| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 171/2016/0040/Э/ |
| Дугаар | 2016/ШЦТ/20 |
| Огноо | 2016-01-13 |
| Зүйл хэсэг | 192.1., |
| Улсын яллагч | Г.Яндаг |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 2016/ШЦТ/20
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2016/0040/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Баярмаа,
Шүүгдэгч М.М , Х.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт М-ын М , Б овогт Х-ын Б нарт холбогдох 201509000669 дугаартай эрүүгийн хэргийг 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Монгол Улсын иргэн, Б овогт М-ын М /РД:......... /, ...... оны ...... дүгээр сарын .... -ний өдөр ....... аймгийн ...... суманд төрсөн, ...... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл ...... ...........-ийн хамт ........ аймгийн ....... сумын .... дугаар баг ........ тоотод оршин суух, “........ ” их сургуулийн ...... дүгээр курсын оюутан, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй,
2.Монгол Улсын иргэн, Б овогт Х-ын Б /РД:.......... /, .......... оны .... дугаар сарын ..... -ны өдөр .......... аймагт төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл .... , ..........-ийн хамт ........ аймгийн ......... сумын .......... дүгээр баг ...... тоотод оршин суух, “......... ” их сургуулийн ....... дүгээр курсын оюутан, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй
Шүүгдэгч Х.Б, М.М нар нь 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр .......... аймгийн ............ сумын ........ дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “.......... ” ХХК-ны хашаанд сэтгэцэд нөлөөлөх дельта-9 тетрагидроканнабинол бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, олж авсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
-Шүүхийн хэлэлцүүлэгт:
-Шүүгдэгч Х.Б -ийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…М , Н , М , Б бид тав шинэ хорооллын арын цэнхэр хашаа руу ороод хашааны гадаа унаад хатсан байсан өвсийг М бид хоёр аваад гараараа үүрүүлээд жижиг цэвэр усны талыг нь асгаад ёроолыг цоолоод амсар дээр нь тугалган цаас тавиад тугалган цаасан дээрээ үүрүүлсэн өвсөө тавиад өвсөө шатаагаад М , Н , М бид дөрөв хувааж сорсон юм. Бэлдэж байхад Б хүнтэй утсаар яриад яваад өгсөн юм. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэх мэдүүлэг,
-Шүүгдэгч М.М-ны шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2015 оны 8 дугаар сарын 25-ны орой 20 цагийн орчим би найз охиноо хүргэж өгөөд найз Б рүү залгаад хаана юу хийж байгаа юм бэ гэж асуухад ....... дугаар байрны урд байна одоо хуучин хороолол руу явлаа гэж хэлсэн юм. Ингээд би араас нь ярьж байгаад очиход ******* сургуулийн ард Н , М , Б , Б дөрөв дундаа нэг пивотой байж байсан юм. Ингээд бид нар пивоо ууж дуусаад буцаад явж байхад Б хэдүүлээ сорж үзье гэсэн юм. Тэгэхээр нь за, за тэгье гээд шинэ хорооллын ..... дугаар байрны арагшаа явж байхад М би үйлчилгээний төв орж хүнтэй уулзаад ирье гээд явсан бөгөөд Б, Н , Б бид дөрөв “........ ” ХХК-ны хашааны гадна очоод Б бид хоёр асаагуурын гэрэл тусгаад өвс түүсэн юм. Ингээд Б бонакуа гэсэн бичигтэй цэвэр усны талыг нь асгаад савны дээд талын амсар дээр тугалган цаас тавьж байгаад тугалган цаасан дотроо түүсэн өвсөө хийгээд савныхаа ёроолыг цоолоод амсар дээр нь байсан өвсөө асаасан юм. Ингээд бэлдэж байхад Б найз охиноо хүргэж өгөөд ирье гээд явсан юм. Б -ныг явсны дараа М ирээд Н , М , Б бид дөрөв бэлдсэн өвсөө тойруулаад сорсон бөгөөд М сорж байгаад за за болье гээд хашаа давуулаад шидсэн юм. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэх мэдүүлэг,
-Хар тамхи мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг тестээр шалгасан тэмдэглэл /хэргийн 69-72 дахь тал/,
-Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 73-75 дахь тал/,
-Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хэргийн 80 дахь тал/,
-“Шинжилгээнд ирүүлсэн .......... сумын ....... дугаар баг “........ ” ХХК-ны талбайд байсан савтай зүйлээс асгарсан зүйл 2015.8.23, “Bonaqua” гэсэн шошготой, цэнхэр өнгийн хуванцар савны амсар дээр байх мөнгөлөг цаастай ургамал мэт зүйл тус бүрд “Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ийн агуулга илэрч байна. Уг бодис нь Нэгдсэн үндэсний байгууллагын “сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтдаг болно.” гэх 2015 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 7609 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 88-89/ дэх тал,
-“Шинжилгээнд ирүүлсэн Б.М , М.М , Х.Н нараас авсан гэх шээс тус бүрд дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ийн агуулга илэрч байна. Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ нь Нэгдсэн үндэсний байгууллагын “сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцэд багтдаг болно. Х.Б -ээс авсан гэх шээс нь бага хэмжээтэй ирсэн тул шинжилгээ хийх боломжгүй байна.” гэх 2015 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 7611 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 91-92 дахь тал/,
-Х.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “…2015 оны 8 дугаар сарын 25-ны орой 20 цагийн орчим М , Б, Б, М бид нар манай байрны гадаа буюу шинэ хорооллын 2 дугаар байрны гадаа уулзаад сууж байхад Мөнхсайхан найз охиноо хүргэж өгөөд ирье гээд явсан юм.
...ингээд пиво ууж дуусаад буцаад Дархан 50 цогцолбор руу явж байхад Б “хэдүүлээ өвс сорж үзье” гээд байсан юм. Тэгэхээр нь “за за, тэгье” гээд М , Б, Б, М бид тав шинэ хорооллын арагшаа явж байхад М “би үйлчилгээний төв рүү явж хүнтэй уулзаад ирье” гээд явсан юм. Ингээд М , Б , Б бид дөрөв шинэ хорооллын арын “........ ” ХХК-ны хашаа руу ороод М , Б асаагуурын гэрлээр нэг зүйл хайж эхэлсэн юм.
...тэгэхэд М , Б өвсөө олчихлоо гээд дуудсан юм. Тэгэхээр нь би яваад очиход М , Б хоёр bonoqia гэсэн усны саванд тал дундуур ус хийгээд амсар дээр нь тугалган цаас хийж байгаад саваа дундуур нь нугалаад савныхаа ёроолыг тамхиар цоолоод тэгээд, амсар дээр өвсөө тавьж шатаасан юм.” гэх мэдүүлэг /хэргийн 122 дахь тал/,
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 151-152 дахь тал/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч Х.Б, М.М нар нь 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр ........ аймгийн ...... сумын ...... дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “........ ” ХХК-ны хашаанд сэтгэцэд нөлөөлөх дельта-9 тетрагидроканнабинол бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, олж авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байх тул аймгийн прокурорын газраас түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.
Иймд шүүгдэгч Х.Б, М.М нарыг мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, олж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Х.Б , М.М нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хэргийн 151-152 дахь тал/ байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Х.Б, М.М нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан шүүгдэгч нарт оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж дүгнэлээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт М-ын М , Б овогт Х-ын Б нарыг мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, олж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-д зааснаар шүүгдэгч Б овогт М-ын М , Б овогт Х-ын Б нарт тус бүр 1 жил 6 сар /нэг жил зургаан сар/ хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч Х.Б , М.М нарт оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.2-т зааснаар шүүгдэгч Х.Б , М.М нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай
5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88 дугаар зүйлийн 88.1.3-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Bonaqua” гэсэн шошготой хуванцар сав болон хуванцар савны амсар дээр байх мөнгөлөг цаастай ургамал мэт зүйл, цагаан өнгийн дугтуйтай ургамал мэт зүйл, лаан өнгийн тагтай 4 ширхэг савыг тус тус устгасугай
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-д Х.Б , М.М оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар тэнсэгдсэн Х.Б , М.М нарт хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг Х.Б , М.М нарт мэдэгдсүгэй.
8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Б , М.М нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ******** ,******* нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