Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 101/ШШ2020/02447

 

 

 

 

 

 

 

 

 

 

    2020          07          06

                           101/ШШ2020/02447

 

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, шүүгч Г.Бямбажаргал, шүүгч Б.Цолмонгэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ч.Т нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ЖИМТ ХХК холбогдох

 

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5-д заасны дагуу нэхэмжлэгч Ч.Тыг хариуцагч “ЖЭМТ” ХХК-д ажиллаж байхдаа үйлдвэрлэлийн осолд өртсөн болохыг тогтоолгох, Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д заасны дагуу 9 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрт 9,000,000 төгрөг гаргуулах, 2018 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хөдөлмөрийн чадвар алдсан хугацаанд олох байсан орлого болох 10,080,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Уугансайхан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Амарбаяр /№2043/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батмөнх, хариуцагчийн өмгөөлөгч Т.Мөнх-Оргил /№2341/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Түвшинжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Т, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Уугансайхан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Ч.Т миний бие “ЖЭМТ” ХХК-д ажиллаж байхдаа үйлдвэрлэлийн осолд өртсөн талаар дараах тайлбар, үндэслэлийг гаргаж байна. Үүнд: Би Солонгос улсын 10 жилийн сургуульд сурьч байхдаа хэлний боловсрол эзэмшсэн. Аялал жуулчлалын чиглээр үйл ажиллагаа явуулдаг “ЖЭМТ” ХХК-д хөтөч, орчуулагчаар ажиллахаар 2018 оны 02 дугаар сард анкет бөглөж, ярилцлага өгсөн. Тус компаниас 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр намайг дуудсанаар аялал жуулчлалын улирал эхэлж байгаатай холбоотой ажилтнуудын оройн хоол хамт идэх арга хэмжээнд намайг урьж оролцуулсан. Уг арга хэмжээний үеэр шинээр ажилд орж байгаа ажилтан гэж намайг танилцуулсан бөгөөд би ч ирэх зун ажиллах хөтөчөөр орж байна гэж ойлгосон. Түүнээс хойш нэхэмжлэгч миний бие ажил хэзээ эхлэх талаар асууж тодруулж байсан бөгөөд нэг удаа оффист очиж уулзахад 2018 оны 5 дугаар сарын 04-нд жуулчид ирэх учир тухайн өдөр ирээрэй гэж захирал О.Жаргалсайхан хэлсэн. 2018 оны 5 дугаар сарын 04-ний шөнө Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор тус компанийн аялалын үйлчилгээгээр БНСУ-ын 6 иргэн Улаанбаатар хотод ирэх талаар надад мэдэгдэж намайг онгоцны буудалд жуулчдыг тосох талаар хэлсэн. Би компанийн ахлах хөтөч А.Дашням, жолооч Б.Даваадорж нарын хамт онгоцны буудалд очин дээрх жуулчдыг хүлээн авч Аялалын хөтөлбөрт заасны дагуу 2018 оны 5 дугаар сарын 05-ны өдөр “Тэрэлж байгалийн цогцолбор газар”-т очсон. Ахлах хөтөч, орчуулагч н.Дашнямтай 2018 оны 5 дугаар сарын 04-ний өглөө нь компанийн оффист анх танилцсан бөгөөд жолооч Б.Даваадоржтой жуулчдыг онгоцны буудалд тосоход буюу 2018 оны 5 дугаар сарын 04-ний орой танилцсан. Би хөтөчөөр ажиллахдаа гэрээ байгуулна гэж ойлгосон бөгөөд ажиллах явцад ажил олгогч надад гэрээг танилцуулах байх гэж ойлгосон. Гэсэн хэдий боловч 2018 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Тэрэлжид очоод Аялалын хөтөлбөрийн дагуу амарч 05, 06-ны өдрүүдэд морин аялал зохион байгуулсан. Жуулчдыг хүлээж авснаас хойш би үргэлж хамтдаа явж хөтөч тайлбарлагч хийж байсан. 2018 оны 5 дугаар сарын 06-ны өдөр зохион байгуулсан морин аяллын үеэр миний бие мориноос унаж хүндээр бэртсэн бөгөөд Ажил олгогчийн зүгээс холбогдох анхны тусламж үзүүлсэн. Тухайн үед миний бие ухаангүй байсан бөгөөд Налайх дүүргийн эмнэлэгт ухаан орсон болно. Үүний дараа нэхэмжпэгч миний бие сайжрахгүй үргэлжлүүлэн эмчлүүлэх шаардлагатай болсон тул ГССҮТөв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн мэдрэлийн тасагт “Гэмтлийн гаралтай тархины няцралт, түүнээс үүдэлтэй зулай хэсэгт тархины эдийн харвалт, биеийн зүүн хэсгийн саажилт" гэсэн оноштой хэвтэн эмчлүүлсэн. Ажил олгогч буюу хариуцагч нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйл болон Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэмд заасан үйлдвэрлэлийн ослыг мэдэгдэх, судлан бүртгэх, дүгнэлт гаргах, Мэргэжпийн хяналтын байгууллагад хандаж хянуулах талаар хуульд тусгайлан зохицуулсан байна. Иймээс ажилтан Ч.Т миний бие Баянзүрх дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэст гомдол гаргасан бөгөөд тус хэлтэсийн 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 02-13/121 тоот албан бичгээр “...Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн актыг баталгаажуулсан байна” гэсэн хариу ирсэн. Мөн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас “Жи Эс Тур Монгол” ХХК-ийн үүргээ гүйцэтгээгүй зөрчлийг шалгаж, зөрчлийн хэрэг үүсгэн хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, тус компанид торгууль ногдуулан Үйлдвэрлэлийн ослын дүгнэлтээ холбогдох мэргэжлийн хяналтын байгууллагад ирүүлж баталгаажуулах даалгавар өгөгдсөн байдаг. Гэсэн хэдий боловч дээр дурдсан баталгаажуулсан гэх дүгнэлт Баянзүрх дүүргийн Мэргэжлийн хяналтын газар болон түүний архиваас олдохгүй байгаа болно.

Нэхэмжлэгч Д.Түмэнжаргал нь 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “ЖЭМТ Монгол” ХХК-иас Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зуйлийн 97.1.1 дэх хэсэгт заасны дагуу 9,000,000 төгрөгийн нөхөн төлбөр гаргуулж өгнө үү гэсэн утга бүхий нэхэмжлэл гаргасан. Тус нэхэмжлэлийн дагуу иргэний хэрэг үүсгэж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хэлэлцэж, 101/ШТ2019/00383 тоот тогтоол гарсан бөгөөд уг тогтоолд “...2018 оны 5 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэгч Ч.Т нь мориноос унаж бэртсэн үйл баримт тогтоогдож байх боловч үйлдвэрлэлийн осол гарсан эсэхийг тогтоосон акт гараагүй болох нь хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна ...” гэж үзэж нөхөн төлбөр гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь хэсгийг үндэслэн шүүхээс хэрэгсэхгүй болгосон. Үүний дараа өмгөөлөгч М.Амарбаяр Мэргэжлийн хяналтын газарт Үйлдвэрлэлийн осол болсон эсэх түүнд тус компани хуулийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлж үйлдвэрлэлийн ослын акт тогтоосон эсэх, Мэргэжлийн хяналтын газраас 269-д заасны дагуу ажиллагаа хийлгэсэн эсэх талаар лавлаж баримт гаргуулах хүсэлтийг 2019 оны 9 дүгээр сарын 9/19-1 тоот албан бичгээр гаргасан бөгөөд мэргэжлийн хяналтын хариуцсан ажилтан нь "үйлдвэрлэлийн осол гараагүй гэсэн дүгнэлтийг ажил олгогчоос ирүүлэхэд нь үйлдвэрлэлийн осолд тооцно гэж үзэж, ажил олгогчийг дүгнэлтээ засварлах үүргийг өгсөн боловч түүнээс хойш ажил олгогчтой холбогдож чадаагүй" гэсэн хариуг утсаар өгсөн боловч тус газраас 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр “...Таны ирүүлсэн албан бичигтэй танилцаа. Жи Эс Тур ХХК нь тус хэлтэст иргэн Ч.Ттай холбогдох Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн актыг ирүүлээгүй байна” гэсэн зөрүүтэй хариунууд өгөх болсон. Компани нь намайг ажилтан биш гэж өмнө нь тайлбар тавьдаг боловч Монгол Улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “Хөдөлмөрийн тухай хуулийн 3.1.1, 3.1.2-т заасан ажил олгогч, ажилтан” 4.1.9-д “хамтран ажиллах, ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр болон бусад хэлбэрээр ажил, хөдөлмөр эрхэлж буй Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй иргэн" гэж уг хуулийн үйлчлэх хүрээг хуульчилсан байдаг. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолын хавсралт “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 1.3-т “Энэ дүрмийг Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа ажил олгогч, иргэд, хуульд өөрөөр заагаагүй бол гадаадын иргэн, харьяалалгүй хүн, гадаадын болон гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд нэгэн адил мөрдөнө” гэж заажээ. Хууль, дүрмийн энэ агуулгаас үзвэл үндсэн ажилтан ч бай, хөлсөөр ажиллах ажилтан ч бай тэрхүү ажил үүрэг гүйцэтгэгч нь ажлын байран дээр осолд орсон тохиолдолд үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэж, актыг үйлдэх зайлшгүй үүрэг ажил олгогчид байгаа талаар журамлаж өгсөн байна.

Нэхэмжлэгч Ч.Т миний бие 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хариуцагч “ЖЭМТ” ХХК-д холбогдуулан "...тус компанид ажиллаж байхдаа үйлдвэрлэлийн осолд өртсөн болохыг тогтоолгох, Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д заасны дагуу 9 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг “ЖЭМТ” ХХК-иас гаргуулах" нэхэмжлэлийн шаардпага гаргасан.

Миний бие тухайн осолд орсон 2018 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс хойш 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хөдөлмөрийн чадвараа 70 хувиар алдаж, ажил хийх боломжгүй байгаа учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эрхээ хэрэгжүүлж дээр дурдсан нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар ихэсгэж байна. Учир нь Ч.Т миний бие уг үйлдвэрлэлийн осолд өртсөнөөс хойш зүүн талын гар хөлөө хөдөлгөхөд хүндрэлтэй байдаг бөгөөд удаан алхвал хөл өвдөх, хөл чирэгдэх байдал үүсэх, зүүн гараа ашиглан хувцасаа товчлох зэрэг нарийн үйлдлийг хийж чадахгүй нөхцөл байдалд байгаа юм. Үүнээс шалтгаалан ямар нэг ажил хийх нь боломжгүй байдалд хүрээд байна.

Иймд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5-д заасны дагуу нэхэмжлэгч Ч.Тыг хариуцагч “ЖЭМТ” ХХК-д ажиллаж байхдаа үйлдвэрлэлийн осолд өртсөн үйл баримтыг тогтоож, 9 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр буюу 9,000,000 төгрөгийг, мөн “2018 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Хөдөлмөрийн чадвар алдсан хугацаанд олох байсан орлого болох 10,080,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч “ЖЭМТ” ХХК, тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батмөнх шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус шүүхэд гаргасан Ч.Тын нэхэмжпэлтэй “ЖЭМТ” ХХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. “ЖЭМТ” ХХК нь аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дотоодын аж ахуй нэгж бөгөөд нэхэмжлэгч Ч.Тын хувьд тус компаниас 2018 оны 02 дугаар сард аяллын хөтөч орчуулагч хийх хүсэлтэй хүмүүст хүргэсэн зарын дагуу ирж уулзсан боловч компанийн зүгээс ажлын байранд тавигдах шаардлага хангахгүй үндэслэлээр ажилд аваагүй болно. Улмаар нэхэмжлэгч нь 2018 оны 4 дүгээр сарын 17-ноос 2018 оны 4 дүгээр сарын 21-ний хооронд тус компанийн захирал О.Жаргалсайханы цахим хаягны хувь чат руу холбогдон хөтөч, орчуулагчийн ажилд суралцах, дадлагажих хүсэлтэй байгаа утга бүхий зурвасыг илгээж, хэд хэдэн удаа захирал О.Жаргалсайханы гар утас руу холбогдсон байдаг. Нэхэмжлэгчийн удаа дараагийн хүсэлтийн дагуу түүнтэй захирал О.Жаргалсайхан өөрийн компанийн ажлын байран дээр уулзсан ба нэхэмжлэгч нь аав, дүүгийн хамт амьдардаг, амьдрал хэцүү байгаа талаар тайлбарлаж, хөтөч, орчуулагчийн ажилд суралцах, дадлагажих хүсэлтэй байгаагаа илэрхийлсний дагуу нэг удаагийн хоттой ойрхон аялалд нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу ямар нэгэн цалин урамшуулал олгохгүйгээр дадлагажих боломжоор хангаж туслалцаа үзүүлэхээр болсон. Улмаар 2018 оны 5 дугаар сард БНСУ-аас ирсэн жуулчдыг хүлээн авч Тэрэлж Байгалын цогцолбор газарт морин аялалд хамруулах хөтөлбөрт нэхэмжпэгчийг өөрийн хүсэлтээр сайн дураар ямар нэгэн цалин хөлс, урамшуулал олгохгүйгээр нэг удаа хамруулахаар аяллын багт багтаан явуулсан ба 2018 оны 5 дугаар сарын 06-ны өдөр морин аялалд дагалдан явахдаа тэгш тал дээр алхаж явсан морин дээр бие нь муудан татаж унахдаа тухайн унаж явсан морины ар луу зөөлөн гулгаж унасан байна. Нэхэмжлэгчийн бие нь гэнэт муудаж унахаас өмнөх өдөр нэхэмжлэгч нь согтууруулах ундаа хэрэглэсэн байдаг ба тухайн өдөр ахлах хөтөч А.Дашням өнөөдөр бие чинь муу байвал өглөөний уналгад болих юм уу гэхэд” өөрөө морио мордоод дагаад явсан байдаг. Нэхэмжлэгч нь морин дээр гэнэт бие нь муудаж татаж унасны дараа хамт явсан хөтөч, орчуулагч, жолооч нар яаралтай анхан шатны тусламж үзүүлэн, Налайх дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүргэж мөн улмаар Улаанбаатар хот хуу Гэмтэл согог судлалын эмнэлэгт хүргэж өгсөн. Нэхэмжпэгчийг Гэмтэл согог судлалын эмнэлэгт хэвтэж байх хугацаан дахь эмчилгээний бүх зардлыг /эрүүл мэндийн даатгалын төлбөр, MRi, рентген зураг, бусад эмчилгээний зардал/ тухай бүрд нь хүн чанарын үүднээс бүрэн төлж байсан. Манай компанийн хувьд нэхэмжлэгчтэй ямар нэгэн хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд ороогүй бөгөөд зөвхөн нэхэмжлэгчийн өөрийнх нь сайн дурын хүсэлтийн дагуу нэг удаагийн аяллын хөтөлбөрт үнэ төлбөргүй хамрагдаж дадлага туршлага олоход нь туслалцаа үзүүлсэн төдий юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 –д “ажил олгогч гэж хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилтан авч ажиллуулж байгаа этгээдийг", мөн хуулийн 3.1.2-т "ажилтан гэж ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа иргэнийг” хэмээн тодорхойлж зааж өгсөн. Мөн хуулийн 21.1-д “Хөдөлмөрийн гэрээнд дараахь гол нөхцөлийг тохирно” гээд 21.1.1-д “ажлын байрны буюу албан тушаалын нэр”, 21.1.2-т “ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүрэг, 21.1.3-т “үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээ”, 21.1.4-т “хөдөлмөрийн нөхцөл” гээд 21.3-т “Хөдөлмөрийн гэрээ байгуулах үед талууд энэ хуулийн 21.1-д заасан гэрээний гол нөхцөлийн аль нэгийг тохироогүй бол хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцохгүй” хэмээн заасан. “ЖЭМТ” ХХК нь нэхэмжлэгчтэй ямар нэгэн хөдөлмөрийн гэрээ амаар болон бичгээр байгуулаагүй, хуульд заасан хөдөлмөрийн гэрээний гол 4 нөхцөл болох цалин хөлс, албан тушаал, хөдөлмөрийн нөхцөл, ажлын байрны тодорхойлолт зэргийг тохироогүй нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээс тодорхой харагдаж байна.

