| Шүүх | Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чирчинийн Одсүрэн |
| Хэргийн индекс | 123/2019/0028/З |
| Дугаар | 123/ШШ2019/0042 |
| Огноо | 2019-12-18 |
| Маргааны төрөл | Тусгай зөвшөөрөл, |
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 123/ШШ2019/0042
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Э ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төв аймгийн Б-Ө сумын З Дад холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Э ХХК-ийн 2019 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа Б-Ө сумын З Дын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тус компанийн 2019 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Б-Ө сумын З Дад даалгах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тэмүүлэн, хариуцагч Б.Амармэнд, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Өлзийсайхан, гэрч Т.Намжилмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тэмүүлэн нар шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Э" ХХК-д Төв аймгийн Б-Ө сумын нутагт орших Зараагийн тал нэртэй MV-018925 тоот ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2015 онд олгосон. Иймд Э ХХК нь ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшээд өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна. Ашиглалтын тусгай зөвшөөрлийг авсны дараа 2015-2018 онуудад ашиглалтын ажлын төлөвлөгөө тайлан, байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө Ашигт малтмалын газар болон Б-Ө сумын З Даар батлуулж ирсэн. Ийнхүү жил бүр байгаль орчны менежментийг төлөвлөгөөг батлуулж байсан. 2019 оны 4 дүгээр сарын 11-ны өдөр байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулаад, төлөвлөгөөг батлуулахаар Баян Өнжүүл сумын З Дад хүргүүлсэн. Гэтэл тус сумын З Да өнөөдрийг хүртэл ямар нэгэн хариу өгөөгүй. Ашигт малтмалын тухай хуулийн 38.1.3-т энэ хуулийн 38.1.1-д төлөвлөгөөг тухайн хайгуулын талбай байрших сум, дүүргийн З Дад хүргүүлж батлуулахаар заасан. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулах үүрэгтэй. Харин сумын З Да нь Ашигт малтмалын тухай хуулийн 40.3-т зааснаар энэ хуулийн 40.1, 40.2-т заасан төлөвлөгөө, үнэлгээг мөн хуулийн 38.2, 39.2-т заасны дагуу сумын З Да нь хянаж, батлах ёстой байсан. Тодруулбал хянах гэдэг нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөнөөс ойлгомжгүй байгаа зүйлийг асууж тодруулна гэсэн үг. Гэтэл сумын З Дын зүгээс байгаль орчны менежментийн төлөвлөгөөтэй холбоотой зүйлийг нэг ч удаа асууж тодруулж байгаагүй. Мөн энэ талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй. Иймд сумын З Да нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлах үүрэгтэй. Ашигт малтмалын тухай хуульд байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байх үндэслэлийг заагаагүй. Мөн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байх үндэслэлийг сумын З Дад хуулиар олгоогүй. Тийм учраас нэхэмжлэгч компанийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа сумын З Дын үйлдэл нь хууль бус байна. Иймээс Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт тус тус зааснаар 2019 оны 06 сарын 04-ний өдөр Төв аймгийн З Дад Б-Ө сумын З Дын хууль бус эс үйлдэхүйд холбогдуулан гомдол гаргасан боловч өнөөдрийг хүртэл манай компанид ямар нэгэн хариу ирүүлээгүй байгаа бөгөөд утсаар лавлаж асуухад ямар нэгэн албан ёсны хариу өгөх боломжгүй байна гэсэн. Манай компаний хувьд 2018 онд тусгай зөвшөөрөлтэй талбайд хайгуул хийгээд нөхөн сэргээлтийг цаг тухайд нь хийж нөхөн сэргээлтийн акт дээр гарын үсэг зуруулах гэсэн боловч сумын З Да, сумын байгаль орчны байцаагч байхгүй байгаад актыг хүлээлгэн өгч чадаагүй. 2019 оны 02 дугаар сард тэрхүү актыг З Дын тамгын газарт хүргүүлсэн. Өнөөдрийг хүртэл ямар нэгэн хариу өгөөгүй. Ашигт малтмалын тухай хуульд зааснаар тухайн сумын З Дын нээсэн тусгай дансанд байгаль орчныг хамгаалах арга хэмжээнд шаардагдах тухайн жилийн зардлын 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлж байсан. Сумын З Да хуулиар олгогдсон эрх үүргээ хэрэгжүүлэх ёстой, ард иргэд эсэргүүцэж байна гээд эрх үүргээ хэрэгжүүлэхгүй байна гэдэг нь хууль бус. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 2019 оны 12 сарын 16-ны өдөр ороход төлөөлөгчдөд манай компанийн үйл ажиллагааг эсэргүүцсэн зүйл байгаагүй. Иймд Э ХХК-ийн 2019 оны байгаль орчны төлөвлөгөөг батлахгүй байгаа Төв аймгийн Б-Ө сумын З Дын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тухайн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Төв аймгийн Б-Ө сумын З Дад даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б-Ө сумын З Да Б.Амармэнд шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлд дараахь тайлбарыг гаргаж байна. 1-т MV-018925 тоот тусгай зөвшөөрлийн талбайд хамаарагдах бус нутаг нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хуралдааны 06 тоот тогтоолоор Орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газар бөгөөд нутгийн иргэдийн шүтдэг тахилгат хайрхан, малчдын мал бэлчээх гол бус нутаг тул Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалах эрхийг эдлүүлэх үүдyээс Монгол Улсын Үндсэн хууль, Нутгийн өөрөө удирдах байгууллагын гаргасан шийдвэр, иргэдийн эрх ашиг, ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр гаргах үндэслэл байхгүй. 2-т Нэхэмжлэгч тал нь MV-018925 зөвшөөрлийг 2015.06.06-ны өдөр авсан байдаг ба Ашигт малтмалын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4.4 дэх заалт /эн хуулийн 38.1.2 заасан нөхөн сэргээх арга хэмжээ/-д заасан үүргээ 2018 онд огт биелүүлээгүй буюу одоог хүртэл нөхөн сэргээлт хийж, актаар хүлээлгэж өгөөгүй. 3-т 2018.08 дугаар сард тухайн бус нутагт амьдардаг малчин иргэдээс удаа дараа өргөдөл, гомдол ирсэнтэй холбогдуулан тухайн бүс нутгийн иргэдтэй 2018.08.15-ны өдөр уурхайн бус буюу Алтан овоо ууланд хурал зохион байгуулж, уг хуралдаанаас Цээл багийн төв дээр багийн өргөтгөсөн хуралдаан зохион байгуулж, уг уул уурхайн компанийн асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж шийдвэрлэсний дагуу 2018.09.08-ны өдрийн Цээл багийн иргэдийн Нийтийн Хуралдааны тогтоолоор Э ХХК-ийн хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагааг явуулахгүй түдгэлзүүлэх саналыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд уламжилж, 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны 35 дугаар тогтоолоор Э ХХК-ийн хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагааг явуулахгүй байх саналыг Э ХХК, аймгийн З Да, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт тус тус хүргүүлсэн. 4-т 2019.06.11-ний өдрийн Цээл багийн иргэдийн Нийтийн Хуралдааны 03 тоот тогтоолоор Э ХХК-ийн хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагаа явуулахгүй байх саналыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд дахин уламжилсан. 5-т Э ХХК нь байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө батлуулахаар хүсэлт ирүүлэхэд хайгуулын үйл ажиллагаа явуулах нь малын бэлчээрт ихээхэн хортой, нутгийн иргэд дээр үеэс бороо хур багатай жил нутаг ивээхийг хүсэж тахиж ирсэн уламжлалтай учир тухайн компанийн төлөөлөл геологич Н.Наранцацралтад багийн иргэдийн Нийтийн Хурлаар уг асуудлыг хэлэлцүүлж шийдвэрлэе гэх хариуг мэдэгдсэн боловч багийн иргэдийн Нийтийн Хуралд компанийн төлөөлөл оролцоогүй. ...Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд компанийн төлөөлөгч орсон, төлөөлөгч нар эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн. Эвдэгдсэн газар дээр очиж үзсэн, бүрэн нөхөн сэргээгдээгүй байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э ХХК нь эхнээсээ хууль зөрчсөн, манай өвөлжөө хаваржааны эзэмшлийн газар уурхай оруулж ирээд тухайн нутагт оршин суугаа иргэдийн зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа нь Ашигт малтмалын тухай хуулийг зөрчиж байна. Үүнд зөвхөн миний эрх ашиг биш нэлээд олон айлын эрх ашиг, өвөлжөө, хаваржаа орж байгаа. Алтан-Овоонд манай аавын хаваржаа байдаг, цас ортол манайх тэнд байсан. Хавар намартаа тэнд байдаг. Алтан овоо хайрхан дээр булш, бунхан байгаа. Хүний нутагт ирээд оршин байгаа газрыг нь ухаж байдаг нь ямар учиртай юм бэ, хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа гэх бөгөөд ашиглалтын лицензтэй байгаа. Тэгээд хайгуул хийж байгаа юм уу эсхүл ухаад байгаа юм уу гэдэг нь мэдэгдэхгүй. Өмнө жил сумын З Да байгаль орчны байцаагчаас үйл ажиллагаагаа зогсоо гээд байхад ажиллаад хууль зөрчсөн. Уул уурхайн нөлөөгөөр усны гачигдал, ган жил бүр болж байна. 2018 онд үйл ажиллагааг нь эсэргүүцэж нутгийн ард иргэд цуглаан хийж байсан... Хэсэг бүлэг хүмүүсийн мөнгө олох зорилгын дор нутгийн иргэд хохирч байна. Нэхэмжлэлийг зөвшөөрөлгүй гэжээ.
Гэрч Т.Намжилмаа шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Э компани нь 2018 оны 10 дугаар сард хайгуулын ажлаа хийж дуусаад газрын нөхөн сэргээлтийг актаар хүлээлгэн өгөөгүй явчихсан байсан, газраа хүлээлгэж өгье гэж ирээгүй. Газар бүрэн нөхөн сэргээгүй байгаа. 2019 оны 02 дугаар сард нөхөн сэргээлтийн актаа төлөвлөгөөний хамт шуудангаар явуулсан байсан... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг үнэлж дүгнээд дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Э ХХК-ийн 2019 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан Б-Ө сумын З Дын шийдвэр хууль бус болохыг тогтоож, тус компанийн 2019 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Б-Ө сумын З Дад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2004 оны 07 сарын 23-ны өдрийн шийдвэрээр Төв аймгийн Б-Ө сумын нутаг, Зараагийн тал нэртэй газарт орших 2354.82 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын 7973Х дугаартай тусгай зөвшөөрлийг анх иргэн Г.Өгөөмөрт олгож, Ашигт малтмалын газрын Геологи уул уурхайн кадастрын албаны даргын 2004 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1398 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийг шилжүүлэн Э ХХК-д олгосон, улмаар Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 05 сарын 28-ны өдрийн 419 дүгээр тушаалаар тус компанид MV-018925 дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгожээ.
Э ХХК нь MV-018925 тоот тусгай зөвшөөрөлтэй талбайн 2019 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө батлуулахаар Б-Ө сумын З Дад 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 24 тоот албан бичгээр хүргүүлснийг тус сумын ЗДТГ-ын бичиг хэргийн ажилтан 2019 оны 04 сарын 22-ны өдөр хүлээн авч байгаль орчны улсын байцаагч Т.Намжилмаад шилжүүлсэн, хариуцагч ...Цээл багийн ИНХ-аар уг асуудлыг хэлэлцүүлж шийдвэрлэе гэсэн хариуг нэхэмжлэгч компанийн геологич Н.Наранцацралтад мэдэгдэж, тус төлөвлөгөөг батлахаас татгалзаж шийдвэрлэсэн болох нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн, MV-018925 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайн 2019 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан үндэслэлүүдийг авч үзвэл:
1. MV-018925 тоот тусгай зөвшөөрөлтэй талбайд хамаарагдах бүс нутаг нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 12 сарын 25-ны өдрийн хуралдааны 06 тоот тогтоолоор Орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газар бөгөөд нутгийн иргэдийн шүтдэг тахилгат хайрхан, малчдын мал бэлчээх гол бүс нутаг тул Монгол улсын Үндсэн хуулийн 16-р зүйлд заасан иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалын тэнцэл алдагдахаас хамгаалах эрхийг зөрчсөн шийдвэр гаргах эрх зүйн үндэслэлгүй гэсний тухайд:
-Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т нутгийн захиргааны байгууллага Газрын тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авна гэж зааснаар Б-Ө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 12 сарын 25-ны өдрийн 06 тоот тогтоолоор тахилгат газрын зориулалтаар орон нутгийн тусгай хамгаалалтад авсан Алтан-Овоо нэртэй газар нь MV-018925 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайтай бүхэлдээ давхцалтай байгаа нь Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 07/644 тоот Шинжээчийн дүгнэлт-ээр тогтоогдож байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д эрх бүхий байгууллага тодорхой газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан бол ...мэдээллийг шийдвэр гарснаас хойш ажлын 10 өдөрт багтаан төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ, 14.3-т төрийн захиргааны байгууллага тусгай хэрэгцээнд авсан газрыг тусгай зөвшөөрлийн болон түүний зураг зүйн бүртгэлд бүртгэнэ гэж зааснаар Б-Ө сумын нутгийн захиргааны байгууллага дээрх 06 тоот тогтоолыг Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд болон Ашигт малтмалын газарт хүргүүлэх үүргээ биелүүлээгүйн улмаас тухайн газрыг Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас аймгийн тусгай хамгаалалтад аваагүй, мөн Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн мэдээллийн санд бүртгэгдээгүй болох нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 11 сарын 13-ны өдрийн 123 тоот албан бичиг, Төв аймгийн З Дын Тамгын газрын 2019 оны 11 сарын 21-ны өдрийн 02/2085 тоот албан бичгээр тус тус нотлогдлоо.
-MV-018925 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайд иргэн Ц.Гомбосүрэнгийн эзэмшлийн хаваржааны зориулалттай газар байршиж буй нь дээр дурдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Б-Ө сумын нутаг, Зараагийн тал нэртэй газарт Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2004 оны 1398 дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын 7973Х тоот тусгай зөвшөөрлийг Э ХХК-д олгосноос хойно буюу 2013 оны 03 сарын 06-ны өдөр Б-Ө сумын З Да 24 дүгээр захирамжаараа иргэн Ц.Гомбосүрэнд тухайн газрыг эзэмшүүлж шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнээс гадна хариуцагч талаас MV-018925 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайд иргэн Н.Сэр-Од нарын 12 иргэний өвөлжөө, хаваржааны зориулалттай эзэмшлийн газар байршиж буй талаар жагсаалт, холбогдох баримтыг гаргаж ирүүлсэн боловч Н.Сэр-Од нарын 10 иргэнд /Ц.Гомбосүрэнгээс бусад иргэд/ газар эзэмшүүлэх шийдвэрийг тус сумын З Да 2014-2018 онуудад гаргасан төдийгүй, газрын кадастрын мэдээллийн санд бүртгээгүй нь бичгийн нотлох баримтууд, гэрч, хариуцагч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын ...иргэд олон жил өвөлжиж хаваржиж байгаа ч газрын даамал эзэмшлийн газрыг мэдээллийн санд бүртгээгүй... гэх тайлбар зэргээр тогтоогдож байна.
Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал ... өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаа, отрын нөөц нутаг гэсэн ерөнхий хуваарийн дагуу газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусган батална, 52.2-т ... Өвөлжөө, хаваржааны тодорхой нутаг бэлчээрийг ...багийн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн сумын З Да малчдад болзол, гэрээний дагуу хэсэг бүлгээр ашиглуулах эрхтэй гэж зааснаар маргаан бүхий газар буюу MV-018925 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайд байршиж буй Алтан-Овоо нэртэй газар болон түүний ойр орчмын газрыг өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржааны зориулалтаар газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасан гэх байдал, мөн тухайн газрыг малчдад хэсэг бүлгээр, гэрээгээр эзэмшүүлсэн гэх байдал нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.
2. Э ХХК 2018 онд нөхөн сэргээх үүргээ огт биелүүлээгүй, газрыг нөхөн сэргээлт хийж актаар хүлээлгэж өгөөгүй гэсний тухайд:
Нэхэмжлэгч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд 2018 онд геологийн судалгаа, хайгуул хийж, 16 ширхэг цооног өрөмдсөн бөгөөд техникийн нөхөн сэргээлт хийсэн талбайг тухайн онд Б-Ө сумын байгаль орчны байцаагчид хүлээлгэж өгөөгүй, харин 2019 онд техникийн нөхөн сэргээлт хийгдсэн талбайг хүлээлцсэн акт-ыг шуудангаар хүргүүлсэн, тус сумын байгаль орчны байцаагч уг актыг хүлээн авсан зэрэг нь хэрэг цугларсан бичгийн нотлох баримтууд, гэрчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. Нэхэмжлэгч 2018 онд газрын нөхөн сэргээлтийг бүрэн хийгээгүй нь шүүхийн үзлэгээр тогтоогдож байх боловч хариуцагч талаас нөхөн сэргээх үүргээ бүрэн биелүүлэхийг шаардаагүй байна. Иймд хариуцагчийн 2018 онд нөхөн сэргээх үүргээ огт биелүүлээгүй, газрыг нөхөн сэргээлт хийж актаар хүлээлгэж өгөөгүй гэх тайлбарыг үндэслэлгүй гэж үзлээ.
3. 2018 онд Э ХХК-ийн үйл ажиллагааг явуулахгүй байх саналыг аймгийн З Да, Газрын албанд хүргүүлсэн, 2019 онд Цээл багийн Иргэдийн Нийтийн Хурлаас хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагаа явуулахгүй байх саналыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд дахин уламжилсан гэсний тухайд:
Б-Ө сумын 2-р багийн Иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 09 сарын 08-ны өдрийн 06 дугаар тогтоол, 2019 оны 06 сарын 11-ний өдрийн 03 дугаар тогтоол, тус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 9 сарын 25-ны 35 дугаар тогтоолоор Зараагийн тал нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагаа явуулахгүй түдгэлзүүлэх саналыг холбогдох байгууллагуудад уламжлахаар тус тус шийдвэрлэжээ. Харин Э ХХК-ийн ашиглалтын үйл ажиллагааг зогсоох тухай шийдвэрийг эрх бүхий байгууллагаас гаргаагүй болох нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт, хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдож байна.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Өлзийсайхан шүүхэд Э ХХК уул уурхайн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авахдаа нутгийн иргэдээс ямар ч зөвшөөрөл аваагүй гэх тайлбар гаргасан боловч MV-018925 тоот тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байгаа бөгөөд тус тусгай зөвшөөрөлтэй холбогдуулан Б-Ө сумын захиргаа, гуравдагч этгээд, иргэдээс эрх бүхий байгууллагад болон шүүхэд хандаж гомдол нэхэмжлэл гаргасан гэх байдал нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.
4. Компанийн геологич Н.Наранцацралтад багийн ИНХ-аар уг асуудлыг хэлэлцүүлж шийдвэрлэе гэх хариуг мэдэгдсэн боловч багийн иргэдийн Нийтийн Хуралд компанийн төлөөлөл оролцоогүй гэсний тухайд:
Хариуцагчаас MV-018925 дугаар тусгай зөвшөөрөлтэй талбайн 2019 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө батлуулах тухай Э ХХК-ийн хүсэлтэд 2-р багийн ИНХ-д оролцож асуудлыг хэлэлцүүлэх тухай амаар мэдэгдсэн, нэхэмжлэгч тал тус багийн Иргэдийн Нийтийн Хуралд оролцоогүй, харин тус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 сарын 16-ны өдрийн хуралдаанд оролцож үйл ажиллагаагаа танилцуулсан болох нь хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдож байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах талаар дараахь үүрэг хүлээнэ 38.1.2-д ...төлөвлөгөөнд хүрээлэн байгаа орчны бохирдолтыг зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэхгүй байх, эвдэгдсэн газрыг булах, тэгшлэх, ургамалжуулах замаар цаашид нийтийн хэрэгцээний зориулалтаар ашиглаж болох нөхөн сэргээх арга хэмжээг тусгах, 38.1.3-д энэ хуулийн 38.1.1-т заасан төлөвлөгөөг тухайн хайгуулын талбай байрших сум, дүүргийн З Дад хүргүүлж батлуулах гэж зааснаар нэхэмжлэгч 2019 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө гаргаж хүргүүлсэн. Харин хариуцагч тухайн төлөвлөгөөг хянаж, батлах үүргээ биелүүлээгүй, Ашигт малтмалын тухай хуульд заагаагүй үндэслэлээр буюу багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлж шийдвэрлэнэ гэсэн хариуг өгч тус төлөвлөгөөг батлахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-д сум, дүүргийн З Да энэ хуулийн 38.1.3...-д заасан төлөвлөгөө...-г хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор хянан баталж, тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ гэж заасныг зөрчсөн, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т захиргааны үйл ажиллагаа хуульд үндэслэх, 4.2.5-т бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх тусгай зарчимд нийцээгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Хариуцагчийн Э ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайн 2019 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлахаас татгалзсан шийдвэр хууль бус бөгөөд үүний улмаас нэхэмжлэгчийн Ашигт малтмалын тухай хуулиар хүлээсэн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг ...сумын З Даар батлуулах үүргээ биелүүлэх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, тухайн төлөвлөгөөг хянан батлах эрх, үүргээ хэрэгжүүлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.3, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Э ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайн 2019 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан Төв аймгийн Б-Ө сумын З Д-ын шийдвэр хууль бус болохыг тогтоож, тус компанийн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайн 2019 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянаж батлахыг Төв аймгийн Б-Ө сумын З Дад даалгасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ОДСҮРЭН