| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
| Хэргийн индекс | 126/2025/0026/З |
| Дугаар | 221/МА2026/0368 |
| Огноо | 2026-05-28 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 221/МА2026/0368
Ц.Д-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Ц.Одмаа
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч О.Оюунгэрэл
Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,
Давж заалдах гомдол гаргасан: Гуравдагч этгээд Д.Б
Нэхэмжлэгч: Ц.Д
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Засаг дарга
Гуравдагч этгээд: Д.Б
Нэхэмжлэлийн шаардлага: “Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/42 дугаар захирамжийн хавсралтын 14 дүгээрт байгаа Д.Б-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 0012 дугаар шийдвэр,
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.У, гуравдагч этгээд Д.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.М нар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Өсөхбаяр
Хэргийн индекс: 126/2025/0026/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.Д-оос Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Засаг даргад холбогдуулан “Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/42 дугаар захирамжийн хавсралтын 14 дүгээрт байгаа Д.Б-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
2. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 0012 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтаар: “Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг баримтлан Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/42 дугаар захирамжийн хавсралтын Д.Б-т холбогдох хэсгийг хүчингүй болгон” шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээд Д.Б дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.
3.1. “...Миний аав Дашмягмар нь нэхэмжлэгч Ц.Д-т өвөлжөөний хашааны модоо зарсан юм. Гэтэл Ц.Д нь аавыг минь бурхан болсны дараа маргаан үүсгэж, ааваас минь өвөлжөөний газар худалдаж авсан гэж худал мэдүүлж, маргаан үүсгэж байгааг зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч Ц.Д гуай шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ уг газрыг 10 хониор авч байсан гэжээ. Өвөлжөөний хашаа модыг газартай нь хамт зарсан бол 10 хониор зарахгүй байсан. Учир нь өвөлжөөний хашаа газартайгаа зах зээлийн үнэ ханш нь 10 сая түүнээс дээш байдаг юм.
Өнөөдөр маргааны зүйл болоод байгаа газарт бид үе удмаараа малаа маллан амьдарч ирсэн газар юм. Манай нутгийн иргэд бүгд үүнийг мэднэ. Гэтэл хашааны мод зарсан харилцааг өвөлжөө газар зарсан мэтээр өөрт ашигтай нөхцөл байдал үүсгэж, бидэнд мэдэгдэлгүй гэрчилгээ гаргуулж, одоо үүнийгээ үндэслэн шүүхэд нэхэмжлэл гаргаж, миний газрыг өөртөө авч байгааг зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч Ц.Д нь 2015 онд анх газар эзэмших гэрчилгээ гаргуулж авсан гэх боловч уг газрыг эзэмшихдээ ямар баримт материал бүрдүүлж өгсөн эсэхийг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн.
Гэтэл Төмөрбулаг сумын Засаг дарга нь ямар баримт материалд үндэслэж газар эзэмших эрхийн гэрчилгээ байсан эсэх талаар албан бичиг өгөөд байгаа, өөр бүртгэл материал холбогдох байгууллагад байгаа эсэхийг тодруулалгүйгээр зөвхөн Засаг даргын албан бичгийг үндэслэсэнд гомдолтой байна. Мөн нэхэмжлэгч Ц.Д нь 2018 оны 4 дүгээр сараас намайг өвөлжөөний газар дээр өвөлжиж эхэлсэн гэж бичсэн мөртлөө холбогдох байгууллагад 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гомдол гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д заасан хуулийн зохицуулалтыг зөрчсөн байхад шүүх анхаарч үзсэнгүй” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад, хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
2. Ц.Д-оос Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Засаг даргад холбогдуулан “Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/42 дугаар захирамжийн Д.Б-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.
3. Маргаан бүхий захирамжаар “... гэр бүлийн хэрэгцээний /Өвөлжөө/ зориулалтаар, 4 дүгээр баг Талбулаг хүрдлэгэ гэх газарт Д.Б-т 2459 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн бол 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, газрын байршлыг “4 дүгээр баг Тээл Урт халзан ам” гэжээ.
Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 13-ний өдрийн А/46 дугаар захирамжаар “... гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар, 4 дүгээр баг Талбулаг эх нэртэй газарт Ц.Д-т 2500 м.кв газрыг 40 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдөр гэрээ байгуулан, гэрчилгээ олгожээ.
4. Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Засаг даргын Тамгын газрын 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 3/24 дүгээр албан бичигт “... Төмөрбулаг сумын 4 дүгээр багт байрлах Талбулаг орчмын газар нутгийг Талбулаг хүрдлэгэ, Талбулаг эх гэж хоёр өөр газар биш “Талбулаг” гэж нэг газрын нэрээр нэршсэн”, мөн 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 3/15 дугаар албан бичигт “Тус сумын Тээл 4 дүгээр багийн нутагт Талбулаг, Талбулаг Хүрдлэгэ гэсэн нэршилтэй газар нутгийн албан ёсны шийдвэр байдаггүй”, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Засаг даргын 2026 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 1/18 дугаар албан бичигт “... тус сумын 4 дүгээр багийн нутагт “Талбулаг хүрдлэгэ” гэсэн нэртэй газар байхгүй. Энэ бол нутгийн иргэдийн аман хэллэгийн нэршил юм” гэж, түүнчлэн анхан шатны шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл, хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан “Газрын байршлын талаар маргаагүй” гэх тайлбар зэргээс үзвэл нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн маргаж буй газар нэг болох нь тогтоогдож байна.
5. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйл “Газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлага”, 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 83 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын 6 дугаар зүйлийн 6.1-д “Өргөдөлтэй танилцаж, суурин судалгаа хийгээд шийдвэрлэх боломжтой гэж үзсэн тохиолдолд өргөдөл гаргагчтай хамт газар дээр нь очиж хээрийн судалгаа хийнэ”, 6.2-т “Хээрийн судалгаагаар дараах үйл ажиллагаа хийгдэнэ”, 6.2.2-т “Бусдын эзэмшил, ашиглалтын газартай давхцаж буй эсэхийг тодруулах” гэж тус тус заасан.
6. Тодруулбал, захиргааны байгууллага иргэний газар эзэмших тухай хүсэлттэй танилцаад суурин судалгаа хийсний дараа хээрийн судалгаа хийх бөгөөд хээрийн судалгаагаар хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшил, ашиглалтын газартай давхцалтай эсэхийг тогтоосны дараа хүсэлтийг шийдвэрлэхээр байна.
7. Маргаан бүхий газрыг анх 2015 онд Ц.Дт, 2020 онд Д.Б-т эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 2026 онд гэрээ байгуулан, гэрчилгээ олгосон үйл баримтаас дүгнэвэл, хариуцагч хүсэлт гаргасан газар бусдын эзэмшил, ашиглалтын газартай давхцал бүхий эсэхийг тодруулалгүйгээр, нэхэмжлэгчийн өвөлжөөний газартай давхцуулан гуравдагч этгээдэд газар эзэмшүүлэхээр маргаан бүхий захиргааны актыг гаргасан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, энэ талаар “... хариуцагчаас тус хээрийн судалгааг хийлгүйгээр гуравдагч этгээдэд газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна” гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв болжээ.
8. Гуравдагч этгээд “... Ц.Д 2015 онд анх газар эзэмших гэрчилгээ гаргуулж авсан гэх боловч уг газрыг эзэмшихдээ ямар баримт материал бүрдүүлж өгсөн эсэхийг тодруулаагүй ... Төмөрбулаг сумын Засаг дарга нь ямар баримт материалд үндэслэж газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон, ... өөр бүртгэл материал холбогдох байгууллагад байгаа эсэхийг тодруулалгүйгээр, зөвхөн Засаг даргын албан бичгийг үндэслэсэн” гэж тайлбарлан маргаж байх боловч энэ нь хариуцагчийн буруутай үйлдлийг зөвтгөх үндэслэл болохгүй бөгөөд хэрэгт авагдсан баримтууд, хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаар маргааны үйл баримтыг хангалттай тогтоох боломжтой байна.
9. Мөн гуравдагч этгээд давж заалдах гомдолдоо “... Ц.Д нь 2018 оны 4 дүгээр сараас намайг өвөлжөөний газар дээр өвөлжиж эхэлсэн гэж бичсэн мөртлөө холбогдох байгууллагад 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гомдол гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 94.1-д заасан зохицуулалтыг зөрчсөн” гэх боловч хариуцагч Төмөрбулаг сумын Засаг дарга нэхэмжлэгчийн гомдолд 2025 оны 10 дугаар 13-ний өдөр хариу хүргүүлснээр тэрээр шүүхэд хандсан байх бөгөөд хариуцагч Засаг даргаас хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн эсэх талаар Ц.Д-ын гомдлыг хүлээн авахаас татгалзаагүй энэ тохиолдолд шүүх энэ үндэслэлээр гомдлыг хүлээн авах үндэслэлгүй. 10. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 126/ШШ2026/0012 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН