Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2018 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 34

 

Эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 

 Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: С.З, З.О, Д.Б, Ц.С нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: ОАБӨСЗД-д холбогдох

“ОАБӨСЗД-ын 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 263/1 дугаар захирамжийн С.З, О.М, Г.Д, Д.Б, Ц.С нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, түүний өмгөөлөгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э нарын шүүх хуралдааны явцад байгуулсан эвлэрлийн гэрээнд:

1.1. О.М, Г.Д нарын асран хамгаалагч З.О, С.З, Д.Б, Ц.С нарын нэхэмжлэлтэй ОАБӨСЗД-д холбогдох газар эзэмшүүлэх шийдвэр хүчингүй болгох тухай 263/1 тоот захирамжийг нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэгт дараах байдлаар эвлэрэн хэлэлцэж энэхүү гэрээг байгуулав.

1.2. ОАБӨСЗД нэхэмжлэлийн шаардлагаар сэргээгдэх эрх болох нэхэмжлэгч нараас С.З, Д.Б, Ц.С нарт Нарлаг дэнж 1-р гудамжны урд, Д.Б-д Нарлаг дэнж 1-р гудамжны урд, Ц.С-т Нарлаг дэнжийн ... тоотод байрлах газруудыг эзэмшүүлэх шийдвэр гаргаж, газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээг олгох асуудлыг 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөрт багтаан шийдвэрлэх үүргийг хүлээнэ.

1.3. С.З, Д.Б, Ц.С нар нь газар эзэмшүүлэхэд шаардагдах бичиг баримтуудыг 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөрт багтаан бүрдүүлж өгөх үүргийг тус тус хүлээнэ.

2.1. О.М-ын Нарлаг дэнжийн ...2 тоот газрыг түүний эх З.О-д Г.Д-ийн Нарлаг дэнжийн ..... тоот хаягт байрлах газрыг М-ийн Д-д ОАБӨСЗД эзэмшүүлэх шийдвэр гаргаж, газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээг олгох асуудлыг 2018 оны 12-р сарын 30-ны өдөр багтаан шийдвэрлэх үүрэг хүлээнэ.

2.2. З.О, М.Д нар нь газар эзэмшүүлэхэд шаардлагатай бичиг баримтуудыг 2018 оны 11-р сарын 15-ны өдөрт багтаан бүрдүүлж өгөх үүргийг тус тус хүлээнэ.

3.1. Нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг гаргуулахгүйгээр тохиров.

4.1. Эвлэрлийн гэрээний дагуу Баян-Өндөр сумын Засаг дарга С.З, Д.Б, Ц.С, З.О, М.Д нарт газар эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа Зөрчлийн тухай хуулинд заасан торгууль төлөхийг шаардахгүй. Мөн эвлэрлийн гэрээ болон Газрын тухай хуулинд зааснаас өөр шаардлага тавихгүй байх үүргийг Баян-Өндөр сумын Засаг дарга хүлээнэ гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  С.З, З.О, Д.Б, Ц.Снар нь  ОАБӨСЗД-д холбогдуулан  ОАБӨСЗД-ын 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 263/1 дугаар захирамжийн С.З, О.М, Г.Д, Д.Б, Ц.С нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э нар нь харилцан буулт хийж, сайн дурын үндсэн дээр эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээ бичгээр байгуулсан байна.

Нэхэмжлэгч С.З, З.О, Д.Б, Ц.С нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э нарын 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдааны явцад байгуулсан дээрх эвлэрлийн гэрээ нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч С.З, З.О, Д.Б, Ц.С, хариуцагч ОАБӨСЗД С.Г нараас олгосон итгэмжлэлд[1] Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.5 /эвлэрэх/-д заасан эрхийг олгосон ба итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын эвлэрсэн нь хуульд харшлаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх заалтыгудирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.2, 68.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.З, З.О, Д.Б, Ц.С нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, хариуцагч нарын эвлэрлийг баталж, 119/2018/0026/з/ дугаарын индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4, 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захирамжийг хэргийн оролцогч болон тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт гардуулахыг шүүгчийн туслах Д.Сэржмядагт даалгасугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд уг захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.САРАНГЭРЭЛ

 

 

 

 

 


[1] Хавтаст хэргийн 5, 26 дугаар тал