Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 670

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

          Нэхэмжлэгч: Булган аймаг, ... оршин суугаа, Б овогт Ц.Б  -ын нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: Орхон аймаг, ... оршин суугаа, Д овогт Б.Х  -д холбогдох,

        Хүүхдийн тэтгэлэг гаргуулж, дундын хөрөнгөөс ногдох хэсгээ гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, Ц.Б ын эзэмшлээс Булган аймгийн ...  орон сууцныг чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д, хариуцагчийн төлөөлөгч О.С , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жаргалмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Б  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Б  миний бие нь Б.Х тай 2005 онд гэр бүл болж 2 хүүхдийн эцэг эх болж 10 гаруй жил амьдарсан. Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09-р сарын 13-ны өдрийн 496 тоот шүүхийн шийдвэрээр Б.Х ын нэхэмжлэлээр гэрлэлт цуцлагдаж,2 хүүхэд маань миний асрамжид үлдсэн юм. Одоо 2 хүүхэд маань өдрөөс өдөрт өсөн ахуй хэрэглээ нь нэмэгдэж байгаа төрсөн эцэг эх нь үр хүүхдээ тэжээн тэтгэх үүргийнх нь дагуу эх Б.Х аас нь 2006 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр төрсөн хүү Б.М , 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин Б.Е  нарт хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж байна.

Мөн гэр бүл болоод худалдаж авсан, одоо бид 3-ын амьдарч байгаа Булган аймгийн ...  3 өрөө байраа 40 000 000 төгрөгөөр үнэлэн өөрсдөд оногдох хувь болох 30 000 000 сая төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна.

