| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
| Хэргийн индекс | 146/2019/00359/И |
| Дугаар | 146/ШШ2020/00175 |
| Огноо | 2020-02-27 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2020 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 146/ШШ2020/00175
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж тус шүүхийн иргэний хэргийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой багийн ___ тоотод оршин суух Т- овгийн Ө-гийн Ц-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Өвөрхангай аймгийн Хархорин сумын 2 дугаар баг /Ганган-Орхон / ___ тоотод оршин суух Х- овгийн Б-ын Б-д холбогдох 5.600,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ө.Ц-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гандөш, нарийн бичгийн дарга Т.Энхжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Б- нь ___ компанийн ___ хийж байхдаа буюу 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдөр ундааны мөнгө шилжүүл гэж над руу яриад 2 600 000 төгрөгийг өөрийн Хаан банкны дансанд хийлгэсэн. 2019 оны 08 дугаар сард мөн тооцоо хийх гэж байгаа гэж хэлээд 3 000 000 төгрөгийг өөрийн данс руу шилжүүлж авсан. Өмнө нь Б.Б- тооцоо хийх болохоороо өөрийнхөө данс руу мөнгөө хийлгэдэг байсан болохоор тухайн үед юм бодолгүй шилжүүл гэсэн мөнгийг нь шилжүүлж байсан. Гэтэл ___ Б.Б- миний шилжүүлсэн мөнгөөр ___ хувьцаат компанитай тооцоо хийгээгүй байсан. Би бодохдоо Б.Б-ыг ___ хувьцаат компанитай борлуулалтаа хийгээд тооцоо нийлээд явж байгаа гэж бодоод 2, 3 сар ___ Б.Б-тай нарийн тооцоо нийлэхгүй явж байсан. Нэг өдөр ___ хувьцаат компаниас над руу залгаж 5 600 000 төгрөг нэхэмжилсэн. Би тухайн мөнгийг ___ Б.Б- руу шилжүүлж ___ хувьцаат компанитай борлуулалтаа хийгээд тооцоо нийлээд явж байгаа гэж бодсон боловч миний шилжүүлсэн 5 600 000 төгрөгийг ___ Б.Б- өөрийн хэрэгцээндээ зарцуулсан байна. Иймд Б.Б-аас 5 600 000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч тайлбараа ярихдаа хариуцагч Б.Б-ын данс руу мөнгө шилжүүлсэн. Тухайн мөнгийг шилжүүлсэн баримт хавтаст хэрэгт авагдсан гэж ярьж байна. Гэхдээ иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ шаардах эрх хэрхэн үүсэж байгааг зөв тодорхойлох нь зүйтэй гэж үзэж байна. Ө.Ц- гэж хүн нь Б.Б- гэж хүнээс мөнгө нэхэмжилж байна. Нэхэмжлэгч тайлбар ярихдаа тухайн мөнгийг ___ хувьцаат компанийн данс руу орох ёстой байсан мөнгө гэж хэлж байна. Иймээс энэ хэрэгт Б.Б- гэж хүн нь хариуцагчаар орох эсэх нь эргэлзээтэй. Тухайн хэрэгт ___ хувьцаат компанийг хамтран хариуцагчаар татаж оруулж ирээд хэргийг шийдвэрлэсэн бол энэ хэрэг илүү ойлгомжтой болох байсан. Хавтаст хэрэгт компани хооронд хийгдсэн ямар нэгэн гэрээ авагдаагүй байна. Хариуцагчаар татвал зохих этгээд мөн эсэх нь эргэлзээтэй. Мөн хамтран хариуцагчаар ___ хувьцаат компанийг давхар шүүхэд өгөх байтал дан ганц иргэний нэрээр өгсөн байгаа нь үндэслэлгүй байна. Цагдаагийн байгууллагаас Б.Б-д эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаагүй байгаа хэдий ч Ө.Ц- гэж хүний гомдлоор хэрэг бүртгэлийн хэрэг нээж шалгаж байгаа. Эдгээр байдлуудыг харгалзан үзээд хариуцагч талаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэв
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ө.Цэдээндулам нь хариуцагч Б.Б-д холбогдуулан 5.600.000 төгрөгөө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь Б.Б- нь “___” ХХК-тай тооцоогоо нийлээгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гандөш шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд мэдүүлэхдээ “Б.Б- нь уг мөнгийг дансаараа авсан. Гэхдээ ___ ХХК-ны нягтлан байхдаа зөрсөн тооцоогоо нийлж байж Ө.Ц-д төлөх эсэхээ шийдвэрлэнэ. Тиймээс ___ ХХК-ийн иргэний хэрэг нь тус шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагааны явцад түдгэлзсэн байгаа тул тэр хэрэгтэй нэгтгүүлэн шийдвэрлүүлэх хүсэлттэй байна” мөн хариуцагч Б.Б-д холбогдуулан Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа тул хэргийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8, эсвэл мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т зааснаар энэ хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрэлх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д зааснаар “уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа” гэснээс яллагдагчаар татах гэж хуулийнд бичээгүй байна. Тиймээс хэргийг эрүүгийн журмаар шийдвэрлүүлэхээр шалгаж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргажээ.
