Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 123/ШШ2020/0022

 

 

 

 

 

 

2020 оны 07 сарын 02 өдөр Дугаар Зуунмод сум

123/ШШ2020/0022

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: М м п ХХК,

Хариуцагч: Төв аймгийн А сумын З д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: М м п ХХК-ийн 2019 оны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзаж буй Төв аймгийн А сумын Засаг даргын шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, 2019 оны байгаль орчин менежментийн төлөвлөгөөг батлахыг Төв аймгийн А сумын З д даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М м п ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч Төв аймгийн А сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, хариуцагчийн өмгөөлөгч Д.Б, Б.Х шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхням нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Ммп ХХК-ийн захирал А.О шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: М м п ХХК нь Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсийн даргын 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 468 дугаар шийдвэрээр Төв аймгийн А сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших Аранжин нэртэй газар дугаар ХҮ-019909 тоот гэрчилгээтэй хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэг.

Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах талаар дараахь үүрэг хүлээнэ, 38.1.1 тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор байгаль орчны хяналтын алба болон хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргатай зөвшилцөн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулах 38.1.3 энэ хуулийн 38.1.1-д заасан төлөвлөгөөг тухайн хайгуулын талбайн байрших сум, дүүргийн Засаг даргад хүргүүлж батлуулах, 38.2 Сум дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ гэж тус тус заасан байдаг.

Манай компани тусгай зөвшөөрөл авснаас хойш байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэн Төв аймгийн А сумын Засаг даргад удаа дараа хүргүүлж байсан боловч тус сумын Засаг дарга танай компанийн хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай Газрын тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасан газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, мөн нэр бүхий 4 иргэний өвөлжөөний газартай давхардсан учир байгаль орчин менежментийн төлөвлөгөөг батлах боломжгүй гэсэн хариуг өгдөг.

Улмаар манай компани Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ММП ХХК-ийн 2017 оны байгаль орчин менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан Төв аймгийн А сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, ММП ХХК-ийн 2017 оны байгаль орчин менежментийн төлөвлөгөөг батлахыг Төв аймгийн А сумын Засаг даргад даалгах тухай нэхэмжлэл гаргасан. 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх дугаар 221/МА2018/0393 тоот магадлал гаргаж Төв аймгийн А сумын Засаг даргын ММП ХХК-ийн 2017 оны хайгуулын ажлын байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзаж байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг нь тогтоож, ММП ХХК-ийн 2017 оны байгаль орчин менежментийн төлөвлөгөөг батлахыг Төв аймгийн А сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн бөгөөд тус магадлал өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байна. Гэтэл Төв аймгийн А сумын засаг дарга шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэлгүй манай компанийн хайгуулын ажлын байгаль орчны менежментийн 2017, 2018, 2019 аль ч оны байгаль орчин менежментийн төлөвлөгөөг өнөөдрийг хүртэл батлаагүй байна.

Манай компани 2017, 2018, 2019 онуудын байгаль орчин менежментийн төлөвлөгөөг батлуулахаар Төв аймгийн А сумын Засаг дарга удаа дараа хандаж хүсэлт гаргаж байсан бөгөөд хамгийн сүүлд 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 08/2019 тоот албан бичгээр Төв аймгийн А сумын Засаг даргад манай компанийн 2019 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталж өгөхийг хүссэн. Гэвч Төв аймгийн А сумын Засаг дарга 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 05/234 тоот албан бичгээр татгалзсан хариу өгсөн бөгөөд татгалзсан эрх зүйн үндэслэлээ .. танай компанийн хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай Газрын тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т заасан газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, мөн нэр бүхий 3 иргэний өвөлжөөний газартай.. гэж тайлбарласан. Гэтэл тус татгалзлыг шатны шүүхийн дугаар 221/МА2018/0393 тоот магадлалаар эрх зүйн үндэслэлгүй гэдгийг нь тогтоосон байдаг.

