Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 67

 

                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС         

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж, шүүгч Л.Оюун, шүүгч Ц.Дайрийжав нарын бүрэлдэхүүнтэй

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Баттөмөр хөтлөн

улсын яллагч Н.Мөнхцэцэг

шүүгдэгч М.Лхагва, түүний өмгөөлөгч Ц.Гансүх

хохирогч Б.Энхтуул, түүний өмгөөлөгч Г.Ганбат

иргэдийн төлөөлөгч Д.Болд

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201626022584 дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1977 оны 12 дугаар сарын 1-нд Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Хос харцага” ХХК-д хамгаалагчаар ажиллаж байсан, ам бүл 1; Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 40 дүгээр гудамж, 619 Б тоот, төрсөн эгч М.Даваасүрэнгийнд амьдардаг гэх, ЧТ77120111 дугаарын регистртэй, Боржигон овогт Махвалын Лхагва

Шүүгдэгч М.Лхагва тодорхой шалтгаангүйгээр танхайн сэдэлтээр 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр, Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 18 дугаар гудамж, 539 тоотод оршин суух иргэн Б.Гомбобазарын гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ С.Соронзонболдын толгойн тус газар цохих, өшиглөх зэргээр хүч хэрэглэж түүний бие махбодид “тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, тархины зүүн тал бөмбөлгийн зулай, чамархайн дэлбэнгийн урд хэсэг, хоёр тал бөмбөлгийн духны дэлбэнгийн тархины эдийн няцрал” бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл учруулан санаатай алсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч М.Лхагва шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2016 оны 10 дугаар сарын 11-нд авга ах Гомбобазарын гэрт түүнтэй архи ууж хоноод өглөө нь буюу 10 дугаар сарын 12-нд дахин дэлгүүрээс архи авсан. Гомбобазар ах бид хоёр архиа уугаад сууж байтал талийгаач Соронзонболд тэдний гэрт орж ирээд гурвуулаа архиа хувааж уусан. Архи дуусаад би дахиад дэлгүүр рүү архинд явсан. 0.75 граммын архи авч ирээд гурвуулаа хуваагаад архи талдаа орох үед авга ах Гомбобазар согтоод унтчихсан. Тэгээд талийгаач бид хоёр архиа уугаад дуусч байх үед талийгаач надаас дахиад нэг шил архи аваад өгчих, Нисэхэд ажилладаг юм чинь цалин сайтай биз гэхээр нь би чадахгүй гэж хариулсан. Гэтэл талийгаач над руу хандаж яасан маягтай юм, ганц шил архи аваад өгчихөж чадахгүй, хөдөөний муу ... гээд намайг хараалын үгээр хэлээд бид хоёр маргалдсан. Тэгээд би талийгаачийг сандал дээр сууж байхад нь баруун гараараа баруун талын чихний ар хэсэгт цохиход зүүн тийшээ сандалтайгаа савж унасан. Босч ирээд надтай барьцалдахаар нь би ор руу түлхээд гараад явсан. Би тухайн үед ажлын хувцсаа өмссөн байсан. Би талийгаачийг зүс танина. Намайг Гомбобазар ахын гэрт очиход талийгаач байж байдаг байсан. Хохирогчийн гэр бүлийнхнээс уучлалт гуйж байна.

Миний хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа. Харин би танхайн сэдэлтээр хүн алаагүй гэв.

Хохирогч Б.Энхтуул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Би хөдөө ажилтай байж байгаад 2016 оны 10 дугаар сарын 13-нд энэ хэргийн талаар мэдсэн. Түүнээс хойш 3 хоногийн дараа хүрч ирэхэд талийгаач Гэмтлийн эмнэлэгт ухаангүй байсан. Тэгээд удалгүй нас барсан. Оршуулгын болон эмчилгээний зардлуудыг нэхэмжилнэ. Хохирол төлбөр төлөгдөөгүй. Гомдолтой байна. Би талийгаачийн эхнэр нь. Гэрлэлтийн баталгаатай. Манайх 16-24 насны дөрвөн хүүхэдтэй гэв.

Шүүгдэгч М.Лхагвын хувийн байдалтай холбоотой түүний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 95/,

иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 92, 93, 94, 97/, Засаг даргын тодорхойлолт /хх-н 91/, ажлын газрын тодорхойлолт /хх-н 99, 100/, жолооны үнэмлэхийн хуулбар /хх-н 101/, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-н 103/,

онц хүнд гэмт хэргийн холбогдогч М.Лхагвын сэтгэцийг шалгасан Шүүх сэтгэц гэм судлалын “... М.Лхагва нь гэмт хэрэг үйлдэхээсээ өмнө сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. М.Лхагва нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. М.Лхагва нь хэрэг хариуцах чадвартай байна. М.Лхагва нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна ” гэсэн 1131 тоот дүгнэлт /хх-н 63-64/,

гэрч Махвалын Даваасүрэнгийн “... Лхагва 1977 оны 12 дугаар сарын 1-нд Улаанбаатар хотод төрсөн. Бид эцэг эхээс дөрвүүлээ бөгөөд манай бага дүү ослоор нас барсан. Түүний дээр нь Лхагва байдаг юм. Лхагва ЕБС-ийн 82 дугаар сургуулийг төгссөн. Үүний дараа Дорноговь аймгийн Эрдэнэ сумын ХЦ-ийн 0129-р ангид цэргийн  алба хаасан. Хувиараа ажил эрхэлж байгаад 2016 оны 6 сард шинэ онгоцны буудлын хамгаалалтын албанд ажилд ороод байсан юм. Тэрээр эхнэр хүүхэд байхгүй, манай гэрт хамт байдаг боловч ажил төрлөөсөө шалтгаалаад хөдөөгүүр их явдаг. Дүү маань бага зэрэг огцом ууртай боловч их өрөвч. Архи дарс уух үедээ уудаг байх, гэхдээ миний хажууд уугаад байдаггүй, уучихаараа надаас зугтаах маягтай байдаг юм. Бид нар багаасаа өнчин өссөн болохоор надаас айдаг. Би айлын том хүүхэд болохоор байнга л хэлж ярьдаг бас манай нөхрөөс ч гэсэн эмээдэг. Харин найз нөхдийг нь мэдэхгүй. Миний хувьд энэ хэргийн талаар мэдэхгүй. Тэр өдөр Лхагва над руу “би Драгон дээр байна, ажил руугаа явж байна, та завтай бол машинаараа намайг хүргээд өгөөч” гэж хэлэхэд нь би ажил амжихгүй гэж хэлсэн. М.Лхагва Төв аймагт байдаг шинэ онгоцны буудлын хамгаалагч хийдэг болохоор хааяа би хүргэж өгдөг байсан. Байнга л ажил дээрээ байрлаад байж байдаг. Тэгээд 13 цаг 30 минутын орчим над руу залгаад ажил дээрээ ирчихлээ гэж ярьсан. Түүнээс хойш би яриагүй ба утас нь ч холбогдохгүй байсан. Тухайн үед би нэг их тоогоогүй. Гэтэл орой 22 цаг өнгөрч байхад Уранзаяа гээд манай аав Махвалын төрсөн дүү Гомбобазарын охин над руу утсаар залгаад “Лхагва ах архи уугаад Соронзонболд гэх ахтай маргалдаад түлхээд цохьчихсон. Тэр хүн унтаад байсан чинь бие нь муудсан юм байна, сэрэхгүй болохоор эмнэлэг дуудаад үзүүлсэн чинь цус харвасан байна гэсэн. 3 дугаар эмнэлэг дээр байна хүрээд ирээч” гэж хэлсэн. Би 3 дугаар эмнэлэг дээр очсон чинь нөгөө хүнийг түргэний эмнэлэг аваад гэмтэл явчихсан байсан. Би Уранзаяатай уулзаад хамт Гэмтлийн эмнэлэг дээр очиход Соронзонболд гэх хүний ар гэрийнхэн нь гээд хүү, охин 2 болон ээж нь бололтой настай эмэгтэй, ах нар нь байсан. Намайг эмнэлэг рүү ороход л Соронзонболдын хүү нь гэх залуу тэр дүүгээ олж өг, нэг хүний амийг хоёр болгоно гээд хэл амаар дайраад байсан ба би цагдаагийн 2 хүнтэй уулзаад дүүгээ олж өгөхөөр Төв аймгийн Хөшигтийн хөндий дэх шинэ онгоцны буудал дээр очиж дүүгээ авсан. Лхагва ажил дээрээ байсан ба эрүүл байх шиг байсан. Лхагвыг цагдаа дээр буулгаад л саатуулчихсан. Би хэргийн талаар Лхагваас асуухад би цохиогүй, намайг гарахад суугаад байж байсан гэж хэлсэн. Бас Соронзонболдын хүү гэх залуу манай аав бие султай, өрөөсөн хөл нь мэдээ алдангитай, ажил төрөл хийдэггүй хүн гээд байсан. Би хүүд нь юм хэлж чадаагүй ба Гэмтлийн эмнэлэг дээр хэд хэдэн удаа очсон боловч бие нь ямар байдалтай байгаа талаар хэлдэггүй, хэвэндээ муу байна гэдэг байсан” /хх-н 31-32/ гэсэн мэдүүлэг,

гэрч Махвалын Мягмардолоогийн “... бид нар эцэг эхээс 8-уулаа байсан ба аав Махвал 1997 онд, ээж Дулмаа 1994 онд өнгөрсөн. Ингээд бид нар эгч Даваасүрэн дээрээ өссөн юм. Лхагва миний доод талын дүү бөгөөд бусад 5 дүү маань багадаа өнгөрчихсөн юм. Би өөрөө Хөвсгөл аймагт ажилладаг болохоор намар л нэг удаа хотод эгчийндээ ирчихээд буцдаг. Лхагва нь Даваасүрэн эгчийн гэрт байдаг. Зан аашийн хувьд ууж идээд байдаггүй, хүнтэй маргаж муудаад байдаггүй. Сүүлийн үед тэр болгон тухтай уулзаж чадаагүй утсаар л хааяа ярьдаг. Лхагва гэр бүлгүй” /хх-н 35/ гэсэн мэдүүлэг зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч М.Лхагвыг тодорхой шалтгаангүйгээр танхайн сэдэлтээр хохирогч С.Соронзонболдыг санаатай алсан гэж түүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж 201626022584 тоот эрүүгийн хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүх шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлсэн мэдүүлгүүд, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлавал;

2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 18 дугаар гудамж, 539 тоотод буюу иргэн Б.Гомбобазарын гэрт шүүгдэгч М.Лхагва, амь хохирогч С.Соронзонболд, иргэн Б.Гомбобазар нар нийлж архидан согтуурах явцдаа М.Лхагва нь С.Соронзонболдыг зодсоны улмаас тэрээр тархиндаа амь насанд аюултай хүнд гэмтэл авч, улмаар Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлэгдэж байгаад 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 08 цаг 45 минутанд нас баржээ.

Өөрөөр хэлбэл Хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг үйлдэгдсэн, дээрх гэмт хэргийг шүүгдэгч М.Лхагва үйлдсэн болох нь

гэрч Бийгүйн Гомбобазарын “... Лхагва бол миний төрсөн ах Махвалын хүүхэд байгаа юм. Соронзонболд гэдэг хүнийг 1987 оноос хойш танина. 2016 оны 10 дугаар сарын 11-ний орой 23 цагийн орчим Лхагва манай гэрт ирсэн ба манай гэрт ирэхдээ согтуу, архи уучихсан ирсэн. Лхагвыг ирэхэд би архи уугаагүй эрүүл байсан. Лхагва манай гэрт ирэхдээ “Арвай” нэртэй 0.33 граммын архи авч ирснийг бид нар хувааж уугаад дахиад 0.750 гр “Чингис” нэртэй архи авч хувааж уусан. Тэгээд бид хоёр унтсан. Гэтэл 2016 оны 10 дугаар сарын 12-ны өглөө босоод дахин 0.750 гр “Чингис” нэртэй нэг шил архи авч уугаад сууж байхад өдөр 12 цагийн орчим Соронзонболд ганцаараа манай гэрт эрүүл орж ирээд бид дахин 0.750 гр “Чингис” архи авч хувааж уусан ба би архи дуусахаас өмнө согтоод унтчихсан. Ингээд гадаа харанхуй болсон хойно сэрээд хартал Соронзонболд манай гэрт том өрөөний голд шалан дээр өмссөн хувцастайгаа унтаж байхаар нь би буцаад унтсан. Дахин бүр харанхуй болсон хойно буюу 23 цагийн орчим сэрээд харахад Соронзонболд өмнө ямар байсан яг тэр хэвээрээ унтаж байхаар нь гэрт нь оруулах санаатай сэрээх гэтэл сэрэхгүй байхаар нь өргөөд гэрт нь оруулъя гэтэл өргөж дийлэхгүй байсан тул Соронзонболдын хашааны эзэн Буянаа гэдэг эмэгтэйг гэрээс нь дуудаж оруулж ирээд бид хоёр хамжаад Соронзонболдыг өргөж гэрт нь оруулж унтуулсан. Соронзонболдыг гэрт нь оруулж унтуулсаны дараа манай охин Уранзаяа Соронзонболдын гэрт ороод хартал их эвгүй байдалтай, хөдөлгөөнгүй хэвтэж байхаар нь айгаад 103-т дуудлага өгсөн байсан ба эмч нар ирж үзээд аваад явсан гэсэн. Харин би эмнэлэг дуудах үед гэртээ нүүрсээ буулгаж байсан. Түүний бие муудсан талаар надад хэлээгүй, эмнэлэг ирээд авч явах үед нь мэдсэн.

