| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 113/2025/0009/З |
| Дугаар | 221/МА2026/0407 |
| Огноо | 2026-06-15 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 221/МА2026/0407
“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 113/ШШ2026/0004 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Л.Одбаатар
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч А.Сарангэрэл
Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч: “Э” ХХК
Хариуцагч: Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг дарга
Гуравдагч этгээд: “Ц” ХХК
“М” ХХК
Б.А
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Зр
Хариуцагч Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг дарга Ч.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г
Гуравдагч этгээд “Ц” ХХК-ийн төлөөлөгч Б
Гуравдагч этгээд “Ц” ХХК-ийн Э
Гуравдагч этгээд “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Дн, түүний өмгөөлөгч Г.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б
Хэргийн индекс: 113/2025/0009/З
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага:
1. “Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/127 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/106 дугаар захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгох, 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн А/158 дугаар захирамжийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль /2002 он/-ийн 9.1.7 болон 9.1.9-д зааснаар илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Хэргийн нөхцөл байдал:
2.1. Шивээговь сумын Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн А/158 дугаар захирамжаар “Шивээговь сумын 2-р багийн нутаг 21 дүгээр зөрлөгийн зүүн урд Ачаа буулгах, тээвэрлэх Үйлдвэрлэл”-ийн зориулалтаар 20 га газрыг “М” ХХК-д 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна.
2.2. Шивээговь сумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/106 дугаар захирамжаар “М” ХХК-д олгосон 20 га газар эзэмших эрхийг иргэн Б.Ат шилжүүлжээ.
2.3. Үүний дараа иргэн Б.Аын 20 га газар эзэмших эрхийг 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/127 дугаар захирамжаар анх авсан этгээдийн үлдсэн хугацаагаар буюу 14 жилээр “Ц” ХХК-д шилжүүлэн эзэмшүүлсэн байна.
2.4. Нэхэмжлэгч “Э” ХХК нь Шивээговь сумын Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 06-ны А/127 дугаар захирамжийг эс зөвшөөрч Говьсүмбэр аймгийн Засаг даргад 2025 оны 2 дугаар сарын 03-ны өдөр гомдол гаргасан ба аймгийн Засаг даргаас 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн А/243 дугаар албан бичгээр хариу өгснийг эс зөвшөөрч, 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
2.5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2026 оны 3 дугаар сарын 16-ны өдөр “Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн А/158 дугаар захирамжийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1.7 болон 9.1.9-д зааснаар захиргааны акт илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх, мөн Шивээговь сумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/106 дугаар захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.
3. Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 113/ШШ2026/0004 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль /2002 он/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1.7, 9.1.9, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.4-т заасныг тус тус баримтлан “Э” ХХК-иас “Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/127 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/106 дугаар захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгох, 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн А/158 дугаар захирамжийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль /2002 он/-ийн 9.1.7 болон 9.1.9-д зааснаар илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон” шийдвэрлэжээ.
Давж заалдах журмаар гаргасан гомдлын үндэслэл:
4. Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Д дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Үүнд:
4.1. “... Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын 2012.11.05-ны өдрийн А/158 дугаар захирамжийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2002 он/-ийн 9.1.7, 9.1.9-д зааснаар илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх шаардлага болон захирамжийн хууль зүйн үндэслэлийн тухайд:
... Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ хуулийг Улсын дээд шүүхийн тогтоолоос өөрөө тайлбарлан хэрэглэсэн. Тухайлбал, Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны №37 дугаар “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах” тухай тогтоолын 6-д “Хуулийн 9.1.7-д заасан “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэдэгт ... хуулиар тогтоосон хязгаарлалтыг зөрчих, ...бүрэн эрхээ хэтрүүлэх зэргээр захиргааны акт гаргасан байхыг ойлгоно. Түүнчлэн тухайн харилцааг зохицуулсан хуулийн тодорхой заалтыг хэрэглээгүй буюу хуулийн ерөнхий заалтыг хэрэглэсэн, эсхүл хуулийн заалтыг хэрэглэхгүйгээр захиргааны акт гаргасан зэргийг “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэдэгт хамааруулж үзнэ” гэж заасан ба маргаан бүхий актаар” М” ХХК-д 21- р зөрлөгийн зүүн урд талд 20 га газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшүүлэхдээ:
-Баримтлах ёстой хуулийн зохицуулалт /Газрын тухай хуулийн 33.1.2/-ийг үндэслээгүй;
-Газрын тухай хуулийн 33.1.1-д заасан эрх хэмжээг хэтрүүлсэн;
-Төрийн одон медиалаар шагнуулах тухай Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн тогтоолыг үндэслэн газар эзэмшүүлэх эрх олгохоор шийдвэрлэсэн;
-Газрын тухай хуулийн 21.4.3, 33.4 дэх хэсгийг зөрчиж Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг дуудлага худалдаагаар эзэмшүүлэх шийдвэр гаргасан;
- “М" ХХК-д 20 га газрыг эзэмшүүлэх дуудлага худалдаа бодит байдалд явагдаагүй зэрэг нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2002 он/-ийн 9.1.7-д заасан илт хууль бус захиргааны актад хамаарна.
Нөгөөтэйгүүр, Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны №37 дугаар “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах” тухай тогтоолын 6-д “Мөн зүйлийн 9.1.9-д заасан "... өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчсөн” гэдэгт хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-9.1.8-д тодорхойлон зааснаас бусад хэлбэрээр хууль зөрчсөн байхыг ойлгоно” гэж заасан ба маргаан бүхий актаар “М” ХХК-д 21-р зөрлөгийн зүүн урд талд 20 га газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшүүлэхдээ:
-Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт тодотгол оруулсан гэх 2012 оны 29- р тогтоол нь МУЗЗНДНТУтХ-ийн 23.1 дэх хэсгийг зөрчсөн, хуралдааны тэмдэглэлгүй буюу Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдэд хуралдалгүйгээр буюу хурлын даргын тогтоол гарсан;
-Газрын тухай хуулийн 21.4.3, 33.1.2, 33.4-т заасныг зөрчсөн;
- Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, тодотгол хийсэн гэх 2012.09.20-ны өдрийн 29-р тогтоол /маргаан бүхий актын үндэслэл болоогүй/ гарахаас 9 хоногийн өмнө буюу газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт тодотгол хийхээс өмнө “М” ХХК-д дуудлага худалдаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн;
-Дуудлага худалдаа явуулахдаа “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам” /2003 он/-ын холбогдох заалтыг удаа дараа зөрчсөн буюу дуудлага худалдаа явуулах журмыг зөрчсөн, нээлттэй ил тод байх зарчмыг хангаагүй нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2002 он/-ийн 9.1.9-д заасан илт хууль бус захиргааны актад хамаарах юм.
4.2. Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын 2021.07.05-ны өдрийн А/106 дугаар захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлагын тухайд:
Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын 2012.11.05-ны өдрийн А/158 дугаар захирамж нь дээр дурдсанчлан илт хууль бус акт байх ба тус хууль бус актыг үндэслэн Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын 2021,07.05-ны өдрийн А/106 дугаар захирамжаар “М” ХХК-ийн эзэмшиж буй газрыг иргэн Б.Ат шилжүүлэхээр эзэмшүүлсэн. Өөрөөр хэлбэл, Хууль бус акт нь гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй тул иргэн Б.Ат газар эзэмших эрх үүсэх хууль зүйн үндэслэлгүй байхгүй атал газар эзэмших эрхийг шилжүүлэхээр шийдвэрлэсэн хууль бус юм.
... “Ш” ХХК өөрийн эзэмшлийн хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд 2015.12.31-ний өдөр ашиглалтын тусгай зөвшөөрөл авч, 2016.06.20-ны өдөр “Э” ХХК-д шилжүүлсэн байдаг ба “М” ХХК нь маргаан бүхий газрыг 9 жил дараалан зориулалтын дагуу ашиглаагүй байдаг. Өөрөөр хэлбэл, “М” ХХК нь газраа зориулалтын дагуу дараалан 9 жил ашиглаагүй тул газар эзэмших эрхийг нь 2021 онд хүчингүй болгох үүрэгтэй атал энэхүү үүргээ эс биелүүлж, “Э” ХХК-ийг ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайтай давхацсан газрыг иргэн Б.Ат шилжүүлэн эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн юм.
4.3. Шивээговь сумын Засаг даргын 2022.12.06-ны өдрийн А/127 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
Шивээговь сумын Засаг даргын 2022.12.06-ны өдрийн А/127 дугаар захирамжаар иргэн Б.Аын газар эзэмших эрхийг “Ц” ХХК-д шилжүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд шилжүүлж буй газрыг анх олгосон 2012 оны А/158 дугаар захирамж, 2021 оны А/106 дугаар захирамжууд нь хууль бус акт тул тус хууль бус актыг үндэслэн гарсан 2022 оны А/127 дугаар захирамж нь хууль бус тул хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй юм. Дээр дурдсанчлан, хууль бус акт нь гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй, үр дагаваргүй тул “Ц” ХХК-д газар эзэмших эрхийг үүсгэх боломжгүй.
... Маргаан бүхий 2022 оны А/127 дугаар захирамжаар иргэн Б.Аын эзэмшиж буй газар эзэмших эрхийг “Ц” ХХК-д эрхийг шилжүүлэх нэрийн доор ямар ч хүсэлт, баримтгүйгээр буюу газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмыг зөрчиж газрын зориулалтыг нь “Үйлдвэрлэлийн барилга. Байгууламж, бусад газар” болгон өөрчилснийг газар эзэмших эрхийг шилжүүлсэн гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй.
Гэтэл анхан шатны шүүх дээрх үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй ба газрын зориулалтыг давхар өөрчилсөн үйл баримтад дүгнэлт хийлгүй орхигдуулсны улмаас дээрх маргаан бүхий хууль бус акт хүчин төгөлдөр хэвээр үлдээд байна.
4.4. “Ц” ХХК-д 2022 оны А/127 дугаар захирамжаар газар эзэмших эрх олгохдоо “Э” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайтай бүхэлд нь давхцуулан олгосон байдаг. Үүний улмаас “Э” ХХК өөрийн эзэмшлийн ашиглалтын 20 га талбайд ашиглалтын үйл ажиллагаа явуулах, дахин нөөц бодох, олборлолтын үйл ажиллагаа явуулах боломжгүй болж хохироод байна.
Нөгөөтэйгүүр, Маргаан бүхий 2022 оны А/127 дугаар захирамжаар “Ц” ХХК-д газар эзэмших эрхийг олгохдоо Захиргааны ерөнхий хуулийн 43.1-д заасны дагуу эрх нь хөндөгдөж буй манай компанид мэдэгдээгүй, 26.1-д зааснаар эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж буй манай компаниас шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломжийг олгоогүй, мөн хуулийн 24.1-д зааснаар нөхцөл байдлыг тодруулах ажиллагааг огт хийгээгүй тул тус акт нь хууль бус юм.
4.5. Зөрчигдсөн болон хөндөгдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлын тухайд:
Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын даргын тушаалаар 2007.03.9-ний өдөр Дорноговь аймгийн Даланжаргалан, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нутагт ашигт малтмалын хайгуулын Х дугаартай зөвшөөрлийг Ш ХХК-д олгосон бөгөөд цаг хугацааны хувьд гуравдагч этгээд нарт газар эзэмших эрх үүсэхээс өмнө хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсон байдаг. Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө болон хайгуулын ажлын тайланг холбогдох эрх бүхий этгээдэд хүргүүлэн тайлагнаж байсан ба гуравдагч этгээдэд газар эзэмших эрх олгох үед тухайн газар нь хайгуулын талбай болон ашиглалтын талбайтай давхцалтай болохыг захиргааны байгууллага буюу Шивээговь сумын Засаг дарга болон Шивээговь сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч нар сайтар мэдэж байсан болох нь эдгээр этгээдүүдээс гаргасан тодорхойлолтууд болон шүүхийн шийдвэрт дурдагдсанаар нотлогддог.
Гэтэл хариуцагч буюу захиргааны байгууллагын зүгээс маргаан бүхий 20 га газар нь хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайтай бүхэлдээ давхцалтай болохыг мэдсэн буюу мэдэж боломжтой байсан атлаа дээрх тусгай зөвшөөрлийн талбайтай бүхэлд нь давхцуулан олгосон нь хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна.
Тухайлбал, Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйл /хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх/-ийн 2.1.1-д “хайгуулын талбайн хилийн дотор энэ хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх”, 21.1.3-т “энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасны үндсэн дээр хайгуулын талбайн аль ч хэсэгт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг онцгой эрхийнхээ дагуу авах”, 21.1.6-д “хайгуулын ажил явуулах зорилгоор хайгуулын талбайд нэвтрэн орох, шаардлагатай түр барилга байгууламж барих” гэж заасан хуулиар олгогдсон эрх зөрчигдсөн.
Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйл /Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх/-ийн 27.1.5-д “уурхайн талбайд ашигт малтмалын хайгуул явуулах”, 27.1.8-д “ашиглалтын үйл ажиллагаа явуулах зорилгоор уурхайн талбайд нэвтрэн орох, дамжин өнгөрөх, шаардлагатай барилга байгууламж барих, түүнийг ашиглах” гэж заасан эрх хөндөгдөөд байна.
Гэтэл анхан шатны шүүх дээрх эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн, хөндөгдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлын талаар дүгнэлт хийгээгүй. Мөн анхан шатны шүүх 2016 онд ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмших эрхтэй болсон тул 2012 оны хууль бус захиргааны акт нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй хэмээн дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүх Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх хийгээд хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсон цаг хугацаа, үйл баримтад дүгнэлт хийлгүй орхигдуулсан тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.
Гуравдагч этгээд нарын зүгээс нэхэмжлэгчийн газар ашиглах гэрээ байгуулаагүй хэмээн буруутган тайлбарладаг хэдий ч газар ашиглах гэрээ байгуулаагүй нь хариуцагч захиргааны байгууллага бусдын эзэмшилд олгогдсон хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайтай бүхэлд нь давхцуулан хууль бусаар газар эзэмших эрх олгох үндэслэлийг бүрдүүлэхгүй, захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааг зөвтгөх үндэслэл болохгүй. Мөн гуравдагч этгээд нарын зүгээс хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан талаараа нэхэмжлэгч “Э” ХХК-ийг орон нутгийн захиргааны байгууллагад мэдэгдээгүй хэмээн буруутгадаг боловч ийнхүү мэдэгдэх үүрэг нь нэхэмжлэгчид бус төрийн захиргааны байгууллагын чиг үүрэг юм. Өөрөөр хэлбэл, Орон нутгийн захиргааны байгууллага болон тухайн салбарын төрийн захиргааны байгууллагын хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлсэн эсэх нь нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлах, зөрчих үндэслэлийг бий болгохгүй.
Тусгай зөвшөөрөл эзэмшигч Ш ХХК нь Монгол Улсын Засгийн газар /төлөөлж Үйлдвэр худалдааны яам/-тай 2008.09.03-ны өдөр Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шилжүүлэх гэрээг байгуулсан ба Ш ХХК нь гэрээнд заасан тусгай зөвшөөрлийг Засгийн газраас нэр заасан эрх бүхий этгээдэд шилжүүлэн өгөх, Харин Засгийн газар Ш ХХК-д олгогдох тусгай зөвшөөрлийг “нөөцөд авахгүй байх, тусгай хэрэгцээнд авахгүй байх, цуцлахгүй байх” зэргээр нэрлэн заасан тусгай зөвшөөрлийг чөлөөтэй, саадгүй ашиглуулах үүргийг хүлээсэн.
Гэтэл хариуцагч захиргааны байгууллага нь гуравдагч этгээд нарт газар эзэмших эрх олгох, шилжүүлэх зэргээр хууль бус акт гаргасан дээрх гэрээнд нийцэхгүй юм. Өөрөөр хэлбэл, Засаг даргын шийдвэр, үйл ажиллагаа Засгийн газрын шийдвэрт үйл ажиллагаатай нийцсэн байх ёстой бөгөөд Засгийн газрын шийдвэр, бодлого, үйл ажиллагаатай зөрчилдсөн тохиолдолд Засаг даргын шийдвэр, үйл ажиллагааг хууль ёсны гэж дүгнэх боломжгүй. Гэвч анхан шатны шүүх энэхүү гэрээ болон гэрээний үр дагавар, Засгийн газар болон Засаг даргын шийдвэр, бодлого, үйл ажиллагааны талаар огт дүгнэлт хийгээгүй.
4.6. Анхан шатны шуух хуулийг Улсын дээд шүүхийн тогтоолоос өөрөөр тайлбарлан хэрэглэсэн тухайд:
Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023.07.03-ны өдрийн 30 дугаар тогтоолоор “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт”-ыг тайлбарласан. Уг тогтоолын 8-д “Нэхэмжлэгч нь захиргааны актыг “хүчингүй болгох” нэхэмжлэл гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор “захиргааны акт илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэл гаргасан бөгөөд маргаан бүхий акт хууль бус, түүнчлэн нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж зөрчсөн нь тогтоогдвол нэхэмжлэгчийн “зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо сэргээх” үндсэн зорилгыг хангах үүднээс шүүх уг актыг “хүчингүй болгох” боломжтой, энэ нь шүүх “нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн асуудлаар дүгнэлт хийх, шийдвэр гаргасан” агуулгад хамаарахгүй. Нэхэмжлэгч захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үр дүнд уг акт илт хууль бус болох нь тогтоогдвол шүүх уг актыг илт хууль бусад тооцон шийдвэрлэх нь “нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн”-д хамаарахгүй” хэмээн тайлбарласан байдаг.
Анхан шатны шүүх хуулийг Улсын дээд шүүхийн энэхүү тогтоолоос өөрөөр тайлбарлан хэрэглэж, илт хууль бус захиргааны актад хамаарахгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл, Нэхэмжлэгч нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор буюу 2025.03.26-ны өдөр хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргасан болох Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн удаа дараагийн тогтоолоор тогтоогддог ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий актыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэсэн. Гэтэл анхан шатны шүүх захиргааны актыг хууль болон журам зөрчсөн хууль бус болохыг дүгнэж, хүлээн зөвшөөрсөн атлаа гагцхүү илт хууль бус захиргааны актад хамаарахгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023.07.03-ны өдрийн 30 дугаар тогтоолд нийцэхгүй байна.
Дээр дурдсанчлан, Маргаан бүхий захиргааны актууд нь хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж болзошгүй болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон боловч анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэлийг бүрэн дүгнээгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.2-т зааснаар нотлох баримтыг “үнэн зөв, эргэлзээгүй” талаас нь үнэлээгүй, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоолоос өөрөөр тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.
Иймд Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026.04.01-ний өдрийн 0004 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
5. Хариуцагчаас нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдолд холбогдуулж бичгээр тайлбар гаргаагүй байна.
6. Гуравдагч этгээд “Ц” ХХК-ийн төлөөлөгч Б.Аа “...
6.1. 2002 онд батлагдсан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу захиргааны актыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх гэж агуулгаар нэхэмжлэл гаргасан. Тухайн нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй юм. Учир нь
-Засаг даргын 2012 оны 11 сарын 05-ны өдрийн А\158 дугаар захирамж, Засаг даргын 2021 оны 07 сарын 05-ны өдрийн А\106 дугаар захирамжууд нь эрх зүйн үйлчлэлийн хувьд дуусгавар болсон, ямар нэгэн үр дагавар үүсгэхгүй. Өөрөөр хэлбэл тодорхой нэгэн тохиолдлыг зохицуулах эрх зүйн хүчин чадалгүй бөгөөд тухайн цаг хугацаандаа эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт байсан. Иймд одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй ЗХШХШТХ-ийн дагуу нэхэмжлэл гаргах эрх зүйн үндэслэлгүй.
-2002 оны ЗХШХШТХуулийн дагуу захиргааны актыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх гэж нэхэмжлэл гаргасан. Гэтэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буцаан хэрэглэх талаар нөхцөл байхгүй. Хууль буцаан хэрэглэх ойлголт хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд байхгүй. Иймд хүчин төгөлдөр бус болсон хуулийн дагуу нэхэмжлэлийн шаардлага гаргах боломжгүй.
-Мөн нэхэмжлэгч нь гомдолдоо захиргааны акт гарахдаа Газрын тухай хуулийн 33.1, 29.1.2, 33.1.2 гэх мэт тусгайлан холбогдох заалтуудыг зөрчсөн гэж тайлбарласан байна. Гэтэл тухайн дурдагдсан хуулийн зохицуулалтууд нь он цаг дарааллын хувьд 2012, 2021 онуудад батлагдаагүй, өөрчлөлт орж, хүчин төгөлдөр үйлчилж байгаагүй зэрэг нөхцөл байдлууд тогтоогддог.
6.2. ... 2022 оны 12 сарын 06-ны өдрийн А\127 дугаартай захирамжийн дагуу “Ц” ХХК-д газар эзэмшүүлэхээр олгосон нь нэхэмжлэгчийн ямар эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
Тухайлбал маргаан бүхий газрыг 2012 онд дуудлага худалдаа явуулж анх олгосон, тухай үед нэхэмжлэгч тус газарт хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан. Гэсэн хэдий ч Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл нь тухайн газарт ашиглалтын тусгай зөвшөөрөл олж авах агуулгатай болохоос биш бусад хуулийн дагуу олгогдсон хайгуулын талбайд үүссэн газар эзэмших эрх зэрэг өөр хуулиар олгогдсон эрхээс давуу эрхтэй байх гэсэн агуулга байхгүй. Өөрөөр хэлбэл хайгуулын тусгай зөвшөөрөлтэй байх нь тухайн газрыг эзэмших эрх үүсэх үндэслэл болохгүй.
Хайгуулын ажил хийгдэж, газрын доорх баялгийн нөөцийг тогтоож судалж дууссаны дараа тухайн лицензийг ашиглалтын лиценз болгохоор Ашигт малтмалын газарт нэхэмжлэгч хүсэлт гаргасан байдаг. Ингэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт заасны дагуу "тухайн талбай хүчин төгөлдөр зөвшөөрлөөр өлгөгдсөн талбайтай давхцаж байгаа” эсэхийг заавал тодруулсан байх үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэгч энэ үүргээ биелүүлж, давхцалыг тодруулахгүйгээр ашиглалтын лиценз авах хүсэлтийг гаргасан нь энэхүү маргаан эхлэл үндэслэл болсон.
Иймд нэхэмжлэгч хуулийн этгээд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэлгүй бусдын эзэмших эрхтэй газар дээр ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан нь хууль бус юм. Хэргийн материалд хуулийн энэ заалттай холбоотой нэхэмжлэгчийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй тусгай зөвшөөрөл авсантай холбоотой хэд хэдэн захиргааны хэргийн шүүхийн шийдвэр авагдсан байдаг.
Гуравдагч этгээдийн зүгээс нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг одоогийн нөхцөл байдалд ямар нэгэн байдлаар зөрчөөгүй гэж үзэж байна. Учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэд хэдэн удаа хүсэлт гаргаж, нэхэмжлэгчийн ТЭЗҮ болон уулын ажлын батлагдсан төлөвлөгөөг гаргуулахаар хэд хэдэн удаа хүсэлт гаргасан. Гэсэн хэдий ч холбогдох төрийн байгууллагуудаас батлагдсан уулын ажлын төлөвлөгөө, ТЭЗҮ байхгүй гэдэг хариу ирсэн байдаг. Энэ нөхцөл байдлаас дүгнэж үзэхэд маргаан бүхий газар доорх газрын хэвлийг хэзээ, ашиглаж, олборлолтыг явуулж эхлэх нь тодорхой бус байна. Өөрөөр хэлбэл олборлолтын хугацаа тодорхой бус, маргаан бүхий газрын хэвлийд байгалийн баялаг байгаа эсэх нь тодорхой бус байна. Иймд гуравдагч этгээдийн зүгээс нэхэмжлэгчийн ямар ч эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй.
... Захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргаж буй этгээд нь зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо сэргээх зорилготой байдаг. Гэтэл нэхэмжлэгч шүүхэд уг нэхэмжлэлийг гаргаснаар яг ямар эрх, хууль ёсны ашиг сонирхлоо сэргээлгэх байгаа нь тодорхой бус байна. Өөрөөр хэлбэл захиргааны шүүхээр хамгаалуулах нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол тодорхой бус байна. Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2012,2021 оны захирамжууд хүчингүй болсноор нэхэмжлэгч ямар үр дагавар хүсэж байгаа нь тодорхой бус. Мөн тухайн эрх зүйн үйлчлэл дуусгавар болсон захиргааны актад гомдол гаргах хуулийн хугацаа ч дууссан.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү“ гэж гомдолд хариу тайлбар гаргажээ.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.
Хэргийн нөхцөл байдлын талаар:
3. Анх маргаан бүхий 2012 оны А/158 дугаар захирамжаар “Монгол Улсын Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4, 27 дугаар зүйлийн 27.2, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалт, Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 04 дүгээр тогтоол, Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны 28 дугаар тоот тогтоолыг үндэслэн Сумын 2-р багийн нутаг 21 дүгээр зөрлөгийн зүүн урд Ачаа буулгах, тээвэрлэх “Үйлдвэрлэл”-ийн зориулалтаар 20 га газрыг “М” ХХК-д 15 жилийн хугацаатай эзэмшүүлж,
2021 оны А/106 дугаар захирамжаар “Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.3, Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 38 дугаар зүйлийн 38.4, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 46 дугаар зүйлийн 46.1 дэх заалтыг тус тус үндэслэн ... “М” ХХК-ийн Үйлдвэрлэлийн зориулалттай 20 га газрыг “Газар эзэмших эзэмшүүлэх шилжүүлэх гэрээ”-ний дагуу иргэн Б.Ат “Үйлдвэрлэл”-ийн зориулалтаар, тус 20 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлж,
2022 оны А/127 дугаар захирамжаар “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.16, 66 дугаар зүйлийн 66.1, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 46 дугаар зүйлийн 46.1, Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 38 дугаар зүйлийн 38.4, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2021 оны А/187 дугаар тушаал "Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын 5.4.2.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Б.А нь ... “Үйлдвэрлэлийн барилга, байгууламж, бусад газар"-ын зориулалттай 20 га газрын газар эзэмших эрхийг шилжүүлэх хүсэлт гаргасан тул “Ц” ХХК-д ... 20 га газрыг “Үйлдвэрлэлийн барилга, байгууламж, бусад газар"-ын зориулалтаар эзэмших эрхийг анх авсан этгээдийн үлдсэн хугацаагаар буюу 14 жилээр шилжүүлэн эзэмшүүлж” тус тус шийдвэрлэжээ.
Уг маргаан бүхий 20 га газрын 19,9 га нь нэхэмжлэгч “Э” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн М-1дугаартай 7862.71 га талбайтай, 0,94 га нь М-2 дугаартай, 549.41 га талбайтай тус тус давхцалтай[1] болох нь, мөн эдгээр ашиглалтын тусгай зөвшөөрлийг анх “Ш” ХХК нь 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр авсан, нэхэмжлэгч нь уг тусгай зөвшөөрлүүдийг 2016 оны 06 болон 04 сард тус тус шилжүүлэн авсан[2] болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна.
4. Анхан шатны шүүх “... дуудлага худалдаа явуулах харилцааг зохицуулсан Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтаар батлагдсан журмыг зөрчсөн талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарууд үндэслэлтэй боловч тухайн цаг үед нэхэмжлэгч компанид уг байршилд газартай холбоотой хөндөгдөж болох эрх, хууль ёсны ашиг сонирхол тогтоогдсонгүй. ...Засаг дарга хуулиудыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй учир Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль /2002 он/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1.9-т заасан захиргааны акт өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчсөн гэх тохиолдол үүсээгүй байна” гэж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зөв үнэлж, үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
5. Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б. давж заалдах гомдолдоо “... Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2.1.1-д “хайгуулын талбайн хилийн дотор энэ хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх”, 21.1.3-т “энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасны үндсэн дээр хайгуулын талбайн аль ч хэсэгт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг онцгой эрхийнхээ дагуу авах”, 21.1.6-д “хайгуулын ажил явуулах зорилгоор хайгуулын талбайд нэвтрэн орох, шаардлагатай түр барилга байгууламж барих” гэж заасан хуулиар олгогдсон эрх зөрчигдсөн. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.5-д “уурхайн талбайд ашигт малтмалын хайгуул явуулах”, 27.1.8-д “ашиглалтын үйл ажиллагаа явуулах зорилгоор уурхайн талбайд нэвтрэн орох, дамжин өнгөрөх, шаардлагатай барилга байгууламж барих, түүнийг ашиглах” гэж заасан эрх хөндөгдөөд байна...” гэснийг хангаж шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.
Учир нь уг хөндөгдөж буй эрхүүд нь дээрх Ашигт малтмалын тухай хуульд заасан хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй этгээдийн онцгой эрх байх боловч энэ нь хайгуулын үйл ажиллагаа явуулж хөрөнгө оруулсан этгээдийн итгэлийг хамгаалж сонгон шалгаруулалтын журмаас ангид байдлаар бусад этгээдээс эн тэргүүнд ашиглалтын тусгай зөвшөөрлийг олж авах агуулгатай болохоос бус хайгуулын талбайд үүссэн газар эзэмших эрх зэрэг өөр хуулиар олгогдсон эрхээс онцгой, давуу байна гэсэн утга илэрхийлэхгүй /Улсын дээд шүүх дүгнэсэн[3]/ тул маргаан бүхий актаар бусдад газар эзэмшүүлсний улмаас тухайн эрх, ашиг сонирхол нь зөрчигдөөгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн, энэ талаарх гомдлыг хангах үндэслэлгүй.
6. Нэгэнт маргаан бүхий захиргааны актуудын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй, мөн гуравдагч этгээдийн газраа зориулалтын дагуу ашигласан эсэхийг шалган тогтоож шийдвэрлэх асуудал нь хариуцагчийн бүрэн эрх, үүрэгт хамаарах тул нэхэмжлэгчийн “... “М” ХХК нь 9 жил дараалан газрыг зориулалтын дагуу ашиглаагүй газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл бий болсон ...” гэх гомдлуудыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.
7. Мөн нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо “... Гуравдагч этгээд нарын зүгээс нэхэмжлэгчийн газар ашиглах гэрээ байгуулаагүй хэмээн буруутган тайлбарладаг хэдий ч газар ашиглах гэрээ байгуулаагүй нь хариуцагч захиргааны байгууллага бусдын эзэмшилд олгогдсон хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайтай бүхэлд нь давхцуулан хууль бусаар газар эзэмших эрх олгох үндэслэлийг бүрдүүлэхгүй, захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааг зөвтгөх үндэслэл болохгүй...” гэжээ.
Газрын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2-т “Газрын хэвлий, ой, ус, хийн мандлын агаар, ургамал, амьтан, байгалийн бусад баялгийг ашиглах, хамгаалахтай холбогдсон харилцааг зохих хууль тогтоомжоор зохицуулна”, Ашигт малтмалын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах болон хайгуулын талбай, уурхайн эдэлбэрийн орчныг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж тус тус зааснаас үзэхэд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн ашигт малтмал олборлох үйл ажиллагаанд холбогдох газар эзэмших, ашиглах эрхийн агуулгыг нарийвчилсан зохицуулалттай хууль болох Ашигт малтмалын тухай хуулиар тодорхойлохоор байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д “ашигт малтмал ашиглах гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг”, 4.1.19-д “уурхайн эдэлбэр гэж уурхайн талбайтай давхацсан, ашигт малтмал олборлох геологийн тогтоцын хэсгийг” гэж, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай (2006) хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.4-т “сумын Засаг даргын бүрэн эрхийг эрх бүхий байгууллагаас олгосон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлд заасны дагуу эдэлбэр газар олгох” гэж тус тус заажээ.
Эдгээр зохицуулалтын дагуу нэхэмжлэгч нь тухайн газрыг уурхайн эдэлбэрийн зориулалтаар ашиглах талаар хүсэлт гаргаагүй байх ба хариуцагчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “... Манай сум 85000 га газартай үүнээс 30000 гаруй га газар нь нэхэмжлэгч компанийн ашиглалтын лицензэд хамрагдаж байгаа. Энэ нь 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр авсан ашиглалтын талбайтай нь давхцалтай болсон. Сүүлд бид сумын төв талбайг чөлөөлүүлж авсан. Иргэдийн өвөлжөө, хаваржааны газар бүгд хайгуулын ашиглалтын талбайтай давхцалтай байгаа. 2012 онд ашиглалтын зөвшөөрөл байгаагүй. Газрын тухай хуульд хайгуулын тусгай зөвшөөрөлтэй компанид газар олголт хийж болохгүй гэсэн заалт байгаагүй. Тухайн үеийн захиргааны байгууллага ирсэн хүсэлтийг Газрын тухай хуульд зааснаар газар зохион байгуулалтын нэмэлт төлөвлөгөөнд тусгаад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид шийдвэр гаргасан...” гэснийг үгүйсгэх үндэслэлгүй байна.
Учир нь Газрын хэвлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 3-д “Газрын хэвлийг ашиглагчид нь газар өмчлөх, эзэмших, ашиглах талаарх бусдын эрхийг аливаа хэлбэрээр хөндөхгүй байх үүрэгтэй ...” гэж заасны дагуу Ашигт малтмалын тухай хуульд заасан ашигт малтмал ашиглагчийн эрх нь тухайн үүргээр хязгаарлагдахаас гадна ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй талбайн газрын 0 /Тэг/ тэнхлэгээс дээш Газрын тухай хуулийн дагуу зохих журмаар өөр этгээд эзэмшиж, ашиглаж болох агуулгатай, харин энэ тохиолдолд газрын хэвлий ашиглагч нь газар эзэмшигч, ашиглагчийн эрхийг, газар эзэмшигч, ашиглагч нь Газрын хэвлий ашиглагчийн эрхийг зөрчихгүй байх үүрэгтэй байх тул мөн гомдлыг хангах үндэслэлгүй.
8. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль буруу хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж, хүчингүй болгох үндэслэлгүй байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
9. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Га, Э.Ср нараас ... 2026.06.12-2026.06.18-ны өдрийг дуустал .... хотод компанийн ажлаар явах болсонтой холбоотой... шүүх хуралдааныг хойшлуулах талаар хүсэлтийг ирүүлсэн боловч хариуцагч болон гуравдагч этгээд нар шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлт гаргасан, мөн 2026 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдааны товыг 06 дугаар сарын 04-ний өдөр мэдэгдсэн боловч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр хойшлуулж, 06 дугаар сарын 15-ны өдөр товлож, дахин товыг 06 дугаар сарын 10-ны өдөр мэдэгдсэн байхад нэхэмжлэгчийн төлөөлөгч нар шүүх хуралдаанд оролцох эрхээ эдлэх, боломжгүй бол өөрсдийн эзгүйд өөр итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох боломжтой атал томилж ирүүлээгүй, энэ удаагийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь оролцож байгаа зэргийг харгалзан шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болохыг тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 113/ШШ2026/0004 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Э” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Д-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Л.ОДБААТАР
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