Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 78

 

                                      

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС         

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Буянхишиг хөтлөн

улсын яллагч Т.Оюунжаргал

шүүгдэгч Л.Үнэнбуян, түүний өмгөөлөгч Л.Амартогос

нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201626021074 дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 2 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1992 оны 5 дугаар сарын 28-нд Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3; эх, эгчийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг, Өнөр гудамж 5 тоотод хаягийн бүртгэлтэй, Улаанбаатар хотод тодорхой оршин суух хаяггүй гэх, ялгүй, ЙЮ92052831 дугаарын регистртэй, Боржигон овогт Лутбаатарын Үнэнбуян

Шүүгдэгч Л.Үнэнбуян 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 19 дүгээр байрны гадна хохирогч Т.Одонтуяагийн Dell маркийн компьютерийг “түр хэрэглээд өгье” хэмээн залилан авч, түүнд 800.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Ардын эрх” сонины газрын байрны орчим хохирогч Ч.Алтанбаганыг “Оюу толгой ХХК-д ажилд оруулна” хэмээн залилаж, түүнээс 270.000 төгрөг,

2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо, “ТБД андууд” худалдааны төвийн орчим хохирогч Д.Баттөмөрөөс “Оюу толгой ХХК-д ажилд оруулна” хэмээн залилаж, түүнээс 232.000 төгрөг тус тус авсан буюу давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Л.Үнэнбуян шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Мөрдөн байцаалтын явцад үнэн зөв мэдүүлсэн тул дахин мэдүүлэхгүй. Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Мөнгөгүй учраас хохирогч нарын хохирлыг бүрэн төлж чадаагүй. Гэхдээ төлөх болно гэв.

Шүүгдэгч Л.Үнэнбуянгийн хувийн байдалтай холбоотой: түүний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-н 35/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 34, 64/, регистрийн лавлагаа /хх-н 36/,

гэрч Лутбаатарын Үүрцайхын “… Үнэнбуян бол миний төрсөн дүү байгаа юм. 2016 оны 8 сард байх, сайн санахгүй байна над руу Улаанбаатар хотоос Гантулга гэдэг цагдаагийн хүн яриад танай дүү чинь хүнээс ажилд оруулж өгнө гээд 270.000 төгрөг авсан байна, хохирлыг нь дариу төлөх шаардлагатай байна гэхээр нь байгаа 250.000 төгрөгөө тэр хүний данс руу шилжүүлсэн. Бусад хүнээс мөнгө авсан асуудлыг мэдэхгүй.

2012-2015 онд Оюутолгой ХХК-д ажиллаж байсан. Тэр үед найз охин нь гээд Мөнхгал Оюутолгой ХХК-д хүний нөөцөөр ажилладаг гэж ярьдаг байсан. 2016 онд энд болон хот, Оюутолгой гээд ирэн очин явдаг болсон. Миний дүү Үнэнбуян нь нэг их яриа биш, гэр бүлийнхэнтэй найрсаг, зөв харьцдаг. Өмнө нь хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй, сургуульд байхдаа сайн суралцдаг, спортын арга хэмжээнд байнга оролцдог хүүхэд байсан. Найз нөхдийг нь сайн мэдэхгүй” /хх-н 78/ гэсэн мэдүүлэг,

гэрч Гүрцэдэнгийн Жавзмаагийн “... би Үнэнбуянгийн төрсөн эх нь. Миний хүү хүнээс мөнгө авсан асуудлыг мэдэхгүй. Манай бага хүүхэд юм. 2012-2015 онд Оюутолгой ХХК-д ажиллаж байсан. Манай хүү тэр үед манай найз охин Мөнхгал гэдэг нэртэй охин Оюутолгой ХХК-д хүний нөөцөөр ажилладаг гэж ярьдаг байсан. Мөн бид хоёр удахгүй хамт очно гэж хэлж байсан. 2016 онд энд болон хот, Оюутолгой гээд ирэн очин явдаг болсон. Миний хүү уг нь их зөв хүн байсан, илүү дутуу зангүй, нэг их яриа биш, гэр бүлийнхэнтэйгээ найрсаг, зөв харьцдаг л хүн. Өмнө нь хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй, сургуульд байхдаа сайн суралцдаг, спортын арга хэмжээнд байнга оролцдог хүүхэд. Намайг өмнө нь зовоож байгаагүй, янз бүрийн асуудал сонсогддоггүй байсан. Сүүлийн үед тусдаа байгаад байгаа болохоор найз нөхдийг нь би сайн мэдэхгүй.