Бид нарын хооронд ямар ч маргаан болоогүй. Лхагва, Соронзонболд нар өмнө нь хоорондоо маргалдаж, зодолдож байсан удаа байхгүй. Бид нарыг архи ууж байхад манай гэрт 4, 6 настай манай хоёр зээ байсан. Манай охин Уранзаяа сонгуулийн сурталчилгааны ажилд явсан байсан. Намайг сэрэхэд их харанхуй болсон байсан. Нүүрс буулгах хүн ирнэ гэсэн болохоор би Соронзонболдыг гэрт нь оруулж унтуулсан юм. Түүнээс манай гэрт унтаж болох байсан. Соронзонболд ухаангүй согтуу унтаж байгаа хүн шиг байсан. Нүүр амнаас нь цус гарсан, хөхөрч няцарсан зүйл харагдаагүй” /хх-н 17/,

“... Лхагва 2016 оны 10 дугаар сарын 11-ний орой 21 цагийн орчим манай гэрт ганцаараа ирсэн. Би гэртээ охин Уранзаяа, Аззаяа нарын хамт байсан. Лхагва манайд ирэхдээ 2 шил архитай ирсэн ба түүнийг нь бид хоёр хувааж уугаад унтсан. Маргааш нь буюу 2016 оны 10 дугаар сарын 12-ны өглөө Лхагва 08 цагийн орчим босоод 0.75 граммын Чингис гэсэн архи авч ирсэнийг хувааж уугаад дуусч байсан. Энэ үед манай охин Уранзаяа байсан ба Аззаяа хичээлдээ явсан байсан. Архи уугаад дуусч байхад гаднаас Соронзонболд орж ирсэн. Соронзонболдыг 1994 оноос таних ба нэг дор ажиллаж байсан. Хамт 3-4 жил ажилласан. Хааяа нийлж хамт архи уудаг юм. Гэхдээ энэ хүнтэй муудаж маргаж байгаагүй, өс хонзон байхгүй. Соронзонболд манайд орж ирэхдээ урьд өмнө нь хаалгаа янзлахаар авч явсан алх авчирсан. Ингээд манайд орж ирээд хамт суусан. Би байшингийн үүдэн талын орон дээр, миний хажууд Лхагва, харин Соронзонболд сандал дээр өөдөөс хараад сууж байсан. Уранзаяа хоёр хүүхэдтэйгээ хойд орон дээр байсан. Манайх нэг л том өрөөтэй, гал тогоо гээд үүдний жижиг хэсэг байдаг. Тухайн үед би урьд өдөр нь архи их уусан, өглөө нь нэг шил архи уугаад дууссан Лхагва дахиад нэг шил архи авсан ба би согтсон байсан. Намайг согтоод унахад Лхагва, талийгаач Соронзонболд хоёр юм яриад сууж байсан. Юу ярьж байсан талаар мэдэхгүй. Лхагва, талийгаач Соронзонболд нар бие биенээ мэдэхгүй. Намайг унтах үед Уранзаяа байсан үгүйг мэдэхгүй байна. Ямар ч байсан ИТХ-ийн сонгуулийн сурталчилгаанд л явна гэж байсан. Урьд нь сурталчилгаанд хэд хоног явсан байсан. Тэгээд унтаж байгаад нэг сэрээд харахад хоёр зээ байсан. Соронзонболд шалан дээр үүд рүү толгой нь хараад хэвтэж байсан бөгөөд би бол унтаж байна гэж бодсон. Соронзонболд архи уучихаад хааяа манайд унтчихдаг. Лхагва байгаагүй. Лхагва өглөө ажил руугаа явна гэж байсан ба Төв аймагт шинэ онгоцны буудал дээр харуул хийж байгаа гэж байсан.

Уранзаяа байгаагүй. Тэгээд орой 19 цагийн орчим утас дуугараад сэрчихсэн ба манайх нүүрс авсан, тэр нь ирж байна гэж хэлсэн. Энэ үед нөгөө газраа Соронзонболд унтаж л байсан. Аззаяа хичээлээсээ ирчихсэн Уранзаяа гаднаас орж ирсэн байсан. Талийгаач чанга хурхираад байхаар нь унтаж байна гэж бодсон. Нүүрс хүн авч ирнэ гэж бодоод талийгаачийг сэрээх гэсэн боловч сэрэхгүй байсан тул гэрт нь хүргэж өгөхөөр хашаанд нь байдаг Батбуянг дуудуулсан. Соронзонболдын хүүхдүүд их орой ирдэг ба тэрээр хүү Чогдон охин Аагий нарын хамт амьдардаг. Батбуян ирээд бид нар өргөөд усны түрдэг тэрэг дээр хэвтүүлээд гэрт нь оруулж өгсөн. Усны тэрэг дээр өргөж тавих үед унагасан зүйл байхгүй.

Эмнэлэг түргэнийг Батбуян, Уранзаяа нар л дуудсан байх. Талийгаачийг өргөж гаргахад миний харснаар ямар нэг гэмтэл ажиглагдаагүй, цус гарсан зүйл байгаагүй. Би талийгаачийг Лхагватай муудаж маргасныг мэдээгүй зүгээр унтаж байсан гэж бодсон. Тэр орой талийгаачийг эмнэлэг хүргэж өгөхөөр Батбуян, Уранзаяа хоёр хамт явсныг мэдсэн. Тэгээд тэр шөнө сэхээнд хэвтсэн гэхээр нь маргааш нь уулзах гээд очсон чинь уулзуулаагүй. Ингээд ухаан орохгүй байсаар байгаад өнгөрсөн. Намайг орой 19 цагийн орчим сэрэхэд манай гэр зүгээр байдгаараа л байсан. Эвдэрч хэмхэрсэн зүйл байгаагүй. Талийгаач Соронзонболдын биед ил харагдах гэмтэл ажиглагдаагүй. Охин Уранзаяагийн яриагаар бол Лхагва Соронзонболдтой маргаад цохиод өшиглөсөн, намайг босч ирээд салгасан, орой гэрт нь талийгаачийг оруулахад толгой нь хавдсан байсан гэж байсан. Би бол их согтсон байсан болохоор санахгүй байгаа юм. Мөн толгой нь хавдсан байсныг анзаараагүй. Намайг байцаалт өгөхөд хэн нэгнээс дарамт шахалт үзүүлсэн зүйл байхгүй. Лхагва нь хүн зодоод алчихаар хүн биш. Юунаас болсныг мэдэхгүй. Соронзонболд согтчихоороо янз бүрээр хэлсэн байж магадгүй. Ямар ч байсан бие биеэ танихгүй” /хх-н 18-19/ гэсэн,

