| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2020/01276/И |
| Дугаар | 101/ШШ2020/02450 |
| Огноо | 2020-07-06 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 101/ШШ2020/02450
| 2020 07 06 | 101/ШШ2020/02450 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б.А нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ХЗ ХХК холбогдох
1,599,988 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Түвшинжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Б. Амгалан миний бие нь 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр “ХЗ” ХХК-д Хүний нөөцийн менежер, захирлын туслах, архив бичиг хэргийн ажилтан зэрэг ажиллахаар туршилтын хугацааны гэрээг 2020 оны 3 дугаар capын 01-ний өдрийг хүртэлх хугацаагаар 800,000 төгрөгийн үндсэн цалинтай ажиллахаар байгуулсан. Туршилтын хугацаа дуусахад хөдөлмөрийн гэрээг байгуулж үндсэн цалин 1 сарын 1,500,000 төгрөг байхаар хэлцэл хийсэн. Би тус компанид ажиллаж байх хугацаандаа ажлын цагийг бүрэн дүүрэн ашиглаж өөриймсөг ажиллаж байсан бөгөөд удирдлагаас өгсөн даалгаврын дагуу ажлын байранд ажилчдын хоол хийх, хоолны дараах цэвэрлэгээ хийх зэрэг албан тушаалын үндсэн үүрэгт хамааралгүй ажлыг цайны цагаараа хэд хэдэн удаа гүйцэтгэж байсан. Мөн тухайн компаний үйл ажиллагаа нь улирлын чанартай байсан бөгөөд 01 дүгээр сараас 02 дугаар сарын 20 хүртэлх хугацаанд хүний нөөцөө бүрдүүлж гүйцээх шаардлагатай байсан тул өндөр ачаалалтай ажиллассан. Ажиллаж байх явцад “ХЗ” ХХК-ийн ерөнхий захирал Ө.Ннамайг ажилдаа хичээл зүтгэлтэй өөриймсөг байгааг дүгнэн хэлж туршилтын хугацааны гэрээ дуусахад Хүний нөөцийн менежер, захирлын туслах, архив бичиг хэргийн албан тушаалаас гадна Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтанаар давхар ажиллуулахаар болж сургалтанд хамруулахаар тохиролцсон. Намайг тухайн компанид ажилд ороход 1 ажилтан байсан ба тухайн ажилтантай Ө.Нхүндлэлгүй, ёс зүйгүй, зүй бусаар харьцаж дарамталж байсан ба төд удалгүй тухайн ааш зан авираа надад гаргаж эхэлсэн бөгөөд тэсэхэд бэрх болж байсан. Улмаар 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Ө.Н“Механик инженер Б.******* ажлын байраа орхиж явсан тул хариуцлага тооцно...” гэхэд би “Та тэр ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй юм чинь хариуцлага тооцох боломжгүй шүү дээ” гэж хэлэхэд “Чамд хамаагүй” гэж уурлаж харааж доромжилж ажлын байрнаас хөөн гаргасанд маш их гомдолтой байна. Мөн Ө.Ннь 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 17:13 минутанд миний гар утас руу ажилдаа эргэн орохыг хүсэхээр залгасан яриа нь утасны дуу хугааргуурт бичигдэн үлдсэн.
Иймд туршилтын хугацааны гэрээний хугацааны цалин 799,994 төгрөг, ажил хайхтай холбогдон зарцуулсан хугацаанд 1 сарын цалинтай тэнцэх хэмжээний цалин 799,994 төгрөг, нийт 1,599,988 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч “ХЗ” ХХК-ийн захирал Ө.Ншүүхэд гаргасан тайлбартаа:
Б.А нь манай компанид нээлттэй зарын дагуу 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн “Бичиг хэрэг, захирлын туслах”-аар туршилтын хугацаанд “Хөлсөөр ажиллах гэрээ” байгуулан ажилд орж 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 19 хоног ажилласан. Ажиллах хугацаандаа манай компаний тавьж буй “Бичиг хэрэг, захирлын туслах”-ын албан тушаалын ажлын байрны шаардлагыг хангаж чадахгүй байсан учир өөрөө 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдөр ажлаа орхин явсан. Манай компани Б.Атай байгуулсан гэрээний дагуу 799,994 төгрөгийг цалинд олгосон.
Б.Атай байгуулсан туршилтын хугацааны “Хөлсөөр ажиллах гэрээ гэрээ”-ний дагуу ажилласан хугацааны цалинг бүрэн олгосон тул иргэн Б.Агийн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч “ХЗ” ХХК-д холбогдуулан туршилтын хугацааны гэрээний хугацааны цалин 799,994 төгрөг, ажил хайхтай холбогдон зарцуулсан хугацаанд 1 сарын цалинтай тэнцэх хэмжээний цалин 799,994 төгрөг, нийт 1,599,988 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч “ХЗ” ХХК нь нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний дагуу 799,994 төгрөгийг цалинд олгосон бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
“ХЗ” ХХК нь Б.Атай 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр “Хөлсөөр ажиллуулах гэрээ”-г 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл туршилтын хугацаагаар байгуулж, Б.Аг “хүний нөөц, захирлын туслах, бичиг хэрэг”-ийн ажилтанаар ажиллуулах, 1 өдрийн цалин хөлсийг 30,769 төгрөг байхаар харилцан тохиролцсон байна.
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д “Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан байна.
Б.А нь дээрх гэрээний дагуу 2020 оны 01 дүгээр сард 21-ний өдрөөс 31-ний өдрийг хүртэл 10 хоног ажиллаж, 1 хоног амарсан, 02 дугаар сард 01-ний өдрөөс 15-ны өдрийг хүртэл 14 хоног ажиллаж, 1 хоног амарсан болох нь “ХЗ” ХХК-ийн ажилтан Б.Агийн 01, 02 дугаар сарын цагийн бүртгэлийн баримтаар тогтоогдож байна.
Б.А нь 2020 оны 01 дүгээр сард 180,000 төгрөгийн цалин авсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, “ХЗ” ХХК-ийн “Цалингийн хүснэгт”-ийн баримтаар тогтоогдож байх бөгөөд тэрээр 01 дүгээр сард 10 хоног ажилласан тул гэрээнд заасны дагуу 1 өдрийн цалин 30,769 төгрөгөөр тооцоход 307,690 төгрөгийг авах ёстойгоос 180,000 төгрөгийг авч, 127,690 төгрөгийг хариуцагч нь нэхэмжлэгчид олгоогүй байна.
2020 оны 02 дугаар сард 14 хоног ажилласан ба 30,769 төгрөгөөр тооцоход 430,766 төгрөг гарч байх бөгөөд уг хөлсийг хариуцагч нь нэхэмжлэгчид олгосон болох нь баримтаар тогтоогдохгүй, 02 дугаар сарын хөлсийг нэхэмжлэгч Б.А нь аваагүй гэж тайлбарлаж байна.
“ХЗ” ХХК-иас 2020 оны 02 дугаар сарын Б.Агийн “Цалингийн хүснэгт”-ийг шүүхэд ирүүлсэн байх боловч энэхүү баримтын дагуу 02 дугаар сард олгох хөлсийг Б.Ад олгосон гэж үзэх үндэслэлгүй, түүнчлэн хариуцагч нь 799,994 төгрөгийг цалинд олгосон гэж тайлбарлаж байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өөрийн тайлбар, татгалзлаа нотлох эрх, үүргээ хэрэгжүүлээгүй байна.
Зохигчдын хооронд байгуулсан гэрээний 2.7-д “Хөлсөөр ажиллуулагч тус гэрээний 4.1-д заасан арга хэмжээг авч гэрээг цуцлахад хүрвэл хөлсөөр ажиллуулагч хөлсөөр ажиллагчид цалин хөлс өгөх үүргээсээ татгалзах эрхтэй” гэж заасан байх бөгөөд уг гэрээний заалтыг үндэслэн “ХЗ” ХХК-ийн захирлын 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01/20 дугаартай “Гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар Б.Аг чөлөөлсөн байх боловч энэхүү тушаалд заасан үндэслэл нь баримтаар тогтоогдохгүй байх тул гэрээгээр тохиролцсон хөлс төлөх үүргээсээ ажиллуулагч татгалзах эрхгүй байна.
Нэхэмжлэгч нь ажил хайхтай холбогдон зарцуулсан хугацаанд 1 сарын цалинтай тэнцэх хэмжээний цалин 799,994 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд энэхүү ажил хайсантай холбоотой зардлыг хариуцагчийн буруутай ажиллагааны улмаас учирсан зардал гэж үзэх үндэслэлгүй, энэхүү нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нэхэмжлэгч нь нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.
Иймд дээр дурьдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 558,456 /430,766+127,690/ төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Хариуцагч “ХЗ” ХХК-ийн захирал Ө.*******ий ******* дугаарын утсаар 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 1330 цагт болох шүүх хуралдааны товыг 6 дугаар сарын 26-ны өдөр мэдэгдсэн боловч тэрээр товлосон цагт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг хийж, түүний өмнө гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзсэн болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан хариуцагч “ХЗ” ХХК-иас 558,456 /таван зуун тавин найман мянга дөрвөн зуун тавин зургаа/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Ад олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 1,041,532 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ХЗ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 17,403 /арван долоон мянга дөрвөн зуун гурав/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Ад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