| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 132/2020/00510/И |
| Дугаар | 614 |
| Огноо | 2020-06-14 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын багц хуулиар бусад, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 614
Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, ерөнхий шүүгч Г.Мягмарсүрэн, шүүгч Л.Хишигдэлгэр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Булган аймаг, ... нд оршин суугаа, Б овогт Д.Ж -ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Булган аймаг, ... хаягт оршин байгаа, БНД -т холбогдох,
8,632,525 төгрөг гаргуулах тухай 132/2020/00510/И индэкстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Ж , хариуцагчийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О, иргэдийн төлөөлөгч Г.Баасансүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жаргалмаа нар ороцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би 2017 оны 04 сарыг 09-ний өдөр тэтгэвэрээ тогтоолгох ёстой байсан. Манай сумын байцаагч хөдөлмөрийн дэвтрийг ашиглах боломжгүй болгосон. Түүнээс болоод 2 удаа шүүх хуралаар орж ажилласан жилээ тогтоолгож, 11 сарын 27-ны өдөр хүсэлт бичиж тэтгэвэртээ гарсан. Тэтгэвэрт гарахад маягт бөглөдөг юм байна лээ. Тэр маягтад би ажилласан жилээ 31 жил гэж бичсэн байгаа. 5 жилийн дундаж 60 сар байдаг гэж бичсэн байсан. Тэрэнд нь зурах ёстой байсан юм уу? үгүй юм уу? мэдэхгүй. Тэтгэвэрийн байцаагч бөглөсөн материалыг шалгаж авах ёстой байсан шалгаж аваагүй. 2018 онд манай сумын байцаагч н.Б гэж хүн байсан. Тэр байцаагч ажлаасаа халагдаад дараагийн хүн ороход нь удаа дараа хүсэлтээ өгч байсан. Би Улсад ажилласан жилээ бүрэн тогтоолгож чадаагүй. Нийгмийн даатгалын байцаагч нарын хариуцлагагүй байдлаас болж би хохирч байна. тэтгэвэрийн зөрүү 8,623,525 төгрөгийг Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.Ж нь тус хэлтэст 2017 оны 11 сарын 27-ны өдөр гаргасан өргөдөлдөө тэтгэвэр тогтоолгох сарын дундаж цалин хөлс тодорхойлох 5 жил гэдэгт сонгох гэж буй 5 жилээ сонгож бичээгүй байх бөгөөд 2020 оны 01 сарын 02-ны өдөр ирүүлсэн өргөдөлдөө 5 жилийн цалингийн дундажаар тооцож олгох тухай өргөдөл гаргасан байх тул даатгуулагчийн хамгийн өндөр цалин авч байсан үеийн 5 жилийн дундажийг тооцон 2012 оны 10 сараас 2017 оны 10 сарын хоорондох 5 жилийн 54 сараар тооцон тэтгэвэрийг тооцон олгосон. Тэтгэвэр авагч Д.Ж нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 28.1.1-д заасны дагуу тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 28.1.1-д заасны дагуу тэтгэвэр авагч тэтгэвэрээ өөрчлүүлэх хүсэлтээ гаргасан тул шалгаж мөн хуулийн 28.2-т заасны дагуу 2020 оны 01 сараас тооцон бодож олгосон байна.
Иймд тэтгэвэр авагч Д.Ж аас ирүүлсэн нэхэмжлэлийн дагуу тэтгэвэрийн зөрүү 8,632,525 төгрөгийг олгох үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан тайлбартаа:
Д.Ж 2017 оны 11 дүгээр сарын 27-нд тэтгэвэрээ тогтоолгох өргөдөлдөө өгсөн. Д.Ж нь асуумжаа бөглөхдөө асуумжийн 8 дахь талд буюу тэтгэвэр тогтоолгох сарын дундаж цалин хөлс тодорхойлох 5 жил буюу 60 сарын бөглөж бичнэ гэдгийг бичээгүй байгаа. 2017 оноос 2020 оны 01 дүгээр сарын 02-нийг хүртэл хугацаанд манай байгууллагад өргөдлөө шалгуулна буруу гарсан байна гэсэн бичгээр өргөдөл ирээгүй. Хэрвээ өргөдөл ирсэн бол анхны өргөдөл дээр нэмэх нь нэг гэж бичээд авдаг. Төрийн байгууллагад өргөдөл гомдолоо тэтгэвэр тогтоолгосноос хойш хэрэв тэтгэвэр тогтоосныг зөвшөөрөхгүй байгаа бол 30 хоногийн дотор гаргах үүрэгтэй. Энэ эрхээ Д.