Иймээс нэгэнт хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүсээгүй учир нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын эрх зүйн үндэслэл болсон Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалт хамаарахгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Т нь хариуцагч “ЖЭМТ” ХХК-д холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Үүнд:

  1. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5-д заасны дагуу нэхэмжлэгч Ч.Тыг хариуцагч “ЖЭМТ” ХХК-д ажиллаж байхдаа үйлдвэрлэлийн осолд өртсөн болохыг тогтоолгох,
  2. Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д заасны дагуу 9 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрт 9,000,000 төгрөг гаргуулах,
  3. 2018 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хөдөлмөрийн чадвар алдсан хугацаанд олох байсан орлого болох 10,080,000 төгрөг гаргуулахаар шаардаж байна.

 

Хариуцагч “ЖЭМТ” ХХК нь нэхэмжлэгч Ч.Ттай хөдөлмөрийн харилцаа үүсээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

“ЖЭМТ” ХХК нь аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг болох нь 000140227 дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байх бөгөөд Ч.Т нь хариуцагч компанийн захиралтай холбоо барьсаны үндсэн дээр 2018 оны 5 дугаар сард болох аялалын багт хамрагдан явж, улмаар 5 дугаар сарын 06-ны өдрийн жуулчдад зориулсан морин аялалын үеэр Ч.Т нь мориноос унаж, гэмтсэн, хариуцагчийн зүгээс тухайн цаг хугацаанд анхан шатны тусламж үзүүлэн Налайх дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүргэсэн байна. 

 

Ч.Т нь 2018 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр “ЖЭМТ” ХХК-ийн захирал О.Жаргалсайхан руу Солонгос хэлээр “Сайн байна уу? Урьд нь уулзаж байсан Түмэнжаргал байнаа. ...Танаас ганц асуух зүйл байгаад мессеж үлдээж байна. Хэлмэрч хөтөчийн ажил хэзээнээс эхлэх вэ гэдгийг мэдэх гэсэн юм. Бас ахмад хэлмэрч хөтөч нарыг дагаад туслахаар явж хөтөчийн ажилд суралцахын хажуугаар сургалтын газруудаар хамт явж болох болов уу ...” гэсэн түүний мессежинд О.Жаргалсайхан нь “...Даваа гарагт оффис дээр яваад ир. Аялалын анхны баг 5 сарын 4-нд ирэхээр төлөвтэй байгаа. Тухайн үед нь байдлыг нь харж байгаад хамт явья ...” гэсэн хариуг өгсөн болох нь орчуулгын баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчдын шүүхэд ирүүлсэн орчуулгын агуулга зөрүүтэй үндэслэлээр 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр “ПДДБ” ХХК-ийн Элит орчуулгын товчоог томилж, дээрх орчуулгыг хийлгэсэн болно.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “хөдөлмөрийн гэрээ гэж нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцөлөөр хангах тухай харилцан үүрэг хүлээсэн тохиролцоог” хэлнэ гэж тодорхойлж, хуульчилсан байна.  

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 21, 24  дүгээр зүйлд зааснаар хөдөлмөрийн харилцаанд оролцогч ажил олгогч, ажилтан нь хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа ажлын байрны буюу албан тушаалын нэр, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүрэг, үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээ, хөдөлмөрийн нөхцөлийн талаар тус тус тохирохоос гадна ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй байхаар зохицуулсан байх бөгөөд зохигчдын хооронд энэхүү хуулийн зохицуулалтад заасан нөхцлүүдийг тохирч, хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

 Түүнчлэн хөдөлмөрийн гэрээ байгуулах үед талууд дээрх зохицуулалтад заасан гэрээний гол нөхцөлийн аль нэгийг тохироогүй бол хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцохгүй байхаар Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-т заажээ.

