Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2018/01434

 

 

 

 

 

 

 

 

 

 

Л.С-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 181/ШШ2018/00936 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Л.С,

Хариуцагч “Э” ХХК-д холбогдох,

Дутуу олгогдсон цалин, ээлжийн амралтын олговор, ажлаас халагдсаны тэтгэмж, хөдөлмөрийн гэрээний дагуу ёстой төлөх төлбөр, нийтээр амрах баярын өдөр болон илүү цагаар ажиллуулсны нэмэгдэл хөлс зэрэгт нийт 16 563 487 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Халиун,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшин,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.  

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь “Э” ХХК-д аудитороор 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ажилд орж, 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгсөн. Гэтэл түүний оронд ажилд орох хүн нь байхгүй гээд түр ажиллаж байхыг хариуцагч компани хүссэн бөгөөд уг хүсэлтийн дагуу тушаал шийдвэргүйгээр үргэлжлүүлэн ажиллаж байгаад 2017 оны 02 дугаар сарын 18-ны өдөр ажлаасаа гарах хүсэлтээ дахин гаргаж, хүсэлтийг нь шийдвэрлэж өгөөгүйн улмаас 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр ажлаа орхин явсан.

Үргэлжлүүлэн ажиллахдаа өмнөх цалингаараа цалинжиж, ажлын 5 өдөр бус 6 өдөр ажилладаг байсан. Хариуцагч илүү цагийн нэмэгдэл хөлсийг мөн л олгоогүй. Нэхэмжлэгч нь аудиторын ажлын байранд сарын 1 843 209 төгрөгийн цалинтай байсан боловч 2016 оны 7, 8 дугаар саруудад огт цалин аваагүй, 2016 оны 9 дүгээр сард 500 000 төгрөг, 2016 оны 10 дугаар сард 1 100 000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сард 500 000 төгрөг, 2016 оны 12 дугаар сард 350 000 төгрөгийг дутуу авсан. Дутуу авсан нийт цалингаас татвар хураамжийг хасч үлдэх 4 950 000 төгрөг болон 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл нийт 26 хоногийн амралтын мөнгө 2 328 264 төгрөгийг хариуцагч олгох ёстойг гаргуулах, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр 1 сарын цалин 1 843 209 төгрөгтэй тэнцэх хэмжээний тэтгэмж, түүнчлэн 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 8.5 дахь заалтаар Монголын Мэргэшсэн нягтлан бодогчдын институтын гишүүний жилийн хураамж 120 000 төгрөгийг ажил олгогч хариуцан төлөхөөр тохирсон боловч хариуцагч огт төлөөгүй байгааг буюу 2016, 2017 оны хураамж болох 240 000 төгрөгийг, хөдөлмөрийн гэрээний 10.1, 10.2 дахь заалтаар ажилтны хамрагдсан сургалтын төлбөрийг ажил олгогч хариуцахаар тохирсон боловч хариуцагч төлөөгүй байгааг буюу нэхэмжлэгч өөрөөс төлсөн 1 470 000 төгрөгийг, аудиторын сертификат буюу батламж авахад төлсөн 180 000 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү,

Мөн нэхэмжлэгч нь баярын өдрөөр “Оюу толгой” ХХК-д томилолтоор ажилласан бөгөөд онгоц 1 өдрөөр саатсаны улмаас 2 хоносон. Гэтэл ажил олгогч нь баярын өдөр ажилласны нэмэгдэл хөлсийг нь өгөөгүй. Онгоц саатсан явдалд нэхэмжлэгч буруугүй учир 2 хоногийн нэмэгдэл хөлс 179 097 төгрөгийг авахаар нэхэмжилж байна. Түүнчлэн 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарыг дуусталх хугацаанд нийт 40 бямба гаригт нэхэмжлэгч илүү цагаар ажилласан. Тиймээс 1 өдрийн 89 548.62 төгрөгөөр тооцож нийт 5 372 917 төгрөгийг амралтын өдөр ажилласны нэмэгдэл хөлс болгож авах эрхтэй гэж үзэж байна. Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагчаас нийт 16 563 487 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр анх аудиторын туслахаар ажилд орж, 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс ахлах аудитороор ажиллаж байгаад 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүсэлтээ өгч ажлаасаа чөлөөлөгдсөн. Тушаалыг түүний хүссэнээр орон тооны цомхтгол гэж гаргасан. Түүнээс хойш 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл ажиллаагүй, харин ажлаа хүлээлгэж өгөхгүйгээр явсан асуудал байдаг.

Манай компанийн үйл ажиллагаа доголдож, 2016 оны 7 сараас бараг сул зогсолт хийсэн учир нэхэмжлэгчийн тухайн сарын цалинг 9 дүгээр сард, түүнээс хойшхи хугацаанд дутуу олгосон цалин хөлсийг нь 2017 оны эхээр 1-3 саруудад хувааж нөхөж өгөөд дуусгасан. Нэхэмжлэгч өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн учир ажлаас халагдсаны тэтгэмж авах хуулийн зохицуулалт байхгүй. Түүнийг ажлаас халагдах үед ээлжийн амралтынх нь тооцоог бүрэн хийсэн тул тэтгэмж болон ээлжийн амралтын олговор шаардах эрхгүй.

Мэргэшсэн нягтлан бодогчийн гишүүний 2016 оны хураамжийг бүхэлд нь нөхөн төлсөн, харин 2017 оныхыг хариуцах үндэслэлгүй. Мөн хөдөлмөрийн гэрээний 10-т заасан сургалтын төлбөрийг хариуцагч төлөх үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь 2016 оны 9 дүгээр сараас аудитороор ажиллаж эхэлсэн бөгөөд түүнээс хойш нэхэмжлэгчийг сургалтад хамруулах шаардлага ажил олгогчид үүсээгүй. Өөрөө сайн дураар хамрагдсан сургалтын төлбөрийг хариуцагч төлөх үүрэггүй. Түүнчлэн “Оюу толгой” ХХК-д томилолтоор ажиллахад 1 хоног онгоц саатсан нь ажил олгогчоос шалтгаалаагүй бөгөөд ажил олгогч илүү цагаар ажиллуулаагүй. Нэмэгдүүлсэн шаардлагыг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн тул гомдол үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 52 дугаар зүйлийн 52.1, 53 дугаар зүйлийн 53.1, 61 дүгээр зүйлийн 61.1, 79 дүгээр зүйлийн 79.1, 128 дугаар зүйлийн 128.1.11, Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 369 дүгээр зүйлийн 369.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагчаас 2 948 718 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13 614 769 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245 918 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 62 129 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгчийг 2017 оны 01 дүгээр сарын 006-ны өдрийн 02 тоот тушаалаар орон тооны цомхтголоор ажлаас чөлөөлсөн байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасанд хамаарахаар байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа нэхэмжлэгчийг 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 02 тоот тушаалаар ажлаас халсан асуудалд маргаагүй бөгөөд үүнээс хойш 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийг дуустал хугацаанд ажил олгогчийн хүсэлтээр нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож ажиллаж байх хугацаанд нэхэмжлэгчид урд дутуу олгогдсон цалин хөлсийг төлөхгүй, илүү цагаар ажиллуулах зэргийн хөдөлмөрлөх эрхийн зөрчил хэвээр байсан тул энэ хугацаанд өөрийн хүсэлтээр ажлаас халагдах тухай хүсэлтээ илэрхийлсэн гэж тайлбарласан. Гэтэл шүүхээс хэргийн материалд цугларсан нотлох баримт буюу 2017 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 02 тоот тушаалын хүрээнд маргааныг хэлэлцэхгүй, нэхэмжлэгчийн гаргасан тайлбарыг хариуцагчийн талаас гаргасан тайлбартай илт гуйвуулан шийдвэрлэсэн байна. Нэхэмжлэгч шүүхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цалин дутуу авч байсан талаарх нотлох баримтыг гаргаж өгсөн. Учир нь хариуцагч байгууллага нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл, ХХОАТ-ыг нь хөдөлмөрийн гэрээнд заасан үндсэн цалингаас нь тооцон төлж, нэхэмжлэгчид дутуу олгосон цалингаа нөхөж өгөхөөр тохиролцсон байгаа нь өмнөх сардаа дутуу олгогдсон цалингаа дараа дараагийн сардаа нөхөж олгож байсан нь хариуцагчаас нотлох баримтаар гаргаж өгсөн “Худалдаа хөгжлийн банкны дансаар цалин олгох ажилтнуудын жагсаалт”-ын баримтуудаас харагдана.

            Шүүхээс нэхэмжлэгчийг 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 3 дугаар сарын 17-ны өдрийг дуустал хугацаанд ажилласан байдлаа эргэлзээгүй нотолж чадахгүй байна гэж үзсэн байгаа нь үндэслэлгүй байна. Хэдийгээр ажил олгогч нэхэмжлэгчийг 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 02 тоот тушаалаар ажлаас нь чөлөөлсөн хэдий ч нэхэмжлэгчийг түр хугацаанд ажиллахыг гуйгаад, өөртэй нь тохиролцон ажиллуулсан хэдий ч хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр ажил үүргийг гүйцэтгүүлснээрээ Хөдөлмөрийн тухай хуулийн 24 зүйлд заасныг зөрчсөн. Нэхэмжлэгчийг энэ хугацаанд ажиллаж байсан гэдгийг хариуцагчаас 1017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийг дуустал хугацаанд цалин хөлс олгож байсан болон 2016 оны дутуу олгогдсон цалинг гүйцээж олгож байсан зэргээр тус тус нотлогдох болно. Дээрх хугацаанд нэхэмжлэгч хариуцагчийг хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай шаардахаар байгуулдаггүй, нийгмийн даатгалын шимтгэлээ төлүүлэх гэхээр төлөхгүй байсан тул нийгмийн даатгалаа нэхэмжлэгч тасрахаас сэргийлээд сайн дураар төлсөн. Хариуцагч харин нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар хэсэгт заасныг зөрчсөн байгааг шүүх анхаарч үзсэнгүй.

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгчийн нэхэмжилж буй цалин хөлсний шаардлагаас хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн хэсгийг шүүх ялгаж, салгаж шийдвэрлээгүй. Тухайлбал 2016 оны 7, 8, 9 дүгээр саруудын цалин хөлсийг шаардах хуульд заасан 3 сарын дотор гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон. Харин хариуцагчаас үлдэх саруудын дутуу цалин хөлс болон, ээлжийн амралтын олговрыг нэхэмжлэгчийг ажлаас гарсны дараа хэсэгчлэн олгосон. Өөрөөр хэлбэл, шүүх нэхэмжлэгчийн цалин хөлсийг бүрэн олгохоор шийдвэрлэхдээ тухайн сар болгоны дутуу цалин хөлсийг шаардах гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг тухайн сар бүрээр тооцоогүй, сүүлд зарим сарын цалинд олгосон болон ээлжийн амралтад тооцсон олговрыг олгосон нь хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзсэнд гомдолтой байна. Ингэснээр нэхэмжлэгч ээлжийн амралтын олговроо давхардуулан авч байгаа болно. Хариуцагчийн татгалзлын үндэслэл нь цалин хөлсний шаардлага нь тухайн сар бүрээс хөөн хэлэлцэх хугацаа тоологдох бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн болохыг шүүх анхаарч үзсэнгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв. 

            Нэхэмжлэгч Л.С нь хариуцагч “Э” ХХК-аас цалингийн олгогдоогүй зөрүү, ээлжийн амралтын олговор, ажлаас халагдсаны тэтгэмж, хөдөлмөрийн гэрээний дагуу төлөх ёстой сургалтын төлбөр, нийтээр амрах баярын өдөр болон илүү цагаар ажиллуулсны нэмэгдэл хөлс зэрэгт нийт 16 563 487 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч зөвшөөрөхгүй маргажээ.

            Хариуцагч “Э” ХХК-ний нэхэмжлэгч Л.С-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 1 жилийн хугацаа 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр дуусахад талууд хэн аль нь гэрээг цуцлах талаар санал гаргаагүй, гэрээний хугацаа Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт зааснаар сунгагдсан, уг хугацаанд 2017 оны 01 дүгээр сарын 6-ны өдөр Л.С-ыг ажлаас чөлөөлсөн тушаал гарсан боловч ажил олгогч ажилтныг 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл үргэлжлүүлэн ажиллуулсан үйл баримт тогтоогдсон байна.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “илүү цагийн хөлс өгдөггүй тул ажлаас гарах хүсэлт гаргасныг шийдвэрлэсэн” гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “нэхэмжлэгч хүсэлтээ өгч ажлаасаа чөлөөлөгдсөн” гэж тайлбарласан, зохигчид хэн алиныхаа тайлбарыг үгүйсгээгүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 37 дугаар зүйлийн 37.1.8-д зааснаар ажилтны санаачилгаар хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон гэж шүүх зөв дүгнэжээ.

            Түүнчлэн нэхэмжлэгчийн өөрийнх нь тайлбар, 2016 оны 01 дүгээр сарын 1-ний өдрөөс 2017 оны 3 дугаар сарыг хамруулсан хугацааны цалин олгосон хүснэгтээс үзэхэд Л.С ажил олгогчийн хүсэлтээр үргэлжлүүлэн ажиллаж, өөрийнхөө хүсэлтээр ажлаа орхисон нь тогтоогдож байна.

            Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасан ажлаас халагдсаны тэтгэмж авах эрх үүсээгүй тул нэхэмжлэгчийн ажлаас халагдсаны тэтгэмжид шаардсан 1 843 209 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байх тул анхан шатны шүүх уг хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зөрчөөгүй, нэхэмжлэгчийн энэ талаарх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

            Түүнчлэн, нэхэмжлэгч нь 2016 оны 8 дугаар сараас 12 дугаар сарыг хүртэлх хугацааны цалинг бүрэн өгөөгүй гэж цалингийн зөрүү үлдэгдлийг нэхэмжилсэн гомдлыг 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Маргааныг шуурхай зохицуулах зөвлөлд, мөн оны 3 дугаар сарын 30-нд шүүхэд нэхэмжлэл гаргаснаас үзэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан 3 сарын хугацааг хэтрүүлсэн, 2016 оны 11 дүгээр сарыг хүртэлх цалингийн зөрүүг нэхэмжлэх эрхээ алдсан гэж үзэх бөгөөд 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр олгогдсон 500 000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын цалингийн зөрүүд тооцох үндэслэлтэй, 2016 оны цалингийн зөрүүд 4 950 000 төгрөг шаардсаныг хангах боломжгүй байна.

Харин ажил олгогчоос Л.С-ыг 2017 оны 1, 2 дугаар сард бүтэн, 3 дугаар сарын 17-ныг хүртэл үргэлжлүүлэн ажиллуулсан тул ажилтан Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар цалин хөлс авах, ажил олгогчоос мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасан цалин хөлс олгох үүргийг шаардах эрхтэй.

Дээрх үргэлжлүүлэн ажиллуулсан хугацаанд ажил олгогч уг ажлын байранд тогтоогдсон 1 843 210 төгрөгийн цалинг бодож олгон, түүнээс холбогдох суутгал шимтгэлийг тооцоогүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлэлгүйгээр 1 500 000 төгрөгийн цалинг олгосон нь 343 210 төгрөгөөр дутуу байх тул 2017 оны 1, 2 дугаар сарын нийт 686 420 /343 210*2 сар/ төгрөгийн зөрүүг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

Шүүх нэхэмжлэлийн энэ хэсгийн шаардлагыг шийдвэрлэхдээ цалин хөлстэй холбоотой шаардлагыг хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаанд гаргасан эсэхэд зөв дүгнэлт хийгээгүй, Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.7 дахь хэсгийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, 1 336 810 төгрөгийг хариуцагчаас гаргуулсан нь буруу тул хариуцагчийн давж заалдах гомдлыг энэ үндэслэлээр хангах нь зүйтэй, харин нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив. Түүнчлэн хариуцагч буюу ажил олгогч нь Л.С-ын ажилласан хугацааны ээлжийн амралтыг тооцон, олговор олгосноо баримтаар нотлоогүй бөгөөд шүүх нэхэмжлэгчийн ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтын хугацаа, олговрын хэмжээг тогтоосон журмын дагуу тооцож 1 611 908 төгрөгийг хариуцагчаас гаргуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн зохицуулалтад нийцэх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг энэ үндэслэлээр хангах боломжгүй.

Шүүх нэхэмжлэлийн бусад буюу хөдөлмөрийн гэрээний дагуу төлөх ёстой сургалтын төлбөр, нийтээр амрах баярын өдөр болон илүү цагаар ажиллуулсны нэмэгдэл хөлстэй холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо хэргийн баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлсэн, нэхэмжлэгч шийдвэрийн энэ хэсэгт давж заалдах гомдол гаргаагүй байна.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг 2 298 328 /686 420+1 611 908/ төгрөгийн хэмжээнд хангаж, үлдэх 14 265 159 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж, уг өөрчлөлттэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтыг өөрчлөн хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 181/ШШ2018/00936 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын   “2 948 718 төгрөг” гэснийг “2 298 328 төгрөг” гэж, “үлдэх 13 614 769 төгрөгт” гэснийг “үлдэх 14 265 159 төгрөгт”  гэж, 

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “62 129 төгрөгийг” гэснийг “51 707 төгрөгийг” гэж тус тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг  хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72 770 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62 500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

              ШҮҮГЧИД                                  А.МӨНХЗУЛ

 

     А.ОТГОНЦЭЦЭГ