Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 101/ШШ2020/02351

 

 

 

 

 

 

 

 

 

 

  2020         06         29

                   101/ШШ2020/02351

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                       

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Ч.Т нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: А.А холбогдох

 

1,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Түвшинжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

           

Нэхэмжлэгч Ч.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Ч.Т нь нөхөр Г.*******ын эмчилгээний зардалд зориулж хандивын тоглолт хийлгэхээр харилцан тохиролцож хэлцэл хийгдсэн. Миний бие А.Аын 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр түүний Хаан банкны ******* дансанд 1,500,000 төгрөгийг, хэд хоногийн дараа 3,000,000 төгрөг, нийт 4,500,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Ингээд байж байтал манай нөхрийн бие гэнэт муудаж, эмнэлэгт хэвтэн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр нас барсан тул хандивын тоглолтыг болиулах хүсэлтийг тавьсан, Г.******* нь 4,500,000 төгрөгөөс 3,000,000 төгрөгийг 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр буцааж өгсөн. Миний бие үлдэгдэл 1,500,000 төгрөгийг нэхэхээр хариуцагч 500,000 төгрөгийг нь тоглолтын үйл ажиллагаанд “faje pustt” хийхэд зарцуулсан гэдэг. Түүнийг би хүлээн зөвшөөрч байна. Баянзүрх дүүргийн шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлалд 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 1,000,000 төгрөг гаргуулахаар өргөдөл гаргасан боловч Г.******* шүүхийн журмаар шийдвэрлүүлнэ гээд татгалзаж хаагдсан. Манай нөхөртэй хамт ажиллаж байсан цагдаагийн эхнэр болох Э.******* нь манай нөхрөөс авах авлагатй байсан гэхээр нь би 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 100,000 төгрөг, 01 дүгээр сарын 13-ны өдөр 700,000 төгрөг, нийт 800,000 төгрөгийг Э.*******д шилжүүлсэн тул А.Аын надад өгөх мөнгийг миний Э.*******д өгөх өрөнд шилжүүлсэн гэх тайлбар үндэслэлгүй байна.

Иймд А.Ааас үлдэгдэл 1,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч А.А шүүхэд гаргасан тайлбартаа:

Алтангэрэл овогтой ******* миний бие Увс аймгийн Улаангом хотод төрсөн 2005 онд Соёл урлагийн их сургуульд дуурийн дуулаачийн мэргэжлээр элсэн орж, 2010 онд төгсөн дуучин болоод Улаанбаатар хотод бие даасан 3 тоглолт, 21 аймаг, 330 сумаар нийт 500 гаруй тоглолт хийсэн. Энэ хугацаандаа өвчтэй зовлонтой маш олон хүнд хандивын тоглолт хариу нэхэлгүй хийж өгч байсан. 2019 оны 10, 11 дүгээр сард 3 хүний хандивын тоглолт зохион байгуулж өгсөн. Эмчилгээндээ яваад баярласан сэтгэлээ илэрхийлж эдгээд ирсэн. Тэгээд байж байтал 12 дугаар сард н.Аззаяа гэдэг хүүхэн утсаар холбогдож урьд эмчлүүлсэн хүнээс дугаар авсан гээд ярьж байгаад гэрт ирж уулзсан. Тухайн үед ирэхдээ н.******* ахын дүү нар хамт ажиллаж байсан хүмүүс гээд над дээр ирсэн. Маш их ярилцаж байгаад тоглолт зохион байгуулж өгөх болсныг н.******* гээд нөхрийн ар гэрт нь очиж уулзаад хэлсэн. Тэгээд ажилдаа орж UB паласын мөнгө, дуучдын урьдчилгаа гээд 5,000,000 төгрөг гаргаж өгсөн. Бид нар ажилдаа орсон, цаг хугацаа бага байсан болохоор реклам, зар сурталчилгаа, facebook boost хийх гээд ажил их байсан. Тэр болон тэд нараас бинзен тосны мөнгө нэхэхгүй аль болох туслаад өгчих юмсан гээд байдаг чадлаараа туслахыг хичээж явсан. Шинэ жилээр 31-ний орой хүртэл гэр орондоо баярлах байтал эмнэлэг дээр ирж өвчтөнтэй лайв хийж ард түмнээс тусламж гуйсан. Тухайн үед ашгийн тоглолт байсан бол би өөрийгөө үнэлж бас дээр нь реклам хийхдээ хүртэл мөнгө шаардах байсан. Тийм юм нэхэлгүй сэтгэлээрээ тусалж байсан. Тэгээд удалгүй 4, 5 хоноод нөгөө хүн нь  өнгөрсөн. Тэр үед би хэлсэн бүх юмаа хийгээд болсон байна та нар энэ тоглолтоо хийгээд орж ирэх мөнгийг өөрсдөө болон өөр хүнд буян хийгээч гэж хүртэл хэлсэн. Би урьдчилгаа мөнгөө тараасан байсан болохоор тэд нар тоглолт шууд цуцалж би маш хэцүү байдалд орсон. Гэрээ хийгдээд мөнгө төгрөгөө өгчихсөн байдаг. Буцааж авахаар заавал гэрээний дагуу тодорхой хувь үлдэх гээд байдаг. Тийм болохоор дараагийн тоглолтоос 3,500,000 төгрөгийг өгсөн. 500,000 төгрөг реклам, билет, анонс, boost-ны зардалд өгсөн. Анх надтай холбогдсон хүүхэн надаас 1,000,000 төгрөг авсан. Ингээд ямар ч тооцоо мөнгөгүй болсон. Гэтэл одоо надаас мөнгө нэхэмжлээд байгаад би маш их гайхаж бас их гомдож байна. Хүний сэтгэлийг ингэж бас хөргөж болохгүй байх аа гэж эрүүл хүний ухаанаар бодож байна. Хариу нэхээгүй сэтгэл зүрхээрээ тусалж байхад дээрээс нь би ямар анхнаасаа тэр Ч.Т гэгчтэй ярьсан биш. н.Аззаяа гэдэг хүүхнээр дамжуулж ярьж уулзаж ажлаа хийж байсан болохоор сүүлд өгөх байсан мөнгийг надаас нэхээд авсан. Төлбөр тооцоо байхгүй байхад хүний цаг зав, ажлыг барж ингэж шүүх цагдаа гээд байгаад би маш их гомдож байна. Тийм ч учраас товч тайлбар бичив гэжээ.  

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Т нь хариуцагч А.Ат холбогдуулан 1,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.  

 

Хариуцагч нь анх надтай холбогдсон хүүхэн надаас 1,000,000 төгрөг авч, ямар ч тооцоогүй болсон тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т “Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж заасан бөгөөд хариуцагчид шүүх хуралдааны товыг 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгч түүнийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийлгэх хүсэлт гаргасан тул хариуцагчийн эзгүйд, түүний өмнө шүүхэд гарсан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтган үзэж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нь өөрийн талийгаач нөхрийн эмчилгээний зардлыг бүрдүүлэх зорилгоор танил Э.******* гэгчээр дамжуулан хариуцагч А.Атай холбогдож, улмаар хандивын тоглолт зохион байгуулахаар зохигчид харилцан тохиролцон, Ч.Т нь 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр А.Аын Хаан банкны ******* тоот дансанд 1,500,000 төгрөгийг, хэд хоногийн дараа 3,000,000 төгрөг, нийт 4,500,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Ийнхүү зохигчид тохиролцсоны дараа Ч.Тгийн нөхөр 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр нас барсан бөгөөд үүнтэй холбогдуулан хандивын тоглолтыг зохион байгуулах хүсэлтээсээ нэхэмжлэгч нь татгалзсаны дагуу хариуцагч А.А нь 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 3,000,000 төгрөгийг Ч.Тд буцаан шилжүүлсэн байна.

 

Үлдэгдэл 1,500,000 төгрөгийн хувьд 500,000 төгрөгийг хариуцагч А.А нь тоглолт зохион байгуулахтай холбоотой үйл ажиллагаанд зарцуулсаныг нэхэмжлэгч Ч.Т нь хүлээн зөвшөөрч, одоо 1,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна.

 

Хариуцагч А.А нь “... Анх надтай холбогдсон хүүхэн надаас 1,000,000 төгрөг авсан. Ингээд ямар ч тооцоо мөнгөгүй болсон...” гэж тайлбарлаж, татгалзаж байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өөрийн тайлбар, татгалзлаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

 

Нөгөөтэйгүүр хариуцагч нь нэхэмжлэгч Ч.Тд өгөх мөнгийг өөр этгээдэд шилжүүлсэн нь үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3-т “Үүрэг гүйцэтгүүлэхээр бус харин тодорхой үйлдэл хийлгэх буюу үйлдэл хийхгүй байхаар хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн тохиолдолд нөгөө этгээдийн үйлдэл буюу эс үйлдэхүй хөрөнгө шилжүүлсэн этгээдийн хүсэл зоригт нийцэхгүй бол шилжүүлсэн зүйлээ буцаан шаардаж болно” гэж зааснаар нэхэмжлэгч нь шилжүүлсэн 4,500,000 төгрөгийн үлдэгдэл төлбөр болох 1,000,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

 

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь гэрчээр Э.*******ыг оролцуулах хүсэлтээсээ татгалзсан болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

    

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3-т заасныг баримтлан хариуцагч А.Ааас 1,000,000 /нэг сая/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Тд олгосугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Ааас улсын тэмдэгтийн хураамжид 38,950 /гучин найман мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Тд олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Т.ЭНХЖАРГАЛ