Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 101/ШШ2020/02319

 

 

 

 

 

 

 

 

 

 

  2020        06          26

                101/ШШ2020/02319

 

 

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                       

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Т.Т нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Г.З холбогдох

 

Гэр бүлийн дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдэд ногдох хэсэг болох 29,304,000 төгрөг гаргуулах, Баянзүрх дүүрэг, хороо, ******* хотхоны ******* тоотод байрлах 56,67 мкв орон сууцны ипотекийн 8 хувийн зээлийн гэрээнээс Т.Тг хамтран зээлдэгчээс хасуулахыг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: УБХБ ХХК

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Билгүүн, хариуцагч Г.Зэ, хариуцагчийн өмгөөлөгч А.Дугармаа, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Номин-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Түвшинжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 101/ШШ2019/0******* дугаартай шийдвэрээр бидний гэрлэлт, хүүхдийн тэтгэлэг, хүүхдийн сургалтын төлбөрийн асуудал эцэслэн шийдвэрлэгдсэн. Мөн хариуцагч Т.Т би Баянзүрх дүүрэг, хороо, Хаппи Таун ******* байрны ******* тоот орон сууцыг нэхэмжлэгч Г.Зийн өмчлөлд үлдээхийг хүлээн зөвшөөрсөн, гэвч гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгийн асуудлаа албан ёсоор нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлээгүй болно. Одоогийн байдлаар би охин З.ын хамт Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн оюутны байранд амьдарч байгаа бөгөөд бидний гэрлэснээс хойш буюу 2005 оноос 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр гэрлэлт цуцлуулах шүүхийн шийдвэр гарсан өдрийг хүртэлхи хугацаанд бий болсон эд хөрөнгөөс охин З. бид хоёрт ногдох хэсгийг Г.Зээс хуулийн дагуу гаргуулах хүсэлтэй байна.

Үүнд: ******* УБР улсын дугаартай, саарал өнгийн Приус 30 маркийн автомашин /2009 он/, зах зээлийн үнэ нь 14,000,000 төгрөг, ******* УНЦ улсын дугаартай, хар өнгийн Ниссан Теана маркийн автомашин /2004 он/, зах зээлийн үнэ нь 5,000,000 төгрөг, ******* УНТ улсын дугаартай, шар өнгийн Киа маркийн цэргийн зориулалттай автомашин /1990/, зах зээлийн үнэ нь 12,500,000 төгрөг, ******* УНТ улсын дугаартай, хар өнгийн Драгстар мотоцикл, зах зээлийн үнэ нь 8,000,000 төгрөг, гал тогооны тавилга 2014 онд 2,500,000 төгрөгөөр хийлгэсэн, үүдний өрөөний хувцасны шкаф 2016 онд 2,000,000 төгрөгөөр хийлгэсэн, нийт 44,000,000 төгрөг болж байна. 

Бидний зүгээс 2005 онд гэр бүл болж, 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 0******* тоот Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан болно. Бидний гэр бүл байх хугацаанд буюу 2014 онд Баянзүрх дүүргийн хороо, Хайпи тавн хотхоны ******* байрны ******* тоотод байрлах 56.67 мк.в орон сууцыг Ипотекийн 8 хувийн зээлээр үндсэн зээлдэгч Г.Зэ, хамтран зээлдэгчээр миний бие оролцон тухайн орон сууцыг худалдан авсан болно. Уг он сууцтай холбоотой маргаан дээрх гэрлэлт цуцлуулсан шүүхийн шийдвэрийн дагуу шийдэгдэн хариуцагчийн нэр дээр үлдээж өмчлөх эрхийг гагцхүү Г.Зэд үлдээсэн болно. Өмчлөх эрх хариуцагчид үлдсэнтэй холбоотойгоор охин бид 2 тухайн орон сууцыг чөлөөлж хариуцагч одоогоор өөрийн шинэ эхнэртэйгээ хамт амьдарч байна. Охин бид хоёрын зүгээс өнөөдрийг хүртэл оюутны дотуур байранд амьдарч байгаа болно. Иймд миний зүгээс шинээр зээл авч охинтойгоо амьдрах орон гэртэй болох хүсэлттэй байна. Гэвч дээрх орон сууцны хамтран зээлдэгчид миний нэр байх тул шинээр зээл олгох боломжгүй хэмээн банкнаас зээл гаргахгүй байгаа болно. Шүүхийн шийдвэрийн дагуу банкны зүгээс хамтран зээлдэгчээс хасах боломжтой гэсэн хариу өгч хамтран зээлдэгчээс хасуулж шинээр зээл гаргуулах гэхэд хариуцагч нь банкнаас дуудах бүрт очихгүй, зугтаасаар байх тул хамтран зээлдэгчээс хасуулах боломжгүй нөхцөл үүсээд байна. Иймд миний зүгээс орон сууцны хамтран зээлдэгчээс өөрийн нэрийг хасуулж шинээр зээл авч охиноо гэр оронтой болгох хүсэлттэй байна.

