Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2014 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 2014/ШЦТ/0235

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


                                                                                                 Хэргийн индекс: 171/2014/0246/Э/

Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Мөнхтуяа даргалж,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнгөнцэцэг, 
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнгөнсүх, 
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч  *** овогт  ***ны ***д холбогдох  *** дугаартай хэргийг 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 
Монгол Улсын иргэн, *** овогт  ***ны ***, /РД: ***/,  *** оны  *** дугаар сарын  ***-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, *** настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл  ***, ээж, ах, дүү нарын хамт Улаанбаатар хот, *** дүүрэг, *** дүгээр хороо, Цэргийн  *** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд: 
- *** онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сараас хорих ял шийтгүүлж, *** оны  *** дугаар сарын  ***-ны өдөр хугацаа дуусаж суллагдсан,
- *** онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугар зүйлийн 145.2-т зааснаар эрүү үүсгэгдэн шалгагдаж байхдаа Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар өршөөгдөж хэргийг хэрэгсэхгүй болгосон. 

Шүүгдэгч *** нь давтан үйлдлээр 2014 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 13 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын  *** дүгээр багт байрлах  *** сүмд нэвтрэн орж  *** давхарын техникийн өрөөнөөс  *** маркийн дүрс бичлэгийн 1 ширхэг камер хулгайлж бусдад бага бус хэмжээний буюу 4.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2014 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 12 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын  *** дугаар багт байрлах  ***ийн их сургуулийн Дархан-Уул аймаг дахь салбар сургуулийн  *** давхарын захирлын өрөөнд нэвтрэн иргэн  ***ийн эзэмшлийн  *** маркийн гар утас хулгайлан авч бусдад бага бус хэмжээний буюу 450.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 
 /яллах дүгнэлтэнд бичигдсэн байдлаар/

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн  судлав. Үүнд:
                                               
Шүүгдэгч Б.*** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....2014 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатараас Эрдэнэт рүү найз  ***тайгаа уулзахаар явах замаараа Дархан-Уул аймгийн бурхантай хөшөө, морин хуур, гүүрээр явж үзэж, Дарханы их сургуулиуд ямар ямар чиглэлээр шалгалт, элсэлт авдагийг сонирхохоор болсон. Дарханы хамгийн том сургуулиар нь орсон. Сургуулийн хоёр давхарт гарахад зүүн жигүүрийн мухарын өрөөнүүд онгорхой байсан. Нэг анги онгорхой, дотор нь хүнгүй, ширээн дээр  *** маркийн утас тавьчихсан байсан. Утсыг аваад гарч явсан. Тэр утас кодтой, асахгүй байсан. Тэндээс гүүр рүү явах замд  *** гэх өвөрмөгц нэртэй сүм байсан. Манай ээж бас христэт итгэгч болохоор сонирхоод сүмээр орсон. *** сумд ороход ямар ч харуул, манаач байгаагүй. Сүмийн 3 давхарт гарч, техникийн өрөөнөөс  *** маркын камер авсан. Найзруугаа явах гэж байснаа айгаад тэр чигтээ Улаанбаатарын таксинд суугаад хот явсан. Камерыг хувьдаа хэрэглэх гээд зайг асуухад 300 гаруй долларын үнэтэй байсан. Хямдхан зай олдох байх гээд камерыг далд хийсэн байсан. Утсыг Улаанбаатар хотын Төв шуудангийн ард байдаг зах дээр 50.000 төгрөгөөр зарсан. Камерыг ашиглах боломжгүй байсан болохоор би 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 5 шарын буудлаас таксинд өгч, та бүхний ажилд хүндрэл учруулсан бол уучлаарай гэсэн бичиг хийж, камерыг бүрэн бүтэн буцааж өгч явуулсан” гэх мэдүүлэг, 

Шүүгдэгч Б.*** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2014 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн өглөө 11 цагийн үед би Улаанбаатараас Дарханд ирсэн. Би уг нь Дарханаар дайраад Эрдэнэтэд байдаг найз  *** дээр очих гэж байсан юм. Тэгээд би Дарханыг үзэж сонирхож байгаад Шинжлэх Ухаан Технологийн их сургуулийг үзэж сонирхохоор очоод тэр сургуулийн ажилчидын нэг өрөөнөөс нь аль өрөө гэдгийг нь хэлж мэдэхгүй байна. *** маркийн хар өнгийн корпустай утсыг хүнгүй үед нь хулгайлж аваад гарсан. Тэгээд Дархан хотыг сонирхоод явж байгаад гүүр үзэх гэж явахад замд Дархан  *** хаягтай сүм байсан. Манай ээж  *** өөрөө итгэгч тул би  *** сүмийг сонирхохоор сүм дотор орсон юм. Ороод сүм хүнгүй байхаар нь сүм дотор явж байгаад 3 давхарт нь гарч хурлын заалаар орж жижиг техникийн өрөөний вакум жижиг хаалгыг цоожтой байхад нь түлхэж ороод тэр дотор байсан  *** гэсэн бичигтэй, маркийг нь хэлж мэдэхгүй, хар саарал өнгийн дүрс бичлэг камер камерийн хөл дээрээ тавиатай байхад нь камерийг нь сугалж өвөртөө хийгээд гарч явсан. Тэгээд Эрдэнэт явахаа болиод Улаанбаатарын таксинд суугаад Улаанбаатар явсан. Энэ камерийг зарахгүйгээр хувьдаа хэрэглэе гэж бодоод үзтэл батарейгүй байсан, батериа асууж үзтэл нилээн үнэтэй байхаар нь больсон. Түүнээс хойш би Дарханд орж ирээгүй” гэх мэдүүлэг /хэргийн 94 дүгээр хуудас/,

Хохирогч  ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....Би Дархан  *** сүмд орчуулагч ажилтай, энэ сүмийнхээ аж ахуйн ажлыг үүргийнхээ хувиараар давхар хариуцан ажилладаг юм. 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдөр манай сүм дээр цуглаан болсон ба цуглаанд ашиглахаар дүрс бичлэгийн камераа шалгатал сүмийн 2 давхарт байсан техникийн өрөөнөөс дүрс бичлэгийн камер алдагдсан байсан. Тэгээд сүм доторх хяналтын камераа шалгахад камерийн бичлэгт хар савхин куртиктэй, саравчтай малгайтай, нүүрэндээ маск зүүсэн эрэгтэй хүн техникийн өрөөний вакум хаалгыг бөгсөөрөө түлхэж ороод камерийг куртикэндээ хийгээд гараад явсан бичлэг байсан. Тухайн үед манай сүмийн манаач эзэнгүй байсан, тэгээд камераа алдсан гэж мэдээд цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хэргийн 23 дугаар хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Талийгаач  *** урьд нь хулгайн гэмт хэргийн талаар мэдүүлсэн учир надад ярих зүйл алга байна. Харин 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр манай сүмд илгээмжээр нэргүй захианы хамт сүмээс алга болсон камер ирсэн... камераа авсан учир гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хэргийн 29 дүгээр хуудас/,

Хохирогч  ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2014 оны 03 дугаар сарын 26-ны өдөр манай өрөөний сургуулийн захиралын зөвлөлийн хурал хийгээд 13 цагийн үед дууссан. Багш нар тарсан бөгөөд би сантехникийн узель ороод шүлсээ хаячихаад 2 минут болж гарч ирээд узелийн ерөнхий үүдэнд хүнтэй таарч ярьж зогсоод өрөө рүүгээ явж ороод утсаа авах гэтэл ширээн дээр тавиад орхичихсон миний  *** маркийн гар утас алга байхаар нь гайхаад сүлжээний инженер  ***аас гар утсаа шалгуулахад холбогдох боломжгүй байхаар нь коридорын камерийг шүүлгэхэд миний өрөөнөөс 20-25 орчим насны хар цагаан өнгийн саравчтай малгайтай хар өнгийн богино савхин хүрэм, хөх жинсэн өмдтэй залуу утсыг минь аваад гарч байгаа бичлэг байхаар нь бичлэгээс гэмт хэрэгтний гар утас аваад гарч байгаа зураг зэргийг татуулан авч угаалгасан юм” гэх мэдүүлэг /хэргийн 32 дугаар хуудас/,

Гэрч  ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...энэ дүрс бичлэгүүдийг би үзлээ, дүрс бичлэг бичигдсэн Дархан  *** сүмээс камер хулгай хийгээд өвөртөө хийгээд гарч яваа гарч яваа нүүрэндээ цагаан өнгийн масктай, хар өнгийн савхин куртиктэй саравчтай малгай өмссөн залуу бол миний найз залуу  *** ны *** мөн байна. ***ын биеийн байдал, өмссөн хувцас, явдал зэргийг таниад хэлж байна. 2011 оноос хойш 4 жил гаран үерхэж байгаа тул сайн таньж байна” гэх мэдүүлэг /хэргийн 46-50 дугаар хуудас/,

Гэрч   ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Энэ дүрс бичлэгийг үзлээ камер хулгай хийж өвөртөө хийгээд гарч байгаа залуу миний хүү *** мөн байна” гэх мэдүүлэг /хэргийн 51 дүгээр хуудас/,

2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн эд зүйл үнэлэх комиссын шийдвэрт “...комиссын шийдвэрээр камер 4.000.000 төгрөгөөр үнэлэв” гэх шийдвэр /хэргийн 19 дүгээр хуудас/,

2014 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн эд зүйл үнэлэх комиссын шийдвэрт  “...комиссын шийдвэрээр  *** загварын гар утсыг 450.000 төгрөгөөр үнэлэв” гэх шийдвэр /хэргийн 30 дугаар хуудас/,

*** сүмийн камерийн бичлэгийг эд мөрийн баримтаар тооцох тогтоол, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл / хэргийн 6, 9-11 дүгээр хуудас/,

Хохирогч  ***аас хураан авсан фото зургууд, тэмдэглэл /хэргийн 5, 14-15 дугаар хуудас/ шүүгдэгчийн урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтууд зэрэг болно. 

Шүүгдэгч Б.*** нь 2014 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 13 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр багт байрлах ***сүмийн 2 давхарт байх техникийн өрөөнд нэвтрэн орж 4.000.000 төгрөгийн үнэ бүхий  *** маркийн дүрс бичлэгийн 1 ширхэг камер хулгайлсан,
 мөн 2014 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 12 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багт байрлах  *** их сургуулийн Дархан-Уул аймаг дахь салбар сургуулийн 2 давхарын захирлын өрөөнд нэвтрэн иргэн  ***ийн эзэмшлийн 450.000 төгрөгийн үнэтэй  *** маркийн гар утсыг хулгайлан авч бусдад бага бус хэмжээний буюу нийт 4.450.000 төгрөгийн хохирол учруулсан хулгайн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч ***ын үйлдсэн хэргийнхээ талаар мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч ***, хохирогч  ***, гэрч ***,  *** нарын өгсөн мэдүүлэг болон эд зүйлийн үнэлгээ, эд зүйл буцаан өгсөн болон хохирол төлсөн тухай баримт зэргээр нотлогдон тогтоогдож байна.
            Шүүгдэгч ***д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг орон байранд нэвтэрч, давтан үйлдлээр бусдын эд хөрөнгө хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан баривчлах ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв. 

            Хохирогч  *** , *** нарт учруулсан хохирлоо шүүгдэгч *** төлж барагдуулсан болох нь эд зүйл хүлээн авсан тухай тэмдэглэл болон судалсан бичгийн баримтаар тогтоогдсон тул хохирогч нарт хохирол төлөгдсөн гэж үзэв.

            Шүүгдэгч ***ад ял оногдуулахдаа эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-т зааснаар анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг байдлыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцов. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СД-1 ширхэг, ***ын дүрс бүхий 7 ширхэг фото зураг, А4-ийн хэмжээтэй цаасны 1 нүүр захидал зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсарган хадгалахаар шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 286, 294, 295, 296, 297, 298 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

    1. Шүүгдэгч *** овогт  ***ны ***ыг давтан үйлдлээр орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.    
    
            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч  ***ны ***д эд хөрөнгө хураахгүйгээр 4 сарын баривчлах ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-д заасныг баримтлан *** нь 77 /далан долоо/ хоног цагдан хоригдсон тул цагдан хоригдсон 1 хоногийг баривчлах ялын 1 хоногтой тэнцүүлж түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

    4. *** нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурьдсугай.

            5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СД-1 ширхэг, ***ын дүрс бүхий 7 ширхэг фото зураг, А4-ийн хэмжээтэй цаасны 1 нүүр захидал зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсарган хадгалсугай.

             6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ***д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн тоолсугай.

     7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.    

      8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Ж.МӨНХТУЯА