2016 оны 11 сард Өвөрхангай аймгийн нэгдсэн эмнэлгийн сэхээнд 1 хоног хэвтсэн, эрчимт эмчилгээний тасагт 10 хоног хэвтсэн, 12 сарын эхээр мөн энэ эмнэлэгт 10 хоног хэвтээд гарсан. Элэгний цироз хатуурал гэсэн оноштой хэвтсэн. Одоо байнгын эмчийн хяналтанд байна. Би хот руу эмчилгээнд авч явах бодолтой байгаа, эмч нь ч гэсэн заавал хотод үзүүл гэж шаардаад байгаа. Одоогоор мөнгө төгрөггүй хүнд байна” /хх-н 79/ гэсэн мэдүүлэг болон бичгийн бусад баримтуудыг шинжлэн судлав.

                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Л.Үнэнбуян 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 19 дүгээр байрны гадна хохирогч Т.Одонтуяагийн Dell маркийн компьютерийг “түр хэрэглээд өгье” хэмээн залилан авч, түүнд 800.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Ардын эрх” сонины газрын байрны орчим хохирогч Ч.Алтанбаганыг “Оюу толгой ХХК-д ажилд оруулна” хэмээн залилаж, түүнээс 270.000 төгрөг,

2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо, “ТБД андууд” худалдааны төвийн орчим хохирогч Д.Баттөмөрөөс “Оюу толгой ХХК-д ажилд оруулна” хэмээн залилаж, түүнээс 232.000 төгрөг тус тус авсан буюу давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт түүний мэдүүлсэн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн, шүүх шинжлэн судласан

хохирогч Түмэнжаргалын Одонтуяагийн “… 2016 оны 3 дугаар сарын эхээр миний 94578186 дугаар руу 99678736 дугаараас үл таних эрэгтэй залгаад Одноо мөн үү гэсэн ба би мөн гэдгээ хэлсэн чинь тэр хүн өөртэй чинь танилцъя гэж хэлэхээр нь миний дугаарыг яаж хаанаас авсан юм бэ гэж уг хүнээс асуусан чинь миний худалдаж авсан утсан дээр чиний дугаар байна тэгээд чам руу залгаад танилцъя гэж ярьж байна гэхээр нь тухайн үед би яриагүй. Уг дугаараас танилцаж болох уу гэсэн мессэж ирэхээр нь өөрийгөө танилцуул гэж хариу явуулсан. Тэр хүн өөрийгөө Буянаа гэж танилцуулсан ба тэр хүн өөрийгөө амралтаар хотод ирсэн, “Оюу толгой компанид геологичоор ажилладаг гэж ярьсан. Би уг хүнтэй 2016 оны 3 дугаар сарын 09-ний орой Мөнгөн гүүр эмнэлгийн хойд талын Отгон жолоо нэртэй сургуулийн 4 давхарт байдаг буудалд уулзъя гэсэн. Тэгэхээр нь би Мөнгөн гүүр эмнэлгийн орчим Отгонжолоо гэдэг автосургуулийн байрны гадаа очиж уулзсан. Би Буянаатай юм ярьж байгаад салсан. Тэр өдрийнхөө орой 21 цагийн үед уг хүн нь над руу мессэж бичээд надаа зөөврийн компьютерээ өгч байгаач би байгууллагынхаа тайланг бичих гэсэн юм, аудитад шалгуулах хэрэгтэй байна, би өнөө орой биччихээд чамд өгчихнө гэж хэлэхээр нь би за гэж зөвшөөрсөн ба Бичил хорооллын баруун талын төв зам дээр 19 дүгээр байрны гадаа надаас ирж Dell I-5 маркийн зөөврийн компьютерийг маргааш орой өгнө гэж хэлээд авсан. Тэгээд маргааш нь Буянаа руу мессэж бичээд компьютерээ авъя гэсэн чинь маргааш өгье, дуусаагүй байна гэж хэлсэн. Маргааш нь залгасан чинь дээрх дугаар нь холбогдохгүй болчихсон. Би компьютерээ 2014 онд Теди төвөөс 1.200.000 төгрөгөөр худалдаж авсан” /хх-н 22/ гэсэн,

гэрч Гонгорын Болийн “... манай охин Одонтуяа 2012-2016 оны хооронд Монголын Үндэсний их сургуульд суралцаж 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр сургуулиа төгсөөд одоо Дорноговь аймагт гэртээ байгаа. Уг компьютерыг 2014 онд Компьютерландаас 1.200.000 төгрөгөөр худалдан авч байсан. Манай охин анх цагдаагийн байгууллагад өгсөн тайлбартаа зөөврийн компьютерыг 1.000.000 төгрөгөөр үнэлнэ гэж хэлсэн байсан. Миний хувьд бол анх авсан үнэ болох 1.200.000 төгрөгөөр үнэлүүлмээр байна. Уг нь тухайн зөөврийн компьютерт манай гэр бүл болон хамаатан садангийн талаар ном гаргахаар бэлдэж байсан, мөн манай хүүгийн ажлын талаарх тайлан мэдээ, гэр бүлийн зураг гэх мэт манай хамаатан садангийн мэдээлэл болон зураг зэрэг бүх үнэтэй мэдээлэл байсан. Хохирлын мөнгөнөөс 100.000 төгрөг авсан” /хх-н 26/ гэсэн,

