| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Манлайбаатар |
| Хэргийн индекс | 171/2013/0195/Э/ |
| Дугаар | 2013/ШЦТ/195 |
| Огноо | 2013-11-20 |
| Зүйл хэсэг | 147.1., |
| Улсын яллагч | Б.Сүрмандах |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2013 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 2013/ШЦТ/195
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2013/0195/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваадорж,
улсын яллагч Б.Сүрмандах нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасан гэмт хэрэгт Ч овогт ******* од холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201309000556 дугаартай хэргийг 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ч овогт ******* /РД:М..../, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, эрэгтэй, 18 настай, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3 эцэг, эхийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын .. дүгээр баг . дугаар хэсэг .. тоотод оршин суудаг, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй.
Шүүгдэгч ******* нь согтуугаар 2013 оны 9 дүгээр сарын 05-ны орой 19 цагийн орчимд шунахайн сэдэлтээр насанд хүрээгүй иргэн Г.Х ын эд хөрөнгийг авах зорилгоор амь насанд нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, улмаар түүнийг айлган сүрдүүлж биед нь явсан “Нокиа” 31-10 маркийн гар утас болон хохирогчийн өмсөж явсан пүүзэн гутал зэрэг эд зүйлийг нь дээрэмдэн авч нийт 275.000 төгрөгийн хохирол учруулсан дээрмийн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...”2013 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр найзуудтайгаа нийлж Дагвасүрэнгийн гэрт нь гурвуулаа очиж пиво уусан юм. Тэгээд Темсийн хашааны ард хохирогчтой тааралдсан. Тухайн үед манай найзууд болох Д , Т , М нар миний урд явж байсан. Тэгээд би хохирогчийг явж байхад нь зогс гэж хэлээд түүний “Нокиа” 31-10 маркийн гар утас болон хохирогчийн өмсөж явсан пүүзэн гутал зэрэг эд зүйлийг нь дээрэмдэн авсан. Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Өөр мэдүүлэх зүйлгүй” гэв.
Шүүгдэгч ******* нь согтуугаар 2013 оны 9 дүгээр сарын 05-ны орой 19 цагийн орчимд шунахайн сэдэлтээр насанд хүрээгүй иргэн Г.Х ын эд хөрөнгийг авах зорилгоор амь насанд нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, улмаар түүнийг айлган сүрдүүлж биед нь явсан “Нокиа” 31-10 маркийн гар утас болон хохирогчийн өмсөж явсан пүүзэн гутал зэрэг эд зүйлийг нь дээрэмдэн авч нийт 275.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Насанд хүрээгүй хохирогч Г.Х ын:…”Тухайн өдөр Темсийн хашааны ар талаар явж байтал миний ард 5 алхмын зайтай согтуу залуу доошоо харчихсан явж байсан ба тэр залуу намайг хүзүүдээд сайн уу ахын дүү гэж мэндэлсэн. Тэгээд тэр залуу надаас мөнгө байна уу гэж асуусан. Би байхгүй, юу ч байхгүй гэхэд тэр залуу миний өмдний халаасыг нэгжээд халааснаас гар утас маань гарч ирэхэд аваад халаасандаа хийчихсэн. Тэгээд намайг цуг явж мөнгө олж өг гэхээр нь хаанаасаа ямар мөнгө олох юм бэ, би эртхэн харимаар байна гэхэд дуугүй яв гээд хүзүүдэж дагуулаад байрны хажууд ирсэн. Түүнтэй цуг явж байсан ах эгч нар урд алхаад явж байсан, тэгэхэд тэр баруун гутлаа тайлж өг, таарахгүй бол ална шүү гээд сүрдүүлээд байсан юм. Тэгэхэд нь би та яагаад миний гутлыг өмсөх гэж байгаа юм бэ гэхэд, чи дуугүй гутлаа өгч бай, эр хүн чинь арчаагүй байж болохгүй, ахын дүү гутлаа өг гэхэд би баруун гутлаа тайлж өгөхөд тэр өмсөөд өөрийнхөө баруун гутлаа надад өгөөд хурдан наад зүүн гутлаа тайлж өгөөд миний гутлыг өмсөөд наанаа зогсож бай гэж хэлсэн. Тэгээд Давка ахтай уулзчихаад ирээд ахын дүү дуугүй яв аминд чинь өлзийтэй шүү гэж хэлээд намайг хүзүүдээд хамт явж байсан хүмүүс дээрээ очсон. Тэгэхэд тэд нарын 1 эмэгтэй нь намайг салгах гээд боль гэхэд тэр залуу намайг хүзүүдсэн гараа чангалсан, хоолой боогдоод болъё гэж орилоход чи хүн аллаа гээд тэр залуугийн гараас намайг салгасан. Тэгээд тэр залуу миний 2 хацар руу цохих гэхэд нь би бултчихсан. Тэгээд намайг наанаа зогсож бай алхам холдох юм бол ална шүү гэж хэлээд цугтаа явж байсан хүмүүстэйгээ цааш явсан. Тэгээд миний гар утсыг 2 эгч тааралдаад авч өгсөн, би пүүзээ авчихмаар байна шүү дээ гэхэд за эгч нар нь аваад өгнө өө гэсэн. Тэгэхэд намайг дээрэмдсэн залуу ахын дүү нааш ир хоёулаа эр хүн шиг ярилцъя гэхэд би очтол намайг үсдэж дараад 1 метр орчимд байсан онгорхой траншейны нүх руу заагаад ах нь чамайг энэ нүх рүү хавсарч унагаагаад, мөргөөд оруулчих юм уу гэж хэлсэн. Би тэгэхэд нь яах юм бэ ах аа би пүүзээ аваад эртхэн явмаар байна гэж уйлж хэлсэн. Тэгээд цуг явсан хүмүүс нь явчихсан ба бид хоёр үлдсэн юм. Тэгээд тэр ах надад хандан ахдаа 500 төгрөг олж өгөөд таксинд суулгаад өг гэхэд би түүнд хандан надад мөнгө байхгүй гэхэд замын хажууд такси зогсоод суугаад ахаасаа маргааш гутлаа аваарай гэж хэлээд такси явах үед манай найз Түнтүү дугуйтай явж өнгөрсөн би түүнд дээрэмдүүлчихлээ гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хэргийн 5-7 дахь тал/,