Уг орон сууц нь өнөөдөр хэдийгээр Б.Х ын нэр дээр үл хөдлөх хөрөнгийн бүртгэлтэй боловч анх үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг бид 2 нэр дээрээ авсан, тухайн үед бид 2 банкнаас зээл авахын тулд орон сууцаа Ц.О т бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн эргүүлээд худалдах худалдан гэрөэ байгуулан орон сууцны зээл аваад Б.Х ын нэр дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авсан юм. Б.Х  нь 2016 онд шүүхэд хандахдаа хүүхдийн асрамж, тэтгэлэг, дундын өмчлөлийн эд хөрөнгийн асуудлаар хандсан боловч насанд хүрээгүй хүүхдүүдээ орон гэртээ тав тухтай амьдрах боломжтой гэж үзэн хүүхдүүдээ миний асрамжид үлдээхээр, дундын өмчлөлийн эд хөрөнгө хуваалгах нэхэмжлэлээсээ татгалзсан. Гэвч эд хөрөнгийн эрхийг бидний нэр дээр шилжүүлэх асуудал шийдвэрлэгдэхгүй байгаа тул шүүхэд хандаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэгч Ц.Б нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэл гаргахдаа хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгө болох орон сууцнаас ноогдох хэсэгээ гаргуулгах гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Ц.Б , Б.Х  нар нь 2005 онд гэр бүл болж 2 хүүхдийн эцэг эх болж 10 гаруй жил амьдарсан гэсэн бичвэртэй 2016 оны 9 дүгээр сарын 13-ны 496 тоот шүүхийн шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан. Тухайн үед гэрлэлтээ цуцлуулахдаа хоёр хүүхдээ эцгийн асрамжинд үлдээгээд хүүхдийн тэтгэлэгийн асуудлыг тухайн үед тусгаагүй учир тэтгэлэгийн асуудал шийдэгдээгүй. Одоо амьдралын явцад энэ хоёр хүн өөр өөрийн гэсэн тусдаа амьдралтай болсон. Одоогоор хоёр хүүхдийн хамт Япон улсад амьдарч байгаа. Хүүхдүүд өсөж том болоод хэрэглээ нэмэгдсэн. Ээж нь харж асрах хүүхдүүдтэйгээ уулзах Гэр бүлийн тухай хуульд заасан үүргээ төдийлөн биелүүлэхгүй байна. Тиймээс хүүхдүүддээ тэтгэлэг тогтоолгоно гэсэн байгаа. Анх гэр бүл болсны дараа худалдаж авсан Булган аймгийн ... , 3 өрөө байр нь  Ц.Б  болон 2 хүүхдийн эзэмшилд байгаа. Өмчлөгч нь Б.Х  гэсэн Улсын бүртгэлд тухайн нэрээр байдаг. Анх тухайн байрыг Ц.Б  худалдаж аваад дараа нь удалгүй Б.Х тай хамт ажилладаг Ц.О т Ц.Б  бэлэглэлийн гэрээгээр шилжүүлээд тэр үед нь Ц.О ээс Б.Х  худалдаж авч байгаагаар гэрээ байгуулж, орон сууцны зээлд хамрагдахаар ийм үйл ажиллагаа явуулсан.Түүнээс эд хөрөнгө нь дундын өмч юм. Иймээс оногдох хэсгээ гаргуулна гэдэг байдлаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Х , Ц.Б  нар 2016 оны 09 дүгээр сарын 13-нд шүүхийн шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан. Гэрлэлт цуцлуулах үед Ц.Б, Б.Х  нар хоорондоо харилцан тохиролцоод хүүхдийн тэтгэлэг ээжээс нь авахгүй, хүүхдээ эцэгт нь үлдээгээд хоорондоо тохироод хоёр хүүхдээ эцгийн асрамжид үлдээсэн байгаа. Б.Х  2016 онд нэхэмжлэл гаргахдаа хоёр хүүхдээ өөрийн асрамжинд авъя, тэтгэвэр тогтоолгоё, дундын эд хөрөнгөнөөс ногдох хэсэгээ авна гэсэн шаардлага гаргасан боловч харилцан тохироцоод нэхэмжлэлээсээ татгалзаж зөвхөн гэрлэлтээ цуцлуулсан. Нилээн олон тооны үл хөдлөх хөрөнгийн асуудал яригдаж байсан мөн  суудлын  2 автомашин байсан. Эдгээр хөрөнгийг Ц.Б д үлдээгээд талууд тохиролцсон. 2019 оны 06 сард нэхэмжлэлийн шаардлага  гаргахдаа байрны оногдох хэсэг 30 000 000 төгрөг болон тэтгэлэг гаргаж өгөөч гэсэн нэхэмжлэл гаргасан. Ц.Х , Ц.Б  тус тусын амьдралтай болсон. 2 хүүхэд аавтайгаа Япон улсад байгаа. Б.Х ын хувьд 4 сартайгаас 3 настай бага насны хоёр хүүхэдтэйгээ байгаа. Хүүхэд асарсны чөлөөтэй байгаа юм байна лээ. 680 000 төгрөгийн цалинтай тухайн үед Дашинчилэн сумын үйлчилгээний барилгыг авч үлдсэн бусад суудлын машин, ачааны машин, Мэргэжил сургалт үйлдвэрийн төвийн хажуу дахь үл хөдлөх хөрөнгийг Ц.Б  авсан. Япон явахдаа эд хөрөнгөө зараад хоёр хүүхдээ аваад явсан. Ийм учраас 680 000 төгрөгийн цалинтай, бага насны хоёр хүүхэдтэй учраас би нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Миний асражинд байгаа хоёр хүүхэд яах билээ, би сарын 680 000 төгрөгийн цалингаар яаж амьдрах билээ гэсэн утга агуулгаар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй юм гэсэн тайлбар гаргаж байгаа. Би хариуцагчийн энэ хүсэлтийг дэмжиж оролцож байна. Булган аймгийн ...  3 өрөө байр Ц.Х ын нэр дээр байдаг. 2019 оны 01 дүгээр сарын байдлаар Булган аймгийн Сум дундын Эвлэрүүлэн зуучлахаар банк хандаад зээлийн төлбөрийг би хариуцаж чөлж байгаа юм. Иймээс 30 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Ц.Б тухайн зээлээс нэг ч төлбөр төлөөгүй. Б.Х ын нэр дээр байгаа тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Хариуцагч Б.Х  нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие Б.Х  нь Ц.Б ын эзэмшлээс өөрийн өмчлөлийн Булган аймгийн ...  3 өрөө орон сууцыг чөлөөлүүлэхийг хүсч байна. Учир нь бид 2016 онд гэрлэлтээ цуцлуулахдаа 2 хүүхдээ бодож, Ц.Б ын эзэмшилд үлдээсэн бөгөөд Ц.