Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2013 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 2013/ШЦТ/196

 

 

Хэргийн индекс: 171/2013/0193/Э/

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Уянга,

Улсын яллагч Г.Яндаг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттунсаг,

Шүүгдэгч Э.Э  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б  овогт Э.Э эд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3-т заасныг журамлан тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201309000547 дугаартай хэргийг 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.

 

Монгол Улсын иргэн, Б  овогт Э.Э  /РД: ..../ 1... оны .. дугаар сарын .-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-6, эцэг, эх, дүү нарын хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын ..дугаар баг .. тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 100А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 50000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 3 сар хорих ял, 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар 1 жил хорих ял, 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 жил 1 сар хорих ял, 126 дугаар зүйлийн 126.1-т зааснаар 1 жил 6 сар хорих ял, 261 дүгээр зүйлийн 261.2-т зааснаар 1 жил хорих ял тус тус шийтгэгдэж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн /2009.07.09-ний өдрийн/ 4 дүгээр зүйлийн 4.1.5-т зааснаар ялыг өршөөн хэлтрүүлснийг Дархан-Уул аймгийн шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 83 дугаартай магадлалаар Э.Э эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан,

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 267 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 жил 6 сар хорих ял шийтгэгдэж, 2013 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 1 жил 6 сар 15 хоног хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан

 

Шүүгдэгч Э.Э  нь 2013 оны 09 дүгээр сарын 19-ний шөнө 23 цагийн орчим Дархан сумын 5 дугаар баг 10 дугаар брак байрны орчим иргэн Б.Я ын 70000 төгрөгийн үнэ бүхий гар утас, 15000 төгрөгийн үнэ бүхий гар цүнхийг хүч хэрэглэн дээрэмдэхийг завдсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

D:\2013 Uyanga\Sh.Ts togtool\Shiitgeh togtool-Erdenesvh-147.1.docx

 

 

Шүүгдэгч Э.Э ээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2013 оны 9 дүгээр сарын 19-ний орой гэрээсээ гараад найзындаа очиход хүнгүй байсан. Дэлгүүрээс пиво аваад брак руу өгсөж явахад урд нэг эмэгтэй явж байхаар нь танилцах гээд яриа өдөөд бид хоёр пиво хувааж уусан. Тэгээд би Я ыг хүргэж өгөх гээд орц руу нь ороод шатаар өгсөж  явахад Я  уначихсан. Ах эгч хоёр нь хаалгаа онгойлгоод гарч ирээд ах нь намайг чи яахаараа насанд хүрээгүй дүүтэй минь архи уудаг юм гэсэн. Эгч нь намайг зүс таньдаг, наадах чинь дээрэмдэх гэж байсан байна цагдаа дууд гээд дуудуулсан. Цагдаа нар ирээд намайг эрүүлжүүлэх рүү аваад явсан” гэв.

 

Шүүгдэгч Э.Э  нь 2013 оны 09 дүгээр сарын 19-ний шөнө 23 цагийн орчим Дархан сумын 5 дугаар баг 10 дугаар брак байрны орчим иргэн Б.Я ын 70000 төгрөгийн үнэ бүхий гар утас, 15000 төгрөгийн үнэ бүхий гар цүнхийг хүч хэрэглэн дээрэмдэхийг завдсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

-Хохирогч Б.Я ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэгээд орц луу  нь ороод ахынхаа хаалгыг хайгаад олохгүй байсан. Хойноос утасныхаа гэрлийг тусгасан нэг ах орж ирээд  “чи яах гэж манай орцонд  орж ирээд байгаа юм. Манай орцноос гараач, чи энд байдаг хүн биш байна шүү дээ  гэсэн. Би шатан дээр  сууж байсан чинь  хойноос тэвэрсэнээ   “би чамайг дулаацуулаад өгөх үү?”  гэхээр нь би “та  зүгээр байгаач ээ” гээд  цээж хэсэг рүү нь гараараа түлхсэн.  Тэгсэн  миний ардаас  гарынхаа тохой хэсгээр  нуглаад хоолой боож унагаагаад би унаснаа ч мэдээгүй. Гэнэт  ухаан ороход  би газар хэвтэж байсан.  Миний гартаа барьсан утас,  цүнх хоёрыг  нөгөө залуу аваад орцноос гарах гээд явж байсан.  Би араас нь үсрээд  цамцнаас нь зуурсан чинь дахиж намайг хэвтүүлж байгаад дээрээс гараараа хоолой боосон. Тэгээд би “Хонгороо эгч ээ” гэж орилсон чинь дахиж боох гэж оролдохооор нь тохойгоороо хажууд байсан хаалга нүдсэн. Тэгээд манай ах эгч гарч ирээд намайг өргөж оруулсан  байсан.

