Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2013 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 2013/ШЦТ/144

 

 

                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Хэргийн индекс: 171/2013/0146/Э

            Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Ринзаан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах Д.Номин-Эрдэнэ,

улсын яллагч О.Доржмаа,

шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Цуурай,

иргэний нэхэмжлэгч Р.О ,

гэрч Д.М , Н.Б ,

шүүгдэгч 148  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн дугаар 148.2-т заасан гэмт хэрэгт Х овогт Г.О , ТБ овогт Б.Л  нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201309000199 дугааратай хэргийг 2013 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

  1. Монгол Улсын иргэн, Х овогт Г.О  /РД:М.../, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Төв аймагт төрсөн, 52 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, архивч мэргэжилтэй, “ЭНХ ” ХХК-ний захирал ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Хонгор сумын .. дүгээр баг .. дугаар байрны .. тоотод оршин суудаг, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай.
  2. Монгол Улсын иргэн, ТБ овогт Б.Л  /РД:..../, 19. оны .. дүгээр сарын .-ны өдөр Хөвсгөл аймаг Төмөрбулаг суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй, Дархан-Уул аймгийн Хонгор сумын . ажилтай байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Хонгор сумын .. дүгээр баг .. дугаар байр .. тоотод оршин суудаг, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй,  ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай.

            Шүүгдэгч Г.О , Б.Л  нар нь бүлэглэн Тогтвортой амжиргаа-2 төслийн хүрээнд Хонгор суманд Хараа голын дагуу мод үржүүлгийн талбай байгуулах төслийг 2011 оны 09 дүгээр сарын 5-30-ны өдөр хүртэлх хугацаанд бүрэн хийж гүйцэтгэсэн мэтээр хуурамч баримт бичгүүд бүрдүүлэн төслийн санхүүжилтээс 5.557.180 төгрөг залилан мэхлэж авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.О  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... 2010 онд “Тогтвортой амьжиргаа-2” төсөл ирсэн. Тендер нь 2 удаа буцсан юм байна лээ.  Тогтвортой амьжиргаа” төслийг танай компани авч хэрэгжүүлээчээ, эргэн төлөгдөхгүй гэхээр нь авсан. Оролцооны 30%-г өөрөөсөө төлсөн. Мод үржүүлэх төслийг хэрэгжүүлэхэд харуул хамгаалалт байхгүй, ус ороод байхаар нь төслийн зохицуулагчдаа энэ талаараа хэлсэн байсан. Шүүх цагдаа гээд одоо төслийн хэрэгжилт зогссон байгаа. Хараа голын бургас гэдэг нь төслийн нэр болохоос заавал Хараа голын эрэгт байна гэсэн юм байхгүй. Төсөл бол одоо хэрэгжиж байгаа гэв.

Шүүгдэгч Б.Л  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Эрх мэдэл, албан тушаалаа ашиглан шамшигдуулсан гэж яллаж байгааг зөвшөөрөхгүй байна. Албан тушаалын давуу байдлаа ашигласан зүйлгүй. Өнгөрсөн жилээс хэл үг гарахаар нь зогсоосон байгаа. Сэргээнэ гэсэн бодолтой байгаа. Хараа голын бургас гэсэн нэр өгсөн. Заавал Хараа голын дагуу мод тарина гэсэн зүйл байхгүй. Анх би энэ төслийг аваад хэрэггүй гэж хэлж байсан” гэв.

Иргэний нэхэмжлэгч Р.О  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Улсын хэмжээнд 20 загвар сум бий болгосон. Хонгор сумыг загвар сум болгосон. 170 хэдэн сая төгрөгийг Хонгор суманд буцалтгүй тусламж болгон үзүүлж байсан. 2010 оны хавар 4, 5 сард батлагдсан. Иргэдээс оролцооны мөнгө цуглуулах гэсэн боловч иргэдээс цуглаагүй. 2009 онд ирсэн. 2010 онд ирсэн. Цаашдаа компанид болон иргэдэд мөн өгөөжтэй учраас суулгацаа зараад тухайн аж ахуй нэгжийн орлого нэмэгдүүлэх чиглэлээр өрхийн амьжиргааг дээшлүүлэх чиглэлээр төсөл хэрэгжиж эхэлсэн. Нэг аж ахуй нэгжийг ч гэсэн дэмжье гэж хурал дээр ч гэсэн хэлсэн байгаа” гэв.