Б  2 хүүхдийг Япон улс руу явуулсан, мөн ХААН банкнаас авсан зээлийн барьцаанд орон сууц байгаа боловч зээлийн үүргийг би төлж байгаа. Тус байр нь миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө тул өмчлөгчийн хувьд Ц.Б ын эзэмшлээс байраа чөлөөлүүлэхийг шаардаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гарасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч Х  нь “...  3 өрөө орон нь миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө тул Ц.Б ын эзэмшлээс чөлөөлүүлэхийг шаардаж байна “гэжээ. Энэ байрыг анх Ц.Б , Б.Х  нар гэр бүл болохдоо худалдан авч Ц.Б ын нэр дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэйгээр Хаан банкнаас зээл авсан. Хаан банкаас авсан зээлийг Хас банк руу шилжүүлж, нэмж зээл авах шаардлага гарсан тул тухайн үед Б.Х тай хамт ажилладаг байсан Ц.О т бэлэглэлийн гэрээгээр байраа шилжүүлж өдөрт нь Б.Х  худалдах худалдан авах гэрээгээр шүүлэн авч үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авсан нь Улсын бүртгэлийн хэлтсээс гаргаж ирүүлсэн лавлагаа тодорхойлолтуудаар нотлогддог. Энэ нь биднийг гэр бүл болоход зориулагдсан орон сууц бөгөөд тэнд 2 хүүхдээ төрүүлж бид 4 10 шахам жил царсан тул хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохоос Б.Х ын хуваарьт өмч биш юм. 2016 онд гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж, дундын өмчлөлийн асуудал яригдаж байхад энэ асуудал яригдаж байсан тул тус шүүхэд байр дундын өмч болохыг тогтоолгохоор Ц.Б  хүсэлт өгч байсан боловч шийдвэрлээгүйгээс шийдвэрлүүлэхээр шүүхэд хандсан байна. Иймд дундын өмчлөлийн энэ байрнаасаа Ц.Б  2 хүүхдийн хамт оногдох хувиа автал байрыг чөлөөлөх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Нэхэмжлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагад шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хүлээн зөвшөөрөхгүй байгаа тухай шүүхэд тайлбар гаргасн. Ингэж гаргахдаа энэ байр бол дундын өмчлөх эд хөрөнгө юм. Дундын өмч гэдэг нь юугаар нотлогдох вэ гэхээр Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтэсээс ирүүлсэн лавлагаа байгаа. Уг лавлагаанд өмч хувьчлалын журмаар Т  гэдэг хүний нэр дээр шилжээд түүнээс гэр бүл болохдоо Ц.Б  худалдаж авсан юм. Ц.Б ын  нэр дээр үл хөдлөхийн гэрчилгээ аваад хаан банкнаас зээл авсан. Хаан банкнаас авсан зээлээ хас банкруу шилжүүлээд нэмж зээл авах шаардлага байсан учраас Ц.Х тай хамт ажилладаг хүнд бэлэглэлийн гэрээгээр тэр өдөрт нь худалдах худалдан авах гэрээ байгуулан үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авсан. Тэгээд энэ байранд хоёр хүүхдээ төрүүлж 10 гаруй жил амьдарсан. Иймээс хэний нэр дээр байгаагаас үл хамааран дундын өмчлөлийн эд хөрөнгө учраас бид нар хувааж авах ёстой. Өмчлөлийн асуудлыг Б.Х ын хувиарт өмч байх боломжгүй гэсэн тайлбар ирүүлсэн. Энэ дагуу тайлбар гаргаж байна: Орон сууцнаас өөр асуудал яригдаагүй учир нотлох баримт өөр зүйлээр гаргаж өгөөгүй. Гаргаж өгөх шаардлагагүй гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагад шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улсын бүртгэлд бүртгэгдсэн өмчлөгч Б.Х  байгаа. Хэрвээ Ц.Б  өмчлөлөөс хувь хэсэг авна гэж байгаа бол тусдаа шаардлага гаргуулаад энийгээ авах ёстой байсан. Б.Х тай тэтгэмжийн асуудлаар ярьж байхдаа Улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтээ гаргаад өмчлөлөө баталгаажуулах ёстой байсан. Гэрлэлт 2016 онд цуцлагдсан. Өнөөдрийн хүртэл Улсын бүртгэлд Ц.Б  өмчлөх эрхтэй юм гэсэн асуудал яригдаагүй. 2016 оны гэрлэлт цуцлалтын байдалд би хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө албан ёсоор тогтоолгоно гэсэн зүйл албан ёсоор гаргаагүй учраас өнөөдөр Б.Х ын өмч мөн гэдэг үндэслэлтэй байна. Нэхэмжлэгчийн үндсэн шаардлага дээр энэ асуудал ороод ирсэн байгаашаардлагыг үндэслээд шийдэх боломжтой гэж үзэж байна. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлд зааснаар өмчлөх эрхийг олж авч байгаа этгээдийн зохицуулалт байгаа. Улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэл нь тухайн байрны өмчлөгч хэн болохыг тодорхойлж байгаа учраас 183 дугаар зүйлд зааснаар Улсын бүртгэлд өмчөх эрхээ бүртгүүлэх ёстой байхад бүртгүүлээгүй байгаа. Энэ байдлаар тухайн байрны өмчлөгч нь Ц.Х  гэж үзэх хууль зүйн үндэстэй учраас Иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасны дагуу бусдын хууль бус эзэмшлээс өөрийнхөө эзэмжлийг шаардах эрх байна гэж үзэж байна. Сөрөг нэхэмжлэлээ дэмжиж байна гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Б  нь хариуцагч Б.Х д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулж, дундын хөрөнгөөс ногдох хэсгээ гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, Ц.Б ын эзэмшлээс Булган аймгийн ...  орон сууцныг чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Нэг: Хүүхдийн тэтгэлэг гаргуулж, дундын хөрөнгөөс ногдох хэсгээ гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд

Нэхэмжлэгч Ц.Б , хариуцагч Б.Х  нар нь 2005 онд танилцан дотносож, 2006 оны 02 сарын 06-ны өдөр гэрлэлтээ баталгаажуулсан бөгөөд тэдний дундаас 2006 оны 11 сарын 09-ний өдөр хүү Б.М , 2010 оны 06 сарын 22-ны өдөр охин Б.Е  нар төрсөн болох нь зохигчийн тайлбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна.

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 сарын 13-ны өдрийн 496 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Ц.Б , хариуцагч Б.Х  нарын гэрлэлтийг цуцалж, хүү 2006 оны 11 сарын 09-ний өдөр хүү Б.М , 2010 оны 06 сарын 22-ны өдөр охин Б.Е  нарыг эцэг Ц.Б ын асрамжинд үлдээж шийдвэрлэжээ.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “хүүхэд төрснөөр эцэг эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, 21.5-д “гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ” мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж тус тус заасан.

Иймд Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу 2006 оны 11 сарын 09-ний өдөр хүү Б.М , 2010 оны 06 сарын 22-ны өдөр охин Б.Е  нар эх Б.Х аар тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Улсын бүртгэлийн *******  дугаарт бүртгэгдсэн Булган аймаг, ... од байрлах 39.2 м2 талбай бүхий 3 өрөө орон сууц нь Б.Х ын өмчлөлд бүртгэгдсэн болох нь орон сууцны улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. /хх-ийн122/ 

Дээрх орон сууц нь гэрлэгчдийг гэрлэлтээ батлууснаас хойш бий болсон гэр бүлийн дундын өмч болох талаар талууд маргаагүй тул уг орон сууцыг гэр бүл болсноос хойш бий болсон хөрөнгө байх учир Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.3-д зааснаар хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоож, гэр бүлийн гишүүдүүдэд оногдох хэсгийг тодорхойлох нь зүйтэй.

“Далайван аудит” ХХК-ийн Орхон аймаг дахь салбар дээрх орон сууцны зах зээлийн үнэлгээг 46 200 000  төгрөгөөр тогтоосон байна. /хх-ийн  78-83/

