| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
| Хэргийн индекс | 146/2019/00319/И |
| Дугаар | 146/ШШ2020/00013 |
| Огноо | 2020-01-08 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2020 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 146/ШШ2020/00013
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч : Өвөрхангай аймаг, Хархорин сумын Вангийн овоо баг ___ тоотод оршин суух Э-ийн Ш- /РД:___/ нэхэмжлэлтэй
Хариуцагч: Өвөрхангай аймгийн Хархорин сумын ___д холбогдох
Өвөрхангай аймгийн Хархорин сумын ___ийн -ийн 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн б/07 дугаартай сахилгын шийтгэл оногдуулсан тушаалыг хүчингүй болгуулж, сахилгын шийтгэл оногдуулсны улмаас 9,10 сарын цалингийн 20 хувь 262874 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 10 дугаар сарын 17-ний өдөр хүлээн авч, 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгээд, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Э.Ш-, хариуцагч Ц.О- нарийн бичгийн дарга Т.Энхжин оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Ш- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь Хархорин сум ___д 2009 оноос тасралтгүй 10 гаруй жил ___-аар ажиллаж байгаа бөгөөд би 2019 оны 08 дугаар сард ээлжийн амралттай байх хугацаанд тус ___ийн ___- Ц.О- нь надад үндэслэлгүй цалингийн 20 хувиар 3 сарын хугацаатайгаар сахилгын шийтгэл оногдуулсан. Энэхүү тушаалыг миний бие 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр номын санч Цэцэгээс хүлээн авсан. Иймд Хархорин сумын ___ийн ___-ийн 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн б/07 дугаартай сахилгын шийтгэл оногдуулсан тушаалыг хүчингүй болгож, сахилгын шийтгэл оногдуулсны улмаас 9,10 сарын цалингийн 20 хувь болох 262.874 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.
Нэхэмжлэгч Э.Ш- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би шудрага, үнэн ч байх бусдад туслах зусарч долигнуур занг тэвчдэггүй долигноход дургүй хүн юм. Олон хүүхдүүд миний шавь, тэдгээр хүүхдүүдийг ажил амьдарлынхаа гараанд хүрэхэд тусаласаар ирсэн жишээ нь дуучин Түдэвдорж, Чүлтэм, морин хуурч Цэндмаа гэх мэт, алтан медаль авч аймагт түрүүлж байсан 10 гаран дуутай үүний учир аймгийн жуух бичиг зэргээр шагнагдаж байсан. Хүүхэд байхаасаа л урлаг соёлын ажлаар явсан хүн 2009 оноос эхлэн улсад 10 жил ажиллаж, ___-ээр ажиллаж байх хугацаандаа их олон ажлыг хийж гүйцэтгэсэн үүнээс товч дурдвал 2010 онд Өвөрхангай аймгийн бүх сумдуудын урлагын их баяр наадмаар алтан медаль хүртэж 2013 онд Зоригтийн нэрэмжит аймгийн уралдаанд үндэсний хөгжмийн уралдаанд мөн алтан медаль. Миний ур чадварын хувьд 6-8 хөгжмийг өөрөө тоглох буюу хөгжмийн сургалт явуулах чадварыг эзэмшсэн. Мөн дуулах, бүжиглэх гэх зэрэг чадварыг эзэмшин өнөөдрийг хүртэл явж байна. Одоо шалтгааныг тайлбарлая. 2009 онд тус ___д орсон өнөөг хүртэл ___ийн ___-ийг найман удаа солисон байдаг. 2013 онд намайг ажлаас гаргах халах асуудлыг О- гэдэг хүн тушаал гаргаж байлаа. Энэ үед би маш их сэтгэл санааны дарамтанд орж байсан.
Миний хувьд нэхэмжлэл өгч байсан боловч эхнэр нь өргөдөлөө буцаагаад аваач гэж гуйсан учраас би тухайн үед өргөдөлөө буцааж авч байсан. Одоо манай ___ийн ___-ээр ажиллаж байгаа Ц.О- гэдэг хүн намайг цалингийн 20 хувиар шийтгэсэн. Энэ хүн нь 2019 оны 11 дүгээр сард манай ___д ___-ээр томилогдож ирсэн, ажилд томилогдсон ирсэнээсээ эхлэн ажлын байрны дарамт үзүүлж эвгүй зан авир гаргаж эхэлсэн. Надтай эхэлж харьцсан үеийг товчхон хэлье тухайн үед надруу залгаад мэнд ус байхгүй Хэзээ ирэх гэж байна гэсэн. Би тухайн үед хүн нас бараад удаагүй байхад надруу залгаад ажлаас гарах өргөдлөө өгөөрэй гэсэн. Би тухайн үед ажил явдалтай байсан болохоороо тэндээс гарч байгаад уурласан нь үнэн. Ажлын хувьд би өөрийнхөө хөрөнгөөр техникээ тохижуулсан. Надад ямар 1 ажил даалгах бол эрхэлэгч байж өөрийн биеээр ажлаа хэлдэггүй хамаагүй хүнээр хэлүүлдэг гэрч Оргилмаа шүүх дээр ирээд мэдүүлэг өгсөн. Энэ хүнтэй ажиллахад их хэцүү хамгийн сүүлд бид 2-ыг арчаагүй юмнууд гэж хэлсэн ингэснээр ажлын хамт олны ашиг сонирхол зөрчигдөж эхэлсэн. Цэцэгээ гээд манай номын санч надад хэлсэн. Манай ___- надтай зүй бусаар харьцаж байна, би ажлаас гармаар байна гэж хэлсэн. Ажилчдаа зайл гэж олон удаа хэлэхийг сонссон. Ажлын байрны дарамт үзүүлсэн гэдгийг нь хэлэхэд намайг 20 хувьдаж ажлаас халсан. Энэ хүн 2019 оны 05 дугаар сарын 29-нд Соёлын өвийн 31, 35 дугаар зүйлийг зөрчин ___ийн урд хойд талын Соёлын өвд бүртгэлтэй 13-р зууны 84 ширхэг чулууг эрх өгөөгүй байхад хууль зөрчин ачуулсан байдаг. Сумын иргэдийн төлөөлөгчдийн тогтоол нь 2019 оны 6 дугаар сарын 16-ний өдөр гарсан энэ бол хууль зөрчиж байгаа нэг хэлбэр юм. Үүнийг би хэлэхэд намайг ажлаас халсан Баяр наадам, урлагын их баяр, ямар нэгэн арга хэмжээ дээр өөрийн хувийн техникээр ажлаа хийж байсан урьд орой нь маргааш арга хэмжээ болно гэж хэлсэн. Тодорхой цаг хэлээгүй урд орой нь үйлчлэгч Ц-гаас маргааш арга хэмжээтэй гэж ярихийг сонссон. Би юмаа авах гээд айлд очоод ирэх хооронд намайг үйл ажиллагаа хоцроосон гээд ажлаас хална гэж байсан. Ажил олгогч удирдлагаас өгсөн шаардлагийг биелүүлдэггүй гэх шалтгаан болон Засаг дарга нараас төлбөр шаардсан гэдэг тэр хүмүүс надад тоног төхөөрөмжөө ачиж ирэхдээ өөрийнхөө машинаар авчирсан гэж шатахууны мөнгө л өгдөг. 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр ахмадын баярт бэлдэж байхад ажлаа зохицуулж хэлээгүй байна гээд өөрөө өрөөнд орж ирээд уурлаад намайг ажлаас хална гэж хэлсэн. Би тэгэхээр нь ___-ийн өрөөнд нь ороод уурлаад түлхүүрээ ав гээд шидсэн, намайг түлхүүр шидэхэд гар нь оногдсон гэж би дараа нь мэдсэн. Намайг цагдаад хэлсэн, намайг доромжилсон би бүтэн жилийн турш дарамтанд байсан. Ц.О- нь хууль зүйн ёсны шаардлагыг хүлээж авдаггүй, ажилчдаа сэтгэл санааны хүнд дарамтанд оруулдаг. Намайг ажлын байраа орхиж явснаас болоод ажил дээр ямар нэгэн хохирол учраагүй амралтын өдөр хүртэл би явагддаг арга хэмжээг би зохицуулдаг. Манай ажил онцлогтой дандаа үдэш оройгоор илүү цаг сунган ажилладаг. Тиймээс өдөртөө гарч орох юм байдаг. Би ажлаа сайн хийж байсан 05 дугаар сард чулууг ачсан. ___-аар ажиллаж байсан намайг ноцтой зөрчил гаргасан гэх шалтгаанаар ажлаас халсан юм. Иймээс халсан шийдвэрийг хүчингүй болгуулж, 2 сарын цалингийн 20 хувь 262 874 төгрөг нэхэмжилнэ гэв.
Хариуцагч Ц.О- шүүхэд гаргасан тайлбартаа: Ц.О- миний бие 2019 оны 10 сарын 03-нд төрийн албаны сонгон шалгаруулалтад орж тэнцэн хуулийн дагуу 2019 оны 11 сарын 07-оос Хархорин сумын ___ийн ___-ээр томилогдон ажиллаж байна. Тус ___ийн хөгжлийн багш Э.Ш- нь ёс зүйн зөрчил удаа дараа гаргаж, Миний биед гэмтэл учруулсан, Энэтхэгийн соёлын өдрүүдийн үйл ажиллагааг 2 цагаар тасалдуулж хариуцлага алдсан үндэслэлээр сахилгын шийтгэлийг оногдуулж үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах арга хэмжээ авсан болно. Сахилгын шийтгэл оногдуулсан тухай тайлбарыг бичгээр хүргүүлж байна.
Үүнд: 1. Ажилд орсон 3 дахь өдрөөс эхлэн ___- Э.Ш- нь үндэсний болон аймаг сумын дэд хөтөлбөрийн тайлан хийхээс татгалзан цаасаар ажил хийдэггүй хэмээн үг сөрж хэрүүл үүсгэж эхэлсэн. Улмаар үүрэг даалгавар шаардлагыг үл тоомсорлон эсэргүүцэж хэл амаар доромжлон байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулахад байнга саад учруулсаар ирсэн. Тухайлбал: Санхүүчдийн баяраар утсаар доромжилсон, 5 сарын 20 ны өдөр ЕБ-ын Гүнзгий сургуулийн үйл ажиллагааг зохион байгууллахад саад учруулснаас болж шаардлага тавихад хүлээж авахгүй түлхүүр шидэж маргаан үүсгэн биед гэмтэл учруулан энэ нь зөрчлийн хэрэг үүсгэгдэн арга хэмжээ авагдсан /цагдаагийн дүгнэлтийг хавсаргав/ Энэтхэг, Монголын соёлын хамтарсан үйл ажиллагааны нээлтийг 2 цагаар хожимдуулж, ажлын хариуцлага алдсан. Гадаад дотоодын жуулчид, аймгийн орлогч дарга Батжаргал болон албаны хүмүүсийн дэргэд хэл амаар доромжилж ёс зүйгүй үйлдэл гаргасан. Амаар удаа дараа сануулсаар байхад өөртөө дүгнэлт хийж ёс зүйгүй үйлдлээ засч ажиллахын оронд улам эсэргүүцэл илэрхийлж БСШУ-ны сайд Б.Баатарбилэгт, Өвөрхангай аймийн боловсрол соёл урлагийн газрын дарга, Ж.Пүрэвсүрэнд, Төрийн албаны зөвлөлийн Өвөрхангай аймаг дахь салбар зөвлөл тус тус нэг утга бүхий гомдол хүргүүлж шийдвэрийн хариу хүргүүлсээр байхад дахин Өвөрхангай аймгийн төрийн албаны зөвлөл болон сум дундын цагдаагийн хэлтэст 3 удаа, сум дундын шүүхэд өргөдөл, гомдол гаргаж байгаа нь аймаг сум, байгууллага удирдлагын нэр хүндийг гутаан доромжилж буй ёс зүйгүй үйлдэл гэж үзэж байна. Мөн өргөдөлд 2009 оноос эхлэн тасралтгүй ажилласан гэдэг нь ташаа мэдээлэл болно. Учир нь 2009-2015 он хүртэл тус ___д ажиллаж байгаад мэргэжлийн боловсролгүй. Хүний диплом хуурамчаар үзүүлж байсан нь нотлогдож өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. 2017 оны 03 сарын 01-нээс тус ажилд түр хугацаагаар томилогдон ажиллаж байгаа болно. Түүний шүүхэд гаргасан амралттай байх хугацаанд сахилгын шийтгэл оногдуулсан гэдэг нь тухайн албан хаагч 7 сарын 24-нөөс эхлэн амралтын тушаал гаргаагүй байхад ажлаа таслаад явсан. Амралтын тушаал гаргах гээд нийгмийн даатгалын дэвтэрээ авчирч өг гэж утсаар ярихад дэвтэр байхгүй гээд өгөөгүй. Тиймээс тушаал гаргаагүй 8 сарын 5 хүртэл хүлээсэн. Сахилгын шийтгэлийн тушаалыг 8 сарын 5 нд гаргасан боловч 9 сарын цалингаас суутгалыг хийсэн болно. Иймд ___- миний оногдуулсан сахилгын шийтгэл үндэслэлтэйг нотолж нэхэмжилсэн 262200 төгрөгийг төлөх боломжгүй гэдгээ үүгээр мэдэгдэж байна... гэжээ.
