| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2020/01100/И |
| Дугаар | 101/ШШ2020/02054 |
| Огноо | 2020-06-04 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 101/ШШ2020/02054
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ХХБ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: О.Б холбогдох,
Зээлийн гэрээний үүрэг болон бусад зардалд 64,001,500.74 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Лхагвасүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Сэвлэгмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Түвшинжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “ХХБ” ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Лхагвасүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Иргэн О.Бнь 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр тус банктай №ЗГ/ВСС180514031-1 тоот “Зээлийн гэрээ”, №ЗБ/ВСС180514031-1-1 тоот “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ"-г тус тус байгуулан 47,000,000 төгрөгийг сарын 1,9 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатай, хөрөнгө худалдан авах зориулалтаар зээлж авсан. Зээлдэгч нь № ЗГ/ВСС180514031-1 тоот “Зээлийн гэрээ"-гээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож өөрийн өмчлөлийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн *** тоотын 43,2 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалсан болно. Зээлдэгчид № ЗГ/ВСС180514031-1 тоот “Зээлийн гэрээ”-гээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж буй талаар сануулж, зээлийн өр төлбөрийг төлөх бодит боломжийг олгон, хугацаа өгсөн боловч зээлдэгч гэрээний уүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул зээлийн гэрээний 10.2.2-т заасан үндэслэлээр гэрээг банкны зүгээс нэг талын санаачлагаар цуцлах үндэслэлтэй болно. Зээлийн эргэн төлөлт 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс хойш хийгдээгүй бөгөөд 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн зөрчил 22,579,059.16 төгрөгийн зөрчилтэй байгаа ба дараах зээл, зээлийн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үүнд: Үндсэн зээлийн үлдэгдэл 46,094,317.36 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 17,062,698.85 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 762,784.53 төгрөг, шүүхэд нэхэмжилсэнтэй холбогдон гарсан зардал 11,500 төгрөг, зээлдэгчийг эрэн сурвалжлах тухай шүүхийн шийдвэр гаргуулах тэмдэгтийн хураамжийн зардалд 70,200 төгрөг болно.
Иймд зээлдэгч О.Бтай байгуулсан № ЗГ/ВСС180514031-1 тоот “Зээлийн гэрээ”- г шүүхийн журмаар цуцалж, зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, мөн шүүхэд нэхэмжилэхтэй холбогдон гарсан зардалд нийт 64,001,500.74 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд № ЗГ/ВСС180514031-1 тоот “Зээлийн гэрээ”-гээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож барьцаалсан улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн *** тоотын 43,2 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулж зээл, зээлийн хүүг төлүүлэх талаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү гэв.
Хариуцагч О.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Сэвлэгмаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
О.Бнь 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр тус банкнаас 47,000,000 төгрөгийг 1,9 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай орон сууц худалдан авахаар гэрээ хийсэн. Зээлийн гэрээний дагуу өөрийн өмчлөлийн улсын бүртгэлийн ******* дугаартай Баянзүрх дүүрэг, **** тоот 43,2 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалсан. О.Бнь өнөөдрийн байдлаар тодорхой ажилгүй, зээлээ төлж чадахгүй байгаа ч гэсэн өөрийн худалдан авсан орон сууцыг эзэмшиж ашиглах зорилготой байх тул зээлийн гэрээг цуцлах гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин одоо улс оронд тулгарсан ажилгүйдэл, цар тахал СОVID-19 өвчний үед зээлийн хүүг бууруулах, зээлийн хугацааг сунгах гэсэн арга хэмжээ явагдаж байгаатай холбогдуулан зээлийн гэрээг сунгаж зээл төлөх боломжоор хангаж өгнө үү. Мөн 2020 оны 10 дугаар сараас зээлийг гэрээний дагуу төлөх болно гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “ХХБ” ХХК нь хариуцагч О.Бт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл 46,094,317.36 төгрөг, зээлийн хүү 17,062,698.85 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 762,784.53 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбоотой зардал 11,500 төгрөг, зээлдэгчийг эрэн сурвалжлах тухай шүүхийн шийдвэр гаргуулахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, нийт 64,001,500.74 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч О.Бнь өнөөдрийн байдлаар тодорхой эрхэлсэн ажилгүй, зээлээ төлж чадахгүй байгаа боловч өөрийн худалдан авсан орон сууцыг цаашид эзэмшиж, ашиглах зорилготой тул зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсныг зөвшөөрөхгүй, нөгөөтэйгүүр цар тахалтай холбоотойгоор зээлийн хүүг бууруулах, гэрээний хугацааг сунгах боломжоор хангуулах зэргээр нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
“ХХБ” ХХК нь О.Бтай 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр ЗГ/ВСС180514031-1 дугаартай “Зээлийн гэрээ”-г байгуулж, 47,000,000 төгрөгийг, сарын 1,9 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлж, хариуцагч О.Бнь зээлийн төлбөрийг төлөх үүргээ 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс хойш биелүүлээгүй, үндсэн зээлд 905,682.64 төгрөг, хүүд 1,499,333.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 11,020.98 төгрөгийг тус тус төлсөн болох нь зохигчдын тайлбар, “Зээлийн дансны хуулга” зэрэг хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасны дагуу зээлийн гэрээ байгуулагджээ.
Зээлийн гэрээ 36 сарын хугацаатай байгуулагдаж, зээлийн эргэн төлөгдөх хуваарийн дагуу 2021 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүртэл зээлийн гэрээний хугацаа үргэлжлэх байсан боловч хариуцагч О.Бнь зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш 5 сар гаруйн хугацаанд зээлийг төлж байгаад 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс хойш төлөлт хийгээгүй буюу Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээлдэгч О.Бнь гэрээнд заасан хугацаанд зээл болон зээлийн хүүг зээлдүүлэгчид буцаан төлөх үүргээ биелүүлээгүй байна.
Нэхэмжлэгч нь О.Бт зээлээ төлөх мэдэгдлийг удаа дараа хүргүүлж байсан байна.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж зааснаар хариуцагч О.Бын зээлийн гэрээний дагуу зээл болон зээлийн хүү төлөх үүргээ биелүүлэхгүй байгаатай холбогдуулан нэхэмжлэгч ХХБ нь түүнтэй байгуулсан гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, зээл, зээлийн хүүгээ шаардсан нь үндэслэлтэй юм.
Хариуцагч О.Бнь тодорхой эрхэлсэн ажилгүй байх нь зээлийн гэрээний үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй бөгөөд өөрийн худалдан авсан орон сууцыг цаашид эзэмшиж, ашиглах зорилготой тул зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсныг зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байх боловч өөрийн зүгээс тодорхой арга хэмжээ авсан болох нь тогтоогдохгүй, энэхүү тайлбар нь үндэслэлгүй, дээр дурьдсанаар зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа зөрчигдөөд 2 жил гаруй хугацаа өнгөрсөн байна.
Мөн цар тахалтай холбоотойгоор зээлийн хүүг бууруулах, гэрээний хугацааг сунгах боломжоор хангаж өгнө үү гэх тайлбарын хувьд дэлхий нийтээр тархаад буй Covid-19 цар тахал гарахаас өмнө зээлдэгч нь гэрээний үүргийн зөрчил гаргасан, одоо уг цар тахалтай холбогдуулан тайлбар, хүсэлт гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т "Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно…”, 453 дугаар зүйлийн 453.1-д "Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасан бөгөөд зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3.5-д нэмэгдүүлсэн хүүгийн талаар талууд харилцан тохиролцжээ.
Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө гэрээгээ цуцалсан бөгөөд зээлийн гэрээний үндсэн хугацаанд 11,020.98 төгрөгийг зээлдэгчээс нэмэгдүүлсэн хүүд тооцон авсан нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т заасан зохицуулалттай нийцэхгүй буюу нэмэгдүүлсэн хүү нь гэрээний хариуцлага гэдэг агуулгаараа үндсэн гэрээний хугацаа дуусах үеийн хүүд нэмэгдүүлсэн хүүг тооцох тул 11,020.98 төгрөгийг үндсэн зээлээс хасч тооцох нь зүйтэй байна.
Үндсэн зээлийн үлдэгдэл 46,094,317.36 төгрөгөөс 11,020.98 төгрөгийг хасч 46,083,296.38 төгрөгийн үлдэгдэлтэй ба уг үлдэгдэлээс сарын 1.9 хувийн хүүг тооцоход нэг сард 875,582.6 /1 өдрийн хүү 29,186.08/ төгрөг гарч байх бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс гэрээгээ цуцалсан 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл 1 жил 4 сар 11 хоногийн хүүд 14,330,368.48 төгрөгийг тооцох нь зүйтэй байна.
Энэхүү 14,330,368.48 төгрөгийн хүүнээс нэмэгдүүлсэн хүүг 20 хувиар тооцоход 2,866,073.6 төгрөг гарч байх бөгөөд нэхэмжлэгч нь нэмэгдүүлсэн хүүд 762,784.53 төгрөгийг нэхэмжилсэн тул уг шаардлагын хүрээнд нэмэгдүүлсэн хүүг тооцон хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.
Зээлийн гэрээний үүргээ зөрчсөнтэй холбоотой гарсан зардалд нотариатын үйлчилгээний хөлс 11,500 төгрөг, зээлдэгч О.Быг эрэн сурвалжлуулахад уг нэхэмжлэлд тохирох улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг нэхэмжлэгч нь нэхэмжилсэн бөгөөд энэхүү шаардлага нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2019/00414 дугаартай шийдвэр, нотариатын мөнгөний тасалбар зэрэг хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д “үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэсэн үндэслэлд хамааруулан хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.
Зохигчдын хооронд байгуулсан 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн ЗГ/ВСС180514031-1 дугаартай “Зээлийн гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Баянзүрх дүүрэг, *** тоот, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн 2 өрөө орон сууцыг барьцаалж, мөн өдрөө ЗБ/ВСС180514031-1-1 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ” байгуулсан байна.
Зохигчдын хооронд байгуулсан дээрх барьцааны гэрээ нь улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангажээ.
Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй”, 159 дүгээр зүйлийн 159.1-д “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана”, 174 дүгээр зүйлийн 174.1-д “Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй”, 175 дугаар зүйлийн 175.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана" гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгчийн зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс зээлийн гэрээний үүрэг, бусад зардалд 61,258,149.39 төгрөгийн шаардлага болон үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дүгээр зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч О.Баас зээлийн гэрээний үүрэг, бусад зардалд нийт 61,258,149.39 /жаран нэгэн сая хоёр зуун тавин найман мянга нэг зуун дөчин есөн төгрөг гучин есөн мөнгө/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “ХХБ” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 2,743,351.35 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч О.Бнь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа үл хөдлөх эд хөрөнгө болох түүний өмчлөлийн Баянзүрх дүүрэг, *** тоот, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, 43,2 мкв талбайтай, 2 өрөө орон сууцыг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 618,358 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Баас улсын тэмдэгтийн хураамжид 534,440.75 /таван зуун гучин дөрвөн мянга дөрвөн зуун дөчин төгрөг далан таван мөнгө/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “ХХБ” ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