хохирогч Чинбатын Алтанбаганын “... би 2016 оны 5 дугаар сарын 07-ны өдөр жолооч ажил хайж байна гэсэн зарыг үнэгүй сайтад тавьсан. Миний утас руу зарын дагуу ярьж байна, Оюу толгойд би ахыгаа оруулах гэсэн чинь бичиг баримт нь бүрдчихээд байдаг, ах өөрөө надад олдохгүй байна, чи оронд нь явах уу, танаас нэг ч төгрөг гарахгүй, уулзах уу гэж асуухаар нь тэгье гэж хэлээд тэр оройноо БГД-ийн 2 дугаар хороо, ТБД андуудын буудал дээр уулзаад өөрийгөө Үнэнбуян гэж танилцуулсан залуутай уулзсан ба уг залуу нь өөрийгөө Оюу толгойд хамгаалалтын албанд ажилладаг, манай бэр эгч Оюу толгойд хүний нөөцөөр ажилладаг гэж эхнэр Тунгалаг бид хоёрын хажууд хүнтэй утсаар яриад би эгчтэйгээ ярьж байна гэж утсаар ярихдаа хоёр хүн ажилд оруулъя, эмэгтэйг нь үйлчлэгчээр, эрэгтэйг нь жолоочоор ажилд оруулмаар байна гэж утсаар ярьж итгүүлсэн. Тэгээд Гранд Мейд гэдэг эмнэлэгт шинжилгээнд ороход нэг нь 270.000 төгрөг төлөх хэрэгтэй байна. Нийлээд 540.000 төгрөг гэхээр нь би дансаар шилжүүлэх үү гэсэн чинь бэлнээр авна гэсэн ба мөнгийг нь одоо өгөх боломжгүй гэж яриад салцгаасан. Маргааш нь 2016 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 99678736 гэсэн дугаараас Үнэнбуян нь над руу залгаад мөнгөө өнөөдөр 12 цагаас өмнө өг гэхээр нь би мөнгө олдохгүй байна гэж хэлсэн чинь 14 цагаас өмнө олчих гэж хэлэхээр нь Үнэнбуянтай Цамбагарав дээр уулзаад эхнэр бид хоёрын цахим үнэмлэх, жолооны үнэмлэхний хуулбарыг интернетэд ороод мэйлээр нэг хаяг руу явуулсан. Тэндээсээ Ардын эрх рүү би өөрийн ээж Төмөрсүхээс очиж 270.000 төгрөг гуйж аваад бэлнээр Үнэнбуянд өгөөд салсан ба уг мөнгийг Гранд Мейд эмнэлэг дээр очиж Нараа гэдэг хүнд өгнө тэр хүнтэй утсаар яриулна гэж хэлээд салаад явсан. Тэгээд Үнэнбуян нь 5 дугаар сарын 09-ний өглөө оффис дээр сургалтанд сууж байна, итгэхгүй бол та хоёр намайг ирээд хар гэж мессэж бичсэн ба манай эгч надтай ярьсан, та хоёрын хүсэлт гарсан гэж мессэж бичсэн ба үлдэгдэл 270.000 төгрөг чинь бэлэн үү гэж хэлээд үе үе утсаа салгаад алга болчихоод байсан ба над руу яриад хурдан мөнгөө олоод өгөөдөх, эгч над руу залгаад байна, ядаж 140.000 төгрөг олоод өг гэж яриад байхаар нь би надаа байгаа мөнгө нь 120.000 төгрөг байна чи ирээд ав гэж хэлсэн чинь Үнэнбуян нь би танай гэр рүү явж чадахгүй байна, чи мөнгөө Экспресс банкаар явуулчих би хүний данс олоодохъё гэж хэлэхээр нь би данс олдохгүй байна чи хүрч ирээд авчих гэж хэлээд өөрийг нь СХД-ийн 30 дугаар хороо, Чулуутын гудамжинд хүрээд ир гэж хуурч байгаад Үнэнбуянг ирэхээр нь барьж авч цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгсөн. Надад мөнгө өгсөн баримт байхгүй“ /хх-н 24/ гэсэн,

хохирогч Дашзэвэгийн Баттөмөрийн “... 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр би өөрийн машинтай халтуур хийгээд гадуур явж байх үед Андуудын автобусны буудлын хажуу талаас нэг залуу гар өргөөд миний машинд сууж чигээрээ явж бай гээд хүнтэй утсаар яриад байх шиг байсан ба удалгүй намайг зогсож бай эндээс хүн гарч ирнэ хүлээж бай гэхээр нь зогсож байтал хүн гарч ирнэ гэсэн боловч хэн ч гарч ирээгүй гэтэл нөгөө залуу Оюу толгой руу явуулах хүн байна гэж бодоод чи хүн явуулах гэж байгаа юм уу намайг явуулаад өгөөч би итгэлийг чинь алдахгүй ажиллаж чадна шүү гэж хэлэхэд тэр залуу за чи тэгвэл паспортоо жолооны үнэмлэхтэйгээ канондуулаад 192.000 төгрөгтэй өгчих гэж хэлэхээр нь тэр дор нь хэлсэн бичиг баримтыг нь хуулбарлаж бэлэн 192.000 төгрөг өгсөн. Ингээд намайг 2016 оны 6 дугаар сарын 19-ний өглөө явуулна гэж хэлсэн. Гэтэл 2016 оны 6 дугаар сарын 18-ны өглөө над руу залгаад намайг гэрлэлтийн баталгаа байгаа юу гэж асуухаар нь байхгүй гэж хэлтэл тэгвэл очоод амьдрах байр сарын 80.000 төгрөг болдог юм аа гэхээр нь надад 80.000 төгрөг байхгүй байна, 40.000 төгрөг байна гэхэд тэгвэл шилжүүлчих гэж хэлээд нэг дансны дугаар өгсөн ингээд би өгсөн данс руу нь 40.000 төгрөг шилжүүлсэн тэр дансны дугаарын хүн нь танихгүй хүн гэж байсан учир нь танихгүй хүний дансаар надаас 40.000 төгрөг дамжуулж авсан юм байна лээ. Ингээд надаас мөнгө авснаасаа хойш утсаа унтраагаад холбогдохгүй алга болсон. Тэр залуу өөрийгөө Үнэнбуян гэж танилцуулсан. Би ямар ч хохирлын мөнгө буцаан аваагүй” /хх-н 73-75/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлгүүд болон бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул

Боржигон овогт Лутбаатарын Үнэнбуянг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар ял оногдуулах үндэслэлтэй.

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэгт шалгагдвал зохих асуудлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.

Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Одонтуяад 800.000 төгрөгийн хохирол учирсан ба 100.000 төгрөгийг, хохирогч Ч.Алтанбаганад 270.000 төгрөгийн хохирол учирсан ба 150.000 төгрөгийг тус тус нөхөн төлж, хохирогч Д.Баттөмөрт 232.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирлыг шүүгдэгч Л.Үнэнбуян төлж барагдуулаагүй, хохирогч нар гомдолтой гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлжээ.

Иймд шүүгдэгч Л.Үнэнбуянгаас хохирлыг гаргуулж нэр бүхий хохирогч нарт олгохоор шийдвэрлэлээ.

Шүүхээс шүүгдэгч Л.Үнэнбуянд ял оногдуулахдаа түүний хувийн байдал үүнд; үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг тус тус харгалзав.

Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтын зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч Л.Үнэнбуян цагдан хоригдсон хоноггүй болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                   ТОГТООХ нь:

1. Боржигон овогт Лутбаатарын Үнэнбуянг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар Л.Үнэнбуянг эд хөрөнгийг хураахгүйгээр 4 /дөрөв/ сар баривчлах ялаар шийтгэсүгэй.

3. Л.Үнэнбуянд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар оногдуулсан 4 сар баричвлах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

4. Л.Үнэнбуян цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж,

түүний таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хорьж, баривчлах ял эдлэх хугацааг 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн тоолсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар ялтан Л.Үнэнбуянгаас 1.052.000 /нэг сая тавин хоёр мянга/ төгрөг гаргуулж хохирогч Т.Одонтуяад 700.000 /долоон зуун мянга/ төгрөг, хохирогч Ч.Алтанбаганад 120.000 /нэг зуун хорин мянга/ төгрөг, хохирогч Д.Баттөмөрт 232.000 /хоёр зуун гучин хоёр мянга/ төгрөг тус тус олгосугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдсугай.

7. Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

8. Шүүхийн шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Л.Үнэнбуянг цагдан хорьсонг хэвээр байлгасугай.         

 

               ДАРГАЛАГЧ,

      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  О.ЖАНЧИВНЯМБУУ