Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2022/01038

 

****гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

  

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Н.Баярмаа, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 08 сарын 10-ны өдрийн 138/ШШ2020/00902 дугаар шийдвэр, 

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 201/МА2020/00028 дугаар магадлалтай, 

****гийн нэхэмжлэлтэй,

****ад холбогдох 

Өвсний үлдэгдэл төлбөр 350,000 төгрөг, эвлэрүүлэн зуучлалын 23,000 төгрөг, нийт 373,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

Хариуцагч ****ын гаргасан гомдлоор  

 Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

1. **** нь ****ад холбогдуулан өвсний үлдэгдэл төлбөр 350,000 төгрөг, эвлэрүүлэн зуучлалын 23,000 төгрөг, нийт 373,000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ. 

2. Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 138/ШШ2020/00902 дугаар шийдвэрээр Монгол Улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч ****аас 373,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ****гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ****гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ. 

3. Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 201/МА2020/00028 дугаар магадлалаар Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 138/ШШ2020/00902 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг ...хариуцагч ****аас 350,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ****д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 23,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж, 2 дах заалтыг ... 14150 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ****аас 11,150 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ****д олгосугай. гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч ****гаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,840 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэсэн байна. 

4. Хариуцагч **** хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Миний бие ****гийн нөхөр болох хүнтэй 8 сард утсаар ярьж 1000 боодол ногоон өвс авахаар 3000-д тохирсон. Урьдчилгаа болгон 1,500,000 төгрөг өгч гэрээг баталгаажуулсан. 9 сард ажилтай улмаас авч чадаагүй, 10 сард очиж авахад 700 ширхэг шар өвс авсан. Үлдэгдэл 300 боодол өвсийг Баяндун сумаас авахад өвс 4000 хүрсэн байсан, тээврийн зардалд 400,000 төгрөгийг зардалд нэмээд 900,000 төгрөгийн хохирол учруулсан. Иймээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би түүний нөхөрт утсаар хэлж 2,580 төгрөгөөр бодож авсан бүх мөнгийг өгсөн ба үлдэгдэл 350,000 төгрөгийг надад өвсөө гүйцээж өгөөгүйн улмаас гаргасан зардал тул өгөхгүй гэж хэлсэн. Шар өвс авсны улмаас манай малаас 50 мал үхэж үрэгдсэн. Иймд магадлалыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ. 

ХЯНАВАЛ: 

5.Хариуцагч ****ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. 

6. Анхан шатны шүүх ****гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад хариуцагч ****аас 350,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ****д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 23,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулжээ. 

7. Давж заалдах шатны шүүхээс ****гийн нэхэмжлэлийн шаардлагаас 23,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгожшийдвэрлэсэнд нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргаагүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмын дагуу хариуцагчийн гомдлын хэмжээнд хэргийн талаар дүгнэлт хийнэ. 

8. Давж заалдах шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, зохигчийн хоорондох эрх зүйн маргаанд хэрэглэгдэх хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн хэдий ч магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт найруулгын хувьд ойлгомжгүй бичигдсэн, улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилж, нөхөн төлүүлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул магадлалд өөрчлөлт оруулна.Тодруулбал: 

9. Нэхэмжлэгч **** нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2019 оны 09 сарын эхээр 1000 боодол өвсийг бэлэн болгож ****ыг ирж ав гэж хэлсэн. ...үүнээс хойш 10 дугаар сарын 05-нд ирж өвсөө авсан. 500 боодол нь ногоон өвс байсан ба гадна тал нь шарласан байсан. Өөрөө ирж авахгүй байсаар нар салхинд шарласан. Сүүлийн 200 боодол өвсийг шар байна гэж хэлэхэд нь авахгүй байж болно гэхэд авна гээд авсан. ...117 боодол өвсийг 3,000 төгрөгөөр бодож 350,000 төгрөг, эвлэрүүлэн зуучлалын 23,000 төгрөг, нийт 373,000 төгрөг гаргуулах...” гэсэн агуулгаар тодорхойлсон байна. 

10. Хариуцагч **** “...Би 1000 боодол ногоон өвс авахаар тохирсон. Гэтэл 1000 боодол өвсөө өгөхгүй харин талбай дээрээс нь нуруулдаагүй 700 боодол шар өвс авсан. Тухайн үед таны өвс шар байна шүү гэдгийг хэлсэн. ... ****гийн нөхөр Жааяа гэж дууддаг Жамсран ахтай өвс авахаар утсаар ярьж тохиролцсон. Надад өгсөн өвс нь шар байсан учраас 3,000 төгрөгөөр биш 2,500 төгрөгөөр тооцож байна шүү гээд зөрүү мөнгө 250,000 төгрөгийг шилжүүлж энэ талаар Жааяа ахад утсаар хэлж байсан. Өвсний мөнгө болох урьдчилгаа 1,500,000 төгрөг болон зөрүү мөнгө 250,000 төгрөгийг манай эхнэр шилжүүлж байсан. ...тооцоо дууссан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй...” гэж мэтгэлцжээ. 

Зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээний үүргийг нэхэмжлэгч шаардах эрхтэй болох, үлдэгдэл төлбөртэй эсэх нь маргааны зүйл болсон байна. 

11. Аливаа гэрээг талууд амаар байгуулсан тохиолдолд шүүхээс Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2, 43 дугаар зүйлийн 43.1.1, 196 дугаар зүйлийн 196.1.1-д тус тус зааснаар хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл, тохиролцсон эд хөрөнгө шилжсэн байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлаж, хүчин төгөлдөр байдалд дүгнэлт хийдэг.

12. Давж заалдах шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ гэж зөв тодорхойлж, уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ. 

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээнэ. 

13. Хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчийн шүүхэд гаргасан тайлбарыг харьцуулан дүгнэж, **** 2019 оны 08 сард ****тай 1 боодол ногоон өвсийг 3,000 төгрөгөөр тооцож, 1000 боодол өвс авахаар тохирч, төлбөрийн урьдчилгаанд 1,500,000 төгрөгийг ****гийн дансанд шилжүүлсэн, мөн хариуцагч нь нэхэмжлэгчээс 2019 оны 10 сарын эхээр 700 боодол өвс авч, өвсний үнэ гэж 250,000 төгрөгийг ****гийн дансанд шилжүүлсэн нь тогтоогдсон гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасантай нийцжээ.  

14. Иймд нэхэмжлэгч **** худалдах-худалдан авах гэрээний үүрэг 350,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй талаар хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. 

15. **** нэхэмжлэлийн шаардлагын татгалзал үндэслэлээ боодол өвсийг 3,000 төгрөгөөр биш 2,500 төгрөгөөр тооцож, урьдчилгаа 1,500,000 төгрөг болон зөрүү мөнгө 250,000 төгрөгийг шилжүүлж тооцоо дууссангэх агуулгаар нэхэмжлэгчтэй маргасан хэдий ч хэрэгт авагдсан нотлох баримтаар уг нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Энэ нь хариуцагч тайлбарын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нотолж чадаагүй гэж үзнэ. 

16. Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтад үндэслэж, хариуцагч **** 350,000 төгрөгийг үүргээ биелүүлээгүй гэж тодорхойлсон нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан зохицуулалтын агуулга, шаардлагад нийцжээ. 

17. Иймд хариуцагч ****ын “... магадлалыг хүчингүй болгож өгнө үү...” гэсэн утга агуулга бүхий хяналтын журмаар гаргасан гомдлыг энэ тогтоолын 11-16 дугаарт дурдсан үндэслэлээр хангах боломжгүй. 

18. Харин заалдах шатны шүүх шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа энэ тогтоолын 8-д заасан алдааг гаргасан байх тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:  

1. Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 201/МА2020/00028 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 сарын 10-ны өдрийн 138/ШШ2020/00902 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч ****аас 350,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ****д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 23,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дах заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ****гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 14,150 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ****аас 11,150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ****д олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч ****ын гомдлыг хангахгүй орхисугай.  

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг үндэслэн хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,150 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

  

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Г.АЛТАНЧИМЭГ 

                  ШҮҮГЧИД                                                    Н.БАЯРМАА 

                                                                                       Б.МӨНХТУЯА 

                                                                                       С.СОЁМБО-ЭРДЭНЭ 

                                                                                       Х.ЭРДЭНЭСУВД