Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 2016/ШЦТ/24

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

        Хэргийн индекс: 171/2016/0039/Э/

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Мөнхтуяа даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт,  

Хохирогч Э.Э  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б  овогт П-ын С-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201509000777 тоот эрүүгийн хэргийг 2015 оны 12 дугаар  сарын 23-ны өдөр хүлээн  авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ...... оны .....  дүгээр сарын . ..... -ний өдөр ......  аймгийн ...... суманд төрсөн, ......  настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .  .... , ........ нарын хамт .......  аймгийн ...... сумын, ...  дугаар баг, ..  тоотод оршин суух хаягтай, ...... аймаг дахь .......... дээд сургуулийн  ..... дүгээр курсын оюутан, урьд ял шийтгэгдэж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Б  овогт П-ын С  /РД: ......... /, 

 

Шүүгдэгч П.С  нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2015 оны 10 дугаар сарын 25-ны шөнийн 01 цагийн орчим ........ аймгийн ....... сумын, ......  дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах ..... дүгээр байрны гадна Э.Э- тэй маргалдан биед нь халдаж улмаар бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэн байдлаар/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч П.С-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр нөгөө ангийн хүүхдүүд намайг дуудсан. Манай найз охин манай нөгөө ангид сурдаг. Тэр өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн боловч ухаанаа алдаагүй байсан. Найз охиноо хардсаны улмаас танихгүй залуутай маргалдаж улмаар Э.Э ийг толгой нүүр лүү нь гараараа  цохисон нь үнэн. Хохирол төлбөр төлсөн үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг,

 

Хохирогч Э.Э ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр манай ангийнхан нийлсэн. Жижиг өрөөнд С-ын найз охин нь 1 бандитай матрасны 2 талд хэвтэж байсан. Тэгээд намайг гал тогоонд байж байтал С  тэр бандитай муудалцаж байхаар нь би боль гээд нэг цохисон. Тэр үед С-ыг авах гээд найз нар нь ирсэн байсан. Би байрны гадаа зогсож байтал С  ирээд нүүрэн тус газар хэд хэдэн удаа гараараа цохисон. Тэгээд би ярьж чадахаа больсон, шүд өвдөөд байсан. Т  цагдаа руу явъя гээд цагдаагийн газар очоод дараа нь эмнэлэгрүү явсан. Эрүү 2 хугарсан, эмчилгээний зардал 1.000.000 төгрөг, 150.000 төгрөг, 300.000 төгрөг, нийт 1.450.000 төгрөг, сүүлд 128.275 төгрөг тус тус авсан, сэтгэл санааны хохиролд 2.000.000 төгрөг авсан. Одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Биеийн байдал зүгээр” гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч П.С-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Орцны үүдэн дээр Э  ганцаараа зогсож байсан. Би тэгэхээр нь манай найз охиныг танихгүй залуу оролдож намайг тэрэнтэй маргалдаж байхад Э  дундуур орж ирж тэр залууг өмөөрч байсанд миний уур хүрч Э  дээр очоод заамдаж аваад нүүрэн тус газар нь 4-5 удаа цохьсон. Тэгсэн чинь Э  нүүрээ дараад доошоо суусан...”

...би Э ийн биед хүндэвтэр гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хэргийн 21 дүгээр хуудас/,

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Э.Э ийн өгсөн: “...Бид нар архи ууж байгаад би 00 орчихоод гарч иртэл жижиг өрөөнд С орилоод Т-ийн найзыг цохиод байсан. ...би тэгээд С-ыг тэр залуугаас салгаж болиулаад байж байтал С больж өгөхгүй орилоод байсан. С-ыг болохгүй болохоор нь шанаан тус газар нь нэг цохиод авсан. Тэгсэн С  над руу дайраад мөн найз охин нь “чи миний найзыг цохидог хэн бэ” гэж хэлээд тэр хоёр над руу дайраад байсан. Би тэгэхээр нь С-т “чи зүгээр учраа олж болохгүй байна уу энэ олон хүн байхад” гэж хэлээд хэрүүл намжсан. Тэгсэн С найз нарыгаа дуудсан байсан. С-ын найз гээд бүдүүн залуу орж ирсэн.

... С өөдөөс гарч ирээд шууд хамар луу цохиод авсан. ...орцноос гарч үүдэн дээр нь тонгойгоод цусаа тогтоох гээд сууж байтал С найзуудаа дагуулаад гараад ирсэн.

Миний шүднүүд хоорондоо зөрөөд эрүү, нүүрээр өвдөж эхэлсэн” гэх мэдүүлэг /хэргийн 7-9 дүгээр хуудас/,

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Т-ийн өгсөн: “...Тэгсэн Э   тэр хоёрыг салгасан чинь С Э ийн нүүр лүү цохисон. Тэгээд С Э  хоёр маргалдахаар нь бид нар салгасан.

...А-ийн гэрт ирэхэд Э ийн нүүр ам цус болчихсон зарим охидууд нь үсдэж чирүүлсэн гэж яриад байсан. Би тэгээд Э ийг аваад цагдаа руу очсон тэндээсээ эмнэлэг явсан” гэх мэдүүлэг /хэргийн 50 дугаар хуудас/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Б-ны өгсөн: “...Орцонд байж байтал гаднаас Э  гэдэг залуу орж ирээд “чи юу юм” гэж асуухаар нь “чи юу вэ зайл” гэсэн чинь тэр Э  гэдэг залуу “та нар том биетэй гэхээрээ зодох гэж ирж байгаа юм уу” гэж хэлээд миний өөдөөс шүлсээ үсчүүлээд тулаад ирэхээр нь би гараараа Э  гэх залуугийн нүүр лүү цаашаа бай гэж хэлээд мангасдаж түлэхсэн тэгсэн тэр банди газар унахаар нь өргөж босгож чирээд тэр айл руу оруулсан. Тэгсэн С  дахиад маргаад байхаар нь найз охин М-ийн хамт аваад гарсан. ... Тэгээд хартал С цаана нэг залууг цохиж байсан. Тэрийг Э ийг цохиж байгаа эсэхийг анзаарч хараагүй гадаа харанхуй болсон байсан. ” гэх мэдүүлэг /хэргийн 51 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.А-ийн өгсөн: “...нэг мэдсэн хэрүүл маргаан болоод орилолдоод байсан. Би сэрээд хартал С , Э  2 хоорондоо муудалцсан байсан.

...тэгээд байж байхад С-ын найз ирээд М  С  хоёрыг аваад гарсан. ... гэрээ цэвэрлээд байж байтал Э  гаднаас хамар амнаас нь цус гарчихсан орж ирсэн. Тэгээд эмнэлэг авч явах гээд Тэмүүжин явсан...” гэх мэдүүлэг /хэргийн 55 дугаар хуудас/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.А-ын өгсөн: “...Э  гаднаас орж ирэхэд нь нүүр ам нь  цус болчихсон юм яриж чадахгүй байдалтай орж ирсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 64 дүгээр хуудас/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Б-ийн өгсөн: “...би гэрээс гараад иртэл Э  орцны үүдэн дээр доошоо тонгойгоод суучихсан амнаас нь цус гарчихсан ярьж чадахгүй байсан. Би тэгээд Э ийг аваад гэр лүү орсон” гэх мэдүүлэг /хэргийн 66 дугаар хуудас/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Л.О , Б.Б , Б.У, А.М , Б.Б , Ч.Э, О.Э  нарын мэдүүлэг /хэргийн 53, 57, 59, 61, 63, 68, 71 дүгээр хуудас/

 

Шүүх эмнэлгийн үзлэгийн 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1292 тоот Шинжээчийн дүгнэлт: “Э.Э ийн биед эрүүний 2 хугарал, зовхинд цус хуралтын зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь ШЭГЗТЖ-ын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эмчилгээ эдгэрэлтээс шалтгаална” /хэргийн 74 дүгээр хуудас/,

 

Хохирогч Э.Э ийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар /хэргийн 7-29 дүгээр хуудас/

Согтуурлын зэрэг шалгасан тэмдэглэл /хэргийн 41 дүгээр хуудас/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 88 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч П.С нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2015 оны 10 дугаар сарын 25-ны шөнийн 01 цагийн орчим ........  аймгийн .......сумын, ...  дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 9 дүгээр байрны гадна Э.Э тэй маргалдан толгой, нүүрлүү  нь  гараараа хэд хэдэн удаа цохиж  улмаар түүний  бие махбодид  хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч болон гэрчүүдийн өгсөн мэдүүлэг,  шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт, шинжээчийн 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1292 тоот дүгнэлт /хэргийн 74 дүгээр хуудас/, хохирогч Э.Э ийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн өвчний түүх болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бичгийн баримтуудаар нотлогдсон  гэж  шүүх  дүгнэв.

  

            Шүүгдэгч П.С-т холбогдох хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлууд нотлогдсон бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт ач холбогдолтой байж болох бүх асуудлыг шинжлэн судалсан болно.

 

Иймд шүүгдэгч П.С-ыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай  учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан хорих ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. 

 

Шүүгдэгч П.С нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол 1,578,275 төгрөг, сэтгэл санааны хохиролд тооцон 2.000.000 төгрөг сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-т зааснаар ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүгдэгч П.С нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөрөө төлсөн, хохирогч гомдол саналгүй учирсан гэм хор арилсан гэж мэдүүлж  байгаа  зэргийг харгалзан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэж хянан харгалах боломжтой гэж шүүх үзэв.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 286, 294, 295, 296, 297, 298 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

       

            1. Шүүгдэгч Б овогт П-ын С-ыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

           

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар шүүгдэгч П.С-т 01 жил 03 сар /нэг жил гурван сар/ хорих ял шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч П.С-т оногдуулсан 01 жил 03 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

            4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч П.С нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д заасныг журамлан П.С-т оногдуулсан 1 жил 3 сарын хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж 1 жилийн  хугацаагаар хянан харгалзаж, энэ хугацаанд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт даалгасугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол П.С-т урьд бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    

 

             7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

             8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл П.С-т авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Ж.МӨНХТУЯА