Иймд гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдэд ногдох хэсэг болох 29,304,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, Баянзүрх дүүрэг, хороо, Хайпи тавн хотхоны ******* байрны ******* тоотод байрлах 56.67 мк.в орон сууцны Ипотекийн 8 хувийн зээлийн гэрээнээс намайг хамтран зээлдэгчээс хасуулахыг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Г.Зэ шүүхэд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Т.Т нь тус шүүхэд гэр бүлийн дундын эд хөрөнгөөс гишүүдэд ногдох хэсгийг гаргуулна гээд дугаартай Тоёота Приус, ******* дугаартай ниссан теана, ******* дугаартай Киа, ******* дугаартай мотоцикл, гал тогооны болон үүдний өрөөний тавилга зэргийг гэр бүлийн эд хөрөнгө гэж үзжээ. 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн гэрлэлт цуцлах, дундын эд хөрөнгийг шийдвэрлэх шүүх хуралдаанаар болон үүнтэй холбоотой шүүх хурлууд дээр Т.Т нь миний нэр дээрх бүх эд хөрөнгийн жагсаалтыг сөрөг нэхэмжлэлийн хүрээнд шүүхэд хүсэлт гаргаж, холбогдох байгууллагуудаас гаргуулсан болно. Улмаар “би шүүхээр Г.Зийн нэр дээрх бүх эд хөрөнгийн жагсаалтыг гаргуулсан бөгөөд эдгээр дээр маргаан үүсгэхгүй, бүгд Г.Зийн нэр дээр үлдэнэ”, “машин, орон сууцыг Г.Зэд үлдээж байгаа” гэж хэлж байсан болно. Нэхэмжлэгчийн өөр эд хөрөнгийн талаар маргахгүй гэсэн тайлбар гэрлэлт цуцлах хэргийг шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн шүүхийн шүүгч Т.Болормаа даргалан явуулсан шүүх хуралдааны 2019 оны 02 дугаар сарын 13, 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрүүдийн тэмдэглэлд тодорхой тутгагдсан болно. Тийм ч учраас би Т.Тгийн сөрөг нэхэмжлэлийг бүгдийг нь хүлээн зөвшөөрч, шүүхийн шийдвэр гарсан ба хуулийн хүчин төгөлдөр болсон болно. Гэрлэлт цуцлах хэргийг шийдвэрлэх үед гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болсон орон сууц, тухайн үед байсан автомашиныг “Т.Тг өөртөө ав”, түүний өмчлөлд шилжүүлэх талаар тайлбарлаж байсан боловч, тэрээр хүлээн зөвшөөрөөгүй. Энэ талаар ч хэргийг шийдвэрлэсэн хуралдааны тэмдэглэл, шүүхэд гаргасан миний тайлбар зэрэгт тодорхой тусгагдсан байгаа. Тус шүүхийн шийдвэрийн дагуу Т.Тд гэр бүлийн дундын эд хөрөнгөөс гаргуулах гэж шүүхийн шийдвэрт тусгагдсан 30,683,180 төгрөгийг 2019 оны сарын 31-ний өдөр нэхэмжлэгч Т.Тгийн дансанд шилжүүлсэн. Мөн охины сургалтын төлбөр, тэтгэмжийг шүүхийн шийдвэрийн дагуу төлөөд явж байна. Энэ их хэмжээний мөнгийг нэг дор бөөн гаргаж өгөх санхүүгийн ямар ч боломжгүй байсан учраас дугаартай Тоёота Приус 8,5 сая, ******* дугаартай Ниссан теана 1,5 сая, ******* дугаартай Киа 2 сая төгрөгөөр тус тус зарж мөн танил талаасаа зээлсэн 20,000,000 төгрөгийн нийлбэр 30,683,180 төгрөгийг төлж, шүүхийн шийдвэрийг биелүүлсэн болно. Г.Зэ миний хөрөнгөд дээрх тээврийн хэрэгслүүд байхгүй тул, гал тогооны болон үүдний өрөөний тавилгын хувьд гэр бүлийн хөрөнгө биш, ах эгч нар маань надад бэлэглэсэн, мөн миний эзэмшилд хэзээ ч ******* дугаартай мотоцикл байгаагүй, байхгүй тул хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Улаанбаатар хотын банк” ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Номин-Эрдэнэ шүүхэд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Т.Т, хариуцагч Г.Зэ нар нь 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 0******* тоот Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан байна. Гэр бүл байх хугацаанд 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдөр банктай НОСЗГ0901/140710 тоот Нөхцөлт орон сууцны зээлийн гэрээ, 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдөр НОСЗБГ0911/150217 тоот Нөхцөлт орон сууцны барьцааны гэрээ байгуулж Баянзүрх дүүргийн хороо, 1 хороолол /13342/ Хаппи таун хотхоны ******* байр, ******* тоотод байрлах 56,67 мкв талбайтай орон сууцыг зээлээр санхүүжүүлж авсан байна. Нэхэмжлэгч Т.Т нь 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан Нөхцөлт орон сууцны зээлийн гэрээний хамтран зээлдэгчээс хасуулахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргасан байна. Гуравдагч этгээд болох банкны хувьд нэхэмжлэгч, хариуцагч нар дээрх асуудлаар дундаа тохиролцоонд хүрэх болон харилцан зөвшилцсөнөөр шийдэгдэх боломжтой гэж үзэж байх тул нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Т нь хариуцагч Г.Зэд холбогдуулан гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдэд ногдох хэсэг болох 29,304,000 төгрөг гаргуулах, Баянзүрх дүүрэг, хороо, Хаппи таун хотхоны ******* байрны ******* тоотод байрлах 56,67 мкв орон сууцны ипотекийн 8 хувийн зээлийн гэрээнээс Т.Тг хамтран зээлдэгчээс хасуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Г.Зэ нь өмнө бидний гэрлэлтийн асуудлыг шийдвэрлэхэд Т.Т өөр эд хөрөнгийн талаар маргахгүй гэсэн тайлбарыг гаргаж байсан, 8 хувийн зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгчээс хасуулах үндэслэлгүй, банкны өмнө зохигчид адил эрх, үүрэгтэй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.  

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 101/ШШ2019/0******* дугаартай шийдвэрээр Г.Зэ, Т.Т нарын гэрлэлтийг цуцалж, охин З.ыг эх Т.Тгийн асрамжид үлдээж, эцэг Г.Зээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж, Г.Зэ охин З.ын сургуулийн төлбөрийг тухайн жилийн баримтанд үндэслэн төлбөрийн 50 хувийг төлж байх, өдөр өнжүүлэхийн төлбөрийг сар бүр 50 хувийг төлж байхыг зөвшөөрснийг, хариуцагч Т.Т нь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн Ү- гэрчилгээтэй, Баянзүрх дүүрэг, хороо, 1 хороолол, 7 байрны ******* тоот, 56,64 мкв талбайтай орон сууцыг Г.Зийн өмчлөлд үлдээхийг зөвшөөрснийг баталж, Г.Зээс 30,683,180 төгрөгийг гаргуулж, Т.Т, З. нарт олгохоор шийдвэрлэсэн, уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.

 

Ийнхүү шүүх зохигчдын гэрлэлтийн асуудлыг шийдвэрлэхдээ

  • Г.Зийн нэхэмжлэлтэй, Т.Тд холбогдох “Гэрлэлт цуцлуулах, Баянзүрх дүүрэг, хороо, 1 хороолол, 7 байрны ******* тоот орон сууцыг өмчлөлд үлдээх тухай” үндсэн нэхэмжлэл,
  • Т.Тгийн сөрөг нэхэмжлэлтэй, Г.Зэд холбогдох “Хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, хүүхдийн сургалтын төлбөрт 50,400,000 төгрөг, орон байрны төлбөр 90,375,936 төгрөг гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлийг тус тус шийдвэрлэсэн байна.

 

Үүнээс үзвэл гэрлэгчид нь гэрлэлтээ цуцлуулахдаа гэр бүлийн гишүүдийн дундын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө, орон байрны төлбөртэй холбоотой асуудлыг шийдвэрлүүлсэн байх ба харин хөдлөх эд хөрөнгийн талаар хэн алин нь шаардлага гаргаагүй, шүүх хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой буюу автомашин болон гэрийн эд хогшилыг хэрхэн хуваарилах асуудлыг шийдвэрлээгүй байна.

 

Мөн энэхүү хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрлэгчдийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн талаарх бүхий л лавлагааг авсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх боловч хэн алин нь хөдлөх хөрөнгийн талаар шаардлага гаргаагүй, энэ асуудлаар дахин маргахгүй талаар шүүхийн шийдвэрт тусгагдаагүй байна.

 

Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1-д “Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг гэрлэгчдийн хэн нэгний буюу гэр бүлийн насанд хүрсэн бусад гишүүний шаардлагаар гэрлэлт хүчин төгөлдөр байх хугацаанд, гэрлэлт цуцалсны дараа, эсхүл гэр бүлийн гишүүн хэн нэгний нь хуваарьт эд хөрөнгө төлбөр гаргуулахад хүрэлцэхгүй бол нэхэмжлэгчийн шаардлагаар хувааж болно” гэж зааснаар нэхэмжлэгч Т.Т нь шаардах эрхтэй байна.

 

Т.Т, Г.Зэ нар нь 2003 онд танилцаж, 2005 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр гэр бүл болж, албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн, хоорондын таарамжгүй байдлын улмаас 2017 оны 10 дугаар сараас тусдаа амьдарсан болох нь зохигчдын тайлбар, дээрх хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдож байна.

 

Ийнхүү хамтын амьдралын хугацаанд 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ******* УНЦ улсын дугаартай, Ниссан теана маркийн, хар өнгийн автомашин, 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдөр ******* УНТ улсын дугаартай, Киа КМ-420 маркийн, шаргал алаг өнгийн автомашиныг тус тус худалдан авч, эдгээр тээврийн хэрэгслийн гэрчилгээ Г.Зийн нэр дээр олгогдсон болох нь Авто тээврийн үндэсний төврийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

 

Харин зохигчид нь гэрлэлтээ цуцлуулсанаас хойшхи цаг хугацаанд буюу 2019 оны 6 дугаар сарын 02-ны өдөр дээрх 2 автомашиныг Г.Зэ нь Н.Гэндэнсүрэн гэгчид “Автомашин худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу шилжүүлсэн болох нь баримтаар тогтоогдож байна.

 

Зохигчид нь гэрийн эд хогшил болох гал тогооны тавилгыг 2014 онд 2,500,000 төгрөгөөр, үүдний өрөөний хувцасны шкафыг 2016 онд 2,000,000 төгрөгөөр хийлгэсэн болох нь тэдний шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.2-т “гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийн орлогоор олж авсан үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө”, 126.2.4-т “гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө” нь Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид хамаарахаар заасны дагуу ******* УНЦ, ******* УНТ улсын дугаартай автомашин, гэрийн эд хогшил болох гал тогооны тавилга, үүдний өрөөний хувцасны шкаф нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн гэж үзэв.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь 3 автомашины зах зээлийн үнийг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлт гаргасныг хүлээн авч, “” ХХК-ийг томилсон.

 

“” ХХК-ийн 2020 оны сарын 19-ний өдрийн 20-119 дугаартай “Авто машин техникийн үнэлгээни тайлан”-гаар ******* УНЦ улсын дугаартай, Ниссан теана маркийн, хар өнгийн автомашиныг 4,050,000 төгрөгөөр, 20-118 дугаартай “Авто машин техникийн үнэлгээни тайлан”-гаар ******* УНТ улсын дугаартай, Киа КМ-420 маркийн, шаргал алаг өнгийн автомашиныг 3,800,000 төгрөгөөр тус тус үнэлсэн байх бөгөөд энэхүү үнэлгээнд зохигчдын хэн алин нь эс зөвшөөрч гомдол, хүсэлт гаргаагүй тул эдгээр үнэлгээнээс тооцон, гэр бүлийн гишүүдэд ногдох хэсгийг хуваарилах нь зүйтэй байна.

 

4,050,000 + 3,800,000 = 7,850,000 төгрөгийг гэр бүлийн 3 гишүүнд хуваахад нэг хүнд ногдох нь 2,616,666.6 төгрөг ба нэхэмжлэгч болон хүүхдэд ногдох хэсэг нь 5,233,333.2 төгрөг болж байна.

 

Нэхэмжлэгч нь гэрийн эд хогшил болох гал тогооны тавилгыг 2014 онд 2,500,000 төгрөгөөр, үүдний өрөөний хувцасны шкафыг 2016 онд 2,000,000 төгрөгөөр хийлгэсэн тул эдгээрээс ногдох хэсгийг шаардсан бөгөөд тэрээр шүүх хуралдаанд “манайх гэрийн эд хогшилоо цэвэрхэн эдэлдэг бөгөөд одоогийн байдлаар элэгдэл хорогдлыг нь тооцож, эдгээр эд хогшилын үнийн дүнг 80 хувиар тооцох боломжтой” гэх тайлбарыг гаргасан тул гал тогооны тавилгыг 2,000,000 төгрөг, үүдний өрөөний хувцасны шкафыг 1,600,000 төгрөгөөр тус тус тооцон,  гэр бүлийн гишүүдэд ногдох хэсгийг хуваарилах нь зүйтэй байна.

 

2,000,000 гэр бүлийн 3 гишүүнд хуваахад нэг хүнд ногдох нь 666,666.6 төгрөг ба нэхэмжлэгч болон хүүхдэд ногдох хэсэг нь 1,333,333.2 төгрөг,

1,600,000 гэр бүлийн 3 гишүүнд хуваахад нэг хүнд ногдох нь 533,333.3 төгрөг ба нэхэмжлэгч болон хүүхдэд ногдох хэсэг нь 1,066,666.6 төгрөг болж байна.

 

Зохигчид нь гэрлэлтээ албан ёсоор цуцлаагүй боловч тэд 2017 оны 10 дугаар сараас тусдаа амьдарсан байх бөгөөд хариуцагч Г.Зэ нь зээл авч, 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр УБР улсын дугаартай, тоёота приус маркийн, мөнгөлөг өнгөтэй автомашиныг өөрийн амин хувийн хэрэгцээг хангах зорилгоор худалдан авсан буюу Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.3-т зааснаар Г.Зийн хуваарьт хөрөнгө гэж үзэх үндэслэлтэй байх тул уг автомашинаас ногдох хэсгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч нь ******* УНТ улсын дугаартай, хар өнгийн Драгстар мотоциклыг 8,000,000 төгрөгөөр үнэлж, үүнээс ногдох хэсгийг гаргуулахаар шаардсан боловч уг мотоцикл нь гэр бүлийн гишүүдийн дундын өмчлөлд байсан болох нь баримтаар тогтоогдоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2 зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Г.Зэ нь 2014 оны 7 дугаар сарын 03-ны өдөр НРТ14В118 дугаартай “Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ”-г “” ХХК-тай байгуулсан байх бөгөөд Улаанбаатар хотын банктай 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдөр “Нөхцөлт орон сууцны зээлийн гэрээ”-г байгуулж, Баянзүрх дүүрэг, хороо, 1 хороолол, Хаппи таун хотхон, ХД ******* байрны ******* тоот, 56,64 мкв талбайтай орон сууцыг санхүүжүүлэхэд ашиглахаар 100,000,000 төгрөгийг, жилийн 8 хувийн хүүтэйгээр, 20 жилийн хугацаатайгаар зээл авсан, хамтран зээлдэгчээр Т.Т орсон болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

Баянзүрх дүүрэг, хороо, 1 хороолол /13342/, Хаппи таун хотхон, ХД ******* байрны ******* тоот, 56,64 мкв талбайтай, улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр Г.Зэ нь 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр бүртгэгдэн, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогджээ.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 101/ШШ2019/0******* дугаартай шийдвэрээр Т.Т нь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн Ү- гэрчилгээтэй, Баянзүрх дүүрэг, хороо, 1 хороолол, 72 /75 гэж андуурсан/ дугаар байрны ******* тоот, 56,64 мкв талбайтай орон сууцыг Г.Зийн өмчлөлд үлдээхийг зөвшөөрснийг баталж, Г.Зээс 30,683,180 төгрөгийг гаргуулж, Т.Т, З. нарт олгохоор шийдвэрлэсэн байна.

 

Зохигчид нь гэр бүлийн хамтын амьдралын хугацаанд үүрэг гүйцэтгүүлэгч болох Улаанбаатар хотын банкнаас зээл авахдаа хэн алиныхаа зээлд хамрагдах үндэслэлийг судлуулсаны үндсэн дээр ипотекийн 8 хувийн зээлд хамрагдсан байх бөгөөд гэрлэлт дуусгавар болсноор энэхүү асуудлыг тухайн зээлд хамрагдан авсан орон сууцыг өөрийн өмчлөлдөө авсан этгээд нь зээл олгогч банк, орон сууцны корпораци зэрэг холбогдох эрх бүхий байгууллагад өөр этгээдээр хамтран үүрэг гүйцэтгэгчийг солиулах, эсхүл өөрийн санхүүгийн боломжийг судлуулах зэргээр асуудалд хандах нь зүйтэй байна.

 

Эдгээрээс үзвэл нэхэмжлэгч нь хамтран зээлдэгчээс хасуулах шаардлагыг хариуцагчид холбогдуулан гаргасан нь үндэслэлгүй байна.

 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдэд ногдох хэсэг болох 7,633,333 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3-т заасныг баримтлан хариуцагч Г.Зээс гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдэд ногдох хэсэг болох 7,633,333 /долоон сая зургаан зуун гучин гурван мянга гурван зуун гучин гурав/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т.Тд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 21,670,667 төгрөгт холбогдох хэсэг болон Баянзүрх дүүрэг, хороо, Хаппи таун хотхоны ******* байрны ******* тоотод байрлах 56,67 мкв орон сууцны ипотекийн 8 хувийн зээлийн гэрээнээс Т.Тг хамтран зээлдэгчээс хасуулахыг хариуцагчид даалгах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Т.Тгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 374,670 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Зээс улсын тэмдэгтийн хураамжид 137,083.33 /нэг зуун гучин долоон мянга наян гурван төгрөг гучин гурван мөнгө/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т.Тд олгосугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Т.ЭНХЖАРГАЛ