Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2014 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 2014/ШЦТ/0239

 

     

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2014/0249/Э/

Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Мөнхтуяа даргалж,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нямдорж, 
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Сүрмандах,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Уянга,  
Хохирогч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв. 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч  *** овогт  ***ын  ***т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** дугаартай хэргийг 2014 оны  12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 
Монгол Улсын иргэн, *** оны ** дугаар сарын **-ний өдөр Дархан-Уул аймгийн *** суманд төрсөн, ** настай, ***тэй, тусгай дунд боловсролтой, барилгын засалчин мэргэжилтэй, ам бүл *, хамтран амьдрагчийн хамт Дархан-Уул аймгийн *** сумын, * дүгээр баг, Пионерийн *-** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай *** овогт ***ын *** /РД: ***/,  

Шүүгдэгч ***нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2014 оны 09 дүгээр сарын 17-ны орой 21-22 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын, Пионерийн *-** тоот өөрийн гэртээ хамтран амьдарч байгаа ***той гэр бүлийн хардалтын улмаас маргалдаж түүнийг цохиж баруун гарын шаант болон тахилзуур ясыг хугалж биед нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэн байдлаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд: 

 Шүүгдэгч ***ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр эхнэр ***той ажлаасаа тараад гэртээ хариад нэг шил 0,75 архи уусан. Намайг архи ууж байх үед *** эмэгтэй хүний нэр хэлж зүүдлээд байна гэж хардаад  маргалдсан. Би удалгүй гэрээсээ гараад төмөр замын вокзал руу явсан юм. Намайг вокзал дээр явж байх үед *** утсаар дуудсан. Би удалгүй гэртээ очиж ***гоос үлдсэн архиа авч уучаад унтсан. Намайг унтаж байхад *** “хоолоо ид” гэж хэлээд сэрээхэд нь би уурандаа өшиглөсөн. *** газар уначихаад “миний гар хугарчихлаа” гэсэн. Би түргэн дуудахад “өөрсдөө унаагаараа ир” гэж хэлсэн. Надад машин олдохгүй байсан тул “цагдаа дуудахаар түргэний эмч нар ирдэг” гэж бодоод цагдаа дуудсан” гэх мэдүүлэг, 

 Хохирогч ***гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр ** цагийн үед нөхөр ***ийн хамт гэртээ харисан. *** 9 дүгээр сарын 6, 7-ны өдөр болсон барилгачдын баяраас үлдсэн архиа надаас нэхэж уусан юм. Би нэг шил архийг нь гаргаж өгсөн. ***т намайг ядарч байгаа байх нэг татчих гээд 100 грамм архи татуулсан. Би санаандгүй   ***ийг “... унтаж байхдаа эмэгтэй хүний нэр хэлээд зүүдлээд байх юм зүгээр унтаж болдоггүй юм уу?...” гэж хэлэхэд “...чи намайг янз бүрийн хүмүүстэй хардлаа...”  гэж маргалдаж эхэлсэн. ***удалгүй архиа ууж дуусгаад гэрээсээ гараад явсан. ***гэртээ эргэж орж ирээд үлдсэн нэг архиа нэхэж уучаад унтсан. Би хоолоо ид гээд сэрээхэд намайг өшиглөсөн. Би газар унаад босох гэтэл гар хугарсан байсан. ***цагдаа дуудаад би эмнэлэг рүү явсан” гэх мэдүүлэг,

 Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

  ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...гэртээ ирэхэд эхнэр 0.75 литрийн архи гаргаж өгсөн. Би өгсөн архийг нь ганцаараа уугаад сууж байхад ***намайг танихгүй эмэгтэй хүнтэй хардаад уурласан. Тэгэхээр нь би уурлаад маргахад ***намайг зайл гэсэн. Тэгэхээр нь гэрээс гараад хаашаа явахаа мэдэхгүй байж байгаад төмөр замын вокзал ороод сууж байгаад ***руу залгаад одоо би хаашаа явах юм бэ гэж асуухад ***тэнэгтээд гадуур явж байхаар гэртээ ирээч гэсэн. Буцаад гэртээ ирээд  ***оос нэг шил архи нэхэж байгаад авсан бөгөөд, тэр архийг нь ууж байгаад ухаан алдсан байсан. Тэгээд нэг мэдэхэд ***надад хоол аягалж өгч байсан. Тэгэхээр нь би цааш нь түлхэж байгаад баруун гар руу өшиглөсөн юм. Тэгэхэд  ***ийн гар нь хугарсан юм. Тухайн үед би согтуу байсан. ***намайг танихгүй эмэгтэй хүнтэй хардаад байсан. Тэгээд л уурандаа гар руу өшиглөсөн юм. ***бид 2-оос өөр хүн гэрт байгаагүй” гэх мэдүүлэг /хэргийн 21 дүгээр хуудас/,

