| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 181/2020/01110/И |
| Дугаар | 101/ШШ2020/02147 |
| Огноо | 2020-06-11 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 101/ШШ2020/02147
| 2020 06 11 | 101/ШШ2020/02147 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ц.П нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ПДТ ХХК холбогдох
“ПДТ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ******* дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, 21 дүгээр талбайн үйлдвэрлэлийн баазын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй байгаль орчны хэлтсийн хамгаалагчийн ажил, албан тушаалд Ц.Пийг эгүүлэн томилуулах, ажлаас чөлөөлөгдсөн хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлд нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Бямбасүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Мөнхцацрал, гэрч Ц.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Түвшинжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Пийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Бямбасүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Ц.П нь тус компанид 2017 оноос 21 дүгээр талбайн үйлдвэрлэлийн баазын Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн байгаль орчны хэлтсийн хамгаалагчийн албанд хамгаалагчаар ажиллаж байгаад 2019 оны 12 сарын 31-ний өдрийн ******* дугаартай ПДТ компанийн гүйцэтгэх захирлын тушаалаар хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан. Мөн нэр бүхий 6 хүний хөдөлмөрийн гэрээг цуцалсан байдаг. Энэ тухай нэхэмжлэгч Ц.Пид мэдэгдээгүй бөгөөд ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө бичгийн хэлбэрээр мэдэгдэж, гарын үсэг зуруулж, баталгаажуулсан байхыг шаарддаг. Гэтэл бичгийн хэлбэрээр мэдэгдэж, баталгаажуулсан зүйл огт байхгүй. Тухайн албанд хамгаалагчийн орон тоо хасагдсан үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн боловч тухайн хамгаалагчийн ажлын байр үгүй болоогүй бөгөөд ажил олгогч нь нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээнд заасан ажлын байрны тодорхойлолт, ажил үүргийн
хуваарийн дагуу гүйцэтгэж байсан ажил, албан тушаалд нь гэрээт ажилтан авч ажиллуулж байна. Орон тоо хасагдсан гэдэгт тухайн байгууллагын бүтцээс хамаарч тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлгодог уг ажлын байранд адил чиг үүргийн гэрээт ажилтнууд буюу ПДТ Монгол XXI ХХК нь Төртүвшин амгалан ХХК-тай Харуул хамгаалалтын гэрээ байгуулж, Ц.Пийг ажлаас халсан нь хууль зөрчсөн байна. Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3-т зааснаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр орон тоо хасагдсан гэх боловч түүнийг гурван сарын дотор дахин бий болгож, орон тоо хассан нь үндэслэлгүй байгаа тул ажлаас халсан гэж үзэн Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасны дагуу нэхэмжлэл гаргаж байна.
Иймд “ПДТ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ******* дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, 21 дүгээр талбайн үйлдвэрлэлийн баазын Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй байгаль орчны хэлтсийн Ц.Пийг хамгаалагчийн албан тушаалд эгүүлэн томилуулж, ажлаас чөлөөлөгдсөн хугацааны цалин хөлсийг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлд нөхөн бичилт хийлгүүлэх шийдвэр гаргаж өгнө үү гэв.
Хариуцагч “ПДТ” ХХК, тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Мөнхцацрал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 19/12-177 дугаартай “Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” гэсэн ерөнхийлөгч /гүйцэтгэх захирал/-ийн тушаал гарсан. Уг тушаалд “Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 37 дугаар зүйлийн 37.1.3, 37.1.8 дахь заалт, хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн Петро Чайна Дачин тамсаг компанийн 21 дүгээр талбайн үйлдвэрлэлийн баазын ХАБЭАБО-ны хэлтсийн хамгаалагч ******* овогтой ******* 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн албан тушаалаас нь чөлөөлж хөдөлмөрийн гэрээг цуцалсугай” гэж тусгасан болно. Мөн Ц.Пид хөдөлмөрийн дотоод журмын дагуу 3 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгохоор шийдвэрлэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт “Ажил олгогч энэ хуулийн 40.1.1. 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд ...” гэж заасны дагуу 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр “Мэдэгдэл” гардуулж танилцуулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйл 40.1.1 дэх хэсэгт “Аж ахуй нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтныг тоог цөөрүүлсэн” гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болдог. Энэ тохиолдолд урьдчилан мэдэгдэж, тэтгэмж олгодог бөгөөд манай байгууллагын хувьд “Хөдөлмөрийн хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд түүний ажилласан сүүлийн 3 сарын хугацааны дундаж цалинтай тэнцэх тэтгэмжийг нэг удаа олгоно” гэж заасны дагуу олгохоор шийдвэрлэсэн болно.
Аж ахуй нэгж, байгууллага түүний салбар нэгж татан буугдсаны улмаас бөөнөөр халсан тохиолдолд 45 хоногийн өмнө мэдэгдэнэ гэж заасан байдаг. Тухайн аж ахуйн нэгжийн салбар гэдгийг Иргэний хуулийн 29 дүгээр зүйлд зааснаар тодорхойлдог. Энд хуулийн этгээдийн оршин байгаа газраас өөр газар байрлаж түүний үндсэн чиг үүргийг бүхэлд нь буюу зарим хэсгийг гүйцэтгэдэг тусгай нэгжийг салбар гэх бөгөөд “ПДТ” ХХК-ийн хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны хэлтэс нь тухайн байгууллагын салбар нэгж гэж үзэх боломжгүй юм. Салбар нэгжийн нэг хэлтэс нь салбар өөрөө “ПДТ 21 дүгээр талбай” тул аж ахуй нэгж байгууллага түүний салбар нэгж нь татан буугдсан гэх үндэслэл байхгүй. Тийм учраас татан буугдаагүй болохоор бөөнөөр халсан гэж үзэхгүй тул 45 хоногийн өмнө мэдэгдэх үүрэггүй юм.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох “ПДТ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ******* дугаартай тушаалыг хучингүй болгуулах, Ц.Пийг хамгаалагчийн албан тушаалд эгүүлэн томилуулах, ажлаас чөлөөлөгдсөн хугацааны цалин хөлсийг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн тгалын шимтгэлд нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.П нь хариуцагч “ПДТ” ХХК-д холбогдуулан “ПДТ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ******* дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, 21 дүгээр талбайн үйлдвэрлэлийн баазын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй байгаль орчны хэлтсийн хамгаалагчийн ажил, албан тушаалд Ц.Пийг эгүүлэн томилуулах, ажлаас чөлөөлөгдсөн хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлд нөхөн бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч “ПДТ” ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар ажилтанд 1 сарын өмнө ажлаас чөлөөлөх мэдэгдлийг өгсөн, мөн 3 сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг олгосон тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Ц.П нь “ПДТ (Монгол)” компанийн 21 дүгээр талбайн үйлдвэрлэлийн баазын ХАБЭАБО-ын хэлтсийн хамгаалалтын албанд хамгаалагчаар 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн 3 сарын туршилтын хугацаагаар ажиллаж, улмаар 2017 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс үндсэн ажилтнаар томилогдсон байна.
“ПДТ” ХХК нь 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Ц.Птой хөдөлмөрийн гэрээ байгуулж, уг гэрээний 8.2-т зааснаар гэрээний хүчинтэй хугацаа дуусахаас өмнө талуудын аль аль нь гэрээг цуцлах санаалчлага гаргаагүй бол гэрээг 1 жилээр сунгасанд тооцохоор талууд тохирсон байна.
Зохигчдын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь Монгол, Англи хэл дээр үйлдэгддэг байх бөгөөд нэхэмжлэгч нь уг гэрээний монгол хэл дээрх хувийг, хариуцагч нь англи хэл дээрх хувийг монгол хэл рүү орчуулсныг ирүүлсэн ба орчуулга нь монгол хувьтай тохирч байна.
“ПДТ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ******* дугаартай “Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 37 дугаар зүйлийн 37.1.3, 37.1.8 дахь заалт, хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.1 дэх заалтыг тус тус үндэслэн тус компанийн 21 дүгээр талбайн үйлдвэрлэлийн баазын ХАБЭАБО-ны хэлтсийн хамгаалагч Ц.Пийг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн тус албан тушаалаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.
Уг тушаалыг ажил олгогчийн зүгээс ажилтан Ц.Пид хүлээлгэн өгч, улмаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШЗ2020/0******* дугаартай захирамж, 02 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШЗ2020/0******* дугаартай захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5, 65.1.11-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан ба сүүлийн захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 3 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авсан байна.
Нэхэмжлэгч Ц.Пийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр дахин шүүхэд нэхэмжлэл гаргаж, 4 дүгээр сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж, 129.3-т “Энэ зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шүүх уг хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж тус тус заасан байх бөгөөд нэхэмжлэгч нь хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн байх тул гомдол гаргах хугацааг сэргээн тогтоох нь зүйтэй юм.
Хариуцагч нь нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн” гэсэн үндэслэлд хамааруулан ажил олгогчийн санаачилгаар чөлөөлсөн ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “орон тоо хасагдсан” гэж тайлбарлаж байна.
Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д “Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2 -т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийнэ” гэж заажээ.
“ПДТ” ХХК нь 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр “...21 дүгээр талбайн удирдлагуудын шийдвэрийн дагуу үйлдвэрлэлийн баазын 21 дүгээр талбай дээр “Хамгаалалтын дэд менежер, хамгаалагч”-ийн орон тоо байхгүй болсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1 дэх заалтын дагуу Ч., Н., Ж.*******, Б.*******, Б.*******, Б., Ц.П таны хөдөлмөрийн гэрээг сунгах боломжгүй болсныг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5 дахь заалтын дагуу 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр мэдэгдэж байна” гэсэн мэдэгдэл хэргийн материалд авагдсан боловч Ц.П гарын үсэг зураагүй, гэрч Ц.******* нь мэдэгдлийг утсаар мэдэгдсэн гэх мэдүүлэгийг өгсөн боловч энэхүү мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад бичгийн баримтаар тогтоогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл энэхүү мэдэгдлийн талаар хуульд заасан арга, журмаар Ц.Пид ажил олгогчийн зүгээс мэдэгдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
“ПДТ” ХХК-ийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хорооноос 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 21 дугаартай албан бичгээр “ПДТ” ХХК-ийн захиргаанд мэдэгдэл хүргүүлж, “... Хамгаалалтын дэд менежер болон хамгаалагч нарын нэр бүхий 7 хүний ажлын байрны орон тоо байхгүй болсонтой холбоотойгоор хөдөлмөрийн гэрээг сунгах боломжгүй болсныг захиргаанаас 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ажилчдад мэдэгдсэн байна. ... 21 дүгээр талбай дээр харуул хамгаалалтын ажил нь зайлшгүй шаардлагатай хариуцлагатай ажил ... мэдэгдлийг хүчингүй болгож байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг үргэлжлүүлэн ажилчдыг ажил үүргээр хангаж хуулийн хүрээнд хамтран ажиллахыг хүсье ... ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийнэ ... Харуул хамгаалалтын хэсэг нь салбар нэгжид хамаарагдах бөгөөд ... ажилтны төлөөлөгчдөд буюу ҮЭ-ийн хороонд 45 хоногийн өмнө мэдэгдсэн байх ёстой...” гэжээ.
“ПДТ” ХХК-ийн ерөнхийлөгчийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 21/85 дугаартай 21 дүгээр талбайн бүтэц зохион байгуулалт батлах тухай тушаалын хавсралтаар 2019 онд 21 дүгээр талбай нь 5 хэлтэстэй байх ба ХАБЭАБО-ны хэлтэс нь “Дэд менежер 2, байгаль орчны ажилтан 3, ... хамгаалагч 8, ... байхаар бүтэц орон тоог баталсан байна.
Харин тус компанийн ерөнхийлөгчийн 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 19/21-68 дугаартай “21 дүгээр талбайн бүтэц зохион байгуулалт батлах тухай” тушаалын хавсралтаар 2020 онд ХАБЭАБО-ны хэлтсийн “Дэд менежер 1, ... хамгаалагч 0, ...” байхаар бүтэц орон тоог баталжээ.
“ПДТ” ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 2.6.1-д “Компанийн стратегийн төлөвлөлт, дэлхийн зах зээлийн болон тухайн зах зээлийн төлөв байдал, нефтийн үнийн өөрчлөлт болон бусад хүчин зүйлүүдээс шалтгаалан компанийн бүтэц, зохион байгуулалтанд шинэчлэлт оруулж болох бөгөөд үүнийг Ерөнхийлөгч эцэслэн шийдвэрлэнэ” гэж зааснаар ажил олгогчийн зүгээс 21 дүгээр талбайн ХАБЭАБО-ны хэлтсийн зарим ажил, албан тушаал буюу дэд менежерийн орон тоог 1, хамгаалагчийн орон тоог хассан гэж үзэхээр байх боловч дээрх бүтэц зохион байгуулалт баталсан тушаалын үндэслэл болон хэрэгт авагдсан баримтаар журмын энэхүү заалтын дагуу орон тоог хасах хэрэгцээ, шаардлага байсан эсэх нь тодорхойгүй, журамд заасан үндэслэл бий болсон нь тогтоогдохгүй байна.
Түүнчлэн гэрч Ц.******* нь “... 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс манай компани хамгаалалтын өөр компанитай гэрээ байгуулж, ажиллуулж байгаа ...” гэх мэдүүлэгийг өгсөн бөгөөд үүнээс харахад хариуцагч нь хамгаалагчийн орон тоог хассан атлаа өөр харуул хамгаалалтын компанитай гэрээ байгуулж буй нь хуульд нийцэхгүй, ажилтны эрхийг зөрчиж байна гэж үзэхээр байна.
“ПДТ” ХХК-ийн 21 дүгээр талбайн үйлдвэрлэлийн баазын ХАБЭАБО-ны хэлтэс нь татан буугдаагүй боловч тухайн хэлтэст харьяалагдаж байсан 7 ажилтныг 1 өдөр бөөнөөр ажлаас нь чөлөөлсөн байх бөгөөд энэ тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар ажилтанд 1 сарын өмнө бус, харин ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, хуульд заасан хэлэлцээ хийх үүргээ хариуцагч нь хэрэгжүүлэх байжээ.
Түүнчлэн энэхүү асуудлаар дээр дурдсанаар “ПДТ” ХХК-ийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хорооноос 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 21 дугаартай албан бичгээр “ПДТ” ХХК-ийн захиргаанд мэдэгдэл хүргүүлсэн байна.
Эдгээрээс үзвэл “ПДТ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ******* дугаартай тушаал нь хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч Ц.Пийг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн томилох нь зүйтэй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заажээ.
Ц.Пийг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлсөн, тэрээр ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нэхэмжилсэн ба шүүхийн шийдвэр гарсан 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл ажлын 111 хоногийн цалин, хөлстэй тэнцэх олговрыг дараахи байдлаар тооцох нь зүйтэй байна.
Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралт “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-ийн “а”-д “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу … олговор олгох … хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтаны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр” тодорхойлно гэж зааснаар дундаж цалин хөлсийг 2019 оны 10, 11, 12 дугаар сард авсан цалингаас тооцоход дундаж цалин нь 1,829,914.3 төгрөг гарч байх ба ажлын 21.5 өдөрт хуваахад 1 өдрийн цалин хөлс нь 85,112.2 төгрөг гарч байх бөгөөд үүнийг ажилгүй байсан 111 хоногоор тооцоход 9,447,454.2 төгрөг гарч байна.
Ц.Пийг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс ажлаас нь чөлөөлсөн бөгөөд 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 1440 ам.долларыг 2785,62 төгрөгөөр тооцон Ц.Пид ажлаас халагдсаны тэтгэмжийг шилжүүлсэн ба дээрх ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгохдоо энэхүү нэг удаагийн тэтгэмжийг хуульд заасан арга, журмаар тооцох эсэх нь ажил олгогчийн эрх, үүрэгт хамааралтай болно.
Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулахаар нэхэмжлэгч шаардлага гаргасан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар энэхүү шаардлага нь үндэслэлтэй юм.
Иймд дээрх үндэслэлүүдээр “ПДТ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ******* дугаартай тушаал хууль зүйн үндэслэлгүй байх тул тус компанийн 21 дүгээр талбайн үйлдвэрлэлийн баазын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй байгаль орчны хэлтсийн хамгаалагчийн ажил, албан тушаалд Ц.Пийг эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны нөхөх олговорт 9,447,454.2 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Пийг “ПДТ” ХХК-ийн 21 дүгээр талбайн үйлдвэрлэлийн баазын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй байгаль орчны хэлтсийн хамгаалагчийн ажил, албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны нөхөх олговорт 9,447,454.2 /есөн сая дөрвөн зуун дөчин долоон мянга дөрвөн зуун тавин дөрвөн төгрөг хоёр мөнгө/ төгрөгийг хариуцагч “ПДТ” ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч Ц.Пид олгож, Ц.Пийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч “ПДТ” ХХК-д даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдаж, хариуцагч “ПДТ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 166,109.26 /нэг зуун жаран зургаан мянга нэг зуун есөн төгрөг хорин зургаан мөнгө/ төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