...хэрэг болсон өдрөөс хойш хоёр, гурван хоног хүзүү цус хураад улайчихсан байсан. Тэгээд хэд хоногоос тэр улайчихсан байсан цус хуралт арилчихсан, баруун өвдөг дээр ухаан алдаад газар унахдаа шалбалсан бололтой зулгарсан  байсан.

...босоод ирэхэд миний цүнх, гарт байсан гар утас зэргийг тэр залуу аваад шатаар уруудаад 2 метр орчим зайтай явж байхад нь би араас нь үсрээд түүний гадуур хувцасны арын хормойноос нь зуурсан. Тэгэхэд би шалан дээр өвдөгөөр цохиж энэ гэмтлийг авсан.

...би эд зүйлээ дор нь буцаагаад авчихсан, надад одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг/хэргийн 21-23 дахь тал/

 

-Гэрч У.Б ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...гэрийн хаалга чангаар цохих чимээ сонсогдсон хажуу айлын хүмүүс хоорондоо зодолдоод байгаа юм болов уу гэж бодоод хаалга онгойлгоод хартал 20 гаран насны эрэгтэй, нэг эмэгтэйг газар унагаачихсан дээрээс нь дараад хүзүүг нь боож байсан. Би тэр залууг “яаж байгаа юм бэ?” гэхэд “манай найз охин агсам тавиад байна” гэж хэлсэн. Би түүнд “эмэгтэй хүнийг ингэдэг юм уу?” гэтэл хажуу талаас манай эхнэр гарч ирээд “наадах чинь Охиноо/Я / байна шүү дээ” гэж хэлсэн. Би тэр залууг  болон Я  нарыг гэр лүүгээ оруулсан. Я  гэрт орж ирээд ухаан алдчихсан. Бид нар цагдаа дуудаад удалгүй цагдаа нар ирсэн.

...намайг хаалгаа онгойлгоод харах үед Я ын цүнх нь тэр залуугийн гарт оосроороо бугуйнд нь өлгөгдсөн байдалтай байсан бөгөөд Я  цүнхнийхээ доороос нь татсан байдалтай байсан. Харин Я ын гар утас нь хэнд байсныг санахгүй байна.

...Я  гэрт орж ирээд  ухаан алдсанаас хойш 10 орчим минутын дараа ухаан орсон. Тэгэхэд тэр “би наад залууг чинь танихгүй, орцонд тааралдаад эд зүйлийг авах гэж оролдсон” гэсэн тайлбарыг тухайн үед хэлж байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 26-27 дахь тал/,

 

-Гэрч Н.Г ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б  хаалга онгойлгосон. Хонгорзул, Нямхүү бид гурав Б ын араас нь хаалга руу очиж харахад Б ын дүү нь болох Охиноо буюу Я  газар хэвтчихсэн, ухаан балартчихсан бололтой дээр нь нэг танихгүй залуу зогсчихсон байсан. Тэр залуу “санаа зоволтгүй, энэ манай найз охин байгаа юм, агсам тавиад байна” гэж хэлсэн. Тэгэхэд Б  тэр залууг татаж гэртээ оруулж. Тэр залуу гэрт орж ирчихээд “зүгээр, энэ манай найз байгаа юм” гэж хэлсэн. Тэр залуугаас архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан.

...тэрний зүүн хөлийн өвдөг шалбарсан, трико нь урагдсан байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 29-31 дэх тал/,

 

-Гэрч Ж.Х ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би хаалгаар хартал Я ыг  нэг эрэгтэй хүн газар унагаачихсан, дээрээс нь дарчихсан байсан. Тэгэхэд Б  Я ыг танихгүй, тэр залуутай юм ярьж байсан. Тэгэхэд нь “би наадах чинь Охиноо /Я / байна шүү дээ” гэж хэлсэн. Б  тэр хоёрыг хоёуланг нь гэрт оруулсан. Я   ухаан алдаж унасан, би Я ыг өөр өрөөнд оруулж хувцасыг нь нимгэлж,  өрөөнд агаар салхи оруулсан. Тэр 10 орчим минутын дараа ухаан ороод би Я аас “ямар учиртай хүн бэ?” гэж асуухад  “би танихгүй, орцонд тааралдсан юм.” гэж л ярьж байсан.

...Я ын цамцыг нь тайлахад хүзүүнд боолт орсон бололтой ором байсан, дуудлагаар ирсэн цагдаа нарт үзүүлсэн.” Гэх мэдүүлэг /хэргийн 32-33 дахь тал/,

 

-“Б.Я ын биед хөлийн зөөлөн эдийн зулгаралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсэх боломжтой,гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй,хамрагдах талбай бага учир гэмтлийн зэрэг тогтоогдохгүй болно” гэх шүүх эмнэлэгийн 1001 дугаартай дүгнэлт /хэргийн 42 дахь тал/,

 

-Гэрч А.С ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ”... би тухайн үед цагдаагийн газрын жижүүрийн шуурхайн бүрэлдэхүүнд хэрэг бүртгэгчийн үүрэг гүйцэтгэж байсан тул иргэн Б.Я аас тайлбар авсан юм. Я  тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл байсан.” гэх мэдүүлэг/хэргийн 75 дахь тал/ зэрэг бичгийн баримтуудаар нотлогдож байх бөгөөд түүний үйлдлийг  зүйлчилсэн  хуулийн  зүйл, хэсэг зөв  байна.

 

            Иймд шүүгдэгч Э.Э ийг бусдын эд хөрөнгө дээрэмдэх гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж үзлээ.

Шүүгдэгч Э.Э  нь 2013 оны 05 дугаар сарын 10-ны  өдрийн 103  дугаар  шүүгчийн захирамжаар 1  жил 6 сар 15 хоног хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдаж байсан байх бөгөөд түүний биечлэн эдлэх ялыг Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-т заасныг баримтлан тогтоож, ар гэрийн амьдралын байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл зэргийг харгалзан хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэн өөрчлөхөөр шийдвэрлэв.

 

Хохирогч Б.Я  нь шүүх хуралдаанд оролцоогүй бөгөөд хавтаст хэргийн материалтай танилцахдаа “гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байх тул шүүгдэгч Э.Э ээс гаргуулах төлбөргүй байна. мөн хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

            Шүүгдэгч Э.Э ийн энэ хэрэгт 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 6 /зургаа/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хохирогч С.Эрдэнэчимэг нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурьдаад

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283 дугаар зүйлийн 283.1, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297, 298, 301 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б  овогт Э.Э ийг бусдын эд хөрөнгө дээрэмдэх гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 60 дугаар зүйлийн 60.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-т зааснаар 1 /нэг / жил хорих ял шийтгэсүгэй.

           

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-т заасныг баримтлан шүүгдэгч Э.Э эд энэ  шийтгэх  тогтоолоор  оногдуулсан  1  жил хорих  ял  дээр 2013 оны 05 дугаар сарын 10-ны  өдрийн 103  дугаар  шүүгчийн захирамжаар 1  жил 6 сар 15 хоног хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллаж, мөн  хугацаагаар    хянан  харгалзсаныг  сэргээж,  түүний  эдлээгүй  үлдсэн    ялын  зарим хэсэг  буюу 2 сар  хорих  ялыг нэмж  нэгтгэн  шүүгдэгч Э.Э эд 1 жил 2  сар /нэг жил хоёр сар/  хорих ял шийтгэсүгэй.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан  мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч Э.Э ийн эдлэх 1 жил 2 сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар шүүгдэгч Э.Э ийн энэ хэрэгт 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 83 /наян гурав/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

            6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч Э.Э  нь хохирогчид төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

            7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Э эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.      

 

            9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Э.Э эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Я.ТУУЛ