Гэрч Я.М ын:…”2013 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 19 цаг 50 минутын орчимд бага хүү Х над руу залгаад би Өнгөт хорооллын орчимд байна хүнд пүүзээ дээрэмдүүлчихлээ гэж хэлээд уйлаад байсан. Нэг согтуу залуу дээрэмдсэн гэж хэлсэн“ гэсэн мэдүүлэг /хэргийн 10 дахь тал/,
Гэрч ******* ын:…”Т тэр хүүхдийг зогсоогоод сайн уу ахын дүү чи ахыгаа таньж байна уу гэж хэлэхэд нь тэр хүүхэд үгүй би таныг танихгүй гэхэд Т чи намайг таньдаггүй хэн бэ гээд тэр хүүхэд рүү томроод байсан. Т дээр очиход тэр хүүхдийн утсыг нь аваад халаасандаа хийчихсэн, пүүзийг нь аваад өмчихсөн байсан. Тэгэхэд би Т од хандан чи яах гэж хүүхдийн пүүз авч байгаа юм бэ буцаагаад өг гэхэд Т миний үгийг үл ойшоон чамд ямар хамаатай юм бэ би өөрийнхөө асуудлыг мэднэ шүү дээ гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хэргийн 12 дахь тал/,
Гэрч X.М гийн:…”Т руу хартал тэр хүүхдийн пүүзийг аваад өмсчихсөн байхад нь би түүнд хандан хүүхдийн гутлыг өгөөч гэж хэлэхэд Т зүгээрээ би өгнө гээд байсан. Тэр хүүхдээс яасан бэ эгчийн дүү гэж асуухад миний утас, пүүзийг авчихлаа ахаа миний утас пүүзийг өгөөч гэхэд Т тэр хүүхдийг цохих гэж байгааг намайг хальт цохьчихсон юм” гэсэн мэдүүлэг /хэргийн 13-14 дахь тал/,
Гэрч Д.Д ийн:…“Би Т од хандан хүүхдээс авсан эд зүйлийг өгөөд явуулаач гэж хэлэхэд Т би өөрөө мэдэж байна, чамд ямар ч хамаа байхгүй явж бай гэж хэлээд байсан. Тэр хүүхдийг Т шилэн хүзүүн дээрээс нь атгачихсан байсан, тэр хүүхдийг ахаа миний пүүзэн гутлыг өгчих гэж гуйхад нь Т түүнийг нэг удаа хавсарч унагаасан. Хар өнгийн пүүз байсныг би харсан харин гар утсыг нь хараагүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 15 дахь тал/,
Насанд хүрээгүй гэрч:…”О ийн:…”2013 оны 9 дүгээр сарын 05-ны орой 19 цагийн орчимд унадаг дугуйтайгаа явж байтал Хүрлээ гэдэг найз маань хүүхэд намайг дуудсан. Тэр уйлчихсан байхад нь би түүнээс яагаад уйлсан талаар асуухад дээрэмдүүлчихлээ, тэр хүн машинд суугаад явчихлаа гэж хэлсэн. Тэгэхэд нь би араас нь дугуйтайгаа явж байтал 18-н буудал орчимд Түнтүү зогсож байсан. Тэгээд Түнтүү Хүрлээг дээрэмдсэн хүүхдийг барьчихлаа гэж хэлсэн" гэсэн мэдүүлэг /хэргийн 19 дахь тал/,
Насанд хүрээгүй гэрч Ч.Т.ын:..”2013 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 19 цагийн орчимд би унадаг дугуйгаа унаад явж байтал Өнгөт хорооллын 4 замын хажууд Хүрлээ нэг хүнтэй хамт зогсож байхаар нь би хажуугаар нь зөрөөд өнгөрсөн. Хэсэг хугацааны дараа Хүрлээ над дээр гутал, гар утас хоёроо дээрэмдүүлчихлээ чи ирэхгүй яасан юм бэ гэж хэлээд уйлсан ирсэн. Тэгээд би түүнийг дээрэмдсэн хүний машиных нь араас дугуйтайгаа дагаад 18-ын буудал дээр буухад нь цагдаад хэлж бариулсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 20 дахь тал/,
эд зүйлд зах зээлийн үнэлгээ тогтоосон баримт /хэргийн 8 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Иймд Ч овогт ******* ыг бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.
Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Г.Х түүний хууль ёсны төлөөлөгч Я.М нар нь “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн байх тул энэ тогтоолоор шүүгдэгч ******* оос гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч ******* урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь Цагдаагийн Ерөнхий газрын “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар” тогтоогджээ. /хэргийн 33 дахь тал/.
Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг хэргийн болон хувийн нөхцөл байдлыг харгалзаж хуульд заасан хорих ялыг оногдуулж, уг ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 291 дүгээр зүйлийн 291.1, 294, 297 дугаар зүйлийн 297.1, 298, 301 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ч овогт ******* ыг бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн дээрэмдэн авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар ******* од эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурав/ жил 10 /арав/ хоног хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ******* од оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дүгээр зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар ******* од энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр оногдуулсан 3 жил 10 хоног хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан ******* од хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг ******* од мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ******* од авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр байлгасугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ******* од авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР