Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 101/ШШ2020/02239

 

 

 

 

 

 

 

 

 

 

2020         06          18

                   101/ШШ2020/02239

 

                                         

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ХБ ХХК нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: У.Т

 

Хариуцагч: Л.М нарт холбогдох

 

Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөр болон бусад зардалд нийт 19,963,897.03 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Хишигсүрэн, хариуцагч У.Т, хариуцагч Л.Мөнх-Оргилын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Мөнхдөл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Түвшинжаргал нар оролцов.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

           

Нэхэмжлэгч “ХБ” ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Хишигсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зээлдэгч У.Т, Л.Мнар нь тус банкны Зүүнхараа салбарын харьяа Баянгол тооцооны төвөөс 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ЗГ/201844088507 тоот цалингийн зээлийн гэрээ байгуулан 20,000,000 төгрөгийн зээлийг сарын 1,4 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар, гэрийн эд хогшил барьцаалан цалингийн зээл авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.1 дэх хэсэгт заасны дагуу зээл хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу цалингийн үндсэн зээлд 2,135,839.78 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,804,977.42 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 3,030.80 төгрөг, нийт 3,943,848 төгрөг төлсөн байна. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа 235 хоногоор хэтэрч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул Зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 7.1-д заасан үндэслэлээр 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр зээл төлөх мэдэгдэл хүргүүлж, төлөөгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрөө төлөөгүй байна. Банк Зээлийн гэрээний 8 дугаар зүйлийг үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 201844088507 тоот цалингийн зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөр тасалбар болгон цалингийн зээлийн төлбөрт үндсэн зээлийн үлдэгдэл 17,864,160.22 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2,046,761.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 39,975.29 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 13,000 төгрөг, нийт 19,963,897.03 төгрөг нэхэмжилсэн.

Л.Мнь хамтран үүрэг гүйцэтгэгчээр орсон бөгөөд цалингийн зээлийг судлахдаа үндсэн зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн хэн алиных нь материалыг судалсаны үндсэн дээр зээлийг олгосон тул Л.Мөнх-Оргилыг хариуцагчаас чөлөөлөх үндэслэлгүй юм. Хариуцагч У.Тын 5 дугаар сард төлсөн 600,000 төгрөгийн хувьд түүний кредит картын төлөлт хийгдээгүй байсан тул уг төлбөрт таталт хийж, үлдсэнийг нь цалингийн зээлд нь суутгасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар нь зээлийн төлбөрт 299,000 төгрөг болон 97,979 төгрөг, нийт 396,979 төгрөгийг төлсөн тул үүнийг үндсэн зээлийн үлдэгдөл төлбөрөөс хасч нийт нэхэмжлэлийн шаардлага 19,566,918.03 төгрөг болгож багасгаж байна, уг төлбөрийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч У.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие ХБны Сэлэнгэ аймаг Баянгол тооцооны төвөөс 2018 онд цалингийн зээл 20,000,000 төгрөг авсан. Зээлийг хуваарийн дагуу төлж байсан боловч санхүүгийн асуудлаас болж төлж чадаагүй нь үнэн болно. Одоо ХБны нэхэмжилж байгаа 19,963,897 төгрөгөөс баримтаар 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр миний данснаас 600,000 төгрөг, Л.Мөнх-Оргилын данснаас 299,450 төгрөгийг тус тус төлсөн. Л.Мөнх-Оргилын данснаас төлөгдсөн 299,450 төгрөгийг би түүнд төлнө. Зээлийн хугацаа хэтрүүлсэн төлбөрт 4,500,000 төгрөгийг 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлж, үлдэх мөнгөн дүнг зээлийн гэрээний хуваарийн дагуу төлж барагдуулна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа бөгөөд ХБнаас зээл олгохдоо хамтран үүрэг гүйцэтгэгч байх хэрэгтэй гээд байсан учир цуг ажилладаг Л.Мөнх-Оргилыг миний бие гуйсаны дагуу гарын үсэг л зурсан, зээлийг би өөрөө авч ашигласан, Л.Мөнх-Оргиолд хамаагүй гэв. 

 

Хариуцагч Л.Мөнх-Оргил, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Мөнхдөл шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг би хүлээн зөвшөөрөхгүй учир нь миний бие дээрх зээлийг аваагүй У.Т уг зээлийг авсан. У. Тамир нь Улаанбаатар хотод Баянзүрх дүүргийн Онцгой байдлын газар ажиллаж байгаа бөгөөд одоо ажил үүргээ гүйцэтгэж байгаа болохоор зээлийг төлөх боломжтой гэж үзэж байна. Мөн энэ талаар 6и У.Ттай уулзаж ярьсан боловч би 2020 оны 6 дугаар сараас зээлээ ямар ч маргаангүй төлөөд явна тэгэхээр чамд ямар ч хамааралгүй гэж хэлсэн. Би найзыгаа гуйгаад байхаар л зээлийн гэрээнд очиж гарын үсэг зурсан болно. Миний хувьд үнэхээр дээрх мөнгийг аваагүй ба зээлийг төлөх боломжгүй учир надыг энэ нэхэмжлэлээс хасаж тооцож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “ХБ” ХХК нь хариуцагч У.Т, Л.Мнарт холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 17,864,160.22 төгрөг, зээлийн хүү 2,046,761.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 39,975.29 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 13,000 төгрөг, нийт 19,963,897.03 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдааны явцад хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тодорхой төлбөр төлсөн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 19,566,918.03 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шаардаж байна.

 

Хариуцагч У.Тын хувьд зээлийг би өөрөө авч ашигласан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэж, харин хариуцагч Л.Мнь би зээлийг аваагүй, ашиглаагүй У.Тын гуйлтаар гэрээнд гарын үсэг зурсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

“ХБ” ХХК нь У.Т, Л.Мнартай 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ЗГ/201844088507 дугаартай “Зээлийн гэрээ” байгуулж, зээлдэгч У.Тын өмнө төлж байсан зээлийн үлдэгдэл төлбөр 10,963,620.25 төгрөг дээр 9,036,379.75 төгрөгийг нэмж зээлэн, нийт 20,000,000 төгрөгийг жилийн 16,8 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай буюу 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл хугацаагаар зээлж, хамтран үүрэг гүйцэтгэгчээр Л.Мгарын үсэг зурсан, зээлийн 9,036,379.75 төгрөгийг зээлдэгч У.Тын 5050304093 тоот дансанд гэрээ байгуулагдсан өдөр нэхэмжлэгч нь шилжүүлсэн, нэмэгдүүлсэн хүүгийн талаар талууд тохирсон болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан Зээлийн гэрээ болон Зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байна.

 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасны дагуу зээлийн гэрээ байгуулагджээ.

 

Зээлийн эргэн төлөлт нь У.Тын 5050304093 тоот данснаас таталт хийгддэг байсан болох нь зээлийн дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байх бөгөөд үндсэн зээлд 2,532,819 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,804,977.42 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 3,030.80 төгрөг, нийт 4,340,827.22 төгрөгийг хариуцагч У.Т төлсөн байна.

 

Нэхэмжлэгч нь 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэл гаргахаас өмнө 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр У.Т нь зээлийн төлөлт хийсэн, гэрээгээр тохирсон зээлийн хуваарь удаа дараа зөрчигдсөн, хариуцагч нь санхүүгийн асуудлаас үүдэн зээлийг төлөх боломжгүй байсан гэх тайлбарыг гаргаж байгаа зэргээс үзвэл нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй үндэслэлээр гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан нь Иргэний хуулийн 225 дугар зүйлийн 225.1-д заасан зохицуулалтад нийцжээ.

 

Ийнхүү нэхэмжлэгч нь зээлийн гэрээгээ цуцалж, зээлийн гэрээний үүрэг болох үлдэгдэл төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй юм.

 

Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр БГХ201844088507 дугаартай “Барьцааны гэрээ”-г “ХБ” ХХК нь У.Т, Л.Мнартай байгуулсан байх бөгөөд Иргэний хуулийн 198 дугаар зүйлд зааснаар гэрээг тайлбарлавал уг гэрээгээр зээлдэгч У.Тын гэрийн эд хогшил /42 инчийн зурагт, хөргөгч, бүрэн автомат угаалгын машин/, ирээдүйд орох цалинг барьцаалсан, харин хамтран үүрэг гүйцэтгэгч Л.Мөнх-Оргилын ирээдүйд орох цалин хөлсийг барьцаалаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн Барьцааны гэрээний 2.7-д гэрээний харилцаанд шууд бусаар оролцогч этгээдийн талаарх мэдээлэл хэсэгт Л.Мөнх-Оргилын талаарх мэдээллийг оруулсан байна.  

 

ХБнаас олгосон цалингийн зээлийг хариуцагч У.Т нь Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2-т заасан хөдөлмөрлөх иргэний журамт үүргийнхээ хүрээнд өөрийн амин хувийн хэрэгцээг хангах зорилгоор өөрийн цалин хөлсийг барьцаалан, зээлийг өөрөө авч ашигласан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримт, дээр дурдсан үйл баримт зэргээр тогтоогдож байх бөгөөд хариуцагч У.Т нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлж барагдуулахаа илэрхийлж байгаа зэргээс үзэхэд зээлийн төлбөрийг хариуцагч У.Таас гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1. 242.2-т зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгчээс зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй гэж тайлбарлаж байгаа боловч дээр дурдсанчилан хамтран үүрэг гүйцэтгэгчийн хувиар Л.Мөнх-Оргилд цалин барьцаалсан зээлийн гэрээний үүргийг хариуцуулах үндэслэлгүй гэж дүгнэв.

 

Зээлийн гэрээний үүргээ зөрчсөнтэй холбоотой гарсан зардалд нотариатын үйлчилгээний хөлс 13,000 төгрөгийг нэхэмжлэгч нь нэхэмжилсэн бөгөөд Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д “үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэсэн үндэслэлд хамааруулан хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.

 

Иймд зээлийн гэрээний үүрэг, бусад зардалд 19,566,918.03 төгрөгийг хариуцагч У.Таас гаргуулж, нэхэмжлэгч “ХБ” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн хариуцагч Л.Мөнх-Оргилд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дүгээр зүйлийн 453.1, 225 дугаар зүйлийн 225.1, 242 дугаар зүйлийн 242.1-д заасныг тус тус баримтлан зохигчдын хооронд байгуулсан 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ЗГ/201844088507 дугаартай “Зээлийн гэрээ”-г хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч У.Таас зээлийн гэрээний үүрэг, бусад зардалд нийт 19,566,918.03 /арван есөн сая таван зуун жаран зургаан мянга есөн зуун арван найман төгрөг гурван мөнгө/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “ХБ” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс хариуцагч Л.Мөнх-Оргилд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,769.49 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч У.Таас улсын тэмдэгтийн хураамжид 255,784.59 /хоёр зуун тавин таван мянга долоон зуун наян дөрвөн төгрөг тавин есөн мөнгө/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “ХБ” ХХК-д олгосугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Т.ЭНХЖАРГАЛ