| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ж.Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 171/2015/0034/Э/ |
| Дугаар | 2016/ШЦТ/13 |
| Огноо | 2016-01-06 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Д.Энхтуяа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 2016/ШЦТ/13
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2015/0034/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Мөнхтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овогт Д-ийн Г д холбогдох 201509000807 дугаартай хэргийг 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн...... оны ..... дугаар сарын ..... -ны өдөр ...... аймгийн ....... суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл . ... , ......- ийн хамт ........ аймгийн ....... сум ...... баг, ....... хорооллын ...... тоотод оршин суух хаягтай, Урьд:
-........ аймгийн Сум дундын шүүхийн ..... оны ........ дүгээр сарын ..... -ний өдрийн .... тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хорих ял оногдуулж шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 8 сарын хугацаагаар хойшлуулсан ял шийтгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Д-ийн Г , /РД:........... /
Шүүгдэгч Д.Г нь 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 08 цагийн орчим ...... аймгийн ....... сумын ..... дугаар баг ....... дугаар хорооллын ...... дугаар байрны ....... тоотод оршин суух иргэн М.Т-ын гэрт хууль бусаар нэвтрэн орж Самсунг маркийн note-1 гар утас, Самсунг маркийн зөөврийн компьютер зэргийг хулгайлж бусдад 570,000 төгрөгний бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэн байдлаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Г-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр М гэдэг найзынхаа халааснаас түлхүүрийг нь аваад гэрийнх нь хаалгыг онгойлгож ороод утас, болон нөөтбүүк авсан. Утас нь надад байж байгаад буцаагаад өгсөн, нөөтбүүкийг нь ломбарданд тавьсан байсан. Би буцааж өгнө гэж бодож авсан. Хохирол төлбөрөө төлж барагдуулсан гэх мэдүүлэг,
Хохирогч М.Т-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр манай хүүхэд Д 13-14 цагийн үед хичээлээ тараад гэртээ ирээд хаалгаа онгойлгох гээд түлхүүрээ хийтэл хаалга нь онгорхой байсан гэсэн.
... Д нь ээж өглөө явахдаа хаалгаа цоожлоогүй явчихсан юм байх даа гэж бодоод жижиг өрөөндөө ороод нөөтбүүкээ асаагаад тоглох гэтэл алга байсан гэсэн.
... хар өнгийн Самсунг маркийн нөөтбүүк, гадуураа хар өнгийн цүнхтэй, цүнхэн дотор нь дагалдах хэрэгсэлүүд нь байсан. Цагаан өнгийн нөөт-1 гар утас байсан юм. гэх мэдүүлэг /хэргийн 23 дугаар хуудас/,
Шүүгдэгч Д.Г-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр найз М -ний гэрийн түлхүүрийг хулгайлж хүнгүй үед өглөө орж гэрт нь байсан Самсунг маркийн note-1 гар утас, самсунг маркийн хар өнгийн нөөтбүүк зэрэг эд зүйлийг хулгайлж авсан нь үнэн.
... Би М -тэй РС тоглох гээд гарахад М гэрээ цоожлоод гэрийнхээ түлхүүрийг халаасандаа хийж байсан. Би тэгээд түлхүүрийг авчихвал гэрт нь байсан нөөтбүүк авч болох юм байна гэж бодсон. Тэгээд би М -тэй гэрт нь очихдоо халааснаас нь түлхүүрийг нь авсан гэх мэдүүлэг /хэргийн 36 дугаар хуудас/,
Гэрч Б.М -ний мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Г манай гэрт өглөө 11 цаг болж байхад ирсэн. Тэгээд бид 2 манайхаас гарч РС тоглоомын газар нэг цаг тоглоод тэгээд байрны урд турникэн дээр тоглож байгаад манай гэрт орсон. Тэгээд Г хүүхэдтэй уулзчихаад ирье гэж хэлээд гараад явсан. Орой 18 цагийн үед ээж бид нарыг гэртээ байхад ирсэн. Тэгээд бид 2 гарч манай байрны урд талд байдаг интернет орсон. Тэнд сууж байхад ээж дуудахаар нь Г бид 2 манай гэрт орж хоол идчихээд Г бид 2 буцаад гарсан. Тэгээд явж байгаад Г тамхи аваадхъя гээд үлдсэн тэрнээс хойш хаачсныг би мэдэхгүй.
