| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2020/02314/И |
| Дугаар | 101/ШШ2020/02434 |
| Огноо | 2020-07-03 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 101/ШШ2020/02434
| 2020 07 03 | 101/ШШ2020/02434 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: А.Б
Нэхэмжлэгч: Б.Б нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: НШШГГ холбогдох
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн ******* тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилсэн ******* УБО улсын дугаартай Мерседес бенз ML350 загварын тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Б, Ё, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Даваажаргал /№2726/, Д.Чинзориг /№2677/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэвдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Түвшинжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Б, Б.Бнар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр иргэн Г.*******өөс ******* УБО улсын дугаартай, бор өнгөтэй, Mersedes Benz ML350 маркийн, ******* арлын дугаар бүхий автомашиныг 67,000,000 /жаран долоон сая/ төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн “Автомашин худалдах-худалдан авах гэрээ”-г байгуулан нотариатаар баталгаажуулсан. Тухайн автомашины төлбөрийг өгөхийн тулд миний нөхөр болох А.Б бид хоёр 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Худалдаа Хөгжлийн Банктай “Автомашины зээлийн гэрээ” байгуулан 50,000,000 төгрөгийг, үүн дээрээ нэмээд өөрт байсан 17,000,000 төгрөгийг, нийт 67,000,000 төгрөгийг худалдагч Г.*******д бүрэн төлснөөр Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д “Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлсөнөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ” гэж заасны дагуу өмчлөх эрхийг олж авсан. Фидуцийн гэрээний дагуу ******* УБО улсын дугаартай автомашин нь Худалдаа Хөгжлийн Банкны нэр дээр байдаг боловч шударга эзэмшигч нь Б.Бминий бие болон нөхөр А.Б нар юм. Гэтэл бидний худалдан авсан тухайн автомашины өмнөх эзэмшигч нь байсан Б.******* гэгч нь тухайн автомашиныг 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр “*******” ББСБ-д, 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр “******* ББСБ” ХХК-д тус тус барьцаалсан байна.
2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр “******* ББСБ” ХХК-иас хариуцагч Б.*******од холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 51,959,300 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагыг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан бөгөөд 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн ******* дугаар шийдвэрээр ******* УНЯ улсын дугаартай Мерседез бенз маркийн авто машиныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн ба 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 555 дугаар гүйцэтгэх хуудсаар тус шүүхийн ******* дугаар шийдвэрийг гүйцэтгэхийг даалгасан байна. Ийнхүү 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр миний бие автомашинаа унаад явж байхад минь цагдаа зогсоон саатуулж, шийдвэр гүйцэтгэгч автомашиныг маань битүүмжилснээр “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлээр хариуцагч Б.*******оос 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 49,985,017 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр ******* УНЯ маркийн мерседес бенз маркийн авто машинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсныг мэдсэн юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 257 дугаар зүйлийн 257.1-д заасны дагуу хуулийн хучин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх төрийн тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага атал уг чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хайнга хандаж, шүүхийн шийдвэрт заагдсан ******* УНЯ дугаартай авто машиныг бус ******* УБО дугаартай авто машиныг битүүмжилсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үндэслэл нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, хуульд заасан тохиолдолд бусад байгууллага, албан тушаалтны шүүхээр баталгаажуулсан шийдвэр байна”, мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4-т “Шийдвэр гүйцэтгэгч дараахь зорилгоор төлбөр төлөгчийн хөрөнгийг битүүмжилнэ” гэж заасны дагуу ажиллагаа хийгээгүй бөгөөд 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн ******* дугаар шийдвэрийн дагуу төлбөр төлөгч нь Б.*******, үүргийн гүйцэтгэл нь ******* УНЯ дугаар бүхий автомашин атал миний өмчлөлийн ******* УБО улсын дугаартай автомашиныг битүүмжлэн, бусдын өмчлөх эрхэнд халдсанд гомдолтой байна.
Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашгийг хохироож, Иргэний хууль болон Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хууль цаашлаад шүүхийн шийдвэрийг зөрчиж гүйцэтгэсэн байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д “Төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргаан үүссэн тохиолдолд холбогдох хүн, хуулийн этгээд тухайн эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болно" гэж заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авч, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн ******* тоот эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжилсэн ******* УБО улсын дугаартай Mersedes Benz ML350 загварын тээврийн хэрэгсэлийг битүүмжлэлээс чөлөөлж өгнө үү гэв.
Хариуцагч НШШГГ, тус байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэвдорж шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2019/00******* дугаар шийдвэрээр Батмөнхийн *******оос 49,985,017 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 478,075 төгрөгийг гаргуулж, “*******” ББСБ-д олгох, Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх заалтыг баримтлан хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох ******* УНЯ улсын дугаартай, ******* тоот аралын дугаартай Мерседез бенз маркийн автомашиныг шүүхийн шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг НШШГГт даалгаж шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр үүсгэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна. Төлбөр төлөгч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй, төлбөр төлөхөөс санаатай зайлсхийж оршин суугаа хаягаа өөрчилсөн тул эрэн сурвалжлах ажиллагаа явуулж байна. Тус газраас 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн дугаар албан бичгээр Авто тээврийн үндэсний төвөөс дээрх автомашины талаар түүхчилсэн лавлагааг авахад ******* УНЯ улсын дугаарыг ******* УБО дугаартай болгон өөрчилсөн байна. Иймд барьцаа хөрөнгийн өмчлөгч болон улсын дугаар өөрчлөгдсөн нь төлбөрийг барьцаа хөрөнгөөр хангуулах шүүхийн шийдвэрийг биелүүлэх ажиллагаанд саад болохгүй бөгөөд Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3-т зааснаар “...барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болно...” гэж заасан тул хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу барьцаа хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагаа явуулсан болно.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан ******* УНЯ /өөрчилсөн дугаар ******* УБО/ улсын дугаартай, ******* аралын дугаартай Мерседез бенз маркийн автомашиныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.8 дахь хэсэгт зааснаар 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаар эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилсэн ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.
Зохигчдын тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Б, Б.Бнь хариуцагч НШШГГт холбогдуулан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн ******* тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилсэн ******* УБО улсын дугаартай Мерседес бенз ML350 загварын тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлүүлэх тухай гомдлын шаардлага гаргажээ.
Хариуцагч нь эд хөрөнгө битүүмжлэх тогтоолын дагуу автомашиныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар битүүмжилсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2019/00******* дугаартай шийдвэрээр Б.*******оос 49,985,017.55 төгрөгийг гаргуулж, “******* ББСБ” ХХК-д олгохоор, төлбөр төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох ******* УНЯ улсын дугаартай ******* тоот арлын дугаартай Мерседез бенз маркийн автомашиныг шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.
Энэхүү шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамж 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр гарч, мөн өдрөө 555 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж, 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна.
Дээрх шүүхийн шийдвэрээр Б.******* нь “******* ББСБ” ХХК-тай 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан “Зээлийн гэрээ”, “Барьцааны гэрээ”-ний үүрэгтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн ба барьцаанд ******* УНЯ улсын дугаартай ******* тоот арлын дугаартай Мерседез бенз маркийн автомашиныг барьцаалсан байна.
Б.******* нь “******* ББСБ” ХХК-тай 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулахаас 4 хоногийн өмнө буюу 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр “” ББСБ-тай А.Болор-Эрдэнэ, Б.******* нар 26,000,000 төгрөгийн зээлийн гэрээ болон “Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /Фидуци/”-г байгуулж, ******* УНЯ улсын дугаартай ******* тоот арлын дугаартай Мерседез бенз маркийн автомашиныг барьцаалжээ.
“” ББСБ-ын нэр дээр ******* УНЯ улсын дугаартай автомашины эзэмших эрх 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр шилжсэн ба Б.******* нь Г.******* гэгчид нь 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр автомашиныг 51,000,000 төгрөгөөр худалдахаар тохирч, Г.******* нь тус ББСБ-д төлбөрийг төлж, барьцаанаас чөлөөлж авсан байна.
******* тоот арлын дугаартай Мерседез бенз маркийн автомашины ******* УНЯ улсын дугаарыг ******* УБО дугаартай болгон өөрчилсөн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Б.Бнь Г.*******тэй 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр “Автомашин худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж, ******* УБО улсын дугаартай, бор өнгөтэй, Мersedes benz ML350 маркийн, ******* арлын дугаартай автомашиныг 67,000,000 төгрөгөөр худалдан авахаар, 67,000,000 төгрөгийг 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн дотор Худалдаа хөгжлийн банкны зээлээр төлөхөөр тохирсон байна.
Улмаар Б., А.Б нар нь 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Худалдаа хөгжлийн банктай “Автомашины зээлийн гэрээ”-г байгуулж, 50,000,000 төгрөгийг зээлэхээр, мөн өдрөө “Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх /фидуци/ гэрээ”-г байгуулж, Худалдаа хөгжлийн банкны нэр дээр маргаан бүхий автомашины эзэмших эрх шилжиж, тээврийн хэрэгслийн гэрчилгээ 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдөр олгогджээ.
НШШГГ нь дээрх 101/ШШ2019/00******* дугаартай шийдвэрийн дагуу гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байх үед төлбөр авагч “*******” ББСБ-аас 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр тус газарт төлбөр төлөгч Б.*******ын барьцаа хөрөнгө болох автомашины улсын дугаар солигдсон, ******* УБО улсын дугаартай автомашиныг журамлан саатуулж, хураан авч худалдан борлуулах хүсэлтийг гаргасан байна.
Энэхүү хүсэлтийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Авто тээврийн үндэсний төвд автомашины лавлагааг гаргуулах хүсэлтийг 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүргүүлж, 10 дугаар сарын 03-ны өдөр хариу ирүүлсэн байх бөгөөд энэхүү ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан арга, журмаар хийгдсэн байна.
Төлбөр төлөгч Б.******* нь “*******” ББСБ-аас хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 42,350,000 төрөгийг залилан мэхэлж авсан, 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр эдийн баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт болох “benz ML 350” маркийн ******* УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэгт тус тус холбогдсон байх ба Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Б.*******ыг хуурч, баримт бичиг ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг авсан буюу Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон байна.
Дээрх шийтгэх тогтоолыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 327 дугаартай албан бичгээр ирүүлсэн бөгөөд уг албан бичигт хяналтын шатны шүүхэд хэргийг хянуулахаар хүргүүлсэн талаар дурдсан ба Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын Хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эрүүгийн хэргийн 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн хурлын тов болон тоймын 1 дугаарт дээрх 46 дугаартай тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгосон гэжээ.
Мөн 46 дугаартай шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт “Шүүгчдэгч Б.*******ын дээрх гэм буруутай үйлдлийн улмаас “Ази капитал корпорэйшн ББСБ” ХХК-д 33,350,000 төгрөгийн бодит хохирол учирсан бөгөөд уг хохирлыг шүүгдэгч Б.******* нь шүүхийн шатанд төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв” гэжээ.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол”-оор А.Бын эзэмшилд байсан ******* УБО улсын дугаартай, бор өнгөтэй, Мersedes benz ML350 маркийн, ******* арлын дугаартай автомашиныг битүүмжилсэн байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4-т зааснаар шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгчийн хөрөнгийг битүүмжлэхээр зохицуулсан бөгөөд 49.4.2-т “төлбөр төлөгчийн өөрт нь байгаа болон бусдад байгаа түүний өмчлөлийн хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах тухай шийдвэрийг гүйцэтгэх”-ээр заажээ.
Гэтэл дээр дурдсан үйл баримтаас үзэхэд хэдийгээр төлбөр төлөгчийн барьцаа хөрөнгө болох Мersedes benz ML350 маркийн, ******* арлын дугаартай автомашины улсын дугаарыг өөрчилсөн нөхцөл байдал тогтоогдож байх боловч төлбөр төлөгч Б.*******ын бусдад байгаа түүний өмчлөлийн хөрөнгө гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д “Төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргаан үүссэн тохиолдолд холбогдох хүн, хуулийн этгээд тухайн эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болно” гэж зааснаар нэхэмжлэгч нар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хийгдсэн эд хөрөнгө битүүмжлэлтэй холбоотой гомдлын шаардлага гаргах эрхтэй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол”-оор А.Б, Б.Бнарын эзэмшилд байсан ******* УБО улсын дугаартай, бор өнгөтэй, Мersedes benz ML350 маркийн, ******* арлын дугаартай автомашиныг битүүмжилсэн битүүмжлэлээс чөлөөлсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т тус тус зааснаар нэхэмжлэгч А.Б, Б.Бнарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШЗ2020/10052 дугаартай “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” захирамж нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үйлчилэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