
4.6. Хариуцагч захиргааны байгууллагаас дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх шаардлагатай бөгөөд энэхүү ажиллагаа нь шүүхийн шинжлэн судлах цар хүрээнээс хэтэрсэн буюу хариуцагч Эрчим хүчний зохицуулах хороонд хамаарч байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасны дагуу маргаан бүхий актыг түдгэлзүүлж, хариуцагчаас дахин шинэ акт гаргуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
4.7. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт дээр дурдсан үндэслэлээр маргаан бүхий актуудын биелэлтийг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 338 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэг зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН
ШҮҮГЧ М.ЦЭЦЭГМАА
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