... Би түлхүүрээрээ гэрээ цоожлоод түлхүүрээ курткныхаа халаасанд хийчихдэг юм гэх мэдүүлэг /хэргийн 25 дугаар хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Б.Д-ний мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 14 цагийн үед гэртээ орох гээд гэрийн түлхүүрээрээ цоожоо онгойлгох гээд эргүүлтэл эргэхгүй байсан. Тэгсэн манай хаалга онгорхой байсан юм. Гэртээ ороход гэрт хүн байхгүй байсан. Би тэгээд жижиг өрөөнд ороод харахад урд өдөр нь орон дээр байсан Самсунг маркийн нөөт-1 гар утас, самсунг маркийн хар өнгийн нөөтбүүк байхгүй байсан. Би тэгээд ахыг өглөө хөдөө явахдаа аваад явчихаж гэж бодсон. Тэгээд орой ээжийг гэртээ ирэхэд нь хаалга онгорхой байсан. Та хаалгаа цоожлоогүй юм уу гэж асуугаад тэгээд самсунг маркийн нөөт-1 гар утас, самсунг маркийн хар өнгийн нөөтбүүк байхгүй байна гэж хэлсэн тэгээд ээж ахтай утсаар яриад аваагүй гэхээр нь манай гэрт хулгай орсон байна гэж мэдсэн гэх мэдүүлэг /хэргийн 26 дугаар хуудас/,
Эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт /хэргийн 7-11 дүгээр хуудас/,
Эд зүйл хураан авч хүлээлгэж өгсөн тэмдэглэл, гэрэл зургууд /хэргийн 12-13 дугаар хуудас/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 40 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Д.Г нь 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 08 цагийн орчим ......... аймгийн ....... сумын ...... дугаар баг ....... дугаар хорооллын ...... дугаар байрны ...... тоотод оршин суух иргэн М.Т-ын гэрт нэвтрэн орж Самсунг маркийн note-1 гар утас, Самсунг маркийн зөөврийн компьютер зэргийг хулгайлж бусдад 570,000 төгрөгний бага бус хэмжээний хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд хохирогч М.Т /хэргийн 23 дугаар хуудас/, гэрч Б.М /хэргийн 25 дугаар хуудас/, насанд хүрээгүй гэрч Б.Д /хэргийн 26 дугаар хуудас/, гэрч Ж.Ш г /хэргийн 27 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд, эд зүйлийн үнэлгээ тогтоосон комиссын шийдвэр /хэргийн 7-11 дүгээр хуудас/, эд зүйл хураан авч хүлээлгэж өгсөн тэмдэглэл, гэрэл зургууд /хэргийн 12-13 дугаар хуудас/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 40 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Г д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгө хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.
Д.Г нь ........ оны .... дүгээр сарын ...... -ний өдрийн ... тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хорих ял оногдуулж шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 8 сарын хугацаагаар хойшлуулсан ял шийтгэлтэй байсан ба эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-т зааснаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд дахин гэмт хэрэг үйлдээгүй энэ хугацаа дууссан тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Хохирогч М.Т-д учруулсан хохирлоо Д.Г нь төлж барагдуулсан болох нь эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлэг болон бичгийн баримтаар тогтоогдсон тул хохирогч М.Т-ын хохирол төлөгдсөн гэж үзэв.
Шүүгдэгч Д.Г д ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-т зааснаар анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг байдлыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцов.
Шүүгдэгч Д.Г нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, хувийн байдал, хохирлоо нөхөн төлж гэм хорыг арилгасан зэргийг харгалзан түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн ялыг тэнсэж хянан харгалзах боломжтой гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Д-ийн Г-ыг бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгө хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Д.Г-ыг эд хөрөнгө хураахгүйгээр 02 /хоёр/ жил хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч Д.Г д оногдуулсан 02 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч Д.Г нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Г д урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар Д.Г д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 02 жил хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 01 жилийн хугацаагаар хянан харгалзсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар тэнсэгдсэн ялтан Д.Г д хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг Д.Г д мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Д.Г д урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.МӨНХТУЯА