Хариуцагч Ц.О- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Ш-ийг цалингийн 20 хувьдсан талаараа үндэслэлтэй юм ярина. Миний бие төрийн албаны шалгалтанд орж 2019 оны 12 дугаар сарын 3-ны өдөр тэнцсэн 2019 оны 12 сарын 07-оос томилогдон ажиллаж байгаа тус ___ийн ажилтан Э.Ш- нь сахилгын зөрчил удаа дараа гаргаж миний биед бэртэл гэмтэл учруулж ажлын хариуцлага алдсан. Иймээс дээрхи үндэслэлээр цалингын 20 хувьдсан. Сахилгын шийтгэлийг оногдуулсан тайлбарыг хэлэхэд хэл амаар доромжилсон жилийн эцсийн тайлангаа гаргадаггүй. Үйл ажиллагаа болох гэхээр утсаа авдаггүй учраас үйлчлэгчээр хэлүүлдэг байсан. Аймгийн засаг дарга нар ирээд хүлээгээд байхад Э.Ш- нь ажилдаа ирэхгүй. Үйл ажиллагааг хоцороосон. Намайг цагтаа үйл ажиллагаа чинь эхэлсэнгүй гээд засаг дарга боловсролын газрын хүмүүс загнасан. Миний утсыг Э.Ш- нь авдаггүй чи яагаад утсаа авахгүй байгаа юм бэ гэхээр намайг хэл амаар доромжилсон юм. Цагаасаа хоцорсон ч эхэлсэн үйл ажиллагаанаас болоод би загнуулж байсан. 05 дугаар сарын 20-ны үйл ажиллагаанаас болж маргалдсан. Энэтхэг-Монгол үйл ажиллагаа нь эхлэх гэтэл Э.Ш- нь цагтаа ирээгүй. Ажлаа хийхгүй албан байгууллага руу янз бүрийн гомдол гаргаад бичиг өгдөг. Цагдаа, боловсролын байгууллага, Төрийн албаны зөвлөл гээд гомдол гаргадаг. Төрийн албаны ёс зүйн дүрэм, дотоод журам зөрчсөн, үйл ажиллагааг 2 цаг хойшлуулсан зэрэг шалтгаанаар сахилгын шийтгэл авсан. Тухайн үед энэ хүн ажилдаа ирдэггүй байсан зэргийг үндэслэн сахилгийн шийтгэл оногдуулсан 3 сарын хугацаагаар цалингийн 20 хувиар хасах шийтгэл оногдуулсан. Нийгмийн даатгалын дэвтэрээ аваад ир гэхэд, надад нийгмийн даатгалын дэвтэр байхгүй би Архангайд явж байна гээд ирээгүй 8 дугаар сарын 05-нд байгууллага нэгдсэн журмаар амралтаа авна ирж тушаалаа ав гэсэн ирж авахгүй байсан. Тэгээд 9 дүгээр сарын цалингаас хасагдаж орсон. Хамт ажиллах хугацаанд байнга хэрүүлтэй байдаг. Миний хувьд журмаараа томилогдож ажилдаа орсон гэв.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Э.Ш- нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын ___ийн ___-ийн 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн б/07 дугаартай сахилгын шийтгэл оногдуулсан тушаалыг хүчингүй болгож сахилгын шийтгэл оногдуулсны улмаас 9, 10 сарын цалингийн 20 хувь болох 262874 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Э.Ш- нь 2017 оны 04 дүгээр сарын 01-ны өдрөөс эхлэн Өвөрхангай аймгийн Хархорин сумын ___ийн ___-аар ажиллаж байсан болох нь зохигчдын тайлбар, хөдөлмөрийн гэрээ, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэргээр нотлогдож байхаас гадна ажилтныг ажиллаж байсан үйл баримтын талаар маргаагүй байх тул тэдний хооронд хөлөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэхээр байна.