гэрч Гомбобазарын Уранзаяагийн “... 2016 оны 10 дугаар сарын 11-ний орой 22 цагийн орчим Лхагва ах манайд ирсэн. Тухайн үед Лхагва ах эгчийнхээс ирлээ гэж хэлсэн ба биед нь ил харагдах ямар нэгэн шарх сорви байгаагүй. Архи дарс хэрэглээгүй байсан. Савхин куртик, ажлын хувцас, хар өнгийн түрийтэй гуталтай байсан. Манайд аав Гомбобазар, бага дүү 14 настай Аззаяа, миний 1-4 настай хүүхэд л байсан. Лхагва ах манайд ирэхдээ архи авчирсан ба архиа аавтай хувааж уусан. Би Лхагва ахад хоол хийж өгөөд л хүүхэд, дүү нартайгаа унтсан. Аав, Лхагва ах хоёр архиа уугаад үлдсэн. Манайх гал тогтоотой залгаа том өрөөтэй, дан байшин. Тэр хоёр том өрөөнд аавын орны урд байдаг ширээний хажууд Лхагва ах суугаад л үлдсэн. Миний харснаар 2 шил 0.75 граммын архи хоёулаа хувааж уусан. Хоорондоо юм яриад л суусан. Лхагва ах манайд хааяа нэг ирэхдээ аавд архи авчираад хувааж уудаг юм.

Маргааш нь буюу 12-ны өглөө 07 цагийн орчим дүү хичээлдээ явсан бөгөөд Лхагва ах аав хоёр босчихсон, юм яриад сууж байсан. Намайг босоход тал шил архи ууж байсан. Би 08 цагийн орчим босоод хүүхдээ хувцаслаад ор дэрээ хураачихаад 09 цагийн орчим гэрээсээ гарсан. Учир нь би тухайн үед БГД-ийн 21 дүгээр хорооноос Орон нутгийн сонгуульд МАН-аас нэр дэвшсэн Баттулга, Сэмжидмаа нарын сурталчилгаанд явж байсан учир өглөө 09 цагаас очиж тараах материал авдаг юм. Гэхдээ ухуулагч гэсэн бичиг л өгдөг байснаа сонгуулийн дараа хураагаад авчихсан. Сурталчилгаанд 09 цагаас 20 цаг хүртэл явдаг ба өдөр цайны цагаар гэртээ хүүхдээ хөхүүлж хоол цай хийж өгдөг. Тэр өдөр өглөө 09 цагт шууд тараах материалаа аваад гарсан учраас манай хажуугийн 541 тоот хаягт байдаг Батбуян эгчээс сонгуулийн сурталчилгаанд ажлаар явж байна, та завандаа манайд ороод манай хүүхдэд каш өгөөд унтуулчихаач гэж утсаар гуйсан.

Ингээд 11 цагийн орчим би ажлын заваараа гэртээ очиход Батбуян эгч манайд орж ирээд хүүхдэд каш өгөөд унтуулчихсан байсан ба аав орон дээрээ суугаагаараа унтаж байсан. Лхагва ах манай хажуугийн Батбуян эгчийн хашаанд байдаг Соронзонболд гэх хүнтэй юм яриад сууж байсан. Тэр хоёр архи ууж байсан. Тэр хоёр нэг их согтоогүй зүгээр л юм яриад сууж байсан. Намайг ороход хүүхэд сэрсэн учраас би бага хүүхдээ хөхүүлсэн.

Аавын хажууд зүүн талд Лхагва ах суучихсан, ширээний хажууд Соронзонболд ах сууж байсан ба гэнэт л Лхагва ах Соронзонболд ахыг гараараа цохиод авсан. Би хүүхдээ хөхүүлж байсан учраас хаана нь цохисныг хараагүй боловч цохьчихлоо гэж мэдсэн. Соронзонболд ах газар бараг саваад уначихсан. Тэгсэн Лхагва ах босч ирээд толгой руу нь 2-3 удаа өшиглөсөн. Юунаас болсныг мэдээгүй ба гэнэт л цохиод унахаар нь өшиглөсөн ба их л хурдан болсон боловч Лхагва ах, Соронзонболд ах нар хашгираад орилоод байсан зүйл байхгүй. Би Лхагва ах руу та хүн аллаа гэж хашгирсан чинь аав суугаагаараа унтаж байгаад миний дуугаар сэрээд яагаад байна, боль, чи яв гээд Лхагва ахыг хөөгөөд гаргасан. Лхагва ах явах гэж байгаа бололтой хувцастайгаа байсан юм. Харин Соронзонболд ах газар эвхэрээд хэвтэж байсан. Ингээд Лхагва ах ч яваад өгсөн. Аав буцаад унтсан. Би бие засчихаад ороод ирэхэд Соронзонболд ах өндийгөөд нөгөө тийшээгээ хараад хэвтчихсэн байхаар нь унтаж байна гэж бодсон. Ингээд удалгүй Соронзонболд ах чанга чанга хурхираад байхаар нь унтчихлаа гэж бодсон. Гэхдээ Соронзонболд ахад ил харагдах шарх сорви байгаагүй, цус гарсан зүйл ч байгаагүй. Харин намайг байж байхад Соронзонболд ах хэвтэж байгаад бөөлжиж байгаа юм шиг огиод шүлсээ хаясан. Гэхдээ цус гараагүй учраас би архиараа бөөлжиж байгаа юм байх гэж бодсон юм.

Ингээд Батбуян эгчийг гуйгаад хүүхэд түр хараад өгөөч гээд 14 цагийн орчим Батбуян эгч манайд орж ирэхэд нь би зөрөөд сонгуулийн ажилдаа гарсан. Батбуян эгч манайд үлдсэн ба 16 цагийн орчим ирэхэд Батбуян эгч манай хүүхдийг хараад сууж байсан ба аав орон дээр, Соронзонболд ах нөгөө газраа унтаж байсан. Намайг ирэхэд Батбуян эгч гараад дүү ч хичээлээсээ ирсэн. Харин аав нэг сэрээд Лхагва ах чинь хаачсан бэ гэхээр нь би болсон явдлыг хэлсэн чинь аав мэдэхгүй байсан.

Ингээд би 17 цагийн орчим гараад орой 20 цагийн үед ирэхэд манайд Батбуян эгч ирчихсэн, аавтай хамт Соронзонболд ахыг гэрт нь оруулж өгөх гээд гал тогооны хэсэгт өргөөд оруулчихсан даахгүй байна, сэрэхгүй байна гээд байж байсан. Би хамт өргөлцөөд усны тэрэг дээр тавиад түрж гэрт нь оруулсан. Гэрт нь оруулах үед сэрэхгүй байхаар нь одоо сэрвэл сэрэх болсон байх гэж яриад юу ч гэсэн эмнэлэг дуудъя гээд эмнэлэг дуудсан юм. Түргэн ирэхээр нь Батбуян эгч бид хоёр хамт эмчтэй орсон ба эмч аваад явна гэхээр нь хамт эмнэлэг явсан. Эмнэлэг дээр очоод би эмчид болсон асуудлыг хэлсэн. Гэтэл ар гэрээс нь хүн дууд гээд хүүхдийг нь дуудсан. Харвасан юм шиг байна гэж эмч хэлсэн.

Соронзонболд ах манайхтай хамаатан садан биш хөрш болохоор хааяа нэг манайд орж гардаг. Аавтай нэг дор ажиллаж байсан гэсэн ба архи дарс хэрэглэсэн байдаг. Гэхдээ муудаж маргасан зүйл харагдаагүй ба нэг удаа манай хашаанд согтоод унтчихсан байхад нь гэртээ оруулж унтуулж байсан. Манай аав ч Соронзонболд ах ч гэсэн ажил төрөл байхгүй гэртээ байдаг. Талийгаачийг хэд хоногийн дараа өнгөрсөн гэж мэдсэн. Лхагва ах талийгаачийг эхэлж цохиод дараа нь газар унасан байхад нь 2-3 удаа толгой руу нь хар өнгийн хагас түрийтэй гуталтай хөлөөрөө өшиглөсөн. Юунаас болж муудаж маргасныг мэдэхгүй. Намайг гаднаас орж ирэхэд юм яриад л сууж байсан. Харин цус гараагүй. Талийгаач газар хэвтэж байхдаа эргэж нөгөө тийшээ харсан. Өөр юм яриагүй. Хурхираад байхаар нь би унтчихлаа гэж бодсон. Мөн аав босч ирж Лхагва ахыг хөөж явуулсан боловч тэрийгээ мэдэхгүй байна лээ. Орой нь манайд нүүрс буух байсан учир аав гаднаас хүн ирнэ Соронзонболд ахыгаа гэрт нь хүргээд өгчих гээд л гэрт нь оруулсан” /хх-н 21-23/ гэсэн,

гэрч Даваацэрэнгийн Батбуянгийн “... талийгаач Соронзонболд хааяа нэг архи уучихдаг ба хааяа агсрах маягтай манай цонхыг нүдээд байдаг байсан. Талийгаачтай хэрэг болох үед архи уусан гэх Гомбобазар гээд манайхаас хоёр хашааны наана Горькийн 18-539 тоотод байх айлыг хөрш болохоор мэдэх ба охин нь Заяа гээд хүүхэн байдаг. Бас л танилын харьцаатай. 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 10 цагийн орчим Гомбобазарын охин Заяа нь над руу утсаар залгаад “эгчээ манай хүүхдийг угжаад өгөөч, би сонгуулийн ажлаар явах хэрэгтэй болчихлоо” гэсэн. Тэр Заяа 6 сартай хүүхэдтэй ба сонгуулийн сурталчилгаанд явж байсан юм. Ингээд би гэрт нь ороход Гомбобазар нэг 40 орчим насны залуутай архи уугаад сууж байсан. Намайг ороход Заяа нь гараад явчихсан байсан ба би хүүхдийг нь угжчихаад усны тэргийг нь аваад гарсан. Тэр хоёр нилээн согтсон байсан ба ойр зуурын юм л ярьж байсан. Ингээд би ус авчихаад гэртээ байж байхад 11 цагийн орчим талийгаач Соронзонболд нэг алх барьчихсан Гомбобазар ахын гэрт орчихоод ирье, алхыг нь өгье гэж хэлээд гарсан. Энэ үедээ эрүүл уугаагүй байсан. Миний сонссоноор Соронзонболд нь хөл гар муутай, их л сорвитой юм байна лээ. Бие өвдөөд л гэж байдаг байсан. Ингээд 13 цагийн орчим би Гомбобазарын гэрт усны тэргийг нь оруулж өгөхөөр ороход Гомбобазар орон дээрээ унтаж байсан ба талийгаач Соронзонболд орных нь гол хавьд газар хурхираад унтаж байсан. Харин Заяа ирээгүй, 6 сартай хүүхэд нь 4 настай ахынхаа хамт байсан. Харин өглөө байсан залуу нь байхгүй байсан. Энэ үед гэр орон нь эмх цэгцтэй байсан ба зодоон цохион болсон шинж мэдэгдээгүй. Соронзонболдыг унтаж байна гэж харсан ба ил харагдах гэмтэл шарх харагдаагүй. Өглөө ч гэсэн манайд ирэхдээ ил харагдах шарх гэмтэл байгаагүй. Би хүүхдээ сургуульд нь хүргэж өгөөд 17 цагийн орчим охиноо сургуулиас аваад 19 цагийн орчим том хүү сургуулиас ирээд хоолоо хийх гээд байж байтал Гомбобазар ахын бага охин Азаа нь манайд ирээд аав таныг дуудаж байна, Соронзонболд ах босдоггүй. Налайхаас нүүрс ирэх гээд байна, гэрт нь оруулах гэсэн юм гэхээр нь би Гомбобазарын гэрт ороход Соронзонболд өдөр байсан газраа мөн л хурхираад хэвтэж байсан. Гаднаас удалгүй Заяа нь ороод ирсэн. Тухайн үед би Соронзонболдыг өдөр хурхираад хэвтэж байсан ингэтлээ хурхирч унтмааргүй юм, эмнэлэг дуудсан нь дээр юм биш үү гээд Заяа эмнэлэг рүү ярьсан ба Гомбобазар би Заяа, Азаа бид дөрөв эмнэлэг ирэхээс өмнө талийгаачийг өргөөд усны түрдэг тэрэг дээр тавиад гэрт нь оруулсан. Талийгаачийн гэрт хүн байгаагүй ба түлхүүр нь өөрт нь байсан юм. Удалгүй эмнэлэг ирээд 3 дугаар эмнэлэг рүү очсон. Би Чогдон руу залгаад эмнэлэгт байна гэж хэлсэн. Тэндээс нь Гэмтлийн эмнэлэг рүү авч явахад эхнэр нь ирчихсэн байсан. Заяа эмнэлэг рүү надтай хамт явж байсан бөгөөд эмчид Соронзонболдыг аавтай хамт архи уусан хүн зодсон, толгой руу нь өшиглөсөн гэж хэлж байсан. Намайг орой 19 цагийн орчим талийгаачийг гэрт нь оруулж байхад нэг чихнийх нь орчим хавдчихсан, өөр ил харагдах шарх, цус байхгүй, хувцас нь зүгээр байсан ба харин чанга хурхираад амнаас нь шүлс гарч байсан. Усны тэрэг дээр тавих үед унагаагүй. Заяа нь эмчид нэг хүн толгой руу нь өшиглөсөн гэж хэлж байсан. Миний ойлгосноор Гомбобазарын гэрт маргаан болж толгой руу нь өшиглөснийг Заяа сайн мэдэх юм шиг байна лээ. Өөрөө тэгж яриад байсан. Соронзонболд өглөө нь зүгээр байсан. Миний хувьд өөр нэмж ярих зүйл байхгүй. Намайг байцаалт өгөхөд хэн нэгнээс дарамт шахалт үзүүлсэн зүйл байхгүй” /хх-н 24-26/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “Талийгаачид тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, тархины зүүн тал бөмбөлгийн зулай, чамархайн дэлбэнгийн урд хэсэг, хоёр тал бөмбөлгийн духны дэлбэнгийн тархины эдийн няцрал, баруун нүдний салстад цус харвалт, зүүн эгэм, баруун, зүүн бугалга, зүүн шуу, хэвлий, баруун, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүдээс тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, тархины зүүн тал бөмбөлгийн зулай, чамархайн дэлбэнгийн урд хэсэг, хоёр тал бөмбөлгийн духны дэлбэнгийн тархины эдийн няцрал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, баруун нүдний салстад цус харвалт, зүүн эгэм, баруун, зүүн бугалга, зүүн шуу, хэвлий, баруун, зүүн гуян дахь цус хуралт гэмтэл нь 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин баруун нүдний салстад цус харвалт, зүүн эгэм, баруун, зүүн бугалга, зүүн шуу, хэвлий, баруун, зүүн гуян дахь цус хуралт гэмтлүүд нь тус тусдаа 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Талийгаач нь тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, тархины зүүн тал бөмбөлгийн зулай, чамархайн дэлбэнгийн урд хэсэг, хоёр тал бөмбөлгийн духны дэлбэнгийн тархины эдийн няцрал гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаач нь уушгины хатгаа өвчтэй байна. Талийгаач нь эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн тул химийн шинжилгээ хийх шаардлагагүй. ГССҮТ-ийн 25716 дугаартай өвчний түүхэнд дурьдсанаар талийгаач нь 3 дугаар бүлгийн цустай байна” гэсэн 1916 тоот дүгнэлт /хх-н 41-42/,

талийгаач Содномын Соронзонболдын “Өвчний түүх” /хх-н 45-58/, гэрэл зургууд /хх-н 43/ болон бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Түүнчлэн хохирогчоор тогтоогдсон Бизъяагийн Энхтуул “... талийгаач бид хоёр 1991 онд албан ёсоор гэр бүл болж, 1992 онд хүү Чогдонтүмэн, 1994 онд охин Алтангадас, 1998 онд хүү Алтаншагай, 2001 онд хүү Саранбаатар нар төрсөн. Би өөрөө хувиараа сангийн ажил хийдэг. Талийгаачийг нас барахаас өмнө би 2016 оны 7 дугаар сарын сүүлчээр хөдөө Завхан аймаг руу хувиараа ажил хийхээр явсан ба талийгаач нь хүү Чогдонтүмэнгийн гэрт үлдсэн. Хүүгийн гэр Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 541 тоотод хашаа түрээсэлж байгаа бөгөөд тэнд хамт байсан. 2016 оны 10 дугаар сарын 13-ны өглөө манай хүү Чогдонтүмэн утсаар “аавын бие муу, сэхээнд, эмнэлэгт байна” гэж хэлсэн. Ингээд би Завхан аймгаас ирэхэд Гэмтлийн эмнэлэгт нөхөр Соронзонболд ухаангүй, хоёр ч удаа хагалгаанд орсон байсан. Юу болсон талаар асуухад хүнд зодуулаад ухаангүй байгаа, хажуугийн Гомбо гэх айлд байж байгаад түүний дүүд нь зодуулсан гэж сонссон. Лхагва гэх хүн зодсон гэсэн ба түүний эгч гэх нэг эмэгтэй хүнтэй утсаар ярьсан ба нүүр нүүрээрээ уулзъя гэхэд зөвшөөрсөн боловч уулзаж чадаагүй. Харин Лхагва гэх хүнийг би бол гадарлах байх, урьд Гомбо гэх ахтай нь би нэг дор ажиллаж байсан ба тэр үед л харж байсан. Болсон хэргийн талаар би сайн мэдэхгүй, Гомбо гэх айлд манай нөхөр Соронзонболд дүү Лхагвад нь зодуулаад эмнэлэгт ухаангүй очсон юм байна гэж ойлгосон. Энэ хэрэг явдал болох үед хүү Чогдон, Алтангадас нар байгаагүй юм байна гэж ойлгосон. Талийгаачийг эмнэлэгт сахиж байхад эмч нар түүний тархи няцарсан гэсэн дүгнэлт гаргасан. Бидний зүгээс гомдолтой байна. Эмчилгээ болон ажил явдлын зардал нэхэмжилнэ. Хуулийн дагуу шийдүүлнэ. Лхагва гэх хүн энэ хэргийг үйлдсэн гэж бид үзэж байна” /хх-н 13-14/,

“... талийгаач Соронзонболд нь 2011 оноос хойш ажил төрөл хийгээгүй. Урьд нь гэмтээд хөл муутай болчихсон, хүүхдүүдийнхээ гэр оронг хараад л байж байдаг. Би болон хүүхдүүд нь мөнгө өгдөг байсан. Архаг хууч өвчин гэх зүйл мэдэгдээгүй. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр уушигны хатгаа өвчтэй байсан нь харагдаж байна. Энэ талаар мэдэхгүй, хааяа нэг ханиагаад л байдаг байсан. Ийм өвчтэй байсан байж магадгүй. Гомбобазар гэх хүнийг бол би танина. Манай хөрш, ойролцоо байдаг, бас хамт нэг дор ажилладаг байсан учир гэрээр нь орж гардаг байсан. Ар гэрийнхэн болон миний зүгээс хэргийн нөхцөл байдлыг мэднэ, гэмт хэрэгт холбогдсон хүний мэдүүлэгтэй танилцаж байсан. Харсан үзсэн хүмүүсээс нь ч энэ хэргийн талаар сонссон. Лхагва гэх танихгүй залуутай айлд хамт архи ууж байгаад л толгойдоо өшиглүүлээд түүнээсээ болж гэмтээд нас барсан байна гэж ойлгож байгаа. Эмч нар ч гэсэн толгойдоо хүнд гэмтэл авсан байна, ямар ч байсан хагалгаа хийе, амь насыг нь аврах боломжтой эсэхийг мэдэхгүй гэж хэлж байсан. Хүнээ алдсан болохоор гомдолтой. Эмнэлэгт байхад зөвхөн толгойдоо гэмтэлтэй гэж байсан ба толгой нь битүү хавдсан байсан. Тэгэхээр бас Лхагва толгойд нь өшиглөсөн гэж хэлж байгаа учраас үнэн ярьж байна гэж ойлгож байна. Эгч нь ч гэсэн надтай уулзсан. Бас Гомбобазарын охин нь ч гэсэн толгойд нь өшиглөсөн гэж хэлсэн. Энэ талаар ямар нэг маргаан байхгүй. Ийм учраас энэ хэрэгт дахин шалгуулах зүйл байхгүй. Хуулийн дагуу шийдүүлнэ. Хохирол төлбөрийн хувьд эгч нь боломжоороо өгнө гэж байсан. Хохирол төлбөрийг гаргуулж өгөөч гэж хүсч байна. Өөр нэмж ярих зүйлгүй” /хх-н 16/ гэж,

гэрч Соронзонболдын Чогдонтүмэн “... манай аав ажил хийж байгаад 2006 онд хөлөө төмрөнд даруулаад 2 жил гаруй эмчлүүлсэн ба сүүлийн 4 жил гаруй ажил төрөл хийгээгүй. Харин хүмүүсийн ажилд туслаад явдаг байсан. Би 2016 оны 10 дугаар сарын 11-ний орой 20 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн ба аав ганцаараа байсан. Манай хашаанд Батбуян гэх хашааны эзэн айл байдаг. Манайх энэ айлын хашаанд гэрээ хөлсөөр барьсан ба сард түрээсийн 50.000 төгрөг өгдөг. 12-ны өглөө би 09 цагийн орчим ажилдаа явсан ба дүү нар айлд хоноод аав бид хоёр л хоносон. Орой нь 20 цагийн орчим би ажлаа тараад явж байхад 3 дугаар эмнэлгээс манай хажуу айлын Батбуян эгч эхлээд утсаар яриад аав чинь ухаан орохгүй 3 дугаар эмнэлэг дээр байна гэж хэлсэн. Үүний дараа эмнэлгээс Соронзонболдын гэр бүл мөн үү, Соронзонболд эмнэлэг дээр ухаангүй байна гэж хэлсэн. Би шууд 3 дугаар эмнэлэг дээр очиход Батбуян, Гомбобазарын охин Заяа нар байсан. Заяа нь надад хэлэхдээ манай аав Гомбобазар ах Лхагва нар архи ууж байхад аав орж ирсэн ба юунаас болсон юм гэнэт л аавыг тэр ах цохиод авсан тэгээд хэвтэж байгаад сая эмнэлэг дуудлаа гэж хэлсэн. Ер нь өдөржингөө тэнд хэвтсэн юм байна лээ. Ингээд аавыг Гэмтлийн эмнэлэг рүү шилжүүлсэн. Энэ үед цагдаа ирээд Гомбобазарын гэрт очсон юм. Би цагдаатай Гомбобазарын гэрт очиход нэг байшинтай айл байсан бөгөөд гэрт нь ороход Гомбобазар шал согтуу хэвтэж байсан. Бага охин нь гээд нэг хүүхэд, бас хоёр жаахан хүүхэд байсан. Гэрт нь эд зүйлс нь эмх цэгцтэй, эвдэрч хэмхэрсэн зүйл байгаагүй. Заяа нь болсон асуудлыг сайн мэдэж байсан ба хажууд нь байсан аавыг өндийхөд нь тэр Лхагва гэх хүн цохиж өшиглөсөн гэж байсан. Би хамт байгаагүй. Аав минь ухаангүй байсаар байгаад нас барсан болохоор болсон явдлыг мэдэхгүй байна. Ямар ч байсан Лхагва гэх хүнд гомдолтой” /хх-н 27-29/ гэж,

гэрч Чойжинжавын Цэрэнцогт “... Соронзонболд бол миний төрсөн хүү, би ээж нь байгаа юм. 2016 оны 10 дугаар сарын 12-ны орой 22 цагт ухаангүй байдалтай Гэмтлийн эмнэлэгт хүргэгдэн ирээд одоо хүртэл ухаан ороогүй, хиймэл амьсгалын аппратаар амьсгалуулан сэхээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа ба эмч нар хэлэхдээ биеийн байдал маш хүнд байгаа, найдваргүй шүү гээд бид нарыг цагаар оруулж харуулж байгаа. Ямар ч ухаангүй байна. Эмч хэлэхдээ тархины бүдүүн судас тасарсан. Түүнээс цус алдаад цусан хураа үүссэн байгаа ирсэн оройноо хагалгаанд орсон боловч биеийн байдал сайжрахгүй байгаа тул дахин хагалгаа хийнэ гэж хэлсэн. Миний харснаар Соронзонболдын зүүн талын чихний орчим хөхөрсөн байсан ба яг тэр талдаа цусан хураа үүссэн байсан” /хх-н 30/ гэж тус тус мөрдөн байцаалтын явцад мэдүүлжээ.

Эдгээр бичгийн баримтууд нь хохирогч /талийгаач/ С.Соронзонболд гэмт хэргийн улмаас нас барсан гэдгийг нотлохын зэрэгцээ түүний хувийн байдлыг тодруулсан баримтууд юм.

Харин “Танхайрах” гэмт хэргийн обьект нь нийгмийн хэв журам байхаас гадна “Танхайн сэдэлт” гэж нийгэмд тогтсон эрх зүйн болон ёс суртахууны хэм хэмжээ, уламжлагдан ирсэн зан заншлыг үл тоомсорлон, өөрийн ичгүүр сонжуургүй, догшин зан авир, бүдүүлэг үйлдлээ бусдын анхаарлын төвд байлгахыг эрмэлзэх, ямар ч шалтгаангүй, эсхүл ялимгүй зүйлийг шалтаг болгосныг хэлдэг.

Хохирогч /талийгаач/ С.Соронзонболдын амь насыг хохироосон шүүгдэгч М.Лхагвын үйлдлийг “танхайн сэдэлттэй” гэж дүгнэхэд эргэлзээтэй байна.

Учир нь; хэргийн үйл баримтаас үзвэл шүүгдэгч М.Лхагва, хохирогч /талийгаач/ С.Соронзонболд, гэрч Б.Гомбобазар нарын хэн аль нь тухайн цаг хугацаанд согтуурлын байдалтай байсан төдийгүй тэдгээрийн хооронд үл ялих зүйлээр шалтаглан танхайрсан гэдгийг нотолсон баримт хангалттай авагдаагүй болно.

Шүүгдэгч М.Лхагвад холбогдох энэ гэмт хэргийн үйл явцыг харсан гэх цорын ганц гэрч Г.Уранзаяагийн мэдүүлгээр хэргийн зүйлчлэлийг хүндрүүлж “танхайн сэдэлттэй” гэх боловч түүний мэдүүлэгт “... яг ингэж танхайрсан” гэдэг нь тодорхой тусгагдаагүй,

тухайлбал тэрээр “... Лхагва ах манай хажуугийн Батбуян эгчийн хашаанд байдаг Соронзонболд гэх хүнтэй юм яриад сууж байсан. Тэр хоёр архи ууж байсан. Тэр хоёр нэг их согтоогүй зүгээр л юм яриад сууж байсан. Намайг ороход хүүхэд сэрсэн учраас би бага хүүхдээ хөхүүлсэн. Аавын хажууд зүүн талд Лхагва ах суучихсан, ширээний хажууд Соронзонболд ах сууж байсан ба гэнэт л Лхагва ах Соронзонболд ахыг гараараа цохиод авсан. Би хүүхдээ хөхүүлж байсан учраас хаана нь цохисныг хараагүй боловч цохьчихлоо гэж мэдсэн. Соронзонболд ах газар бараг саваад уначихсан. Тэгсэн Лхагва ах босч ирээд толгой руу нь 2-3 удаа өшиглөсөн. Юунаас болсныг мэдээгүй ба гэнэт л цохиод унахаар нь өшиглөсөн ба их л хурдан болсон боловч Лхагва ах, Соронзонболд ах нар хашгираад орилоод байсан зүйл байхгүй”, “... Лхагва ах талийгаачийг эхэлж цохиод дараа нь газар унасан байхад нь 2-3 удаа толгой руу нь хар өнгийн хагас түрийтэй гуталтай хөлөөрөө өшиглөсөн. Юунаас болж муудаж маргасныг мэдэхгүй. Намайг гаднаас орж ирэхэд юм яриад л сууж байсан” гэж мэдүүлжээ.

Нөгөөтэйгүүр прокуророос шүүгдэгч М.Лхагвыг “... тодорхой шалтгаангүйгээр танхайн сэдэлтээр хүнийг санаатай алсан” гэж яллаж байгаа боловч мөрдөн байцаалтын явцад энэ байдлыг бүрэн тогтоож чадаагүй тул ЭБШХ-ийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь заалтыг баримтлан шүүх шийдвэрлэлээ.

Иймд Баянгол дүүргийн прокурорын газраас М.Лхагвад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 болгон хөнгөрүүлэн зүйлчилж,

Боржигон овогт Махвалын Лхагвыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

Шүүхээс шүүгдэгч М.Лхагвад ял оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал буюу үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгааг тус тус харгалзлаа.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч М.Лхагва нь хүний амь насыг хөнөөсөн үйлдэлдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд харин “танхайн сэдэлт”-ээр уг хэргийг үйлдээгүй гэдэг тайлбараа шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Гансүх “... гэрч Г.Уранзаяагаас дахин мэдүүлэг авах, ... мөрдөн байцаалтын явцад яллагдагчийг өмгөөлөгчгүйгээр байцаасан, ... хэрэгт хөндлөнгийн гэрчээр оролцсон С.Чогдонтүмэн, Г.Уранзаяа нарыг гэрчээр байцаасан нь байцаан шийтгэх ажиллагааны ноцтой зөрчил мөн. ... Хохирол нэхэмжлэлтэй холбоотой баримтууд хуулбар хувь байгаа нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна. ... Эдгээр алдаа зөрчлийг арилгуулах үүднээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалгая” гэсэн хүсэлт гаргасныг шүүх хүлээж авах шаардлагагүй гэж үзэв.

Хэдийгээр өмгөөлөгчийн хэлсэнчилэн алдаа зөрчил энэ хэрэгт байгаа боловч дээрх алдаанууд засагдах боломжгүйгээс гадна хэргийн зүйлчлэлд нөлөөлөх хийгээд, гэмт хэргийг үгүйсгэх хэмжээний ач холбогдол бүхий ажиллагаа болохгүй.

Түүнчлэн прокурорын яллах дүгнэлт хохирогч /талийгаач/ С.Соронзонболдыг 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр нас барсан мэтээр бичигдсэнийг шүүх зөвтгөн бичих нь зүйтэй. Энэ байдал нь ЭБШХ-ийн 80 дугаар зүйлийн шаардлагад нийцнэ.

Хохирол төлбөрийн хувьд;

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Энхтуул талийгаач С.Соронзонболдын оршуулгын ажлын зардалд болон түүний амьд байх үеийн эмчилгээний зардалд гэж нийт 7.689.490 төгрөг нэхэмжилснээс 4.455.792 төгрөгийг шүүгдэгч М.Лхагваас гаргуулж, хохирогч Б.Энхтуулд олгохоор,

хохирогч Б.Энхтуул нь нотлох баримтын шаардлага хангасан баримтаа бүрдүүлж нэхэмжлэлээ жич гаргах эрхийг нээлттэй үлдээв.

Эд мөрийн баримтаар шүүгдэгч М.Лхагвын тухайн үед өмсөж явсан гэх хар өнгийн, хагас түрийтэй нэг хос гутал хураагджээ. /хх-н 11/ Уг гутлыг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан зэвсэг, хэрэгсэл гэж үзэхэд учир дутагдалтай байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар түүнд буцаан олгох нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй болно.

Шүүгдэгч М.Лхагва 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл нийт 127 хоног цагдан хоригджээ. /хх-н 69, 70, 73, 89, 162, 190/

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн прокурорын газраас М.Лхагвад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 болгож хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

2. Боржигон овогт Махвалын Лхагвыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар М.Лхагвыг 11 /арван нэг/ жил хорих ялаар шийтгэсүгэй.

4. М.Лхагвад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар оногдуулсан 11 жил хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар чанга дэглэмтэй, эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

5. М.Лхагвын цагдан хоригдсон 127 /нэг зуун хорин долоо/ хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч М.Лхагваас 4.455.792 төгрөг гаргуулж хохирогч Б.Энхтуулд олгож,

хохирогч Б.Энхтуул нь нотлох баримт бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэлээ жич гаргах эрхтэйг дурдсугай.

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж,

эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч М.Лхагвын тухайн үед өмсөж явсан гэх хар өнгийн, хагас түрийтэй нэг хос гутлыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар түүнд буцаан олгосугай.

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл М.Лхагвыг цагдан хорьсонг хэвээр байлгасугай.

 

                                  ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      О.ЖАНЧИВНЯМБУУ

                                            ШҮҮГЧ                                       Л.ОЮУН

                                            ШҮҮГЧ                                       Ц.ДАЙРИЙЖАВ