Шүүх шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.
Үүнд: Нэхэмжлэгч Ө.Ц- нь Б.Б-ын дансанд 2019 оны 07 дугаар сарын 11-ны өдөр 2.600.000 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 3.000.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн болох нь нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгч Ө.Ц-аас хариуцагч Б.Б- нь 5.600.000 төгрөгийг аваагүй гэж маргадгүй зэрэг тайлбар, хавтаст хэрэгт авагдсан 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 11 дугаартай ХААН БАНК-ны албан бичиг, Б-ын Б-ын “депозит дансны хуулга” зэргээр хариуцагч Б.Б-ын эзэмшлийн ___ тоот дансанд 2019 оны 07 дугаар сарын 11-ны өдөр 2.600.000 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 3.000.000 төгрөгийг тус тус шилжүүлж нийт 5.600.000 төгрөг шилсэн болох нь нотлогдож байна.
Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1-д ... Үүрэг нь энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан үндэслэлээр үүснэ... гэжээ. Б- нь өөрийн эзэмшлийн ___ тоот дансанд 2019 оны 07 дугаар сарын 11-ны өдөр 2.600.000 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 3.000.000 төгрөгийг тус тус шилжүүлж нийт 5600.000 төгрөгийг авч захиран зарцуулсан болох нь “___” ХХК-тай Иргэний хуулийн 8 дугаар зүйлд заасан үүрэг үүсээгүй байна. Харин Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д ...хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй... бол хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч Ө.Ц- нь хариуцагч Б.Б-аас 5.600.000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй, хариуцагч Б.Б- нь 5.600.000 төгрөгийг буцаан шилжүүлэх үүрэгтэй байна.
Иймд хариуцагч Б.Б-аас 5.600.000 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч Ө.Ц-д олгох нь зүйтэй байна.
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 40а/125 дугаарт албан бичгээр 202700014 дугаарт хэрэг нээж шалгах ажиллагаа явуулж байгаа, мөн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 40а/236 тоот албан бичгээр “тус цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах хэсэгт Баттулгын Б-д /ДЮ88071104/ -д эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаагүй болно” гэсэн албан бичгүүдийг тус тус ирүүлсэн нь хариуцагч Б.Б-ыг эрүүгийн журмаар шалгагдаж байгаа гэж үзэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэхлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8, 117 дугаар зүйлийн 117.1-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэл тогтоогдсонгүй гэж үзлээ.
Мөн хамтран хариуцагчаар эсвэл 3дагч этгээдээр “___” ХХК-ийг татаж шийдвэрлэх нь зүйтэй байсан гэдэг. “___” ХХК нь нэхэмжлэгч Ө.Ц-,хариуцагч Б.Б- нарын дунд үүсэн 5600.000 төгрөг гаргуулах маргаанд ямар нэг үүрэг гүйцэтгээгүй байх тул хамтран хариуцагчаар татуулах, ___ ХХК-ийн хэрэгтэй нэгтгэн шийдвэрлүүлэх хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасныг баримтлан 2019 оны 07 дугаар сарын 11-ны өдөр 2.600.000 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 3.000.000 төгрөг нийт 5.600.000 төгрөгийг хариуцагч Б.Б-аас гаргуулж нэхэмжлэгч Ө.Ц-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 104.550 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-аас 104.550 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ө.Ц-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА