Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2026/0384

 

 

                                   З.А***ийн нэхэмжлэлтэй

                                        захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч О.Оюунгэрэл,

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн,

Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагч нийслэлийн Архивын газрын дарга,

 

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч З.А***,

Хариуцагч нийслэлийн Архивын газрын дарга, 

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Архивын газрын даргын 2025 оны Б/43 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгах,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2026/0278 дугаар шийдвэр,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгч З.А***,

хариуцагч нийслэлийн Архивын газрын дарга Х.Г***,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О,

хариуцагчийн өмгөөлөгч Д.Б нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Х.

Хэргийн индекс: 128/2026/0021/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч З.А***ээс нийслэлийн Архивын газрын даргад холбогдуулан “Нийслэлийн Архивын газрын даргын 2025 оны Б/43 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгах”-аар маргасан.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2026/0278 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 39 дүгээр зүйлийн 39.1, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч З.А***ийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Архивын газрын даргын 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн З.А***т сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/43 дугаар тушаалыг хүчингүй болгож, З.А***ийг урьд эрхэлж байсан Нийслэлийн Архивын газрын Захиргаа, санхүүгийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, З.А***ийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн урьд нь эрхэлж байсан Захиргаа, санхүүгийн хэлтсийн даргын ажил, үүргийг гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэлх хугацаагаар зохих хууль, журмын дагуу тооцон олгож, түүний нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох бичилт хийхийг Нийслэлийн Архивын газрын даргад даалгаж шийдвэрлэсэн.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчаас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:

3.1. З.А*** нь 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн хугацаанд ажиллавал зохих ажлын 143 өдрөөс 44 өдөр нь ажилдаа ирсэн, 39 өдөр нь өвчтэй, 11 өдөр нь чөлөөтэй, 50 өдөр нь ажил тасалсан. З.А*** нь ажил олгогчтой холбогдож, нөхцөл байдлаа мэдэгдэж, тайлбарлахгүйгээр ажилдаа ирээгүй, тасалсан нь Захиргаа, санхүүгийн хэлтсийн даргын хувьд байгууллагын хэмжээнд батлагдсан дүрэм, журмыг мөрдүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргээ удаа дараа биелүүлээгүй, зөрчсөн үйлдлийг гаргаж, байгууллагын Захиргаа, санхүүгийн хэлтсийн ажил бүрэн цалгардсан бодит нөхцөл байдалтай байсан. Дээрх нөхцөл байдал нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 37.1.8, 37.1.13, 37.1.16-д заасныг тус тус зөрчсөн. Иймд мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулсан.

3.2. Нэхэмжлэгч З.А*** нь тухайн хугацаанд ажил олгогчтой болон хүний нөөцийн мэргэжилтэн, бусад албан хаагчидтай холбогдоогүй, холбогдох гэж оролдсон ч утсаа аваагүй, мессеж чатад хариу өгөөгүй, чөлөө хүссэн өргөдөл гаргаагүй, ирүүлсэн эмнэлгийн магадлагаа байгаагүй, шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ зориулан дээрх хугацаанд өвчтэй байсан гэх эмнэлгийн магадлагааг нөхөн бүрдүүлсэн гэж үзэж байна.

3.3. Маргаан бүхий тушаал гарах үед нэхэмжлэгчийн эрүүл мэндийн шалтгаантай байсан гэх нэг ч магадлагаа, албан ёсны хүсэлт байгаагүй, хэзээ ажилдаа ирэх нь тодорхойгүй нөхцөл байдалтай байсан болно.

3.4. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны А/177, А/433 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Даатгуулагчид эмнэлгийн хуудас олгох журам”-ын 4.9-д заасны дагуу эмнэлгийн хуудас олгосон бүртгэлийг нийгмийн даатгалын байгууллагад илтгээх үүрэгтэй байдаг. Тус бүртгэл, баримтыг үндэслэн ажил олгогч, нийгмийн даатгалын бүртгэлээс хөдөлмөрийн чадвар түр алдалт /лист/-тай ажилтанд тэтгэмж олгох үүрэгтэй. Гэтэл З.А*** нь нийгмийн даатгалын байгууллагаас эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан тухай баримт ирүүлээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

4.  Мөн хариуцагчаас шүүхэд 2026 оны 6 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн давж заалдах гомдлын нэмэлт тайлбартаа:

4.1. З.А*** нь Захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа эрүүл мэндийн шалтгааны улмаас ажилдаа ирээгүй байх хугацаанд ажлаас үндэслэлгүйгээр халсан гэх тайлбарыг өгдөг ба хэргийн 149-156 дахь талд буй эрүүл мэндийн магадалгаануудыг эх хувиар нь анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн шүүх хуралдаанд гаргаж өгсөн. Тухайн материалуудтай бидний зүгээс өнгөц танилцаж, хурал эхэлсэн бөгөөд бидэнд тухайн үед хуулбаруудыг нь ч өгөөгүй, хурлыг цааш үргэлжлүүлсэн. Хэргийн 149 дүгээр талд буй “Э” Өрхийн эмнэлгийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 17-ны өдрийг хүртэлх магадалгааг анх манай байгууллагад цахимаар ирүүлэхэд 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэлх сунгалттай байсныг тэрээр шүүхэд өгөхдөө хугацааг нь засаж, 16 хоногоор сунган урд нь 1-ийн тоо зурсан байсныг бид анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авахдаа анзаарсан. Тухайн магадалгааны сунгалт нь 6 хоногоор сунгагдсан байсан.

4.2. Эрүүл мэндийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/611 дүгээр тушаалын “Эрүүл мэндийн бүртгэлийн маягт АМ-8 Эмнэлгийн магадалгаа бүртгэлийн маягтыг хөтлөх заавар”-т “Эмнэлгийн магадалгаа маягтыг амбулаторийн эмчлэгч эмч олгоно ... Эмчлэгч эмч магадалгаа олгох болсон шалтгааныг тодруулж/өвчтэй байсан, өвчтөн асрамжилсан, хөл хоригдсон, хичээлээс биеийн эрүүл мэндийн байдлаас чөлөөлөгдөх/ магадалгааг ерөнхий эмчээр баталгаажуулж олгоно. Сунгалтыг 3 өдрөөр, 3 удаа олгох ба энэ тохиолдолд эмчлэгч эмч тэмдэг, гарын үсгээр баталгаажуулна. Түүнчлэн Эрүүл мэндийн сайдын 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн А/320 тоот тушаалаар баталсан Өрхийн эрүүл мэндийн төвийн дүрмийн 1.5-д заасны дагуу төв нь өөрийн гэсэн тамга, тэмдэгтэй байх бөгөөд түүнийг эрүүл мэндийн бүртгэлийн маягт АМ-8-д заасан Байгууллагын нэр гэсэн хэсэгт дарж баталгаажуулсан байх үүрэгтэй байдаг. Гэтэл анхан шатны шүүх нийслэлийн Архивын газарт тус иргэн өмнө нь ирүүлсэн эсэх, магадлагаанд байгууллагын тамга дарагдаагүй, түүнчлэн Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвөөс олгосон эмнэлгийн магадалгаа дээрх тамга, гарын үсэг нь хэнийх болох нь тодорхойгүй байгаа зэрэг асуудлыг анхаарч үзээгүй.

4.3. Мөн “Э” ӨЭМТ-өөс олгосон эмнэлгийн магадалгаа нь 7 өдөр, “Д” эмнэлгээс олгосон магадалгаа нь шууд 9 өдрийн хугацаатай олгогдсон байх ба энэ нь “Эмнэлгийн магадалгаа бүртгэлийн маягтыг хөтлөх заавар”-ын холбогдох шаардлагыг илтэд зөрчсөн шинжтэй байхад уг нөхцөл байдлыг үнэлээгүй байна.

4.4. Иргэн З.А***ийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн хооронд авсан эмнэлгийн магадалгаанууд нь холбогдох цахим бүртгэлд тусгагдсан эсэх болон хуурамч магадалгаа эсэхийг нийслэлийн Эрүүл мэндийн газраас тодруулсны хариуд тус газрын 2026 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 01/1094 тоот албан бичгээр З.А***ийн Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төв, Э ӨЭМТөв, Д эмнэлгүүдээс авсан гэх шүүхэд баримт болгосон магадалгаанууд нь цахим үзлэгийн программд бүртгэгдээгүй болохыг нотолсон баримтыг манай байгууллагад ирүүлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.4-д заасан нөхцөл байдал үүссэн гэж үзэж байгаа тул 121.1.4-д заасны дагуу анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

5. Нэхэмжлэгч талаас хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг эсэргүүцэн, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

 

 

ХЯНАВАЛ:

 1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

 2. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, хариуцагчийн татгалзлалын үндэслэлд хамаарах үйл баримтыг бүрэн тогтоогоогүй, хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг дутуу цуглуулснаас  шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангахгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

            3. Маргаан бүхий үйл баримтын хувьд,

3.1. Нийслэлийн Архивын газрын даргын 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн Б/62 дугаар тушаалаар нэхэмжлэгч З.А*** нь тус газрын Захиргаа, санхүүгийн хэлтсийн даргын албан тушаалд томилогдсон.

3.2. Улмаар нийслэлийн Архивын газрын даргын 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн Б/43 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4, 48.3, 48.4, Монгол Улсын Сайд, Засгийн газрын Хэрэг Эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 32/36 дугаар тушаалаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 1 дүгээр зүйлийн 1.5.3, нийслэлийн Засаг даргын 2022 оны А/107 дугаар захирамжаар батлагдсан “Нийслэлийн Архивын газрын дүрэм-ийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь заалт, нийслэлийн Архивын газрын даргын 2022 оны А/20 дугаар тушаалаар батлагдсан “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 8 дугаар зүйлийн 8.2.7, 8.3 дахь заалтыг тус тус үндэслэн 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан.

            3.3. Нэхэмжлэгчийн зүгээс дээрх тушаалыг эс зөвшөөрч, “...2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс урт хугацааны чөлөө авч, удаан хугацаагаар эмнэлэгт ээжийгээ сахиж байсан .... 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр ээж нас барсан ... цагаан сарын амралтыг дуусгаад ажилдаа орсон боловч миний эрүүл мэндийн байдал муудаж, 2025 оны 3 дугаар сарын 22-ны шөнө нүүрний гурвалсан мэдрэлийн саажилт болж, нүүр ам мурийж, хэл суларсан тул “Дотоод хяналт, удирдлагын систем”-ээр чөлөөний хүсэлт, өрхийн эрүүл мэндийн төвийн магадалгааг илгээсэн, эмчилгээ хийлгэх хугацаа тодорхойгүй, эмнэлгээс бичиг баримт авч, хүргүүлж амжаагүй байхад ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсанд гомдолтой байна” зэрэг үндэслэлээр маргасан.

4.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 34 дүгээр зүйлийн 34.2-д “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, 34.3-д “Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй”, 52 дугаар зүйлийн 52.5.1-д “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн”, 106 дугаар зүйлийн 106.4-т “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна” хэмээн,

Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т “хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна” хэмээн тус тус заасан.

5. Хууль тогтоомжийн дээрх зохицуулалтын дагуу хариуцагч захиргааны байгууллага нь төрийн албан хаагчийн гаргасан зөрчлийн шинж байдалд нь тохирсон хариуцлага оногдуулах бүрэн эрхтэй бөгөөд шүүх хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн тухайн захиргааны акт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий эсэхийг хянан шийдвэрлэх үүрэгтэй.

6. Тухайн маргааны хувьд, маргаан бүхий захиргааны актыг нэхэмжлэгч З.А***ийг 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 21-ний өдрийг дуусталх хугацаанд ажилдаа ирээгүй буюу цагийн бүртгэлийн цахим системд “тасалсан” төлөвтэй бүртгэгдсэн үйл баримттай холбогдон гаргасан. Нэхэмжлэгчээс ажилдаа удаа дараа ирээгүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан буюу “... өндөр настай, өвчтэй эхийгээ асарч байсан, улмаар нас барсан тул ажил явдлыг дуусгасан боловч үүний дараа өөрийнх нь эрүүл мэндийн байдал доройтсон...” гэх тайлбар, холбогдох нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан, нэхэмжлэгч болон хариуцагчаас тус тус гаргаж өгсөн “Э” Өрхийн эмнэлгийн магадлагаа дээрх сунгалтын хугацаа нь зөрүүтэй буюу нэг нь 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэлх сунгалттай, нөгөө нь 16 хоногоор сунгагдсан. “Д” эмнэлгээс олгосон магадалгаа нь 9 өдрийн хугацаатай олгогдсон нь Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/611 дүгээр тушаалаар батлагдсан “Эрүүл мэндийн бүртгэлийн маягт АМ-8 Эмнэлгийн магадалгаа бүртгэлийн маягтыг хөтлөх заавар”-т “Эмнэлгийн магадалгаа маягтыг амбулаторийн эмчлэгч эмч олгоно ... Сунгалтыг 3 өдрөөр, 3 удаа олгох ба энэ тохиолдолд эмчлэгч эмч тэмдэг, гарын үсгээр баталгаажуулна” гэж заасанд нийцэхгүй байна.

Үүнтэй холбогдуулан анхан шатны шүүх эргэлзээ бүхий нотлох баримтыг нэг мөр тогтоох талаар ямар нэг ажиллагаа хийлгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй.

 

7. Мөн хариуцагчийн зүгээс захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан гомдол, тайлбартаа, нийслэлийн Эрүүл мэндийн газрын 2026 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 01/1094 тоот албан бичгээр нэхэмжлэгчийн Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төв, Э ӨЭМТөв, Д эмнэлгүүдээс авсан гэх магадалгаанууд нь цахим үзлэгийн программд бүртгэгдээгүй болох нь тогтоогдсон буюу хуурамч байх магадлалтай хэмээн тайлбарлан маргаж байгааг тодруулах нь маргаан бүхий захиргааны акт хууль зүйн үндэслэлтэй эсэх, анхан шатны шүүхийн дүгнэсэнчлэн нэхэмжлэгчийн ажил тасалсан гэх үйл баримт нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэх зэрэг маргааны үйл баримтыг нэг мөр, эргэлзээгүй тогтооход зайлшгүй шаардлагатай бөгөөд энэхүү ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэж, хэргийг эцэслэн шийдвэрлэж, маргааны үйл баримт, шийдвэрт хууль зүйн дүгнэлт өгөх боломжгүй.

Иймд  дээрх нөхцөл байдалтай холбоотой нотлох баримтыг бүрэн цуглуулж маргааны үйл баримтыг эргэлзээгүй тогтоосны үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх шаардлагатай гэж шүүх бүрэлдэхүүн үзэж, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2026/0278 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                                 ШҮҮГЧ                                                 О.ОЮУНГЭРЭЛ

 

                     ШҮҮГЧ                                                 Г.БИЛГҮҮН

 

                                ШҮҮГЧ                                                 Г.МӨНХТУЛГА