Гэрч Н.Б  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Сумын самбар дээр зар тавьсан. Энэ тендер 2 удаа буцсан. Тэгэхээр нь танай компани авчих боломжгүй юм уу гэж хэлсэн. Эхлээд 2 удаа зарлахад нь эдний компани орж ирж байсан. 3 дахьд нь бас орж ирэхээр нь өгчихсөн юм. Ашиг хүртэгч нь эдний компани болно. Эдний компанийг гарааны хөрөнгө оруулалтаар дэмжиж байгаа юм. Айлын 0.07 га газар дээр мод үржүүлж болохгүй гэж хориглосон заалт байхгүй. Би хяналт тавьж очиж үзээгүй нь үнэн” гэв.

Гэрч Д.М  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...”Булгийн эх” гэх манай ХХК нь төслөөр худаг гаргаж, булаг сэргээж байсан. 40 мкв талбайтай газарт сандал ширээ хийсэн. Төсөл маань 2010 онд хэрэгжиж дууссан. Тэр газар дээр Мэргэжлийн хяналтаас очиж үздэг. Баталгаат хугацааны дагуу эргэж тойрдог. Хавтаст хэрэгт авагдсан байгаа зураг миний төслөөр хийсэн ажил мөн байна” гэв.

Шүүгдэгч Г.О , Б.Л  нар нь бүлэглэн Тогтвортой амжиргаа-2 төслийн хүрээнд Хонгор суманд Хараа голын дагуу мод үржүүлгийн талбай байгуулах төслийг 2011 оны 09 дүгээр сарын 5-30-ны өдөр хүртэлх хугацаанд бүрэн хийж гүйцэтгэсэн мэтээр хуурамч баримт бичгүүд бүрдүүлэн төслийн санхүүжилтээс 5.557.180 төгрөг залилан мэхэлж авсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

Иргэн Б.М , П.Ш  нарын Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын Эдийн засгийн албанд гаргасан тайлбар /хэргийн 14-15 дахь тал/,

Иргэний нэхэмжлэгч Р.О ын мөрдөн байцаалтанд өгсөн “... 2011 онд Г.О  захиралын компани төслийг бүрэн хэрэгжүүлж дууссан гэх тайланг ирүүлсэн. 2012 оны хавар О  миний өрөөнд ирээд үр дүн муутай болоод байна харуул хамгаалалт байхгүй холдоод байгаа болохоор сумын төвд газар авсан. Төслөө энэ газар руугаа шилжүүлж хэрэгжүүлж болох уу гэж асуухад миний бие уг төсөл хэрэгжиж дууссан, танай байгууллагын өмч учир цаашид хэрхэн яаж ашиглах нь танай асуудал учир болохгүй гэсэн зүйл байхгүй гэж хэлж байсан. Тиймээс албан ёсоор төслийг хэрэгжиж дууссан гэх тайлангаа гаргаж өгөхөөс өмнө ийм асуудал огт тавиагүй ээ” гэх  мэдүүлэг /хэргийн 20 дахь тал/,

Гэрч Д.М ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хэргийн 23 дахь тал/,

Гэрч Р.О ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хэргийн 24 дэхь тал/,

Гэрч Б.М ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хэргийн 25 дахь тал/,

Гэрч П.Ш ийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хэргийн 26 дахь тал/,

Гэрч Н.Б гийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... Ингээд ажил эхлэхэд 7.967.400 төгрөгийг төслөөс 3 үе шаттайгаар өгөөд 2011 оны 09 сарын 30-ны өдөр төсөл хэрэгжүүлэгч компаний захирал О , түүний нөхөр Хонгор сумын ЗДТГ-ын дарга Л  нар өөрсдийн хувийн машинаар намайг Хараа голын эрэг дээр авч очоод төмөр хашаатай саравч барьсан байсан зүйлийг төслөөр хийсэн гэж үзүүлсэн. Суулгац хаана байгааг асуухад голын салааны цаана байгаа, дараа би чамд зургийг аваачаад өгье гэж тэр 2 надад хэлсэн. Би уг ажлыг хийж байхад хөндлөнгийн хяналт тавьсан хүн байна уу гэхэд байхгүй гэж Л  дарга хэлээд хэн хэнийг тавих уу гэж асуухад би төслийн талаар мэдээлэлтэй хүмүүс байхад болно гэж хэлээд Хонгор сумын халамжийн ажилтан Б.М , мал эмнэлгийн мэргэжилтэн П.Ш , Б.Баярхүү нарыг төсөл хэрэгжүүлж дууссан тухай баримт дээр хяналт тавьсан гэдгээр гарын үсэг зуруулчихъя гэж Л  дарга О  захирал надад бүх гарын үсэг зурагдаж тамга тэмдэг дарагдсан тодорхойлолтыг бусад материалын хамт өгсөн. Үүнийг би аймгийн нэгжийн нягтлан Д.Энхтунгалагт хүлээлгэж өгсөн гэх мэдүүлэг /хэргийн 27 дахь тал/,

Гэрч Ч.Ч ын мөрдөн байцаалтанд өгсөн: ... Комисс газар дээр нь очоод үзээд дүгнэлтээ гаргасан байсан учир би тэр болгон очиж үзээд байх зав байхгүй болохоор л гарын үсгээ зурсан гэх мэдүүлэг /хэргийн 29 дэхь тал/,

Хараа голын дагуу  барих өргөст торон хашаа, мод үрсэлгээ, мод үржүүлгийн газрын ажлын төсөв /хэргийн 66-69 дэхь тал/,

Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээний дүгнэлт /хэргийн 70 дахь тал/,

Ажил гүйцэтгэх гэрээ /хэргийн 78-80 дахь тал/,

Төсөл хэрэгжиж дууссан тухай тодорхойлолт, баримтууд /хэргийн 84-94 дэхь тал/,

Депозит дансны хуулга /хэргийн 98 дахь тал/,

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 99-100 дахь тал/,

Хөрөнгө зарцуулалтын тооцоо /хэргийн 103 дахь тал/,

Тендерийн материалууд /хэргийн 118-158 дахь тал/,

Бодь хараа ХХК-ны хэрэгжүүлсэн Булгийн ундрага тендерийн материал /хэргийн 159-174 дэхь тал/,

Гэрч Б.О   мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хэргийн 217 дахь тал/,

Гэрч А.Т  мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хэргийн 218 дахь тал/,

Шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч нар залилан мэхлэх гэмт үйлдсэн болох нь нотлогдож тогтоогдсон болно.

Шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас-аар тогтоогдож байна. /хэргийн 59-60 дахь тал/

 Иймд шүүгдэгч Г.О , Б.Л  нарыг бүлэглэн Тогтвортой амьжиргаа-2 төслийн хүрээнд Хараа гол мод үржүүлэгийн  тендерын бичиг баримтыг хуурамчаар үйлдэж, гэрээгээр гүйцэтгэх ажлыг гүйцэтгээгүй мөртлөө гүйцэтгэлийн тайланг хуурамчаар үйлдэн итгэл эвдэх аргаар Тогтвортой амжиргаа-2 төслөөс 5.577.180 төгрөгийг залилан  мэхлэж  авсан нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгээр нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч нарыг Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож эрүүгий хариуцлага  хүлээлгэх нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нарын хувийн болон хэргийн байдлыг харгалзан хуульд заасан хорих ял оногдуулж, шүүгдэгч нарын эрүүл мэнд, өндөр настай зэргийг харгалзан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр, тэнсэж хянан харгалзаж, шүүгдэгч нараас гаргуулах хохиролыг ЭНХ ХХК-аас гаргуулж Тогтвортой амьжиргаа-2 төсөл буюу Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын тамгын газрын Орон нутгийн хөгжлийн санд олгохоор шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Х овогт Г.О , ТБ овогт Б.Л  нарыг бүлэглэж бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  1.        Г.О , Б.Л  нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Г.О д оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид, шүүгдэгч Б.Л д оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.
  1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.2-т зааснаар шүүгдэгч Г.О , Б.Л  нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
  1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  298 дугаар зүйлийн 298.1.1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар 5.577.180 /таван сая таван зуун далан долоон мянга нэг зуун ная/ төгрөгийг ЭНХ ХХК-аас гаргуулж Тогтвортой амьжиргаа-2 төсөл буюу Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын тамгын газрын Орон нутгийн хөгжлийн санд олгосугай.
  1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц 2013 оны 05 сарын 06-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай 479 тоот мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Г.О , Б.Л  нарт Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан Г.О , Б.Л  нарт хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг Г.О , Б.Л  нарт мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ялтан Г.О , Б.Л  нарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгасугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.О , Б.Л  нарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

  

            ДАРГАЛАГЧ

                     ШҮҮГЧ                                                      Ё.РИНЗААН