Өвөрхангай аймгийн Хархорин сумын ___ийн эрхэлэгчийн 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн б/07 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2, Хөдөлмөрийн дотоод журмын 9.2.1, 9.2.4, дахь заалтыг тус тус үндэслэн ...1 ___ийн ___- Эмээлийн Ш- нь удирдлагаас өгсөн үүрэг дааргаврийг биелүүлдэггүй, шаардлага хүлээн авдаггүй, үг хэлээр доромжлон хэрэлдэж, түлхүүр шидэн биед гэмтэл учруулсан, ажлын цагаар ажлаа удаа дараа орхиж, үйл ажиллагаатай үед утсаа авдаггүй зэрэг зөрчил гаргасан тул шийтгэл ногдуулсан... хэмээн маргана.
Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д заасан сахилгын шийтгэлийн аль нэг хэлбэрийг сонгон шийтгэл ногдуулдаг. Дээрх хуульд заасан сахилгын шийтгэлийг ажилтанд ногдуулахдаа ажилтны гэм буруу, сахилгын зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон шийтгэлийн хэлбэрийг сонгох нь хуульд нийцэх ёстой. Хариуцагчаас Э.Ш-т хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн гэж буруутгаж байгаа боловч хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж буй үндэслэл, түүнийг нотлох талаарх холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй, мөн Б/07 дугаартай тушаалын үндэслэлээ нотолж чадаагүй гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл, ажилтан зөрчил гаргасан бол энэ нь зохигчдын гаргаж өгсөн нотлох баримтаар нотлогдох, эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдох, мөн дээрх тушаалд заасан зөрчлийг шалгасан талаарх материал, хэлэлцсэн тухай хуралдааны тэмдэглэл, зөрчил гаргагчийн тайлбар зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг ажил олгогч гаргаж өгөөгүй байгаа нь тушаалын үндэслэлийг хариуцагчийн тайлбараар бүрэн нотлогдсон гэж үзэх боломжгүй байна.
Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сумын ___ийн ___-ийн 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн б/07 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.5-д ажил олгогч ажилтны цалин хөлснөөс хууль бусаар суутгал хийсэн бол уг суутгасан мөнгийг эгүүлэн олгох хэмээн заажээ. Ийнхүү ажилтанд сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгосон тул түүний 2019 оны 09, 10 дугаар саруудын цалингаас суутгасан 262874 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй байна.
Тодруулбал, нэхэмжлэгч нь нэг сард дунджаар 657185 төгрөгийн үндсэн цалинтай, түүнчлэн сарын үндсэн цалингийн 20 хувиар тооцож 1 сарын цалингийн суутгал 131437 төгрөг, 2 сарын суутгал 262874 төгрөгийн суутгал авсан болох нь ___ийн ___-ийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн а/01 тоот тушаалын хавсралт, нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагч нь нэхэмжлэгчийн цалин хөлснөөс суутгал аваагүй гэж маргадаггүй байдал, нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар зэргээр нотлогдож байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл болон түүнд холбогдох бусад шаардлага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн тушаасан улсын тэмдэгтийн хураамж 8536 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж харин хариуцагч Өвөрхангай аймгийн Хархорин сумын ___өөс 8536 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.Ш-т оргох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Ш-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Өвөрхангай аймгийн Хархорин сумын ___ийн ___-ийн 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн б/07 дугаартай сахилгын шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.5-д зааснаар Өвөрхангай аймгийн Хархорин сумын ___өөс нэхэмжлэгчийн үндсэн цалингийн 2 сарын 20 хувь болох 262,874 /хоёр зуун жаран хоёр мянга найман зуун далан дөрвөн / төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж тушаасан 8536 /найман мянган таван зуун гучин зургаан/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 8536 //найман мянган таван зуун гучин зургаан/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Ш-т олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА