Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 2016/ШЦТ/14

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 171/2016/0022/Э/

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Туяа,

Шүүгдэгч Ц.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт Ц-ын А-д холбогдох 201509000711 дугаартай эрүүгийн хэргийг 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

-Монгол Улсын иргэн, А  овогт Ц -ын А /РД:......... /, ........ оны ...... дугаар сарын ..... -ний өдөр .......  аймгийн ........  суманд төрсөн, ..... настай эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл ... , ........  аймгийн ....  сумын ..... дугаар баг .........  тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд:

-1971 оны 10 сард Эрүүгий хуулийн тусгай ангийн 109а, 63б-д зааснаар 1 жил 6 сар хорих ял,

-1972 онд Эрүүгий хуулийн тусгай ангийн 153б-д зааснаар 3 жил 6 сарын хорих,

-1974 оны 12 дугаар сарын 19-нд Эрүүгий хуулийн тусгай ангийн 64б, 153б, 174а-д зааснаар 3 жил 6 сар хорих,

-1982 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 63б-д зааснаар 9 жил хорих ял шийтгүүлж,1989 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр шүүгчийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан

 

Шүүгдэгч Ц.А  нь 2015 оны 10 дугаар сарын 2-ны өглөөний 09 цагийн орчим ....  аймгийн ......  сумын ........ дугаар баг .......... тоотод байх өөрийн гэртээ иргэн П.С-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь 1 удаа цохиж, эрүүнийх нь ясыг хугалж, бие мах бодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

-Шүүгдэгч Ц.А-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2015 оны 10 дугаар сарын 2-ны өдөр манай гэрт Улаанбаатар хотоос эмэгтэй найз маань ирээд унтаж байсан юм. Гэтэл гаднаас П.С орж ирсэн. Тэгж байтал нэг найз маань тал шил архитай ирсэн. Бид 3 хамт тэр архийг нь хувааж уух гээд сууж байтал Д.С  орон дээр унтаж байсан найзыг маань хэл амаар доромжлоод бас “та 2 гарч бай, би танайд үлдлээ” гээд байхаар нь би бачимдсандаа зүүн шанаанд нь цохисон юм.

...П.С-ийн эхнэр нь над дээр ирээд манай нөхрийн эрүү нь хугарсан байна гэж хэлсэн. Би П.С-д хохирол төлбөрт бэлнээр 400000 төгрөг, П.С  надад 120000 төгрөгний өртэй байсан тэрийгээ суутгаад нийт 520000 төгрөг өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,

 

-Хохирогч П.С-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 оны 10 дугаар сарын 2-ны өглөө 08 цагийн орчим 0.5 граммын тал шил архи гэртээ ганцаараа уугаад гэрээсээ гарч ........ сумын ......  дугаар баг ........ тоотод оршин суух найз А-ийн гэрт ороход манай найз Л , А  хоёр сууж байсан. Орон дээр нэг хүн унтаж байсан. Тэгээд А-ийн гэрт байсан тал шил архийг бид гурав хувааж ууж дуусаад юм ярьж тоглож байсан. Би юу гэж хэлсэнээ санахгүй байна. Гэнэт А уурлаад миний зүүн эрүү хэсэгт нэг удаа цохисон, тэгтэл миний эрүү хачин болоод толгой манараад явсан.

...тэгээд унтаж байгаад эрүү өвдөөд байхаар нь шөнийн 23 цагийн орчим эхнэрт хэлээд түргэн дуудах гээд 103 руу залгахад эрүүг одоо үзэх боломжгүй, маргааш өглөө хүлээн авахад ирж үзүүл гэж хэлсэн. Тэр шөнө шүлс гойжоод эрүү унжаад өвдөөд байсан. Маргааш өглөө нь 2015 оны 10 дугаар сарын 3-ны өдөр 10 цагийн орчим нэгдсэн эмнэлэг дээр очиж рентгенд зураг авхуулахад эрүү хугарсан талаар хэлсэн.

би хохирлын 400000 төгрөгийг хүлээж авлаа. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй болно.” гэх мэдүүлэг /хэргийн 10-12 дахь тал/,

 

-Хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хэргийн 13 дахь тал/,

 

-Гэрч Д.Л-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 оны 10 дугаар сарын 1-ний өдөр манай найз П.С  миний утас руу яриад гэртээ хүрээд ир гээд байхаар нь би 0.33 гр архи бариад гэрт нь очиход гэртээ байхгүй байсан. Тэгээд буцаад явж байтал өөр айлд байна гээд тэгээд миний өмнөөс нэг хүн гаргаад тэр хүн намайг *******гийн гэрт оруулсан юм.

...тэгээд А-ийн гэрт очъё гээд байхаар нь хамт очтол А гэртээ байсан. Орон дээр нь нэг хүн хэвтэж байсан. Тэгтэл С гэртээ архи уусан байсан болохоор согтуу байсан. С  тэгтэл тэдний гэрт шүлсээ хаяаад “энэ янханг авч ирсэн юм уу?” гээд А гаас хэрүүл гуйгаад өдөөд маргаад байсан. Тэгтэл А уурлаад нэг удаа алгадсан.” гэх мэдүүлэг /хэргийн 14-15 дахь тал/,

 

-Гэрч Ц.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 10 цагийн орчим манай нөхөр С утсаар яриад “намайг А шаачихлаа, миний эрүү өвдөөд байна” гээд утсаар яриад “би гэрээ онгойлгож чадахгүй байна, миний түлхүүр байхгүй байна, гэрийн хаалга эвдлээ” гээд байхаар нь би ажлаасаа гэртээ хүрээд иртэл манай нөхөр С гэрийн хаалга эвдэх гээд лоом барьчихсан зогсож байсан. Тэгэхээр нь би гэрээ онгойлгож өгөөд гэртээ оруулж орхиод А ахын гэрт ороход гэрт нь А ах нэг эмэгтэйтэй хамт байсан. Тэгээд гэрийн түлхүүр С-ийн сууж байсан гэх сандал дээр байхаар нь “та нар хөгширч үхэх гэж байж, яах гэж нэгнийгээ цохиж байгаа юм” гэж хэлээд гарсан.” гэх мэдүүлэг /хэргийн 16 дахь тал/,

 

-Гэрч Ш.Э-ны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 оны 10 дугаар сарын 2-ны өдөр 17 цагийн орчим С-ийн гэрт ороход С  гэртээ ганцаараа байж байсан. Тэгээд “эрүү өвдөөд байна, надад 2000 төгрөг байна, тамхи авч татмаар байна, болж өгвөл ганц 100 грамм архи уумаар байна” гэхээр нь би “хамт гаръя” гээд гараад явж байтал А тай таараад уулзаад байсан. Тэгээд гэрт нь оръё гэхэд оруулахгүй гээд байх шиг байсан. Тэгээд А гаас 5000 төгрөг аваад бид 2 дэлгүүр орж 0.33 гр архи авч С-ийн гэрт орж би нэг татчихаад явсан. Тэгээд би дахин таараагүй. Тэр үед унаж гэмтээгүй, А-тай уулзсан, өөр хүнтэй уулзаагүй.” гэх мэдүүлэг /хэргийн 18 дахь тал/,

 

-“П.С-ийн биед доод эрүүний битүү хугарал, зүүн шанаа хавантай, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ, эрүүл мэнд, эдгэрэлтээс хамаарна.” гэх 2015 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 1205 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 20 дахь тал/,

 

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 39 дэх тал/,

-Таслан шийдвэрлэх тогтоолын хуулбарууд /хэргийн 40-62 дахь тал/,

-Хохирогч П.С-ийн картын хуулбар /хэргийн 64-65 дахь тал/,

-Эмчилгээний зардлын баримтууд /хэргийн 67-71 дэх тал/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч Ц.А  нь 2015 оны 10 дугаар сарын 2-ны өглөөний 09 цагийн орчим ......  аймгийн .....  сумын ... дугаар баг ........ тоотод байх өөрийн гэртээ иргэн П.С-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь 1 удаа цохиж, эрүүнийх нь ясыг хугалж, бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Ц.А-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “би бачимдсандаа зүүн шанаанд нь цохисон юм.” гэх мэдүүлэг, хохирогч П.С-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “гэнэт А уурлаад миний зүүн эрүү хэсэгт нэг удаа цохисон, тэгтэл миний эрүү хачин болоод толгой манараад явсан.” гэх мэдүүлэг /хэргийн 10-12 дахь тал/, гэрч Д.Л-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “тэгтэл А уурлаад нэг удаа алгадсан.” гэх мэдүүлэг /хэргийн 14-15 дахь тал/, “П.С-ийн биед доод эрүүний битүү хугарал, зүүн шанаа хавантай, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэх 2015 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 1205 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 20 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул аймгийн прокурорын газраас түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн  зүйл, хэсэг зөв байна.

           

Шүүгдэгч Ц.А  нь урьд ......  оны .....  дүгээр сарын ...... -ний өдрийн ......... дугаартай .......  хотын шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 63 дугаар зүйлийн В-д зааснаар 9 жил хорих ял шийтгүүлж 1989 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр суллагдсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т зааснаар ялтай байдал нь дууссан байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Шүүгдэгч Ц.А нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг өөрийн сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3. 55.1.9-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж дүгнэлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 ширхэг рентгэн зургийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч******* буцаан олгох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Ц.А  нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурьдаад

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч А овогт Ц-О-ын А г бусдын бие махбодид хүндэвтэр  гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар шүүгдэгч А  овогт Ц А-д 1 /нэг/ жилийн хорих ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч Ц.А-д оногдуулсан 1 жил хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298 дугаар зүйлийн 298.1.2-т заасныг баримтлан шүүгдэгч Ц.А  нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

 

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 ширхэг рентгэн зургийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч П.С-д буцаан олгосугай.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолоор Ц.А-д оногдуулсан 1 жил хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 жилийн /нэг/ хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

 

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар тэнсэгдсэн Ц.А-д хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг Ц.А-д мэдэгдсүгэй.

 

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.  

 

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ц.А-д батлан даалтад өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Я.ТУУЛ