Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашдоржийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 128/2016/0549/з |
Дугаар | 368 |
Огноо | 2017-10-11 |
Маргааны төрөл |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 368
Г.М, Г.Н, Д.Д
нарын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг шүүгч Х.Батсүрэн даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Б.Мөнхтуяа, Ч.Тунгалаг, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгч Г.Н, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Гэрлээ, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагва, гуравдагч этгээд Э.С нарыг оролцуулан хийж, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 913 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2017/0143 дугаар магадлалтай, Г.М, Г.Н, Д.Д нарын нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Анхбаярын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 913 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4, 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг үндэслэн Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн А/471 дүгээр захирамжийн Э.С, Б.Б нарт холбогдох хэсэг, мөн Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн А/497 дугаар захирамжийн Ө.О-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, тус газрыг Д.Д, Г.М, Г.Н нарт эзэмшүүлэхийг даалгах” шаардлага бүхий иргэн Г.М, Г.Н, Д.Д нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2017/0143 дугаар магадлалаар: нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 913 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Анхбаярын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Анхбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Г.М, Г.Н Д.Д нарын нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 913 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 143 дугаар магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.
Нэхэмжлэгч нар нь маргаан бүхий газарт 2013 оны 03 дугаар сард хүмүүс суурьшаагүй, хэн нэгний эзэмшил үүсээгүй, хоосон байсан газарт хорооны Засаг даргаас зөвшөөрөл авч бууснаас хойш хашаа барин, тэмдэгжүүлж, амьдарч байсан бөгөөд энэ хугацаанд төрийн байгууллагаас түүнийг хүлээн зөвшөөрч байсан болох нь 16 дугаар хорооноос Г.Н-ыг 2013 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр “Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 59А гудамж, 84 тоот хаягт шилжин ирсэн тухай бүртгэж” шилжилт хийн иргэний үнэмлэхэнд тэмдэглэсэн, 2013 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Эдлэн газрын улсын тоо бүртгэлийн хуудсанд 86 тоот дугаартай хашааны газрыг эзэмших хэлбэрээр Г.Мын нэр дээр бүртгэсэн зэргээр тогтоогддог.
Улмаар тухайн газраа эзэмших, өмчлөх хүсэлтэй болохоо хорооны Засаг даргад илэрхийлэн 2013 онд өөрсдийн газрынхаа кадастрын зургийг хийлгэж, хандахад “нийслэлийн хэмжээнд газар олголтыг түр зогсоосон, өргөдөл хүлээн авч эхлэхээр материалаа өгөөд газраа авч болно” гэдэг байсан, мөн хорооны Засаг даргад газраа үзүүлэн зөвшөөрөл авч буусан, хэсгийн байцаагчаас дээрх гудамж, хашааны “Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 59А гудамжны 84, 85, 86 тоот” гэсэн хашааны хаягийг өгч байсан болох нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон болно.
Ингээд Засаг даргын хэлсний дагуу хүлээж байгаад өргөдөл авч эхэлсэн гэж сонсмогцоо 2015 оны 06 дугаар сарын 17-нд газар эзэмших өргөдлөө өгсөн. Гэтэл тухайн газрыг гэнэт гарч ирсэн Ө.О, Б.Б, Э.С нарт олгосон байсан.
Энэ нь гуравдагч этгээдүүдээс түрүүлж, 2013 оноос хойш, уг газрыг эзэмшихийг хүсч тухайн газраа амьдарч, хамгаалж, захиргааны байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд итгэн хүлээж байсан нэхэмжлэгч нарын эрх, ашиг сонирхолыг зөрчсөн бөгөөд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэсэнтэй нийцэхгүй байна.
Мөн шүүхээс нэхэмжлэгч нар нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасныг зөрчиж, хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүйгээр газрыг эзэмшиж байсан гэж дүгнэсэн. Гэтэл гуравдагч этгээдүүд ч өмнө нь амьдарч байсан гэх газраа эзэмших эрхийн гэрчилгээгүй байсан болохоо шүүх хуралдаан дээр хүлээн зөвшөөрсөн байдаг. Түүнчлэн 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдөр буюу нэг өдөр өргөдлөө өгсөн байхад шүүхээс Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5 дугаар тогтоолоор цанын бааз байгуулахаар төлөвлөсний дагуу нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авсан, иймээс гуравдагч этгээдүүд нь газар эзэмших хүсэлтээ өмнө нь илэрхийлж, хашаа хатган амьдарч байсан иргэдийн эрхийг зөрчих, бөөнөөр нь нүүлгэн шилжүүлснээр давуу эрхтэйгээр газар эзэмшүүлж болох мэтээр дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” зарчмыг зөрчсөн гэж үзэхээр байна.
Давж заалдах шатны шүүхээс “хуулийн дээрх зохицуулалт нь маргаан бүхий газрыг цаг хугацааны хувьд түрүүлж бодитоор эзэмшсэн, түүнчлэн хуульд заасны дагуу эзэмших эрхийн гэрчилгээгээр эзэмшихийг хүссэн иргэний хүсэл зоригийг шууд үгүйсгэх үндэслэл болохгүй” гэж дүгнэсэн атлаа “Т.Мөнхжаргал хашаа барьсан байсан нь тогтоогдож байгаа боловч хууль ёсны дагуу эзэмшээгүй” гэж Газрын тухай хуулийг зөрчилдсөн байдлаар тайлбарласан нь ойлгомжгүй болсон.
