| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Манлайбаатар |
| Хэргийн индекс | 171/2013/0194/Э/ |
| Дугаар | 2013/ШЦТ/193 |
| Огноо | 2013-11-14 |
| Зүйл хэсэг | 216.1., |
| Улсын яллагч | Б.Сүрмандах |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2013 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 2013/ШЦТ/193
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2013/0194/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинбаатар,
улсын яллагч Б.Сүрмандах,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Гэнэндулам,
иргэний нэхэмжлэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т заасан гэмт хэрэгт Ц овогт Д.Э д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201309000663 дугаартай хэргийг 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ц овогт Д.Э /РД:.../, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын .. дугаар баг ..тоотод оршин суудаг, урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 1996 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 205 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 жил хорих ялаар шийтгүүлж уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан.
Шүүгдэгч Д.Э нь 2013 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 13-ны өдөр шилжих шөнө буюу шөнийн 00 цагийн орчимд Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн ....ДАХ улсын дугаартай “Аксент” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7 дугаар бүлгийн 7-6, мөн дүрмийн 2 дугаар бүлгийн 2.5, 2-1-А-д заасан заалтуудыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргаж улмаар уг осол болсон газрыг санаатай орхин зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...”2013 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 13-ны өдөр шилжих шөнө буюу шөнийн 00 цагийн орчимд Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн ....ДАХ улсын дугаартай “Аксент” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа иргэн ******* ын жолоодож явсан ...СБА улсын дугаартай авто машиныг мөргөж зам тээврийн осол болсон газрыг санаатайгаар орхиж зугтаасан нь үнэн. Би хийсэн хэрэгтээ машин их гэмшиж байна” гэв.
Иргэний нэхэмжлэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...”2013 оны 10 дугаар сарын 12-ны өдөр шөнийн 00 цагийн орчимд эцэг С.Б ийн эзэмшлийн ...СБА улсын дуг
аартай “Тоёото-Дуна” маркийн авто машиныг жолоодоод Толгойтод хүн буулгаад Сэлэнгэ аймгаас Дархан руу явдаг чиглэлийн замаар уруудаад хүнсний уулзвар орчим явж байтал замын баруун гар талд буюу хүнсний урд талын зогсоол дээр цагаан өнгийн “Аксент” маркийн авто машин зогсож байсан юм. Тэгтэл тэр машин ямар нэгэн дохио өгөлгүй зам дээр хөндөлдөөд гараад ирэхэд нь би уг машиныг тойрч гарах үйлдэл хийх гэсэн боловч амжаагүй мөргөчихсөн юм. Тэгээд миний машин эсрэг урсгал руу орж зогссон. Тэгээд тэр машин жолооч буюу энэ залуу машинаас бууж ирээд надаас бэртсэн эсэх талаар асуугаад 96 дугаар брак байрыг зүглээд явчихсан юм. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн юм. Харин намайг мөргөсөн машины жолооч эргэж ирээгүй. Би хохирлоо даатгалын байгууллагаар гаргуулж авахаар болсон. Э хөөцөлдөж гаргаж өгөхөөр болсон тул надад одоо гомдол санал, ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.
Шүүгдэгч Д.Э нь 2013 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 13-ны өдөр шилжих шөнө буюу шөнийн 00 цагийн орчимд Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн ....ДАХ улсын дугаартай “Аксент” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7 дугаар бүлгийн 7-6, мөн дүрмийн 2 дугаар бүлгийн 2.5, 2-1-А-д заасан заалтуудыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргаж улмаар уг осол болсон газрыг санаатай орхин зугтаасан болох нь:
Гэрч Д.Ц ын:…”2013 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 00 цагийн орчимд гэртээ ирэхэд манай нөхөр Э гэртээ байхгүй байсан, мөн түүний машин байхгүй байсан юм. Тэгээд удалгүй Э д 00 цаг өнгөрөөгөөд гэртээ орж ирэхдээ надад хандан “би машинтайгаа явж байгаад машин мөргөчихлөө тэгээд би айгаад зугтаачихлаа” гэж хэлээд хувцсаа солиод гараад явсан. Тэгээд шөнө дунд гэртээ орж ирээд өглөө нь гараад явсан. Тэгээд гэртээ ирэлгүй 3 хоног алга болчихсон” гэсэн мэдүүлэг /хэргийн 29 дахь тал/,
Гэрч Т.У:…”Э манай гэрт ирж 3 хоносон. Эхний 2 хоногт нь гэрт түлх түлээ, нүүрс байхгүй гэж хэлж байсан. Харин сүүлийн өдөр буюу 2013 оны 10 дугаар сарын 18-ны өглөө Э надад хандан “би машинаа унаж яваад машинтай мөргөлдчихсөн юм. Тэгээд би машинаа хаячхаад зугтаасан” гэж хэлсэн юм” гэсэн мэдүүлэг /хэргийн 30 дахь тал/,
Иргэний нэхэмжлэгч Л.Э ын:…”Иргэн Д.Э нь 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ....ДАР улсын дугаартай “Аксент” маркийн авто машиныг барьцаалж 600.000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэйгээр 30 хоногийн хугацаатай зээлж машин нь манай компаний нэр дээр шилжсэн юм. Манай зээлийн нөхцөлд зээлдэгч машинаа унаж явах боломжтой байдаг тул зээлдэгч Д.Э нь уг машинаа унаж яваад зам тээврийн осол гаргаж 1.043.400 төгрөгийн хохирлыг машинд учруулсан байна. Иймд Д.Э манай байгууллагаас зээлсэн 600.000 төгрөгийг нэг сарын хүүгийн хамт нөхөн төлж авто машинаа өөрийн нэр дээрээ шилжүүлж авах юм бол надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 21 дахь тал/,
Иргэний нэхэмжлэгч ******* ын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:...”2013 оны 10 дугаар сарын 12-ны өдөр шөнийн 00 цагийн орчимд эцэг С.Б ийн эзэмшлийн ...СБА улсын дугаартай “Тоёото-Дуна” маркийн авто машиныг жолоодоод Толгойтод хүн буулгаад Сэлэнгэ аймгаас Дархан руу явдаг чиглэлийн замаар уруудаад хүнсний уулзвар орчим явж байтал замын баруун гар талд буюу хүнсний урд талын зогсоол дээр цагаан өнгийн “Аксент” маркийн авто машин зогсож байсан юм. Тэгтэл тэр машин ямар нэгэн дохио өгөлгүй зам дээр хөндөлдөөд гараад ирэхэд нь би уг машиныг тойрч гарах үйлдэл хийх гэсэн боловч амжаагүй мөргөчихсөн юм. Тэгээд миний машин эсрэг урсгал руу орж зогссон. Тэгээд тэр машин жолооч буюу энэ залуу машинаас бууж ирээд надаас бэртсэн эсэх талаар асуугаад 96 дугаар брак байрыг зүглээд явчихсан юм. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн юм. Харин намайг мөргөсөн машины жолооч эргэж ирээгүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 25-26 дахь тал/,
Техникийн шинжээчийн 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 10/07/025/050 дугаартай дүгнэлт /хэргийн 33 дахь тал/,
хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 4-8 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Иймд Ц овогт Д.Э ыг зам тээврийн осол гаргаж иргэн ******* ын эзэмшлийн ...СБА улсын дугаартай “Тоёото-Дуна” маркийн авто машиныг мөргөж улмаар осол болсон газрыг санаатайгаар орхин зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хуулийн үндэслэлтэй гэж үзэв.
Гэмт хэргийн улмаас иргэний нэхэмжлэгч ******* нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн, иргэний нэхэмжлэгч Л.Э т учирсан хохирлыг төлж барагдуулсан байх тул энэ тогтоолоор шүүгдэгч Д.Э аас гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Э нь урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 1996 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 205 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 жил хорих ялаар шийтгүүлж уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж байжээ.
Үүнээс үзвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д зааснаар тэрээр ялгүй болсон байна /хэргийн 47 дахь тал/.
Шүүгдэгч Д.Э нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг хэргийн болон хувийн нөхцөл байдлыг харгалзан үзэж хуульд заасан хорих ялыг оногдуулж, уг хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 291 дүгээр зүйлийн 291.1, 294, 297 дугаар зүйлийн 297.1, 298, 301 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ц овогт Д.Э ыг тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа зам тээврийн осол гаргаж улмаар осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар Д.Э д 2 /хоёр/ жил хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Д.Э д оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дүгээр зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч Д.Э нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар Д.Э д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар оногдуулсан 2 жил хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан Д.Э д хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг Д.Э д мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Э д авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгасугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Э д авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР