Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 487

 

                                                           Х.М-д холбогдох

                                                     эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 прокурор А.Сайнбаяр,

шүүгдэгч Х.М-н өмгөөлөгч Н.Ганбат,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 2020/ШЦТ/287 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.М-н гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2005 2501 1257 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б о овгийн Х-н М, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр ... аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ............. тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ......../,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 240 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн;

Х.М нь 2015 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр  хороо, “Ч” төвд иргэн Ш.Д-г хавсарч унагаан, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,

мөн 2017 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө эхнэр Э.У-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Х.М-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Х.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар Х.М-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар Х.М-д 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Х.М-д оногдуулсан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 240 дугаартай өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаас түүний эдлээгүй үлдсэн 8.880.000 төгрөгөөр торгох ялыг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлэн тооцож 592 хоног буюу 1 жил 7 сар 17 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Х.М-д оногдуулсан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 240 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаас түүний эдлээгүй үлдсэн 8.880.000 төгрөгөөр торгох ялыг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлэн тооцож 592 хоног буюу 1 жил 7 сар 17 хоног хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт түүний биечлэн эдлэх хорих ялыг 4 жил 7 сар 17 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Х.М-н цагдан хоригдсон 65 хоногийг эдлэх ялаас хасч тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т тус тус зааснаар Х.М-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар шүүгдэгч Х.М-с 326.153 төгрөгийг гаргуулж хохирогч Ш.Д-д олгож, хохирогч Ш.Д нь цаашид гарах эмчилгээ болон гэм хорын зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Х.М давж заалдах гомдолдоо: “...Би 2015 оны 7 дугаар сарын 5-ны өдөр хадам ээжийн хүсэлтээр 2 ор захаас авч, Ховд аймаг руу явуулахаар Нарантуул худалдааны төв дотор “Ч” зочид буудалд байгаа жолооч Хосбаяр хамаатан дүүтэйгээ уулзахаар очиж өрөөнд нь ороод гарч ирэхэд ресепшн нь уурлаж хөөсөн. Мөрөөрөө гарч байхад хэл амаар доромжилсон. Намайг явуулахгүй хувцас урж, цагдаа дуудна гээд эрх чөлөөнд халдаж ноцолдсон. Би 30 минут орчим уучлал гуйж, ажил ихтэй байна явъя гэхэд гар мушгиж хувцас ураад байхаар нь уурлаад түлхэж зайлуулаад ажилдаа яараад гарч явсан. Маргааш нь Д гэх хамгаалагч нь бэртсэн гэмтлийн эмнэлэг дээр байна гэж над руу ярьсан. С.Бат-Очир надтай цуг очиж биеийг нь асууж, бие нь гайгүй байсан ба гадаа гарч уулзаад уучлалт гуйж, эмчилгээний зардал 200.000 төгрөг өгсөн. Орой нь Ш.Д над руу залгаад 2.000.000 төгрөг нэхсэн. ... 2018 оны 10 дугаар сард мөрдөн байцаагч бид хоёрыг нүүрэлдүүлсэн. Д “эмнэлэг дээр М надад эмчилгээнд 180.000 төгрөг өгсөн, одоо 1.500.000 төгрөг авах хүсэлтэй байна” гэсэн. Байцаагч түүнд “эмчилгээний баримтаа албан ёсоор баримтаар нэхэмжил” гэсэн боловч тэр өгөөгүй. Маргааш өглөө нь Д утсаар дуудаад уулзахад “эв зүйгээр шийдье, ахдаа нэг шил архи аваад өгөөч” гэхээр нь ломбардад гар утсаа 170.000 төгрөгөөр тавьж, Ш.Д-н ажил гэх 13 дугаар хороололд очсон. Тэнд харуул нь гээд нэг ах байсан, тэр хоёр хувааж уусан. Тэгэхэд Ш.Д ах тэр ахын дэргэд “би анхнаасаа буруутай, би барьж авсан, эрх чөлөөнд чинь халдсан, уучлаарай, гэхдээ намайг түлхэхэд би унаж гэмтсэн” гэсэн. Одоо би чиний нүүрэн дээр хэлнэ гээд байцаагч руу залгаж, утсаа спикер дээр нь тавиад ярьсан. Тэгэхэд байцаагч “чи юу гээд хуцаад байгаа юм бэ, чамайг хүн гүтгэж хуурамч мэдүүлэг өгсөн гэж хариуцлага хүлээлгэнэ, тийм юм байхгүй” гээд утсаа тасалсан. Ш.Д ах надад “би байцаагч дээр очиж мэдүүлгээ яг үнэн зөв өгнө, харин ахдаа одоо 50.000 төгрөг өгчих” гэхээр нь би өгсөн. Энэ бүхнийг хажууд байсан харуул ах гэрчилнэ. Маргааш нь залгахад утсаа аваагүй, байцаагчтай уулзахад Ш.Д нь 1.500.000 төгрөг авах хүсэлтэй гэсэн байсан. Би ингэж хууртаж мэхлүүлсэн. Би Ш.Д гуайтай очиж уулзахад “мэдүүлгээ өөрчилбөл би өөрөө хэрэгт орох юм байна, шүүх хурал дээр л мэдүүлгээ үнэн зөвөөр өгье” гэхээр нь намайг хуурч мөнгө салгаж байгааг нь ойлгосон. Мөрдөгч эргэлзээтэй зүйлүүдийг тогтоогоогүй. Үүнд:

1. Тухайн хэрэг гарсан зочид буудлын хяналтын камерыг огт шалгаагүй. Шүүх хурал дээр прокурор А.Сайнбаяр хэлэхдээ “хаа байсан 2015 оны хэрэг, юун камер вэ, камер ямар ч хамаагүй” гэж хэлсэн.

2. Зочид буудалд байсан уулзсан жолооч дүү Хосбаяр, ах Энхбат, жолооч Цагаанаа нараас байцаагч мэдүүлэг авахдаа бичиг баримтыг нь хурааж айлган сүрдүүлж, миний эсрэг шахуу мэдүүлэг авсан.

3. 2018 оны 10 дугаар сард байцаагч надаас мэдүүлэг авахдаа “би өмгөөлөгчтэй байцаалт өгнө” гэхэд “чамд өмгөөлөгч хэрэггүй, шаардлагагүй. Чи түлхээд, салаад, яараад явсан гээд л мэдүүлчих, Э бас тэгэж мэдүүлсэн” гээд тэр мэдүүлгийг нь надад уншуулсан. “Би чамайг одоо даалтанд гаргая, хэрэг санамсар болгоомжгүйн улмаас болсон, гайгүй өнгөрнө” гэж хэлэхээр нь итгээд мэдүүлэг өгсөн. Хэд хоногийн дараа яллах дүгнэлт уншуулсан. Намайг яагаад хуурч мэхлэн эрүү үүсгэн хэрэг хүлээлгэж байгаа юм бэ, өмгөөлөгчтэй миний эрхийг зөрчилгүй байцаалт явуулах ёстой байсныг зөрчсөн юм бэ гэж асуухад байцаагч “хохирогчийн гэмтэл шүүх эмнэлгийн дүгнэлтийг тодруулж, тодорхой болохоор чиний хэрэг гайгүй болно” гэж бас л хэлсэн. Би уурлаад, гомдоод гарсан.

Гэрч Б, Э нарын мэдүүлгүүд хоорондоо ижил төсгүй, өөр, өөр мэдүүлгүүд байдаг. Б нь урьд нь “Хурц хамар” ХХК-д миний удирдлагад ажиллаж байсан хүн. Зөрчил гаргаад би халсан байсан. Б надад өс хонзон санаж урьд нь намайг заналхийлж байсан учир худал мэдүүлэг өгсөн гэж бодож байгаа. Э гэдэг нь миний эсрэг анхнаасаа хэрүүл эхлүүлсэн хүн. Мөн худал гэрчилсэн. Хэргийг нотолж тогтоолгүй, нэг ч удаа эдгээр хүмүүстэй нүүрэлдүүлэлгүй шийдэж, нэг иргэнээ хохироож, хуулийг гажуудуулж шийдвэрлэсэнд маш их гомдолтой байна. Би энэ хэргийг 100 хувь өөрийн буруугаас санаатайгаар үйлдээгүй ч би буруутай, тохиолдлын байдлаар санамсар болгоомжгүйн улмаас үүссэн хэрэгтээ гүнээ харамсаж явна.

Би 2017 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-ны шөнө эхнэр У-г хоорондын үл ойлголцлын улмаас муудалцаж, согтуугийн гайгаар түүнийгээ цохиж, хөнгөн гэмтэл учруулсандаа одоог хүртэл гэмшиж яваа билээ. Гэмшлээ эхнэртээ олон удаа илэрхийлж буруугаа хүлээж бид эвлэрч дахин нэг үр хүүхэд олдож баяр хөөр болсон ч би хоригдсон, амьдралын боломжгүйн улмаас хүүхдээ авахуулж, нэг үрээрээ хохирсон. Одоо эхнэр маань ажилгүй, 5 настай хүүхдээ хараад гэртээ байдаг. Иймд хэргийн болсон бодит байдал, шийдвэрлэсэн байдал, ар гэрийн байдлыг харгалзан үзэж, хуулийн бүхий л нөхцөл боломжоор надад оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Х.М-н өмгөөлөгч Н.Ганбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч Х.М-н гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Гомдолд дурдсан ажиллагаануудыг хийж гүйцэтгүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.

Прокурор А.Сайнбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хохирогч Ш.Д, гэрч Э, Б нарын мэдүүлэг, мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн мэдүүлэг зэргээр шүүгдэгч Х.М нь хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан байна.

Х.М нь 2015 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр  хороо, “Чандмань” төвд иргэн Ш.Д-г хавсарч унагаан, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,

мөн 2017 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 4а байрны 2-48 тоотод эхнэр Э.У-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч Ш.Д-н “...Би 2015 оны 7 дугаар сарын 5-ны орой “Ч” төвд хамгаалагчийн үүрэг гүйцэтгэж байсан. Үүдний өрөөнд хүлээн авагч Э, Ховд аймгийн жолооч Хосбаяр нарын хамт сууж байтал гаднаас нэг эрэгтэй хүн орилоод орж ирснээ Хосбаяр бид хоёрын дунд сууж байсан Э руу “пизда минь, лалараа” гээд дайрахаар нь би босоод “ингэж болохгүй, гарчих” гээд түлхсэн чинь миний зүүн мөрнөөс барьж аваад хавсрах шиг болсон. Тэрнээс хойш юу болсныг мэдээгүй, нэг сэртэл эмч болон цагдаа нар ирчихсэн, би буудлын 9 номерийн өрөөнд хэвтэж байсан. ...” /1 хх 25/,

гэрч Б.Э-н “... гаднаас 30 гаран насны эрэгтэй хүн орж ирээд үгийн зөрүүгүй над руу дайраад хэл амаар доромжлоод байхаар нь гайхаад учрыг нь олохгүй сууж байсан чинь миний хажууд сууж байсан хамгаалагч Ш.Д ах “миний дүү ингэж болохгүй” гээд боссон чинь тэр залуу хавсрах шиг болтол Ш.Д толгойгоороо газар унаад юу ч дуугарахгүй царай нь сонин болсон байсан. ...” /1 хх 31-32/,

хохирогч Э.У-н “... Архи ууж хөзөр тоглож байхад манай нөхөр М надад хандаж гэр бүлийн маргаан үүсгэх гээд хэрүүл өдөөд янз бүрээр юм яриад байсан. ... Би хүүхдээ хөхүүлээд унтлагын өрөөнд хэвтэж байтал манай нөхөр миний араас ирээд намайг үсдэж чирсэн. Тэгтэл араас нь манай найз Н-н нөхөр орж ирээд салгаад гэрээс явлаа гээд гараад явсан. Н-г нөхөртэйгөө гарсны дараа Х.М өрөөний цонх хаагаад, гэрийн хаалга түгжээд, намайг миний өмсөж байсан бойтгон гутлаар гар, хөл, толгой руу хэд хэдэн удаа цохисон. Дараа нь шилэн аягаар чихний ар хэсэгт, хөлөөрөө бие рүү өшиглөж, гараараа цохиод байсан. ...” /1 хх 149-150/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Ш.Д-н биед суурь ясны баруун дэлбэн, чамархай ясанд хугарал, хатуу бүрхүүлийн дээрх цус хуралт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...” гэх 10290 дугаартай дүгнэлт /1 хх 45/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Э.У-н биед зүүн чихэнд шарх, зүүн чамархайн хуйх, дух, баруун чамархай, зүүн чих зөөлөн эдийн няцрал, зүүн нүд, хамрын нуруу, зүүн мөр, бугалга, тохой, шуу, сарвуу, баруун бугалга, шуу, зүүн шилбэнд цус хуралт, баруун дал зулгаралт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх 1894 дугаартай дүгнэлт /1 хх 159/,

Өвчний түүхийн хуулбар /1 хх 49-55/, гэр бүлийн хүчирхийллийн талаар цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгч байсан лавлаа /1 хх 172/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Х.М-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Х.М-н хохирогч Ш.Д-г хавсарч унагаасны улмаас түүний эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, тухайн зүйл, хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Мөн Х.М-н 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр эхнэр Э.У-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Баянзүрх дүүргийн прокурорын газраас 2018 оны 10 дугаар сарын 9-ний өдөр /1 хх 203-204/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсаныг анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлжээ.

2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр батлагдсан Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/-ийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно.” гэж заасныг 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс яллагдагчаар татах хүртэл тоолохоор зохицуулжээ.

Дээрх байдлаар хуульд өөрчлөлт орсон боловч 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй” гэж заасан зохицуулалт нь хуулийн өөрчлөлтийн аль аль цаг хугацаанд үйлчилж байгаагаас үзэхэд яллагдагчаар татах хүртэл хөөн хэлэлцэх хугацаа тоолох ойлголтыг 2015 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээс хойш үйлдсэн гэмт хэргийг шийдвэрлэхэд хэрэглэх хууль зүйн үндэслэлтэй.

2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн энэ хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг дагаж мөрдөж /Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль/ эхлэхээр хуульчилсан.

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд “2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдсөнтэй холбогдуулан мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй. Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх зохицуулалт үйлчлэхгүй.” гэж заасан бөгөөд шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэдэгт гурван шатны шүүх хамаарахаас гадна тухайн шийтгэх тогтоолд гомдол гаргаснаар хуулийн хүчин төгөлдөр болоогүй гэж үзнэ.

Гэтэл Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцэд нэр бүхий иргэд ханджээ.

Үүний дагуу Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн гишүүний 2020 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 69 дугаартай тогтоол гарч, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Аравдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Дөчин долдугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Дөчин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн эсэх асуудлаар Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн талаар нэгэнт тогтоогдсон нийтэд илэрхий үйл баримт хэргийг хянан шийдвэрлэх явцад тогтоогджээ.

Дээрх хуулийн зохицуулалтад Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэнтэй холбогдуулан шүүгдэгч Х.М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан дээрх гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг тогтоох эсхүл хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох нь учир дутагдалтай байна.

Түүнчлэн, анхан шатны шүүх шийтгэх тогтоолын удиртгал болон тодорхойлох хэсэгтээ Х.М-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэсэн атлаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэснийг ноцтой зөрчсөн байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоос Х.М-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийг тусгаарлаж, уг хэргийг дахин шийдвэрлүүлэхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нөгөөтэйгүүр, Х.М-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргүүд нь өөр өөр цаг хугацаа, орон зайд тус тусдаа үйлдэгдсэн гэмт хэргүүд бөгөөд түүний Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг тусгаарлаж, уг тусгаарласан хэргийг дахин шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд заасан зарчмыг баримтлан ял оногдуулах эсэх асуудлыг шийдвэрлэх нь хуульд харшлахгүй байхаас гадна шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахааргүй байгааг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Х.М-с “.... Би Ш.Д-н биед санаатай гэмтэл учруулаагүй, тохиолдлын байдлаар санамсар болгоомжгүйгээр үйлдсэн. ... гэрч Б, Э нарын мэдүүлэг зөрүүтэй, дүү Хосбаяр, ах Энхбат, жолооч Цагаанаа нараас мэдүүлэг авахдаа айлган сүрдүүлж авсан, камерийн бичлэг хэрэгт авагдаагүй, ... оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн утга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Учир нь, хэрэгт авагдсан хохирогч Ш.Д-н “... Үүдний өрөөнд хүлээн авагч Э, Ховд аймгийн жолооч Хосбаяр нарын хамт сууж байтал гаднаас нэг эрэгтэй хүн орилоод орж ирснээ Хосбаяр бид хоёрын дунд сууж байсан Э руу “пизда минь, лалараа” гээд дайрахаар нь би босоод “ингэж болохгүй, гарчих” гээд түлхсэн чинь миний зүүн мөрнөөс барьж аваад хавсрах шиг болсон. ...” /1 хх 25/, гэрч Б.Э-н “... гаднаас 30 гаран насны эрэгтэй хүн орж ирээд үгийн зөрүүгүй над руу дайраад хэл амаар доромжлоод байхаар нь гайхаад учрыг нь олохгүй сууж байсан чинь миний хажууд сууж байсан хамгаалагч Ш.Д ах “миний дүү ингэж болохгүй” гээд боссон чинь тэр залуу хавсрах шиг болтол Ш.Д толгойгоороо газар унаад юу ч дуугарахгүй царай нь сонин болсон байсан. ...” /1 хх 31-32/ гэсэн мэдүүлгээр буудлын хүлээлгийн зааланд Ш.Д, Б.Э, Хосбаяр нар байсан, гаднаас Х.М орж ирээд Б.Э-г хэл амаар доромжлоход нь Ш.Д ажил үүргийн хуваарийн дагуу Х.М-д шаардлага тавихад тэрээр Ш.Д-г хавсарч унагаасны улмаас толгой хэсгээрээ шалан дээр унасан хэргийн үйл баримт хөдөлбөргүй тогтоогджээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан ба Х.М нь Ш.Д-г хавсарч унагаан илтэд хүч хэрэглэсэн, хууль бус үйлдлийн улмаас хохирогч толгой хэсгээрээ шалан дээр унасан ба шүүгдэгч нь өөрийн уг үйлдлээр хохирогчид ямар нэг байдлаар гэмтэл учирч болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэж үзнэ. 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч С.Б, Б.Э нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүйгээс гадна гэрч С.Б нь хэрэг учрал болох үед байгаагүй, харин гэрч Б.Э нь тухайн хэргийн нөхцөл байдлын талаар өөрийн үзсэн харсан зүйлийн хэмжээнд тогтвортойгоор мэдүүлснийг худал мэдүүлэг өгсөн гэж үзэх боломжгүй байна.

Мөн мөрдөн шалгах ажиллагаагаар Хосбаяр, Энхбат, Цагаанаа гэх хүмүүсээс мэдүүлэг авсан талаарх баримт хэрэгт авагдаагүй тул “тэднийг айлган сүрдүүлж мэдүүлэг авсан” гэсэн Х.М-н давж заалдах гомдлын хэсэг үндэслэлгүй.

Тухайн хэрэг учрал нь 2015 онд үйлдэгдсэн ба камерийн бичлэгийг хэрэгт авагдаагүй гэсэн үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаанд буцаах шаардлагагүй ба хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар Х.М-н үйлдсэн гэмт хэрэг нь хангалттай нотлогдон тогтоогдсон гэж үзэж, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн гэж үзэхээр байна.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ...”-ээр заасан ба шүүгдэгч Х.М нь гэм буруугийн талаар маргаж байх тул түүнд шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх хууль зүйн боломжгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.