Ж эдлээгүй, миний тэтгэвэр буруу тогтоогдсон гэж манай байгууллагад хандаагүй шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тэшиг сумыг хариуцагч байцаагч 3 удаа солигдсон. 3 удаа солигдохдоо ажил хүлээцэх, шалгах зорилгоор 2019 он, 2020 онуудад 3-4 удаа ажлын хэсгийн баг ажилласан байдаг. Ингэж ажиллах хуцагцаанд Д.Ж тай холбоотой тэтгэвэрээ дахин шалгуулна гэсэн өргөдөл огт бүртгүүлээгүй байгаа. Тиймээс Нийгмийн даатгалын тухай хуулийн 28.2-т тухайн даатгуулагч өөрийнхөө тэтгэвэр тогтоолгоход баримталсан шимтгэл төлсөн хугацаа, хөдөлмөрийн хөлсний хэмжээ өөрчлөгдсөн гэх үндэслэлээр хүсэлтээ тухайн сарын 15-ны өдрөөс өмнө гаргасан бол сарын эхнээс, 15-ны өдрөөс хойш гаргасан бол дараагийн сараас олгоно гэдгийн дагуу Д.Ж д 2020 оны 01 сарын 01-ний өдрөөс тэтгэвэрийн өөрчлөлт хийгээд олгосон байгаа. 2017 оноос 2020 оны хоорондох тэтгэвэрийн зөрүү 8,623,525 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Ж нь хариуцагч БНД т холбогдуулан, тэтгэврийн зөрүү 8,623,525 төгрөгийн хохирол гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нь улсад 27 жил 3 сар 7 хоног ажилласан байхад нийгмийн даатгалын байцаагч тэтгэвэр тогтоохдоо алдаа гаргаж хамгийн доод хэмжээ болох 251.000 төгрөгөөр тэтгэврийг тогтоож намайг хохироосон гэж, хариуцагч нь тэтгэвэр авагч тэтгэвэр тогтоолгох тухай өргөдөлдөө тэтгэвэр тогтоолгох сарын дундаж цалин хөлс тодорхойлох 5 жил гэдэгт сонгох гэж буй 5 жилээ сонгож бичээгүй байсан тул тэтгэврийг хамгийн доод хэмжээгээр тогтоосон байсан гэж маргажээ.
Д.Ж ы нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Нэхэмжлэгч Д.Ж нь тэтгэвэр тогтоолгох болзлыг хангаж, өндөр насны тэтгэврээ 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 251,000 төгрөгөөр тогтоолгосон байна. Ийнхүү тогтоолгоход ажилласан жилийг 27 жил 3 сар гэж тооцон өндөр насны тэтгэврийг хувь тэнцүүлэн олгожээ.
Тэтгэвэр тогтоолгосноос хойш нэхэмжлэгчийн тэтгэврийн хэмжээнд Засгийн газрын 2018 оны 16 дугаар тогтоолоор 280,000 төгрөг, 2019 оны 16 дугаар тогтоолоор 310,000 төгрөг, 2020 оны 24 дүгээр тогтоолоор 350,000 төгрөгийн нэмэгдлүүд тооцогдож, тэтгэврийн хэмжээ өөрчлөгдсөн байна.
Түүнчлэн, нэхэмжлэгчийн өргөдлөөр тэтгэврийн хэмжээг дахин шалгаж, ажилласан хугацаа 27 жил 3 сар 07 хоногийг өөрчлөхгүйгээр 5 жилийн дундаж цалингийн хэмжээг тогтоож, тэтгэврийн хэмжээг 654,181 төгрөгөөр тогтоосон байх ба Засгийн газрын 2020 оны 24 дүгээр тогтоолоор тэтгэврийн хэмжээ өөрчлөгдөж 679,181 төгрөг болжээ.
Ниймгийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулиар 2017 онд тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх аль дуртай дараалсан 5 жилд төлсөн шимтгэлээс тооцож хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг тодорхойлдог байжээ.
Хариуцагч БНД нь нэхэмжлэгчийн өргөдлийн дагуу түүний тэтгэврийн хэмжээг шалгаж 5 жилийн дундаж цалингийн хэмжээг тогтоож, тэтгэврийн хэмжээнд өөрчлөлт оруулж, түүний 2020 оны тэтгэврийн зөрүүг олгосон болох нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.
Харин нэхэмжлэгчийн 2017 оны 12 сар, 2018-2019 оны тэтгэврийн зөрүүг олгоогүйбөгөөд хариуцагч тал тэтгэврийн зөрүүг олгохгүй гэх үндэслэлээ тэтгэвэр авагч тэтгэвэр тогтоолгох тухай өргөдөлдөө тэтгэвэр тогтоолгох сарын дундаж цалин хөлс тодорхойлох 5 жил гэдэгт сонгох гэж буй 5 жилээ сонгож бичээгүй гэж тайлбарласан хариуцагчийн тайлбарыг зөвтгөх боломжгүй юм.
Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Төрийн албанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчмаас гадна ард түмэнд үйлчлэх зарчмыг баримтална гэж заасан. Мөн Засгийн газрын 2014 оны 354 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт “Нийгмийн даатгалын байгууллагын дүрэм”-ийн 4.1.4.-д “нийгмийн даатгалын байгууллагын үйл ажиллагааг нэгтгэн дүгнэж, зөрчил, дутагдлыг арилгах, тэргүүн туршлага, нийгмийн даатгалын хууль тогтоомжийг сурталчлах”, 2 дугаар хавсралтаар “Нийгмийн даатгалын байцаагчийн дүрэм”-ийн 2.1.7.-д “нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийг сурталчлах таниулах, даатгуулагчдыг нийгмийн даатгалын талаар зохих мэдлэгтэй болгох үүрэгтэй” гэж тус тус заасан байна.
Гэтэл нийгмийн даатгалын байцаагч нь тэтгэвэр тогтоолгох болзлыг хангаж, нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тогтоолгохоор өргөдөл гаргасан Д.Ж ы өргөдөл, түүнд хавсаргасан баримтыг хүлээж авахдаа өргөдлийг бүрэн гүйцэт бөглөсөн эсэхийг буюу өргөдлийн 8-д заасан “тэтгэвэр тогтоолгох сарын дундаж цалин хөлс тодорхойлох 5 жил /60 сар/” гэх хэсгийг сонгосон эсэхийг нягтлан шалгалгүй хүлээн авч тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоосон байна.
Өөрөөр хэлвэл нийгмийн даатгалын байцаагч нь хуульд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас тэтгэвэр авагчийн жинхэнэ авах ёстой тэтгэврийн хэмжээг буруу тогтоож, тэтгэврийн зөрүү үүсгэж хохирол учруулсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Монгол улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлд хүний эдлэх эрх эрх чөлөөг заасан бөгөөд мөн зүйлийн 12-т “төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй” гэж, 14-т “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх... эрхтэй гэж тус тус заасан.
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Д.Ж нь өөрт учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй байна.
Нэхэмжлэгч нь 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 251,000 төгрөг, 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 280,000 төгрөг, 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 2 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 310,000 төгрөг, 2020 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 350, 000 төгрөгийн тэтгэврийг сар бүр авсан болох нь түүний тэтгэврийн дэвтрийн хуулбараар тогтоогдож байна. /хх-ийн 6-8/
Хэрэв нэхэмжлэгч Д.Ж ы тэтгэврийг анх тогтоохдоо болзол шаарлага хангасан тэтгэвэр тогтоолгох сарын дундаж цалин хөлс тодорхойлох 5 жилийн цалингийн дундажаар тэтгэвэр тогтоосон бол тэрээр 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 603,181 төгрөг, 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 630,181 төгрөг, 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 2 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 654,181 төгрөгийн тэтгэврийг сар бүр авах байжээ.
Иймд нэхэмжлэгчийн авах ёстой байсан тэтгэврийн зөрүү болох 2017 оны 12, 2018 оны 1 сар, нийт 2 сарын зөрүү 704,362₮ /авбал зохих тэтгэвэр нь 603,181₮х2=1,206,362₮, авсан тэтгэвэр нь 251,000₮х2=502,000₮, авбал зохих тэтгэврээс авсан тэтгэврийг хасахад аваагүй тэтгэврийн зөрүү нь 1,206,363₮-502,000₮=704,362₮/ төгрөг, 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдрийг хүртлэх нийт 12 сарын зөрүү 4,202,172₮ /авбал зохих тэтгэвэр нь 630,181х12=7,562,172₮, авсан тэтгэвэр нь 280,000₮х12=3,360,000₮, авбал зохих тэтгэврээс авсан тэтгэврийг хасахад аваагүй тэтгэврийн зөрүү нь 7,562,172₮-3,360,000₮=4,202,172₮/ төгрөг, 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх нийт 11 сарын зөрүү 3,785,991₮ /авбал зохих тэтгэвэр нь 654,181х11=7,195,991₮, авсан тэтгэвэр нь 310,000₮х11=3,410,000₮, авбал зохих тэтгэврээс авсан тэтгэврийг хасахад аваагүй тэтгэврийн зөрүү нь 7,195,991₮-3,410,000₮=3,785,991₮/ төгрөг, нийт 8,692,525 төгрөгийн тэтгэврийн зөрүү буюу хохирол гаргуулах үндэслэлтэй боловч нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 8,623,525 төгрөгийн хэмжээнд хохирлыг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 498.2-т зааснаар хариуцагч Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 8,623,525 /найман сая зургаан зуун хорин гурван мянга таван зуун хорин тав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Ж д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 152,926 /нэг зуун тавин хоёр мянга есэн зуун хорин зургаа/ төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч хариуцагч Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 152,926 /нэг зуун тавин хоёр мянга есэн зуун хорин зургаа/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Ж //-нд буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ
ШҮҮГЧИД Г.МЯГМАРСҮРЭН
Л.ХИШИГДЭЛГЭР