Иймд манай компанийн 2019 оны байгаль орчин менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзаж буй Төв аймгийн А сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг нь тогтоож, ММП ХХК-ийн 2019 оны байгаль орчин менежментийн төлөвлөгөөг батлахыг Төв аймгийн А сумын Засаг даргад даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баатарцогт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ММП ХХК нь Төв аймгийн А сумын Аранжин гэх газар хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг тухайн хуулийн 38.1.3 дахь хэсэгт заасны дагуу сумын Засаг даргаар батлуулах үүрэгтэй. Батлуулсан байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөгөө хайгуул явуулах талбай дээрээ байлгах үүрэг хүлээдэг. Уг үүргийнхээ дагуу байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулаад уг төлөвлөгөөг хуульд заасан үндэслэл журмын дагуу баталж өгнө үү гэсэн хүсэлт удаа дараа явуулсан. Гэтэл А сумын Засаг дарга нь манай гаргасан төлөвлөгөөг батлахаас эрх зүйн үндэслэлгүйгээр татгалзаж байсан. Сүүлд 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдөр менежментийн төлөвлөгөө болон хүсэлтээ сумын Засаг дарга болон хяналтын ажилтанд явуулж байсан. Үүнд албан бичгээр хариу өгсөн байгаа. 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр албан бичиг ирүүлсэн. Уг албан бичгээр хайгуулын тусгай зөвшөөрөл нь тухайн оны газар зохион байгуулалтад ороогүй байна. Мөн нэр бүхий иргэдийн газартай давхцаад байна гэдэг тайлбар өгөөд батлахаас татгалзсан. Татгалзаад байгаа шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх дүгнээд татгалзал нь үндэслэлгүй гээд шийдвэрлэсэн байхад одоог хүртэл татгалзаад байна. Сүүлд имэйлээр 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр эрх зүйн үндэслэлээ нэмээд Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх хэсэг, Тусгай хамгаалалттай газрын орчны бүсийн тухай хуулийн 9.1 гэх заалтуудыг нэмсэн байна. Манай зүгээс 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр бичгээр хүсэлтээ өгөхөд 08 дугаар сарын 22-ны өдөр бичгээр хариу өгсөн байгаа. Гэтэл жилийн дараа энэ хүсэлтэд дахин хариу өгч байгаа нь ямар утгатай албан бичиг вэ гэдэг нь тодорхойгүй зүйл ирүүлсэн байдаг. Хариуцагч талаас Ашигт малтмалын тухай хууль 2006 онд баталсан. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль 2012 онд батлагдсан. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нарийвчилсан болон ерөнхий үнэлгээ гэдэг ойлголт орж ирээд түүнтэй холбогдоод байгаль орчинтой холбоотой зохицуулалт тодорхой хэмжээгээр нэмэгдсэн гэж тайлбарлаж байна. Манай компанийн байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг батлахгүй байх шалтгаан бол төлөвлөгөө батлуулах журам зөрчсөн гэж үзэж байна. Хууль хэрэглээний уялдаа холбоог сайн тайлбарлахгүй бол ойлголтын зөрүү гараад байна. Ямар зөрүү вэ гэвэл Ашигт малтмалын тухай хуульд хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа компани байгаль орчинд нөлөөлөх ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ хийлгэнэ гэдэг зохицуулалт байхгүй. Хайгуулын тусгай зөвшөөрлөө ашиглалтын тусгай зөвшөөрөл болгож өөрчлөхдөө байгаль орчинд нөлөөлөх ерөнхий үнэлгээ хийлгээд түүн дээр байгаль орчны менежментийн төлөвлөгөө гаргадаг. Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлд 35.2 дахь хэсэгт ... хайгуулын тусгай зөвшөөрөлтэй эзэмшигч нь дараах бичиг баримтыг үйл ажиллагаа явуулж байгаа талбай дээр байлгана. Үүнд: хайгуулын тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, байгаль орчны менежментийн төлөвлөгөө зэргийг талбай дээр байлгах ёстой гэж заасан. Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа компани үйл ажиллагаа явуулж байгаа талбай дээр дараах зүйлсийг байлгах ёстой. Үүнд гэрчилгээний хуулбар, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөө байлгана. Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлд хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүрэг байдаг. Мөн хуулийн 39 дүгээр зүйлд ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүрэг байдаг. Үүнээс үзэхэд ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа байгууллага байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэж, байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулсан байх ёстой. Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа компанид тийм зүйл байхгүй. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль 2012 онд батлагдсан. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсон. Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн заалтад өөрчлөлт ороогүй. Гэтэл хариуцагч байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг аль аль нь хийлгэх ёстой гэж тайлбарлаад байна. 2 хууль зөрчилдвөл нарийвчилсан хуулийг баримтлах ёстой. Нарийвчилсан хууль аль нь вэ гэхээр Ашигт малтмалын тухай хууль юм. Хариуцагч Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7.2 дугаар зүйлийг баримталж тайлбар хийсэн. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7.2 дугаар зүйлд ...Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг байгалийн нөөцийг ашиглах, газрын тос болон ашигт малтмал хайх, ашиглах, аж ахуйн зориулалтаар газар эзэмших, ашиглах эрх авах болон төсөл хэрэгжүүлэхээс өмнө хийнэ гэж заасан. Уг зүйл заалтыг баримтлаад хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа компани нь байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэх ёстой гэж тайлбарлаад байна. Гэтэл хуулийн 7.3 дугаар зүйлд ...Төсөл хэрэгжүүлэгч нь холбогдох эрх бүхий байгууллагаар баталгаажсан техник-эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн байгаль орчны өнөөгийн төлөв байдлын тодорхойлолт, тухайн сум, дүүргийн Засаг даргын санал болон холбогдох бусад баримт бичгийг бүрдүүлэн энэ хуулийн хавсралтад заасан ангиллын дагуу байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эсхүл байгаль орчны албанд байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийлгэнэ гэж заасан. Хуулийн хавсралтад заасан ангилалын дагуу байгаль орчны яам болон байгаль орчны албаар нөлөөллийн үнэлгээ хийлгэнэ. Ямар тохиолдолд ерөнхий үнэлгээ хийлгэх вэ гэвэл хавсралтад уул уурхайн ашиглалтын олборлолт гэж заасан байдаг. Үүнээс үзэхэд ашиглалтын буюу олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд ерөнхий үнэлгээ хийлгэдэг. Гэтэл хариуцагч нь хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа компани ерөнхий үнэлгээ хийлгэнэ гэж үзэж байгаа нь үндэслэлгүй юм. Ашигт малтмалын тухай хуульд заасан байгаль орчны менежментийн төлөвлөгөө, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд заасан байгаль орчны менежментийн төлөвлөгөө 2 нь хоорондоо зөрдөг. Ашигт малтмалын тухай хуульд заасан байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг компани нь өөрөө боловсруулаад Засаг дарга батална гэж заасан. Гэтэл Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хэн батлах вэ гэвэл ерөнхий үнэлгээ хийдэг тусгай зөвшөөрөлтэй компани хийгээд Байгаль орчны яам батлана гэж заасан. Манай зүгээс Засаг даргын батлах ёстой байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахыг хүсэж байгаа. Гэтэл хариуцагч Байгаль орчны яам батлах ёстой менежментийн төлөвлөгөөг яриад байна. Ийм асуудлаар зөрүү гараад байна. Иймд манай компаниас гаргасан 2019 оны байгаль орчныг хамгаалах тухай менежментийг баталж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэв.

   Хариуцагч Төв аймгийн А сумын Засаг дарга Д.Батсуурь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

1.Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор байгаль орчны хяналтын алба болон хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргатай зөвшилцөн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулахыг хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчид үүрэг болгосон байдаг. Гэтэл тус компани 30 хоногийн хугацааг хэтрүүлж тусгай зөвшөөрөл авснаас хойш 1 жил гаруй хугацааны дараа тус төлөвлөгөөг сумын Засаг даргаар батлуулахаар хандсан болно. Гэвч хуульд заасныг үзвэл шууд Засаг даргад хандах ёсгүй, харин байгаль орчны хяналтын алба буюу мэргэжлийн хяналтын байгууллага болон сумын Засаг даргатай зөвшилцөн төлөвлөгөөгөө боловсруулаад, дараа батлуулах асуудлаар хандах ёстой. Энэхүү хуулийн процедурыг зөрчсөн тул тухайн төлөвлөгөөг батлах боломжгүй буюу эхлээд төлөвлөгөөгөө хууль ёсоор боловсруулаад, дараа нь батлах асуудал яригдах учиртай.

2.Дээр дурдсан Ашигт малтмалын тухай хууль 2006 онд батлагдсан билээ. Гэвч 2012 онд батлагдсан Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар ашигт малтмалын хайгуул хийх бол тухайн төсөл хэрэгжүүлэгч байгаль орчинд нөлөөлөх ерөнхий үнэлгээг заавал хийх ёстой. Үүний дараа нарийвчилсан үнэлгээ хийх асуудал гардаг. Мөн тус хайгуулын талбай нь Хустай байгалийн цогцолборт газрын орчны бүсэд 100 хувь багтаж байгаа тул Монгол Улсын Тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т зааснаар байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг хийлгэсний дараа тус үнэлгээний үр дүнг харгалзан нарийвчилсан үнэлгээ хийсэн байгууллага байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулах, улмаар эрх бүхий этгээд батлах эрх зүйн зохицуулалт үйлчилж байна. Гэтэл эдгээр үнэлгээг хийлгэх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий нэхэмжлэгч ажлаа хийгээгүй атлаа байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар Засаг даргад хандсан нь түүнийг батлахаас татгалзах хууль зүйн үндэслэл болж байна.

3. Тусгай зөвшөөрлийн 6402.71 га талбай дээр Хүннүгийн үеийн дөрвөлжин булш, Түрэгийн үеийн хиргисүүр, суваргын тур зэрэг нийт 25 түүх, соёлын дурсгалт зүйлс байдаг. Мөн тус хайгуулын талбай нь Төв Азийн хэмжээнд нэг дор хамгийн олон хүн чулуутай буюу 32 хүн чулуу, тахилгын ширээ аргаль хонь, арслангийн дүрс бүхий чулуу, 500 гаруй бал чулуунаас бүрдэх Түрэгийн үед хамаарах археологийн маш чухал дурсгал газраас /Өнгөтийн дурсгал газар/ ердөө 4 км зайнд байрладаг. Тусгай зөвшөөрөл эзэмшигч Ашигт малтмалын тухай хуулийн 401 дүгээр зүйлийн 401.2-т Ашигт малтмалын хайгуул хийхдээ палеонтологи, археологи, угсаатны мэргэжлийн байгууллагаар урьдчилан хайгуул, судалгаа хийлгэж, зөвшөөрөл авахгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно гэж заасныг зөрчсөн байх талтай. Учир нь Хустай байгалийн цогцолборт газрын захиргаа БСШУЯ-тай байгуулсан гэрээний дагуу Өнгөтийн дурсгалын харуул хамгаалалтын үүргийг гүйцэтгэдэг боловч тус тус байгууллагатай түүх соёлын дурсгалт газрыг хамгаалах асуудлаар нэхэмжлэгч компани холбогдоогүй байдаг. Засаг дарга Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн дагуу нутаг дэвсгэртээ байрших түүх, соёлын дурсгалын хамгаалах үүргээ биелүүлж энэ талаарх шаардлагыг байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хүрээнд тавина. Мөн түүнчлэн Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 45 дугаар зүйлд зааснаар түүх соёлын дурсгалтай газарт ашигт малтмалын эрэх, хайх, ашиглахыг хориглодог тул тус тусгай зөвшөөрлийн талбайд хайгуул хийх боломжгүй байна. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Төв аймгийн А сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Батдэлгэр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ММП ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх хэсэгт ...тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор байгаль орчны хяналтын алба болон хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргатай зөвшилцөн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулах гэж хуульчилсан байдаг. Тус компани нь 2016 хайгуулын тусгай зөвшөөрөл авснаас хойш 1 жилийн дараа сумын Засаг даргад хандсан байгаа. Сумын Засаг даргатай зөвшилцөж төлөвлөгөө гаргасны дараа батлуулах ёстой байдаг. Энэ нь хууль зөрчсөн гэж үзэж байгаа. Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2001 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн тушаалаар уг газрыг тусгай хамгаалалтай орчны бүс гэж зааж өгсөн гэв.

Хариуцагч Төв аймгийн А сумын Засаг даргын өмгөөлөгч Д.Батболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Уг нэхэмжлэлийн хариу тайлбарыг шүүхэд хариуцагчийн зүгээс 2 удаа гаргасан. Уг төлөвлөгөөг батлах боломж хууль зүйн үндэслэл хангалттай биш. Хэрэв уг төлөвлөгөөг баталвал Байгаль орчны тухай хууль тогтоомж зөрчсөн нөхцөл байдал үүснэ гэж хариуцагчийн зүгээс 2 удаа тайлбарласан. Ашигт малтмалын тухай хуулийг зөрчиж уг төлөвлөгөөг боловсруулсан байсан. Эхлээд журмын дагуу төлөвлөгөөгөө боловсруулчихаад дараа нь батлуулах асуудал яригдах ёстой. Гэтэл төлөвлөгөөгөө батлуулахдаа процессын ноцтой алдаа гаргасан. Төлөвлөгөөг мэргэжлийн хяналтын байгууллага болон сум орон нутгийн засаг захиргаатай хамтарч санал, онолыг тусгаж байж батлуулна гэсэн Ашигт малтмалын тухай хуулийн зохицуулалт байгаа. Эрх зүйн орчны хувьд Ашигт малтмалын хууль нь 2006 онд батлагдсан хууль. Гэхдээ байгаль орчны менежментийн төлөвлөгөө, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээтэй холбоотой хууль сүүлд шинэчлэгдсэн. 2012 онд хуульд өөрчлөлт орсон. Уг өөрчлөлтөөр байгаль орчны менежментийн төлөвлөгөө, нарийвчилсан үнэлгээ гэж юуг хэлэх вэ, эдгээрийг яаж боловсруулж батлах вэ гэдэг нь бүгд шинэчлэгдээд байгаль орчноо хамгаалах тал дээр маш том ахиц гаргасан. Уг шинэчлэлт, өөрчлөлтийн дагуу авч үзвэл ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ хийлгэж байж төлөвлөгөөгөө батлуулах шаардлагатай. Гэтэл нэхэмжлэгч нь нарийвчилсан судалгаа, үнэлгээг гаргаагүй байж батлуулна гээд шахаад байдаг. Менежментийн төлөвлөгөөг хэрхэн яаж боловсруулах уу, яаж тайлбарлах, яаж батлах талаар Засгийн газрын тогтоол, сайдын тушаал зэрэгт тодорхой тусгасан байгаа. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/618 дугаартай тушаалд заасан процесс, журмыг зөрчсөн. Иймд уг төлөвлөгөөг дэмжих батлах үндэслэл байхгүй байна гэсэн утгаар татгалзаж байна. ММП ХХК-ийн тусгай зөвшөөрлийн талбайд түүх соёлын дурсгалт зүйл маш их хэмжээгээр оршиж байгаа. Шинжлэх ухааны академийн угсаатан зүйн хүрээлэнгээс судалгааны ажиллагаа явуулахад маш олон түүх соёлын дурсгалт зүйл уг талбайд байна. 220 тооны түүх соёлын дурсгалт зүйл байгааг судлаад товч танилцуулгыг нь хийсэн. Соёлын өвийг хамгаалах тухай хууль болон Ашигт малтмалын тухай хуульд соёлын өв байгаа газарт ашигт малтмалын эрэл хайгуул хийж болохгүй, тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл болно гэж заасан байгаа. Ийм нөхцөлд Могул майнинг партнесс ХХК-ийн хайгуулын ажлыг эхлүүлж боломжгүй юм. Мөн нутгийн малчин иргэдийн өвөлжөө, хаваржаа давхацсан. Түүх соёлын дурсгалт зүйл байгаа учраас газрын төлөвлөлт хийгдээгүй байгаа. Ийм хуулиар хориглосон зүйлүүд байгаа учир төлөвлөгөөг батлах боломжгүй байна гэв.

Хариуцагч Төв аймгийн А сумын Засаг даргын өмгөөлөгч Б.Хонгорзул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хэрхэн боловсруулах вэ, ямар шаардлага хангасан төлөвлөгөөг Засаг дарга батлах вэ гэдгийг тайлбарлах нь зүйтэй гэж үзэж байна. Байгаль орчны менежментийн төлөвлөгөө гэж юу вэ? Байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж байдаг. Байгалийн баялгийн нөөцийн ерөнхий үнэлгээ, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ гэж 2 ангилдаг. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээнд байгальд учирч болзошгүй аюул, сөрөг нөлөөллийг арилгах бууруулах чиглэлийн хүрээнд байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулдаг. Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Ашигт малтмалын тухай хууль болон Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд өөрөөр заана гэсэн ойлголт байхгүй. Байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд ямар шаардлага тавигдах вэ гэвэл, Ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт ...Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон энэ хуулийн 38, 39 дүгээр зүйлд заасан үүргийг биелүүлнэ гэж заасан. Менежментийн төлөвлөгөөнд тавигдах ёстой шаардлагыг Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд заасан. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт ...Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг энэ хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу эрх авсан дотоодын аж ахуйн нэгж гүйцэтгэнэ гэж заасан. Мөн хуулийн 8.3 дахь хэсэгт ...Энэ хуулийн 8.2-т заасан эрх бүхий аж ахуйн нэгж нь байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний үр дүнгээр тайлан бэлтгэж, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулна гэж заасан. Манай хамааралтай заалт аль нь вэ гэвэл Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсгийн 8.4.7 дахь хэсэг ...байгаль орчны менежментийн төлөвлөгөөний зорилт, хамрах хүрээ, шалгуур үзүүлэлтүүд, мөн хуулийн 8.4.8 ...төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн захиргаа, төслийн нөлөөлөлд өртөх нутгийн иргэдийн нийтийн хурлын санал, тэмдэглэл, хуулийн 8.4.9 ...төсөл хэрэгжих газрын түүх соёлын үнэт зүйлс, төслийн онцлогтой уялдсан бусад асуудал гэх мэт зүйлүүдийг менежментийн төлөвлөгөөнд тусгасан байх ёстой. Байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тус сумын Засаг дарга хяналт тавьж хариу өгөх бүрэн эрхтэй. Төлөвлөгөө боловсруулахдаа ямар эрх зүйн акт үндэслэл болгох вэ гэвэл үйл баримтын хувьд 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөс өмнө байгаа учир Байгаль орчны төлөвлөгөө менежмент боловсруулах, хянан батлах, тайлагнах журмын 2014 оны А/5 дугаар тушаалыг хэрэглэх боломжтой. А/5 дугаар тушаалын 1.3 дахь хэсэгт ...байгаль орчны менежментийн төлөвлөгөө гэдэг нь уул уурхайг хайх, эрэх, олборлох, төслийн үйл ажиллагааг эхлүүлэх, үргэлжлүүлэхийг зөвшөөрсөн байгаль орчныг хамгаалах үндсэн баримт бичиг болно. Тухайн журмын 2.2 дахь хэсэгт ... тухайн төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний судалгааны үр дүнг үндэслэн боловсруулж батлуулсан байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь 5 жилээс дээшгүй хугацаатай байх бөгөөд уг төлөвлөгөө нь нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ батлагдах жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг нарийвчилсан үнэлгээ хийх эрх бүхий байгууллага, төсөл хэрэгжүүлэгч хамтран хэрэгжүүлж болно гэж заасан. Хянан батлах тухай асуудлыг Ашигт малтмалын тухай хуулийн 38.1 дүгээр зүйлд заасны дагуу батална. Ашигт малтмалын тухай хууль нь ашигт малтмалыг эрэх, хайх, ашиглах хайгуулын талбай, уурхай эдэлбэрийн орчныг хамгаалахтай холбоотой харилцааг зохицуулдаг. Байгаль орчныг хамгаалах, менежментийн төлөвлөгөөг боловсруулах батлуулах харилцааг зохицуулдаг хууль бол Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль юм. Өнөөдрийн маргаанд Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийг хэрэглэх шаардлагатай байна. Байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд түүх соёлын дурсгалт зүйлүүдийг хамгаалах эсхүл эрсдэлд оруулж байна уу гэдгийг тусгах ёстой байсан. Тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн тухай хуулийн 9.1 дүгээр зүйлд ...орчны бүсэд ашигт малтмал эрж, хайх тохиолдолд байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэнэ гэж заасан. Тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүс гэдгийг яаж тодорхойлсон бэ гэвэл байгалийн цогцолборт газар нутаг юм. Энэ нь Байгаль орчны сайдын хилийн зааг тогтоосон тушаалаар нотлогдож байгаа. Орчны бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа компанид орон нутгийн өөрөө удирдах байгууллага буюу Засаг дарга хяналт тавих бүрэн эрхтэй. Тухайн газарт маш их түүх соёлын өв байгаа. Үүнийг Соёлын өвийг хамгаалах тухай хуулиар зохицуулагдана. Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх хэсэгт түүх соёлын дурсгалт газарт уул уурхай, үйлдвэрлэл явуулахыг хориглодог, 38.1.2 дахь хэсэгт палеонтологи, археологи, угсаатны мэргэжлийн байгууллагаар урьдчилан хайгуул, судалгаа хийлгэхгүйгээр хот суурин, барилга байгууламж барих, шинээр зам тавих, тариалангийн талбай олгох, усан цахилгаан станц байгуулах, ашигт малтмалын хайгуул хийх, ашиглах зэрэг аж ахуйн үйл ажиллагаа явуулахад зориулж газар олгох-ыг хориглодог. Тусгай зөвшөөрөл олгогдсон газар нь сумын газрын 2017 оны газар зохион байгуулалтад ороогүй. Тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг ашигт малтмалын газар мэдэгдсэн тохиолдолд сумын Засаг дарга тухайн сумын газар зохион байгуулалтын төлөвлөлтийн асуудлыг бүрэн мэддэг. Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлах эрх зүйн үндэс огт байхгүй гэж үзэж байна гэв.

 

Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүх үнэлээд

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ММП ХХК-иас 2019 оны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзаж буй Төв аймгийн А сумын Засаг даргын шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, 2019 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Төв аймгийн А сумын Засаг даргад даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

ММП ХХК-ийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Төв аймгийн А сумын Засаг дарга дараах үндэслэлүүдээр батлахаас татгалзсан байх бөгөөд үндэслэл тус бүрээр нь авч үзвэл:

Төв аймгийн А сумын Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 05/234 дугаар албан бичгээр[1][1]:

1. ММП ХХК нь 2016 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулан батлуулаагүй нь Ашигт малтмалын тухай хуулийн 38.1.1 Тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор байгаль орчны хяналтын алба болон хайгуулын талбай байрших сум дүүргийн Засаг даргатай зөвшилцөн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг боловсруулах, 38.1.3-д энэ хуулийн 38.1.1-д заасан төлөвлөгөөг тухайн хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргад хүргүүлж батлуулах гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэсэн үндэслэлийн тухайд:

ММП ХХК нь өмнө нь тус шүүхэд хандан 2017 оны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзаж буй Төв аймгийн А сумын Засаг даргын шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, 2017 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Төв аймгийн А сумын Засаг даргад даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх бөгөөд тус шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 123/ШШ2018/0012 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, давж заалдах шатны шүүх хэвээр үлдээж шийдвэрлэж байжээ. Иймд өмнө нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулаагүй гэсэн үндэслэлийг хүлээн авах боломжгүй юм.

 

2. ММП ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай нь 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй нь Газрын тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 Газрын хэвлийг ашиглахтай холбогдсон үйл ажиллагаа нь улс, аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, нийслэл, сум дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, нийслэл, сум дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан байна гэсэн заалтыг зөрчсөн гэсэн үндэслэлийн тухайд:

Газрын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт Газрын хэвлий, ой, ус, хийн мандлын агаар, ургамал, амьтан, байгалийн бусад баялгийг ашиглах, хамгаалахтай холбогдсон харилцааг зохих хууль тогтоомжоор зохицуулна. гэж заасан байх бөгөөд хариуцагчийн дээр дурдсан мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасан үндэслэл нь Газрын тухай хуульд заасан үндэслэл, журмаар иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлж, ашиглуулахад хамааралтай заалт юм.

Өөрөөр хэлбэл ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд ашигт малтмал эрэх, хайх үйл ажиллагаа явуулахад Газрын тухай хуульд заасан нөхцөл журмын дагуу газар эзэмших эрх авсан байхыг шаардахгүй хайгуулын тусгай зөвшөөрөл авснаар тухайн газарт газар эзэмших эрх шууд үүснэ. Иймд хариуцагчийн уг татгалзал хууль зүйн үндэслэлгүй байна.

3. Тус хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд 4-р багийн иргэн Ө.Бадамсүрэн, Б.Нарантуяа, Э.Баярсайхан нарын 3 өрхийн өвөлжөөний газартай давхцуулан олгосон нь Газрын тухай хуулийн 31.3 Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэсэн заалтыг тус тус зөрчсөн гэх үндэслэлийн тухайд:

Уг хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд 4 дүгээр багийн иргэн Ө.Бадамсүрэн, Б.Нарантуяа, Э.Баярсайхан нарын өвөлжөөний газартай давхацсан гэх боловч Монгол Улсын Дээд Шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 419 дүгээр тогтоолд[2][2] ...35. Өөрөөр хэлбэл Төв аймгийн А сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/1305, Б/1322, Б/1423 дугаар захирамжуудаар нэхэмжлэгч Б.Нарантуяа, А.Бадамсүрэн, А.Даш нарт өвөлжөө, хаваржааны газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах үндэслэл болохгүй юм гэж дүгнэжээ. Түүнчлэн Төв аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын шинжээчийн дүгнэлтээр Э.Баярсайхан нь тус газарт өвөлждөг боловч эзэмшүүлэх захирамж гараагүй болох нь тогтоогдож, шүүхээр шийдвэрлэжээ[3][3].

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэх хэсэгт Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасны дагуу ХV-019909 дугаар хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбай дахь иргэдийн өвөлжөөний газрын талаар шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримт байх тул шүүх энэ үндэслэлийг хүлээн авах боломжгүй.

Хариуцагч Төв аймгийн А сумын Засаг даргаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан нэмэлт үндэслэлүүдийг гаргаж нэхэмжлэгчид өгсөн[4][4] байх бөгөөд шүүх үүнийг захиргааны байгууллагаас татгалзсан захиргааны актыг нэмэлтээр дахин гаргасан гэж үзэн татгалзсан үндэслэлийг бүхэлд нь авч үзэж, хянан шийдвэрлэсэн. Татгалзсан үндэслэлийг авч үзвэл:

4. Байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийгдээгүй тул Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан шаардлага хангаагүй буюу бүрдэл, агуулга, үндэслэл дутуу гэсэн үндэслэлийн тухайд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Ашигт малтмалын тухай хуулийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч эрх авсан дотоодын аж ахуйн нэгжээр хийлгэж, яамаар батлуулдаг, харин хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг өөрсдөө боловсруулан сумын Засаг даргаар батлуулдаг, эдгээр хоёр төлөвлөгөө нь тус тусдаа ойлголт гэж тайлбарлаж байна.

Харин хариуцагчийн өмгөөлөгч нараас хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нэгэн адил байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэсний үндсэн дээр байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйл, Байгаль орчны сайдын тушаалаар баталсан журмын дагуу хийж гүйцэтгэнэ, эдгээр хууль, журмыг зөрчсөн учир Засаг дарга батлахаас татгалзсан гэжээ.

Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн батлуулдаг байгаль орчны менежментийн төлөвлөгөөг нэгэн адил батлуулах уу гэдгийг Ашигт малтмалын тухай хууль, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн холбогдох заалтуудын уялдаа холбоог авч үзсэний үндсэн дээр дараах дүгнэлтийг өгч байна.

2012 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Улсын Их Хурлаас баталсантай холбогдуулан Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтуудад өөрчлөлт орсон байна. Үүний нэг нь уг маргаанд холбогдох заалт болох Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 38.1.4, 38.1.5 дахь заалтыг байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө гэснийг байгаль орчны менежментийн төлөвлөгөө гэж өөрчилжээ[5][5].

Уг хууль батлагдахаас өмнө нэр томьёоны хувьд хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчны менежментийн төлөвлөгөө-г батлуулдаг байжээ.

Харин дээрх хуулийн өөрчлөлтөөр байгаль орчны менежментийн төлөвлөгөө гэсэн нэг нэр томьёотой болсноос хэргийн оролцогч нараас Ашигт малтмалын тухай хууль, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн аль заалтыг хэрхэн хэрэглэх вэ гэсэн маргаан үүсч байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлд байгаль орчныг хамгаалах талаар хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүргийг зааж өгсөн байх бөгөөд 38 дугаар зүйлийн 38.1.1-д тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор байгаль орчны хяналтын алба болон хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргатай зөвшилцөн байгаль орчны менежментийн төлөвлөгөө[6][6] боловсруулах; 38.1.2-т энэ хуулийн 38.1.1-д заасан төлөвлөгөөнд хүрээлэн байгаа орчны бохирдолтыг зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэхгүй байх, эвдэгдсэн газрыг булах, тэгшлэх, ургамалжуулах замаар цаашид нийтийн хэрэгцээний зориулалтаар ашиглаж болох нөхөн сэргээх арга хэмжээг тусгах; 38.1.3.энэ хуулийн 38.1.1-д заасан төлөвлөгөөг тухайн хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргад хүргүүлж батлуулах; 38.1.6-д энэ хуулийн 38.1.5-д заасан тайланд байгаль орчныг хамгаалах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, хайгуулын ажилд ашигласан шинэ техник, технологи, байгаль орчинд үзүүлж болзошгүй сөрөг нөлөөллөөс сэргийлэх чиглэлээр төлөвлөгөөнд оруулах нэмэлт, өөрчлөлтийн тухай саналыг тусгаж уг өөрчлөлтийг сум, дүүргийн Засаг даргаар батлуулах; гэж тус тус зааснаас үзвэл хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч өөрөө Засаг даргатай зөвшилцөн дээрх хуулийн 38.1.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулан батлуулахаар заажээ.

Харин Ашигт малтмалын тухай хуулийн 39 дүгээр зүйлд байгаль орчныг хамгаалах талаар ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүргийг зааж өгсөн байх бөгөөд 39 дүгээр зүйлийн 39.1.1-д энэ хуулийн 24.1-д заасан этгээд ашиглалтын тусгай зөвшөөрөл авахын өмнө, сонгон шалгаруулалтын журмаар ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан этгээд уг зөвшөөрөл авсны дараа байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэж, байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах;, 39.1.3-т байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд уурхайн ажиллагааг байгаль орчинд хохирол багатай явуулах, агаар мандал болон усны бохирдолт, хүн, амьтан, ургамалд үзүүлэх сөрөг нөлөөллөөс сэргийлэх цогц арга хэмжээг тусгах; 39.1.4-т байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд энэ хуулийн 39.1.3-т зааснаас гадна дараахь зүйлийг тусгах: ... , 39.1.5.энэ хуулийн 39.1.1-д заасны дагуу боловсруулсан байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ болон байгаль орчны менежментийн төлөвлөгөөг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх; 39.1.6.байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ болон байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлагдмагц тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тэдгээрийн хуулбарыг тухайн ашигт малтмалын орд байршиж байгаа нутаг дэвсгэрийг харьяалах аймаг, сум, дүүргийн Засаг дарга болон байгаль орчны хяналтын албанд хүргүүлэх; гэж тус тус зааснаас үзвэл ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжээр байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хийлгэж, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулуулан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж, батлуулсан төлөвлөгөөг сумын Засаг даргад өгөх хуулийн зохицуулалттай байна.

Хариуцагчийн өмгөөлөгч нараас Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт Төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн байгаль орчныг хамгаалах, зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, стратегийн үнэлгээний зөвлөмжийн хэрэгжилтийг хангах, нөлөөллийн нарийвчилсан үнэлгээгээр тогтоосон сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах, урьдчилан сэргийлэх, төсөл хэрэгжих орчинд бий болж болзошгүй сөрөг үр дагаврыг хянах, илрүүлэх зорилгоор байгаль орчны менежментийн төлөвлөгөөг байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг гүйцэтгэсэн байгууллага боловсруулна., 9.2.Байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний салшгүй бүрэлдэхүүн хэсэг байна. гэж заасны дагуу байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг ММП ХХК хийлгэх ёстой гэж байгаа нь үндэслэлгүй байна.

Тодруулбал, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг энэ хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу эрх авсан дотоодын аж ахуйн нэгж гүйцэтгэнэ., 8.3-т Энэ хуулийн 8.2-т заасан эрх бүхий аж ахуйн нэгж нь байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний үр дүнгээр тайлан бэлтгэж, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулна. гэж тус тус зааснаас үзвэл эдгээр хуулийн заалтад заасан байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хийлгэх төлөвлөгөөнд хамаарахаар байна.

Дээр дурдсан зүйлийг нэгтгэж дүгнэвэл хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь 2 тусдаа төлөвлөгөө байна. Тусдаа төлөвлөгөө болох нь Ашигт малтмалын тухай хуулийн хайгуулын болон тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах, ашиглалтын тусгай зөвшөөрлийг шинээр олгох, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нийтлэг үүргийг зохицуулсан хуулийн заалтуудаас тодорхой харагдана.

Харин ММП ХХК нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг хийлгэх шаардлагатай. Учир нь ММП ХХК-ийн эзэмшиж байгаа XV-019909 тусгай зөвшөөрөл бүхий Төв аймгийн А сумын Аранжин нэртэй газарт байрлах 6402.71 га талбай нь Хустайн нурууны байгалийн цогцолборт газрын орчны бүсийн хилийн заагт орсон болох нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас ирүүлсэн лавлагаагаар[7][7] тогтоогдож байна.

Иймээс уг харилцаанд Тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн тухай хууль хэрэглэгдэх бөгөөд мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасан Орчны бүсэд үйлдвэрийн зориулалтаар мод бэлтгэх, ан агнах, анчдын отог байгуулах, ашигт малтмал эрж хайх, олборлох, уул уурхайн үйлдвэрлэл явуулах, усан сан байгуулах, далан, хаалт барих зэрэг үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгж, байгууллага нь зохих хууль тогтоомжийн дагуу байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэнэ. гэсэн хуулийн нэмэлт шаардлагыг нэхэмжлэгч биелүүлж ажиллах үүрэгтэй гэсэн хариуцагчийн өмгөөлөгч нарын тайлбарыг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй.

5. Уг хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйл байгаа гэсэн үндэслэлийн тухайд:

Шинжлэх ухааны академийн Түүх угсаатны зүйн хүрээлэнгийн 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Төв аймгийн А сумын нутаг Хустайн нурууны Аранжин хэмээх газарт буй ашигт малтмалын XV-019909 дугаартай хайгуулын талбайд түүх, соёлын дурсгалын хайгуул хийсэн судалгааны тайланд: Төв аймгийн А сумын Засаг дарга Д.Батсуурийн хүсэлтээр тус сумын нутаг Аранжин хэмээх газар байрлалтай XV-019909 дугаартай ашигт малтмалын хайгуул хийх тусгай зөвшөөрөлтэй талбайд тус хүрээлэнгийн салбарын эрхлэгч, доктор С.Өлзийбаяр, угсаатан зүйч Н.Гонгоржав, эрдэм шинжилгээний туслах ажилтан С.Очирбат нарын бүрэлдэхүүнтэй хээрийн судалгааны баг 2020 оны 05 дугаар сарын 2-4-ний өдрүүдэд түүх, соёлын дурсгалын хайгуул хийв. Хайгуулаар хуучин чулуун зэвсгийн дэд үед холбогдох хусуур хэлбэрийн зэвсэг бэлдэж байсан ул мөр бүхий хайрган чулууны үлдэц, хүрэл төмрийн түрүү үед холбогдох хиргисүүрийн цогцолбор 51, үүнээс 10-аас дээш дагуул байгууламжтай цогцолбор дурсгал 8 байна. Хиргисүүрийн цогцолборын ойролцоо байрлалтай мөн үеийн дурсгал болон дөрвөлжин булш 75, их төлөв гурван хэсэг газар бүлэглэсэн хүннүгийн цагираг далант булш 46, түрэгийн үед холбогдох тахилга тайлгын онгон 3, дундад зууны монгол хэлбэрийн булш 17 болон он цаг тодорхойлох боломжгүй янз бүрийн хэлбэрийн оршуулга, тахилгын байгууламж 10 нийт 202 байгууламж бүртгэгдэв гэжээ.[8][8]

Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7.түүх, соёлын дурсгалт газар гэж энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан түүх, соёлын үл хөдлөх дурсгал бүхий газар, түүний хэвлийг; 5 дугаар зүйлийн 5.1.Дараах соёлын биет өвийг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр түүх, соёлын үл хөдлөх дурсгалд хамааруулна:, 5.1.5.булш, хиргисүүр, оршуулга, тахил, тайлгын байгууламж; гэж зааснаар уг тусгай зөвшөөрөл бүхий талбай нь түүх, соёлын дурсгалт газар байна.

Мөн хуулийн 38 дугаар зүйлд соёлын өвийг хамгаалахтай холбоотой хориглох үйл ажиллагааг заасан байх бөгөөд 38.1.1.түүх, соёлын дурсгалт газар түүний орчны бүсэд дэд бүтцийн барилга байгууламж барих, уул уурхай, газар тариалан эрхлэх, үйлдвэрлэл явуулах; 38.1.2.палеонтологи, археологи, угсаатны мэргэжлийн байгууллагаар урьдчилан хайгуул, судалгаа хийлгэхгүйгээр ... ашигт малтмалын хайгуул хийх, ашиглах зэрэг аж ахуйн үйл ажиллагаа явуулахад зориулж газар олгох; гэж заасан бөгөөд 38.2-т Палеонтологи, археологи, угсаатны урьдчилсан хайгуул, судалгааны ажлын дүгнэлтээр соёлын өвд эрсдэл учирч болзошгүй байгаа нь тогтоогдсон бол аж ахуйн үйл ажиллагааг зогсоох үндэслэл болно гэж заажээ.

Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн эзэмшиж буй хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбай нь түүх, соёлын дурсгалт газар болох нь тогтоогдсон тул Ашигт малтмалын тухай хуулийн 401 дүгээр зүйлийн 401.2-т Ашигт малтмалын хайгуул хийхдээ палеонтологи, археологи, угсаатны мэргэжлийн байгууллагаар урьдчилан хайгуул, судалгаа хийлгэж, зөвшөөрөл авахгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно гэж заасан хууль зүйн шаардлагыг хангахгүй байх тул хариуцагчийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд хариуцагч Төв аймгийн А сумын Засаг даргын ММП ХХК-ийн 2019 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзаж буй 5 үндэслэлээс сүүлийн 2 үндэслэл нь бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь хуульд үндэслэсэн байх тул Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3 Байгаль орчныг хамгаалах... талаар хүлээсэн үүргээ тусгай зөвшөөрөл эзэмшигч хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих чиг үүргээ Засаг дарга хэрэгжүүлж ажилласан гэж үзэн нэхэмжлэгчийн Төв аймгийн А сумын Засаг даргын ММП ХХК-ийн 2019 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, 2019 оны байгаль орчин менежментийн төлөвлөгөөг батлахыг Төв аймгийн А сумын Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 401 дүгээр зүйлийн 401.2, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн /2012 оны 05 дугаар сарын 17-ны өдөр/ 3 дугаар зүйл, Тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7, 5 дугаар зүйлийн 5.1, 5.1.5, 38 дугаар зүйлийн 38.1, 38.1.1. 38.1.2, 38.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн Төв аймгийн А сумын Засаг даргын ММП ХХК-ийн 2019 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, 2019 оны байгаль орчин менежментийн төлөвлөгөөг батлахыг Төв аймгийн А сумын Засаг даргад даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж нэхэмжлэгч ММП ХХК-д олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ШҮҮГЧ                                               Л.ӨЛЗИЙЖАРГАЛ