Улсын бүртгэлийн *******  дугаарт бүртгэгдсэн Булган аймаг, ... од байрлах 39.2 м2 талбай бүхий 3 өрөө орон сууцыг хариуцагч Б.Х ын өмчлөлд үлдээж, уг хөрөнгийн үнэлгээнээс нэхэмжлэгч Ц.Б ын нэхэмжилсэний дагуу Б.Б , хүү Б.М , охин Б.Е  нарт ногдох хэсэг болох /10 000 000х3= 30 000 000/ нийт 30 000 000 төгрөгийг хариуцагч Б.Х аас гаргуулан нэхэмжлэгч Б.Б , хүү Б.М , охин Б.Е  нарт тус тус олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн нэг гишүүнд оногдох хэсгийг тодорхойлохдоо Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.1-д “Гэр бүлийн гишүүн гэр бүлийн бүрэлдэхүүнээс гарахад ногдох хэсгийн талаар маргавал”, 129.2-т “Гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэмжээ нь насанд хүрээгүй, хөдөлмөрийн чадваргүй бүх гишүүнийг оролцуулан нийт гишүүдэд адил байна” гэж заасны дагуу хүү Б.М , охин Б.Е  нарыг оролцуулан тодорхойлсон болохыг дурьдах нь зүйтэй.

Хоёр: Ц.Б ын эзэмшлээс Булган аймгийн ...  орон сууцныг чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн  шаардлагын тухайд

Хариуцагч Б.Х  нь нэхэмжлэгч Ц.Б д холбогдуулан Булган аймаг, ...  хаягт байршилтай 3 өрөө орон сууцыг хууль бус эзэмшил, ашиглалтаас албадан чөлөөлүүлэх тухай  сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэгт авагдсан Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүтгэлийн гэрчилгээнээс үзэхэд хариуцагч Б.Х  нь Булган аймаг, ...  хаягт байршилтай 39.2 м2 талбай бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болох нь нотлогдож байна.

Нэхэмжлэгч Ц.Б  нь хариуцагч Б.Х д холбогдуулан Улсын бүртгэлийн *******  дугаарт бүртгэгдсэн Булган аймаг, ... од байрлах 39.2 м2 талбай бүхий 3 өрөө орон сууц бүхий үл хөдлөх эд хөрөнгөөс өөрт болон хүү Б.М , охин Б.Е  нарт ногдох хэсэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаснаараа дээрх орон сууцыг Б.Х ын өмчлөлд үлдээсэн болохоо зөвшөөрсөн байна гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Хариуцагч Б.Х  нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болохынхоо хувьд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “Өмчлөгч нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж заасны дагуу өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхээр шаардлага гаргах эрхтэй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Б.Х ын хариуцагч Ц.Б д холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасны дагуу хариуцагч Б.Х аас 2 хүүхдийн тэтгэлэгт ногдох нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээс /206 000х12=2 472 000, 206 000х12=2 472 000/50%=1 236 000₮/ улсын тэмдэгтийн хураамжийг тооцон 88 716 төгрөгийг гаргуулан Төрийн санд, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Б ын илүү төлсөн 50 000 төгрөгийг Төрийн сангаас гаргуулж Ц.Б д олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2006 оны 11 сарын 09-ний өдөр хүү Б.М , 2010 оны 06 сарын 22-ны өдөр охин Б.Е  нарыг тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18/-тай амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эх Б.Х аар тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эцэг Ц.Б д даалгасугай.

 2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурьдаж, амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгасугай.

3. Гэр бүлийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.3, 129 дүгээр зүйлийн 129.1.1, 129.2-т зааснаар хариуцагч Б.Х аас 30 000 000 /гучин сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Б , хүү Б.М , охин Б.Е  нарт тус бүр 10 000 000 /арван сая/ төгрөгийг олгосугай.

4. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Х ын өмчлөлд бүртгэлтэй Булган аймаг, ...  хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-*******  дугаарт бүртгэлтэй 39.2 м2 талбай бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч Ц.Б ын хууль бус эзэмшил, ашиглалтаас албадан чөлөөлсүгэй.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Б.Х аас 396 666 /гурван зуун ерэн зургаан мянга зургаан зуун жаран зургаа/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Б д 307 950 /гурван зуун долоон мянга есэн зуун тавь/  төгрөгийг, Төрийн санд 88 716   /наян найман долоон зуун арван зургаа/ төгрөгийг, нэхэмжлэгч Ц.Б аас 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж хариуцагч Б.Х д, Төрийн сангаас 50 000 /тавин мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Б д тус тус олгосугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэр бүлийн бүртгэлийн төв байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Азжаргалд даалгасугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              О.ОДОНЧИМЭГ