Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 101/ШШ2020/02238

 

 

 

 

 

 

 

 

 

 

2020          06          18

                   101/ШШ2020/02238

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                       

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: А.Н нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: А.Б холбогдох

 

5,494,629 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сарангэрэл, хариуцагчийн өмгөөлөгч Э.Намжилцэрэн /№3178/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Түвшинжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

           

Нэхэмжлэгч А.Нын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сарангэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч А.Н нь хариуцагч А.Бд Чех улсаас 2016 оны 11 дүгээр сарын 15-нд н.Ариунзаяагаар дамжуулж 902 америк доллар, 2017 оны 01 дүгээр сарын 16-нд өөрөөсөө 1,300 америк долларыг шилжүүлсэн. Нэхэмжлэлийн шаардлагаасаа 902 америк доллар гаргуулах шаардлагаасаа татгалзаж, 1,300 америк доллар буюу 3,243,877 төгрөгийг нэхэмжилж байна. Уг мөнгийг А.Н нь А.Бд шилжүүлсэн зорилго нь Жи тайм гэдэг сүлжээнд өөрийнхөө доор элсүүлэн оруулна гэх тохиролцооны дагуу шилжүүлсэн. Тодорхой хугацааны дараа Жи тайм сүлжээнд орсон талаарх мэдээллийг А.Н авч чадаагүй. Мөнгөний асуудлыг хариуцагч руу ярихад мөнгийг Жи таймд өгсөн гэж тайлбарладаг. Жи таймтай холбоотой эрүүгийн хэрэг үүсгэхэд мөрдөн байцаагч дээр очиж А.Н гэдэг нэрээр шүүлгэж асуулгахад А.Н гэдэг нэрээр хохирогч тогтоогдоогүй байсан. Ингээд хуульд заасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасны дагуу Жи тайм сүлжээнд оруулахаар өгсөн мөнгийг тэр газарт  нь  шилжүүлээгүй  учраас  А.Бгаас  1,300

америк долларыг 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн ханшаар 1 ам.долларыг 2495.29 төгрөгөөр тооцож 3,243,877 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.Нт олгож өгнө үү.

Мөн Жи тайм сүлжээнд А.Нын бүртгэл үүсээгүй учраас хохирогчоор тогтоолгох боломжгүй гэсэн болно гэв.

 

Хариуцагч А.Б, түүний өмгөөлөгч Э.Намжилцэрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие А.Нын өөрийн хүсэлтийн дагуу Жи тайм сүлжээнд элсэхээр болж “эгч нь гадаадад байдаг тул чи намайг бүртгүүлээд өгөөч” гэсний дагуу А.Ныг Жи тайм сүлжээнд бүртгүүлж, төлбөрийг нь 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр өөрийн нөхөр С.Билгүүнээр “Жи тайм корпорейшн” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 473018711 тоот данс руу шилжүүлсэн болно. Одоо “Жи тайм корпорейшн” ХХК-д холбогдох эрүүгийн хэрэг нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжсэн тул уг асуудлаар тус шүүхэд хандаж хохирогчоор тогтоолгох боломжтой гэж үзэж байна.

Хариуцагчийн тайлбарыг дэмжиж байна. Хариуцагч заавал тухайн хүний нэрээр шилжүүлэх албагүй тухайн багын ахлагч шилжүүлэх боломжтой гэж тайлбарласан энэтэй холбоотой баримтыг шүүхэд өгсөн.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.Н нь хариуцагч А.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,202 ам.доллар буюу 5,494,629 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж өөрчилж, улмаар нэхэмжлэлийн шаардлагын 902 ам.долларт холбогдох хэсгээс татгалзаж, 1,300 ам.доллар буюу 3,243,877 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаарджээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчээс 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 1,300 ам.долларыг Жи тайм сүлжээнд элсүүлэх зорилгоор авч, 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр өөр бусад хүмүүсийн мөнгөтэй хамт “Жи тайм корпорейшн” ХХК-д шилжүүлсэн, Жи таймын эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдох боломжтой гэж тайлбарлан, хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

А.Н нь Чех Улсаас 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Жи тайм сүлжээнд орох зорилгоор А.Б руу 1,300 ам.долларыг шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбар, “Мони поло” мөнгөн шилжүүлэгийн баримтаар тогтоогдож байна.

 

Ийнхүү А.Б нь дээрх мөнгийг хүлээн авсан боловч А.Ныг Жи тайм сүлжээнд бүртгэж, элсүүлсэн болох нь баримтаар тогтоогдохгүй байгаагийн дээр “Жи тайм” сүлжээтэй холбоотой эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэрэг шилжсэн, уг хэрэгт А.Б нь хохирогчоор тогтоогдсон боловч А.Н хохирогчоор тогтоогдоогүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэрвээ А.Нын бүртгэл үүссэн бол хохирогчоор тогтоогдох боломжтой байсан, харин ямар нэгэн бүртгэл үүсээгүй учраас хохирогчоор тогтоолгох боломжгүй байсан гэх тайлбар үндэслэлтэй байна.

 

Хариуцагч А.Б нь өөрийн нөхөр С.Билгүүнээр дамжуулан 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр “Жи тайм корпорейшн” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 473018711 тоот дансанд “Билгүүнээс Основ хөтөлбөрийн 8 барааны үнэ” гэсэн утгаар 6,225,000 төгрөгийг шижлүүлсэнийг хариуцагчийн өмгөөлөгч нь хариуцагч заавал тухайн хүний нэрээр шилжүүлэх албагүй тухайн багын ахлагч шилжүүлэх боломжтой тул энэ өдрийн шилжүүлэгт А.Нын мөнгө багтсан буюу Жи тайм сүлжээнд элсүүлж, мөнгийг шилжүүлсэн гэж тайлбарлаж байна.

 

Дээрх мөнгө шилжүүлсэн баримтаас үзэхэд хариуцагч А.Бг нэхэмжлэгч А.Ныг Жи тайм сүлжээнд элсүүлэн бүртгэсэнтэй холбоотой төлбөрийг шилжүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Өөрөөр хэлбэл өөр этгээдийн Жи тайм сүлжээнд шилжүүлсэн мөнгийг өөрөө шилжүүлсэн мэтээр, уг төлбөрт А.Нын мөнгө орсон гэж тайлбарлаж буй хариуцагчийн тайлбар, татгалзал үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3-т “Үүрэг гүйцэтгүүлэхээр бус харин тодорхой үйлдэл хийлгэх буюу үйлдэл хийхгүй байхаар хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн тохиолдолд нөгөө этгээдийн үйлдэл буюу эс үйлдэхүй хөрөнгө шилжүүлсэн этгээдийн хүсэл зоригт нийцэхгүй бол шилжүүлсэн зүйлээ буцаан шаардаж болно” гэж зааснаар нэхэмжлэгчийг Жи тайм сүлжээнд элсүүлэх зорилгоор хариуцагч нь 1,300 ам.долларыг авсан боловч түүнийг элсүүлсэн эсэх нь тодорхойгүй, энэхүү нөхцөл байдал нь нэхэмжлэгчийн хүсэл зоригт нийцээгүй тул шилжүүлсэн мөнгөө нэхэмжлэгч нь шаардах эрхтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т “Гадаад валютын ханшийг тухайн үеийн Монголбанкнаас зарласан албан ёсны ханшаар, эд хөрөнгийн үнийг нотлогдсон хэмжээгээр тус тус тооцно” гэж зааснаар нэхэмжлэгч нь 1,300 ам.долларыг хариуцагчид шилжүүлсэн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн монгол төгрөгийн ам.доллартай тэнцэх ханш болох 2,495.29 төгрөгөөр тооцсон нь үндэслэлтэй. 

 

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Хариуцагч нь тодорхой шалтгааны улмаас шүүх хуралдаан товлосон цагт ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн өмгөөлөгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлт гаргасан тул хариуцагч А.Бгийн эзгүйд шүүх хуралдааныг хийсэн болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

    

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3-т заасныг баримтлан хариуцагч А.Бгаас 1,300 ам.доллар буюу 3,243,877 /гурван сая хоёр зуун дөчин гурван мянга найман зуун далан долоо/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.Нт олгосугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн 902 ам.долларт холбогдох шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102,705 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Бгаас улсын тэмдэгтийн хураамжид 66,852 /жаран зургаан мянга найман зуун тавин хоёр/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.Нт олгосугай. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Т.ЭНХЖАРГАЛ