Түүнчлэн хариуцагчаас анхан шатны шүүх хуралдаанаас өмнө тухайн газрын ойролцоо нэхэмжлэгч нар газар эзэмшүүлэх боломжтой гэж тайлбар гаргаж байсан боловч шүүхийн шийдвэр гарснаас хойш “боломжгүй болсон” гэсэн хариу өгсөөр одоог хүртэл ямар нэгэн газар олгоогүй болно.
Иймд хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр, анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.
Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн А/471 дүгээр захирамжаар Б.Бт тус дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Согоотын 59а-109 байршилд, Э.С-т мөн хорооны Согоотын 59а-110 байршилд, мөн дүүргийн Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн А/497 дугаар захирамжаар Ө.Од тус дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 59а-111 байршилд тус тус 500 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн, иргэн Г.М, Г.Н, Д.Д нараас “... бидний 2013 оноос хашаа барин ... эзэмшиж байсан газрыг ... Ө.О, Б.Б, Э.С нарт олгосон нь ... хууль бус” гэж, хариуцагчаас “... нэхэмжлэгч нараас ... /уг/ газарт газар эзэмших хүсэлт гаргаж байсан баримт .... байхгүй ... /тул/ гуравдагч этгээд нарт газар эзэмшүүлсэн нь хууль зөрчөөгүй” гэж маргажээ.
Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “...хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, 32 дугаар зүйлийн 32.2.2-т “... /газар эзэмшихээр хүсэлт гаргагч нь/ эзэмших газрын ... хэмжээ, зааг, байршил, нэгж талбарыг харуулсан тойм зураг /хавсаргана/” гэж тус тус зааснаас үзэхэд аливаа этгээд газар эзэмших хүсэлт гаргахдаа бусдын эзэмшил, ашиглалтад ороогүй, сул чөлөөтэй газарт хүсэлт гаргах боломжтой, ингэхдээ уг эзэмшихийг хүсч байгаа газраа өөрөө тодорхойлон “заах” зохицуулалттай байна.
Үүнээс дүгнэвэл, Г.М, Г.Н, Д.Д нарын нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдох энэ маргааныг шүүх хянан шийдвэрлэхэд маргаан бүхий газарт хэний эзэмшил эсхүл ашиглалт бодитой түрүүлж үүссэн, нэхэмжлэгч Г.М, Г.Н, Д.Д нар болон гуравдагч этгээд Ө.О, Б.Б, Э.С нараас маргаан бүхий байршилд газар эзэмших хүсэлт гаргахдаа дээрх хуульд заасан шаардлагыг хангасан эсэхийг тодруулах нь зүйтэй байна.
Хариуцагчаас маргаан бүхий захиргааны актын үндэслэлийг “... иргэдийг /маргаан бүхий газарт/ нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авсан” гэж тайлбарлаж байгаа нь Газрын тухай хуульд заасан иргэнд газар эзэмшүүлэх зохицуулалтын аль үндэслэлд хамаарч байгааг шүүх дүгнэх шаардлагатай.
Түүнчлэн, хэрэгт цугларсан нотлох баримтаар нэхэмжлэгч нарын эзэмшлийн гэх Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 59а-84, 59а-85, 59а-86 газрын байршил нь гуравдагч этгээд нарт эзэмшүүлсэн 59а-109, 59а-110, 59а-111 гэх байршилтай нэг (давхцалтай) болох нь тогтоогдсон, нэхэмжлэгч, гуравдагч этгээд нар бүгд нэг өдөр буюу 2015 оны 06 дугаар сарын 17-ний өдөр “газар эзэмших хүсэлт”-ээ дүүргийн Газрын албанд гаргасан, хэргийн оролцогчдоос маргаан бүхий газарт “түрүүлж хашаа хатган эзэмшилдээ авсан, ... гэр барин амьдарч байсан” гэх зэрэг үйл баримт дурдаж маргасан байх тул маргаан бүхий байршилд хэний эзэмшил, ашиглалт түрүүлж үүссэнийг холбогдох нотлох баримтуудыг цуглуулсаны үндсэн дээр шүүхээс тогтоох нь зүйтэй.
Учир нь, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны Засаг даргаас 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Ө.О, нарт, 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Г.М-д, 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Б.Бт тус тус “уг байршилд оршин суудаг” гэж, 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр “Г.Н нь ... /уг байршилд/ 2013 оноос хойш амьдарч байгаа” гэж, 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр “Д.Д нь ... /уг байршилд/ 2013 оны 04 сараас одоог хүртэл эзэмшдэг” гэж тус тус тодорхойлсон, энэ баримтыг шүүх хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй үлдсэн, хэний эзэмшил, ашиглалт түрүүлж үүссэн газар дээр хэн нь хүсэлт гаргасныг тогтоогоогүйгээс маргааны үйл баримтыг Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан “...хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэсэнтэй холбогдуулан дүгнэх, хяналтын шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.
Эдгээр үндэслэлээр, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 913 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2017/0143 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анхбаяраас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.БАТСҮРЭН
ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА