Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2014 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 2014/ШЦТ/0233

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2014/0247/Э/

Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэцогт, 
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнгөнсүх, 
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа, 
Шүүгдэгч ***  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв. 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас ***д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201309000652 дугаартай хэргийг 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ***төрсөн, ***настай, *** дээд боловсролтой, ***  улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд:
-2001 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1-д зааснаар 100000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан.

    Шүүгдэгч *** нь согтуугаар, 2014 оны 8 дугаар сарын 25-ны шөнө 05 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт ***улсын дугаартай Mitsubishi chariot маркийн автомашин жолоодож явахдаа Цагдаагийн газрын урд зогсоол дээр зогсож байсан иргэн Ш***н Тоёота Креста маркийн ***улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргаж, зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ. 

Тодорхойлох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:
-Шүүгдэгч ***ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдөр өөрийн найз Батбаярын машиныг гуйгаад эхнэрээ Зулзагын амралтын газраас авах гээд явсан. Дараа нь Чинзүрхтэй таараад нэг шил архи хувааж уугаад ***г  хүргэж өгчихөөд гэр лүүгээ харих гэж яваад цагдаагийн тэнд байсан машиныг мөргөсөн. Би өөрийнхөө бурууг ойлгож гэмшиж байна. 
…Нэг шил “Болор” архи уусан, 40-50 км цагийн хурдтай явж байсан. Би сандарсандаа цаашаа явчихсан. 
…Батбаярт машины засварын мөнгө гэж 350000 төгрөг, Баярхүүд 920000 төгрөгийг машины засвар болон эхнэрийнх нь эмчилгээний зардалд өгсөн.  
…Өөрийнхөө бурууг сайн ойлгож байгаа. Үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байна. Миний өмгөөлөгчийн гаргасан саналын дагуу хэргийг шийдэж өгнө үү.” гэх мэдүүлэг,  

-Зам тээвийн ослын талаар гаргасан 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 11 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 19 дэх тал/,

-Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн  үзүүлэлтүүд /хэргийн 3-8 дахь тал/,

-Хохирогч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2014 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Дарханд ажилтай ирээд шөнө эргэж Улаанбаатар хот руу явах гэсэн чинь орой болчихсон болохоор гадаа хонолгүй Дарханы цагдаагийн газрын гадна өөрийн эхнэр ***н хамт миний өөрийн Тоёота Креста маркийн *** улсын дугаартай авто машинтайгаа хонохоор болоод өглөө гэгээ орохоор явъя гэсэн бодолтой машин дотроо унтаж байтал гэнэт миний машиныг машин ирээд мөргөсөн. Тэгээд сэрээд машиныхаа хаалгыг нээгээд хартал нэг хар өнгийн жийп маркийн машин хойшоо нэг ухраад эргэж урагшаа ухасхийгээд яваад өгсөн юм. Тэгтэл цаана цагдаагийн газрын үүднээс жижүүр нь ирээд эмнэлэг дуудаад, хөдөлгөөнт эргүүл ирээд нөгөө машины араас яваад барьж ирсэн. Тухайн үед 05 цагийн үе байсан. Буруу талын хоёр хаалга, хойд тэнхлэгний гар тахийсан, хойд карлан хонхойж орсон. Би гэмтээгүй, миний эхнэр бие нь өвдөж эмнэлэгээр явж шинжилгээ өгсөн.” гэх мэдүүлэг /хэргийн 15 дахь тал/,

-Иргэний нэхэмжлэгч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би өөрийн хамаатан *** гэх хүнээс 2014 оны 6 дугаар сарын дундуур Мицүбиши Чариот маркийн *** улсын дугаартай авто машиныг худалдаж аваад өөрийн нэр дээр гэрчилгээг нь шилжүүлж авч амжаагүй байсан. 2014 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 13 цагийн орчим манай аймгийн Онцгой байдлын газар хамт ажилладаг салаан дарга ажилтай ахмад Сумъяа “юманд явчихаад ирье” гээд гуйгаад миний машиныг аваад явсан юм. Гэтэл маргааш өглөө нь Сумъяа осол гаргасан гээд миний машиныг журмын хашаанд тавьсан байсан. Чухам ямар осол болсон талаар мэдэх зүйл алга. 
…Одоо бол Сумъяа миний машиныг янзлуулаад өгчихсөн болохоор түүнд гомдол санал, нэхэмжлэх зүйл алга. Үнэлгээтэй холбоотой санал хүсэлт алга.” гэх мэдүүлэг /хэргийн 12 дахь тал/,

-Гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2014 оны 8 дугаар сарын 24-ний өглөө нөхөр Баярхүүгийн хамт Дарханд ирээд орой нь Улаанбаатар хот руу буцах гэтэл харанхуй болсон учраас дараа өдрийн өглөө гэгээ орохоор явъя гээд Дархан-Уул аймгийн цагдаагийн газрын гадна  машинаа тавиад нөхрийн хамт машиндаа өглөө болтол унтахаар болж унтацгаасан. Гэтэл шөнө дунд гэнэт бид хоёрын унтаж байсан машиныг машин ирж мөргөсөн. Манай нөхөр машинаасаа бууж харсан. Тэгээд түргэн дуудаж намайг эмнэлэг рүү авч явсан. Эмнэлэг дээр очоод бүх төрлийн шинжилгээ хийлгэсэн. 
...Машиныг минь мөргөхөд 05 цаг болж байсан. Замын гэрэлтүүлэг ассан гэгээ арай ороогүй ч замын гэрэлтүүлгээр харагдах орчин тод, гэгээтэй байсан. 
…Надад учирсан гэмтэл гэх зүйл байхгүй. 
    …Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 16 дахь тал/,

-Гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2014 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө би Цагдаагийн газрын замын эргүүлийн цагдаагаар хонож ажилласан бөгөөд өглөө үүрээр 5-6 цагийн хооронд байсан байх, цагдаагийн 102 жижүүрээс над руу Цагдаагийн газрын гадаа зогсоол дээр байсан машиныг машин мөргөчихөөд зугтаалаа гэсэн дуудлага өгсний дагуу очиход зогсоол дээр *** улсын дугаар бүхий Креста маркийн машиныг мөргөсөн байдалтай эвдэрч хэмхэрсэн, мөргөсөн машин нь байхгүй байсан. Ингээд би мөргөсөн машиныг олохоор мөрөөр нь цаашаа явж хайж байгаад Төмөр замын ажилчдын орон сууцны ойролцоо айлын хашааны гадаа Сумъяа гэгч нь *** улсын дугаар бүхий машинтай согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, бензин нь дуусчихсан гээд зогсож байхад олж авч цагдаагийн жижүүрт хүлээлгэж өгсөн.
...Тухай үед Сумъяагийн унаж явсан *** улсын дугаар бүхий мицубиши маркийн машин осолд орсон байдалтай урд гупер нь эвдэрсэн байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 17 дахь тал/,

    -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 31 дэх тал/, 
    -2001 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 196 дугаартай таслан  шийдвэрлэх тогтоол /хэргийн 32 дахь тал/, 
    -Драйгер үлээлгэсэн тайлбар /хэргийн 45 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн баримтуудаар шүүгдэгч *** нь согтуугаар 2014 оны 8 дугаар сарын 25-ны шөнө 05 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт  *** улсын дугаартай Mitsubishi chariot маркийн автомашин жолоодож явахдаа Цагдаагийн газрын урд зогсоол дээр зогсож байсан иргэн ***гийн Тоёота Креста маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргаж, ослын газрыг санаатай орхиж зугтсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож  байх тул аймгийн прокурорын газраас түүний үйлдлийг  зүйлчилсэн  хуулийн  зүйл, хэсэг зөв байна.

    Иймд шүүгдэгч ***г зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

    Шүүгдэгч *** нь хохирогч ***д 400000 төгрөг /хэргийн 43 дахь тал/, төлсөн байх бөгөөд энэ талаар хохирогч *** “Би хөдөө ажилтай явж байна. Гомдол санал байхгүй, шүүх хуралд оролцохгүй”, иргэний нэхэмжлэгч Д.Батбаяр “гомдол санал байхгүй, шүүх хуралд оролцохгүй” гэх тодорхойлолт /хэргийн 62-63 дахь тал/ ирүүлсэн байх тул гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн, шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч ***с гаргуулах төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч *** нь урьд ***-ны өдрийн *** дугаартай таслан  шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1-д зааснаар 100000 /нэг зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т зааснаар ялтай байдал нь дууссан байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч *** нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг өөрийн сайн дураар төлж барагдуулсан, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж дүгнэлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон Тогтоох нь:

1. Шүүгдэгч ***г зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
    2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар шүүгдэгч ***д 2 жил /хоёр жил/ хорих ял шийтгэсүгэй.

    3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан 2 жил хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

    4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298 дугаар зүйлийн 298.1.2-т заасныг баримтлан *** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурьдсугай.

    5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар ***д оногдуулсан 2 жил хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн  хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

    6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар тэнсэгдсэн ***д хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг ***д мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

    8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.    

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж,  тогтоол биелүүлэх хүртэл ***д авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                Я.ТУУЛ