Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 101/ШШ2020/02029

 

 

 

 

 

 

 

 

2020         06         03

                   101/ШШ2020/02029

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                              

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: П.Б нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ҮБХИС холбогдох,

 

2,970,000 төгрөг гаргуулах, шинэ оноос сар бүр 2022 он хүртэл олгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Түвшинжаргал нар оролцов. 

 

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

           

Нэхэмжлэгч П.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие П.Б хуучнаар Цэргийн нэгдсэн дээд сургуульд ажиллаж байхдаа 1985 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэж яваад, ажлын байранд үйлдвэрлэлийн осолд орж эрхтэн дутуу болсоноор 1986 оны 8 дугаар сард бэлтгэлээр халагдаж, тахир дутуугийн группэд гарч, харьяа дүүргийн эмнэлгийн хяналтанд орсон юм. Түүнээс хойш 34 жил группийн тэтгэвэр авч байна. Тухайн үедээ хуулийн мэдлэггүйгээс 7 жилийн дараа ОМ-1 акт гарсан хүн (1985 онд Цэргийн төв эмнэлэгт хэвтэж байх үед үйлдвэрлэлд гарсан ослын тухай актыг 7 хоногийн дотор тогтоож өгсөн юм) эмнэлэг, хөдөлмөр магадлах комиссын хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтоосон актаар тухайн осолд орсон байгууллагаас цалингийн зөрүүг авдагыг мэдэж, тэр үедээ Улаанбаатар цэргийн хүрээний тусгай шүүхэд өргөдөл /нэхэмжлэл/ гаргаж 1 жилийн хугацаатай шийдвэр гаргуулсан. Учир нь эмнэлгийн акт 1 жил буюу 12 сараар хүчинтэй байсан юм. Тэр ондоо цэргийн шүүх татан буугдаж түүнээс хойш харьяа дүүргийн шүүхийн шийдвэр хэрэгтэй болсоноор Баянзүрх дүүргийн дүүргийн шүүхийн 1993-1994 оны 7 дугаар сард гарсан шийдвэрийг өөрийн биеэр тус сургуульд авчирч өгч цаашид үргэлжлүүлсэн. Тэр шийдвэрт группийн хугацаанд нь тэр байтугай насаар нь амьдралын туршид байгууллага мөнгийг нь олгох заалт байсан юм. Үүнээс хойш эмнэлэг, хөдөлмөр магадлах комиссын актаар cap бүр олгож 25 жил үргэлжлүүлэн олгож байсан. Миний мэс засал хийлгэж авхуулсан эрхтэн нөхөн төлжихгүй, ургахгүй, мөн шинээр буй болохгүйг мэдэх эмч нар өвчний 1-5-1 заалтаар актын хугацаа хувийг нэмсэн. Хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувь болгож, хугацааг 18-24 сараар (1,5- 2 жилээр) сунгасан юм. Гэтэл

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн захирлын 2019 оны 02 дугаар сарын 25-ны дугаар Б/60 тоот тушаалаар сургалт эрхэлсэн дэд захирал хурандаа н.Баасандамбын шийдвэрээр хуулийн зөвлөх М.******* гэдэг эмэгтэй 02 дугаар сарын 25-наар тасалбар болгон, сард олгож байсан 270,000 төгрөгийг зогсоосон. Сүүлийн жилүүдэд баруун нүдний даралт их, хараа муудаж, болор суулгах эмчилгээг эмнэлгийн хяналтанд хийлгэх шаардлагатай гэсэн.

Иймд урьд оны 2019 оны 02 дугаар сараас хойшхи (11) сарын мөнгө болох 2,970,000 төгрөгийг, шинэ оноос cap бүр 2022 он хүртэл олгуулахаар шийдвэр гаргаж өгнө үү.

Группэд байхад эмнэлгийн хяналтанд байж, cap, улирал дутамд үзүүлж эмчилгээ сувилгаа хийлгэж байдаг юм. 2022 оноос насныхаа тэтгэвэрт өөрийн хүсэлтээр гарах хүсэлтэй байна. Хуулиараа группийн тэтгэвэр, насны тэтгэврийн аль нэгийг сонгох эрхтэй юм байна. Өнөөдрийн хувьд би Үйлдвэрлэлийн ослын акт, эмнэлэг магадлах комиссын 2022 он хүртэл сунгасан актыг үндэслэж тухайн байгууллагаас авах ёстой мөнгийг хууль дүрмийн дагуу авна гэж бодож байгаа гэв.

                       

Хариуцагч ҮБХИС, тус байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Бэлтгэл бага дэслэгч П.Б нь тус сургуульд сантехникийн техникчээр ажиллаж байхдаа 1985 оны 10 дугаар сарын 25-ны өдөр үйлдвэрлэлийн осолд орж, хөдөлмөрийн чадвараа 35 хувиар алдсан байдаг. Улаанбаатар хүрээний Цэргийн тусгай шүүхийн иргэний шүүхийн 1993 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 71 дугаартай шийдвэрээр ******* овогтой *******од 1993 оны 01 дүгээр сарын 18-наас 1994 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл /1 жилийн/ үндсэн цалин, цолны мөнгөний нийлбэр дүнгийн 35 хувь болох 1631 төгрөгийг Цэргийн их сургуулиас гаргуулан олгохоор шийдвэрлэсэн байдаг. Гэтэл ҮБХИС 1993 оны 6 дугаар сараас эхлэн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл нийт 26 жил үндсэн цалингийн 50 хувьтай тэнцэх тэтгэмж cap бүр олгосоор ирсэн. Шүүхийн төрөлжсөн архив, Үндэсний төв архив, Батлан хамгаалахын төв архиваас П.Бод холбогдох тэтгэмж олгохтой холбоотой хэргийг шийдвэрлэсэн өөр бусад шүүхийн шийдвэр байгаа эсэхийг лавлахад ямар ч материал гараагүй.

Иймд бэлтгэл бага дэслэгч П.Бын тэтгэмжийг Захирлын 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Б/60 дугаар тушаалаар 02 дугаар сарын 15-ны өдрөөр тасалбар болгон зогсоосон. Бэлтгэл бага дэслэгч П.Б нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээгээрээ тахир дутуугийн тэтгэвэр тогтогоолгон авах эрхтэй ба манай байгууллагаас нэхэмжлэгчид тэтгэмжийн мөнгө 2,970,000 төгрөгийг олгох ямар ч эрх зүйн зохицуулалтгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасны дагуу бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч П.Б нь хариуцагч ҮБХИСд холбогдуулан 2019 оны 02 дугаар сараас хойшхи 11 сарын мөнгө болох 2,970,000 төгрөг гаргуулах, шинэ оноос сар бүр 2022 он хүртэлх цалин олгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, цалин хөлсийг олгох ямар ч эрх зүйн зохицуулалтгүй гэж маргаж байна.

 

П.Б нь хуучнаар Цэргийн нэгдсэн дээд сургуульд сантехникийн техникчээр ажиллаж байсан бөгөөд тэрээр 1985 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэж яваад, ажлын байранд үйлдвэрлэлийн осолд орж эрхтэн дутуу болсон, Батлан хамгаалахын яамны сайдын 1986 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн н/342 дугаар тушаалаар Армийн клиникийн төв эмнэлгийн эмч нарын комиссын 1986 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 279 тоот магадлагааг үндэслэн 1986 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөр тасалбар болгон цэргийн албанаас бэлтгэлээр халж, тахир дутуугийн 3 дугаар группэд орсон болох нь Цэргийн нэгдсэн дээд сургуулийн 1985 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Үйлдвэрлэлд гарсан ослын тухай №1 акт, Батлан хамгаалахын яамны төв архивын 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 5034 дугаартай “Архивын лавлагаа”-гаар тогтоогдож байна.

 

Улаанбаатар хүрээний цэргийн тусгай шүүхэд П.Б нь Цэргийн Их сургуульд холбогдуулан нэхэмжлэл гаргасныг тус шүүх 1993 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 26 дугаартай шийдвэрээр шийдвэрлэсэн байна.

 

Дээрх шийдвэрт 1993 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Эсэргүүцэл бичигдэж, БНМАУ-ын Бүх цэргийн тусгай шүүхийн шүүх коллегийн шатны иргэний шүүх хуралдааны 1993 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 02 дугаартай магадлалаар “...Шүүх түүний сард авбал зохих цалин орлогын 35 хувь болох 1631 төгрөгөөс тэтгэвэрт авч буй 1319 төгрөгийг хасч үлдэх 312 төгрөг олгох ёстой байхад түүнд сар бүр 1631 төгрөг олгохоор шийдвэрлэсэн нь буруу байна ...” гэсэн үндэслэлээр 1993 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 26 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

 

Улаанбаатар хүрээний цэргийн тусгай шүүхийн 1993 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 26А дугаартай шийдвэрээр “Монгол Улсын Иргэний хуулийн 318, 319, 326 дугаар зүйлүүдийг баримтлан П.Бод 1993 оны 01 дүгээр сарын 18-наас 1994 оны 01 дүгээр сарын 18-ныг хүртэл үндсэн цалин, цолны мөнгөний нийлбэр дүнгийн 35 хувь болох 1631 төгрөгийг Цэргийн Их сургуулиас гаргуулан олгохоор” шийдвэрлэж, уг шийдвэрт хэн алин нь гомдол гаргаагүй байна.

 

Монгол Улсын Их Хурлын 1993 оны 60 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн 3-т зааснаар Цэргийн тусгай шүүх татан буугдсан болох нь Монгол Улсын Ерөнхий сайдын 1993 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 19 дугаартай “Ажлын хэсэг томилох тухай” захирамжаар тогтоогдож байна.

 

Цэргийн Их сургуулийн захирлын 1996 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 256 дугаартай “Цалин тогтоох тухай” тушаалаар Баянзүрх дүүргийн шүүхийн 1993 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн мэдэгдлийг үндэслэн “...ТТ-3-ын 1-2 жилд 16,600 төгрөгөөр 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс цалинг тогтоосон...”,

Батлан хамгаалахын Их сургуулийн захирлын 2002, 2005, 2007, 2010 онд П.Бтой холбоотой “Цалин тогтоох тухай” тушаалууд нь Засгийн газрын тухайн үеийн тогтоол болон Баянзүрх дүүргийн шүүхийн 1993 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн хурлын шийдвэр, Батлан хамгаалахын сайдын 1993 оны 431 дугаартай тушаалыг үндэслэн ... үндсэн цалингийн 50 хувьтай тэнцэх тэтгэмжийг сар бүр олгох”-оор шийдвэрлэж, энэхүү тэтгэмжийг П.Б нь 2019 оны 02 дугаар сарыг хүртэл хугацаанд авч байсан болох нь хэрэгт авагдсан дээрх он, оны тушаал, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Дээрх тушаалуудын үндэслэл болсон Баянзүрх дүүргийн шүүхийн 1993 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн мэдэгдэл, хурлын шийдвэр нь байхгүй буюу тухайн цаг хугацаанд тус шүүхээр П.Бын нэхэмжлэлтэй иргэний хэрэг шийдвэрлэгдээгүй, Улаанбаатар хүрээний цэргийн тусгай шүүхийн 1993 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 26А дугаартай шийдвэрт гүйцэтгэх хуудас бичигдээгүй болох нь Шүүхийн төрөлжсөн архивын лавлагаа, Батлан хамгаалахын төв архивын лавлагаа, Үндэсний төв архивын лавлагаа зэргээр тогтоогдож байна.

 

Мөн Батлан хамгаалахын сайдын 1993 оны 431 дугаартай тушаалын хувьд 1993 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 431 дугаартай “Зөвшөөрөл олгох тухай” буюу нэхэмжлэгч П.Бын үйлдвэрлэлийн осолд орж, тэтгэмж авахтай холбогдолгүй тушаал байна.

