| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2020/01551/И |
| Дугаар | 101/ШШ2020/02445 |
| Огноо | 2020-07-06 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 101/ШШ2020/02445
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ЛЭ ХХК нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Т.Э холбогдох
Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх тухай гэрээ болон нэмэлт гэрээний үүрэгт 140,016,800 төгрөг, хүүд 3,566,336 төгрөг, алданги 34,301,738 төгрөг, нийт 177,884,874 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гэлэгдулам, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Оюун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Түвшинжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “ЛЭ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гэлэгдулам шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манай компани нь 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 01/19 тоот Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээг хариуцагч болох Т.Этай Монгол Улсын стандартын шаардлага хангасан, газрын тосны бүтээгдэхүүн болох дизель түлшийг захиалсан хугацаанд зээлээр нийлүүлэх нөхцөлтэйгөөр тус гэрээг байгуулсан байдаг. Ингээд 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 01/19 тоот гэрээний нэмэлт №01-д өвлийн дизель түлшийг 1 литр нь 1778 төгрөгөөр нийт 52,600 литр нь 93,522,800 төгрөгөөр тооцож 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр төлбөрийг барагдуулахаар харилцан тохиролцсон байдаг. Тус №01 дугаартай нэмэлт гэрээний 2-т худалдан авагч тал нь 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс зээлээр худалдан авсан үнийн дүн болох 93,522,800 төгрөгийн дүнд сарын 2.2 хувийн хүү тооцож худалдагч талд төлнө гэж иргэн Т.Э нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байдаг юм. Мөн тус гэрээний нэмэлт №02-т өвлийн дизель түлшийг 1 литр нь 2100 төгрөгөөр нийт 22,220 литр нь 46,662,000 төгрөгөөр тооцож 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төлбөрийг барагдуулахаар харилцан тохиролцсон байдаг. Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх тухай гэрээний 6.2-т зааснаар үл хөдлөх хөрөнгө болох худалдагч талд барьцаалж үүргийн гүйцэтгэлийг гаргуулах талаар талууд харилцан тохиролцсон ба дор дурдсан үл хөдлөх хөрөнгийг барьцаалж 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Барьцааны гэрээ байгуулсан юм. Төв аймгийн Баянхангай сумын 1 дүгээр баг, Найрамдал Цавхангай гудамж, замын урд байрлах, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн №******* дугаар гэрчилгээтэй, Ү-******* улсын бүртгэлийн дугаар бүхий 400 мкв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Төв аймгийн Баянхангай Хөшөөт 2 дугаар баг, Засмал замын баруун талд нэгж талбарын 4121020878 дугаартай, улсын бүртгэлийн Э-******* дугаартай, №******* дугаар бүхий 0,07 га газрыг худалдаа үйлчилгээ, нийтийн хоолны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх гэрчилгээ, Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, ******* гудамж, ******* тосл хаяг байршилтай Боржигон овгийн *******ын *******гийн /РД:/ өмчлөлийн УБД:, Ү-******* дугаар бүхий 459.96 м.кв талбайтай, хувийн орон сууцны зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалсан болно. Иймд дээрх барьцаалсан үл хөдлөх хөрөнгөнүүдээс үүргийн гүйцэтгэлийг дээрх үнийн дүнгээр гаргуулах хууль зүйн бүрэн үндэслэлтэй байгаа юм. Энэхүү гэрээний 2.1-д зааснаар тухайн зээлээр худалдан авч буй бүтээгдэхүүний нэгжийн болон нийт үнийн дүн, төлбөр төлөх хугацаа зэргийг гэрээний нэмэлт №01-д заасан буюу нэгж үнэ 1,778 төгрөгөөр 52,600 литр түлш нь нийт 93,522,800 төгрөг, мөн гэрээний нэмэлт №02-т заасан буюу нэгж үнэ 2100 төгрөгөөр 22,220 литр түлш нь нийт 46,662,000 төгрөгийн түлшийг тус тус манай компани нийлүүлсэн юм. Ингээд худалдан авагч тал бараа бүтээгдэхүүний төлбөрийг гэрээний нэмэлт №01-д зааснаар 2019 оны 11 дүгээр сарын 22-нд мөн гэрээний нэмэлт №02-т зааснаар 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн дотор тус тус төлж барагдуулах байсан ба гэрээний үүргээ биелүүлээгүйгээс гадна өнөөдрийг хүртэл газрын тосны төлбөрийг төлөөгүй нь манай компанид ихээхэн хохирол учруулаад байгаа юм.
Иймд Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх тухай гэрээний нэмэлт №01-д заасны дагуу нэгж литрийн үнэ 1778 төгрөгөөр 52,600 литр түлшний үнэ 93,522,800 төгрөг, 52 хоногийн хүү 3,566,336 төгрөг үүн дээр 52 хоногийн алданги 24,305,528 төгрөг нийт 121,394,664 төгрөг байна. Харин нэмэлт №02 гэрээний нэгж литрийн үнэ 2100 төгрөгөөр 22,220 литр түлшний үнэ нь 46,662,000 төгрөг үүнээс 168,000 төгрөгийг төлсөн ба үлдэгдэл 46,494,000 төгрөг, 43 хоногийн алданги 9,996,210 төгрөг ба нийт 56,490,210 төгрөг байна. Нийтдээ үндсэн төлбөрт 140,016,800 төгрөг, хүүнд 3,566,336 төгрөг, 95 хоногийн алдангид 34,301,738 төгрөг, бүгд 177,884,874 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас алдангиас багасган 174,806,854 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Т.Э болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Дүүрэнбилэг нар шүүхэд хариу тайлбараа ирүүлээгүй болно.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “ЛЭ” ХХК нь хариуцагч Т.Эд холбогдуулан газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх тухай гэрээ болон нэмэлт гэрээний үүрэгт 140,016,800 төгрөг, хүүд 3,566,336 төгрөг, алданги 34,301,738 төгрөг, нийт 177,884,874 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн шатанд алдангиас багасган нийт нэхэмжлэлийн шаардлага 174,806,854 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна.
Хариуцагч Т.Э нь 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр нэхэмжлэлийн хувь гардаж авсан, улмаар 4 дүгээр сарын 27-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох итгэмжлэлийг Э.Дүүрэнбилэгт олгосон боловч хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа болон хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаарх хариу тайлбарыг шүүхэд ирүүлээгүй.
Мөн 2020 оны 5 дугаар сарын 27, 6 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдаан зохигчдын эвлэрэн хэлэлцэх хүсэлт гаргасныг хүлээн авч, шүүх хуралдааныг хойшлуулж, жич товлон зарлахаар шийдвэрлэсэн, ийнхүү зохигчид нь эвлэрэн хэлэлцэх хугацааг шүүхээс авсан боловч эвлэрсэн талаарх хүсэл зоригоо илэрхийлээгүй, улмаар зохигчдын хэн алинтай шүүх хуралдааны товын талаар харилцан санал солилцсоны үндсэн дээр 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 830 цагт хийхээр товлосон боловч хариуцагч тал шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааныг хариуцагчийн эзгүйд хийлгэх хүсэлтийг гаргасан тул шүүх хуралдааныг хийсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч хуулийн хугацаанд хариу тайлбар ирүүлэх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй юм.
“ЛЭ” ХХК нь Т.Этай 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 01/19 дугаартай “Зээлээр газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ”-г байгуулж, худалдагч тал нь худалдан авагч талд Монгол Улсын стандартын шаардлага хангасан энэхүү гэрээний нэмэлт хавсралтад нарийвчлан заасан газрын тосны бүтээгдэхүүн /зуны, улирлын, өвлийн/ дизель түлшийг захиалсан хугацаанд нь зээлээр нийлүүлэх, худалдан авагч тал нь дизель түлшийг хүлээн авч, гэрээнд заасан үнийг хуваарийн дагуу төлөх, зээлээр бүтээгдэхүүн нийлүүлж байгаатай холбогдуулан худалдан авагчаас худалдагч талд хөрөнгө барьцаалуулах зэргээр гэрээний зорилгоо тодорхойлсон байна.
Гэрээний дагуу “ЛЭ” ХХК нь 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 52,600 литр өвлийн дизель түлшийг 1 литр нь 1778 төгрөг буюу 93,522,800 төгрөгөөр тооцон Т.Эд нийлүүлж, сарын 2,2 хувийн хүү тооцохоор, төлбөрийг 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохирсон.
Мөн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 22,220 литр өвлийн дизель түлшийг 1 литр нь 2100 төгрөг буюу 46,662,000 төгрөгөөр тооцон нэхэмжлэгч нь хариуцагчид нийлүүлж, гэрээний нөхцлийн хувьд өмнөх гэрээний нөхцлөөр, төлбөрийг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар тохирсон байна.
Хариуцагч Т.Э нь нийт 74,820 литр өвлийн дизель түлшийг нэхэмжлэгчээс авсан байх ба нийт үнийн дүн нь 140,184,800 төгрөг төлөх ёстойгоос 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 168,000 төгрөгийг төлж, үндсэн төлбөрийн үлдэгдэл нь 140,016,800 төгрөг байна.
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байх бөгөөд гэрээг бичгээр хийж, төлбөл зохих хүү зэргийн хэмжээг тохирсон нь мөн хуулийн 263 дугаар зүйлд заасан зохицуулалтад нийцсэн байна.
Нэхэмжлэгч нь сарын 2,2 хувийн хүүд 3,566,336 төгрөг тооцсон нь үндэслэл бүхий байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн явцад нэхэмжлэгч нь алдангиас 3,078,020 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, 31,223,718 төгрөгийг алдангид тооцон нэхэмжилж буй нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан зохицуулалтад нийцсэн байх бөгөөд зохигчдын хооронд байгуулсан гэрээний 4.9 дэх заалтаар алдангийн талаар харилцан тохиролцсон байна.
Зохигчдын хооронд 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр “Барьцааны гэрээ” байгуулсан боловч нэхэмжлэгч нь энэхүү гэрээний үүргийг шаардаагүй, энэ талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг үүгээр тэмдэглэх нь зүйтэй.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч Т.Эаас 174,806,854 /нэг зуун далан дөрвөн сая найман зуун зургаан мянга найман зуун тавин дөрөв/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “ЛЭ” ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,047,374.37 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Эаас улсын тэмдэгтийн хураамжид 1,031,984.27 /нэг сая гучин нэгэн мянга есөн зуун наян дөрвөн төгрөг хорин долоон мөнгө/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “ЛЭ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