 Хохирогч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр ажил тараад нөхөр  ***ийн хамт 15 цагийн орчим гэртээ ирээд хоол цайгаа бэлдэж байхад  *** амарч байгаа юм чинь 1 шил архи ууя гэхээр нь маргааш ажилтай хэрэггүй гэхэд зүгээрээ 1 шил архи ууя гэхээр нь би барилгачдын баяраар үлдсэн байсан 0.7 литрийн Ерөөл нэртэй архи байсныг гаргаж өгсөн. *** ганцаараа архийг ууж байгаад 21 цагийн орчим дуусаад дахиад надаас архи нэхээд байсан. Тэгэхээр нь би одоо дахиж уугаад хэрэггүй гэж хэлээд уурлаж сууж байснаа гэрээс гараад явсан. Удалгүй миний утас руу залгаад “Би одоо хаана хонох юм бэ” гэхээр нь би хойшоо ээжрүүгээ яв гэсэн. Тэгэхэд  *** ээжийн гэр хойшоо нүүгээд явсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэгвэл гэртээ ирээч гэж хэлсэн. Ингээд удалгүй  *** гэртээ орж ирэхээр нь би дахиад 1 шил архи гаргаж өгсөн. Тэр архиа ууж дуусаад хоол хийсэн юм бол хоол хийж өгөөч, харамлаад байгаа юм уу гэхээр нь би хоол аяглаад өгөхөд “чи яасан удаан хоол хийж аягалж өгдөг юм бэ” гэж хэлээд миний нүүр рүү 2-3 удаа цохисон, дараа нь намайг өшиглөсөн. Тэгэхэд би газар унасан бөгөөд босоод ирэхэд миний баруун гар даагдахгүй байсан. Би  ***тэй маргалдсан шалтгаан гэвэл 2013 онд зүүдэндээ нэг эмэгтэй хүний нэр хэлээд яриад зүүдлээд байсан юм. Би хэрэг гардаг өдөр тэр асуудлыг  ***т хэлэхэд уурлаад намайг хоол аяглаад өгөхөд уурандаа яасан удаан хоол аягалж өгдөг юм бэ гээд миний гар руу өшиглөөд миний гарыг хугалсан юм” гэх мэдүүлэг /хэргийн 7-9 дүгээр хуудас/,

Шүүх эмнэлгийн үзлэгийн 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1139 тоот Шинжээчийн дүгнэлт /хэргийн 12 дугаар хуудас/,

Хохирогч ***гийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар /хэргийн 27-39 дүгээр хуудас/ зэрэг болно.
 
Шүүгдэгч ***нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2014 оны 09 дүгээр сарын 17-ны орой 21-22 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын, ***ийн *-** тоот өөрийн гэртээ хамтран амьдарч ***той гэр бүлийн хардалтын улмаас маргалдаж түүнийг цохиж баруун гарын шаант болон тахилзуур ясыг хугалж биед нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт, шинжээчийн 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1139 тоот дүгнэлт /хэргийн 12 дугаар хуудас/, хохирогч ***гийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн өвчний түүх болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бичгийн баримтуудаар нотлогдож байна гэж дүгнэв.. 
   
            Шүүгдэгч  ***т холбогдох хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлууд нотлогдсон бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт ач холбогдолтой байж болох бүх асуудлыг шинжлэн судалсан болно. 

Иймд шүүгдэгч  ***ийг бусдын бие махбодид санаатай хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан хорих ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.  

Шүүгдэгч ***нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол 540.000 төгрөг сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-т зааснаар ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов. 

Шүүгдэгч ***нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөрөө төлсөн зэргийг харгалзан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэж хянан харгалах нь зүйтэй гэж шүүх үзэв. 
 
            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 286, 294, 295, 296, 297, 298 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 
        
            1. Шүүгдэгч  *** овогт  ***ын  ***ийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
    
    2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар шүүгдэгч Боржигон овогт  ***ын  ***т 1 жил 6 сар /нэг жил зургаан сар/ хорих ял шийтгэсүгэй.

    3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч  ***т оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

    4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч ***нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч  ***т оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

            6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол  ***т урьд бусдын даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    

             7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.    

     8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл  ***т авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                  Ж.МӨНХТУЯА