 

Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн захирлын 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Б/60 дугаартай тушаалаар П.Бод олгож байсан  тэтгэмжийг зогсоожээ.

 

Хариуцагчийн хувьд 1993 оноос хойш 2019 оны 02 дугаар сарыг хүртэл хугацаанд үндсэн цалингийн 50 хувьтай тэнцэх тэтгэмжийг сар бүр П.Бод олгосоны хувьд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй, харин тухайн байгууллага нь өөрийн дотоод хяналтыг хэрэгжүүлэх үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр П.Быг ердийн өвчний жагсаалтын 1-5-1 заалтаар хөдөлмөрийн чадвар алдалтыг 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл сунгасан болох нь Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон 0046212, 0316208 дугаартай актаар тогтоогдож байна.

 

П.Б нь 1986 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс Цэргийн үүргийн мэргэжлээс шалтгаалах өвчнөөр тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгон, тэтгэврийн даатгалын сангаас сар бүр 394,270 төгрөгийн тахир дутуугийн тэтгэвэр авдаг бөгөөд 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл олгогдох болох нь Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 811 дугаартай тодорхойлолт, 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 148 дугаартай “Өргөдлийн хариу хүргүүлэх тухай” албан бичиг зэргээр тогтоогдож байна.

 

Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлд “Энэ хуульд заасан тахир дутуугийн тэтгэврийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан хугацаанд олгоно” гэж заасан бөгөөд 10 дугаар зүйлд зааснаар тахир дутуугийн тэтгэврийг хөдөлмөрийн чадвараа алдсан өдрөөс эхлэн хөдөлмөрийн чадвар нь сэргээгдэх хүртэл, хэрэв тэтгэвэр авагч нас барвал нас барсны дараагийн сар дуустал олгохоор зохицуулсаны дагуу П.Б нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн боловч түүний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг сунгасан хугацаагаар авах эрхийнхээ дагуу тахир дутуугийн тэтгэвэр авч байна.

 

Нийгмийн даатгалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 8-д “тэтгэвэр”-ийн талаар тодорхойлж, П.Б нь тахир дутуугийн тэтгэврийг хуульд заасан журмаар авч байх бөгөөд мөн зүйлийн 9-д “тэтгэмж гэж хөдөлмөрийн чадвараа түр алдах, ... даатгуулагчид нийгмийн даатгалын сангаас нэг удаа олгох мөнгөн хөрөнгийг” хэлэхээр нэр томъёог тодорхойлсон ба тэтгэмжийн хувьд нэг удаа олгогдохоор байхад ажил олгогчоос цалингийн 50 хувьтай тэнцэх тэтгэмжийг хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон хугацаагаар сар бүр авах эрхтэй гэж нэхэмжлэгч шаардаж буй нь үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд үйлдвэрлэлийн осолд орсоны улмаас тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгосон алба хаагчид давхардуулан үндсэн цалингийн тодорхой хувьтай тэнцэх тэтгэмжийг олгох талаарх зохицуулалтгүй байна.

 

Дээр дурьдсан үйл баримтаас үзэхэд хариуцагч Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн нэхэмжлэгч П.Бод олгож байсан тэтгэмжийг зогсоосон нь үндэслэлтэй байна. 

 

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

                                                                                                            

ТОГТООХ нь:

    

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11-д заасныг баримтлан нэхэмжлэгч П.Бын хариуцагч Үндэсний Батлах хамгаалахын их сургуульд холбогдуулан гаргасан “2019 оны 02 дугаар сараас хойшхи 11 сарын мөнгө болох 2,970,000 төгрөг гаргуулах, шинэ оноос сар бүр 2022 он хүртэлх цалин олгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.   

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч П.Боос нэхэмжлэлд тохирох улсын тэмдэгтийн хураамж 62,470 /жаран хоёр мянга дөрвөн зуун дал/ төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.   

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Т.ЭНХЖАРГАЛ