 

Дээрх орчуулгын агуулга болон хуулийн зохицуулалтаас үзэхэд Ч.Т нь хэлмэрч хөтөчийн ажилд суралцах, сургалтын газруудаар явж үзэх буюу өөрийн мэдлэг чадвараа дээшлүүлэх, дадлагажих зорилгыг агуулсан байх бөгөөд “ЖЭМТ” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулаагүй, цалин хөлс, ажлын байрны талаар харилцан тохироогүй байх тул хөдөлмөрийн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр, нийгмийн хамгаалал, тусгай хяналтын хэлтэст 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Ч.Т нь ... ажил олгогчийн зүгээс ослыг судлан бүртгээгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох хэсэг, мөн Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэмд заасны дагуу ажилтан намайг ажил үүргээ гүйцэтгэх явцдаа үйлдвэрлэлийн осолд өртсөн болохыг тогтоож өгнө үү ... гэх гомдлыг гаргасан байна.

 

Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хөдөлмөр хяналтын улсын байцаагч Л.Дашцэцэг 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, Зөрчлийн тухай хуулийн 10.15 дугаар зүйлийн 2-т зааснаар “ЖЭМТ” ХХК-ийн менежер, комиссын дарга Л.Даваацэрэнг 400,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулж, “ЖЭМТ” ХХК-д эрх бүхий албан тушаалтны албан даалгаврыг хүргүүлжээ.

 

Үүнээс үзэхэд Ч.Тын гомдлын дагуу эрх бүхий байгууллага хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн байхад уг гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг лавлаж, тодруулаагүй, улмаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 8-д “Оролцогч зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан, шийтгэлээс чөлөөлсөн шийдвэрт энэ хуулийн 7.6 дугаар зүйлд заасны дагуу гомдол гаргана” гэж заасан эрх, үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.4-т ““оролцогч” гэж зөрчилд холбогдогч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг” хэлэхээр тодорхойлжээ.

 

Ийнхүү дээр дурдсанчилан зохигчдын хооронд хөдөлмөрийн харилцаа үүсээгүй байх тул нэхэмжлэгч Ч.Тын “ЖЭМТ” ХХК-д ажиллаж байхдаа үйлдвэрлэлийн осолд өртсөн болохыг тогтоох үндэслэлгүй буюу Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5-д зааснаар үйлдвэрлэлийн осолд өртсөн болохыг тогтоох үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Хариуцагч “ЖЭМТ” ХХК-ийн хувьд Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолын хавсралт “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 1.5-д зааснаар иргэн Ч.Тд осолд орсон цаг хугацаанд анхан шатны тусламж үзүүлэх, эмнэлэгт хүргэх, эрүүл мэндийн яаралтай шинжилгээ хийлгэх зэрэг зардлыг цаг хугацаа алдалгүй гаргаж, энэхүү үүргээ биелүүлсэн гэж үзэхээр байна.  

 

Ийнхүү хөдөлмөрийн харилцаа үүсээгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д “үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 30 хувь хүртэл алдсан ажилтанд 5 сар, 31-50 хувь алдсан ажилтанд 7 сар, 51-70 хувь хүртэл алдсан ажилтанд 9 сар, 71 хувиас дээш алдсан ажилтанд 18 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа” гэж зааснаар 9 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрт 9,000,000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй, мөн нөгөөтэйгүүр 1 сарын цалин хөлсийг 1,000,000 төгрөгөөр тооцсон нь ойлгомжгүй байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Монгол Улсын Үндэсний статистикийн хорооны 2018 оны 3 дугаар улирлын байдлаарх аялал жуулчлалын салбарын ажилчдын сарын дундаж цалинг баримталсан гэх боловч удирдлагын болон дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны салбарт ажилчдын сарын дундаж цалин 886,5 мянган төгрөг байна гэх Үндэсний статистикийн хорооны 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 02/93 дугаартай “Мэдээлэл хүргүүлэх тухай” албан бичиг, хавсралтыг ирүүлжээ.

 

Ч.Т нь 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр “Тархины цус харвалтын үлдэц” үндсэн оноштой, хөдөлмөрийн чадвар алдсан шалтгаан нь ахуйн осол гэж үзэж, ердийн өвчний жагсаалтын 1-10-3 дахь заалтаар хөдөлмөрийн чадвар алдалтыг 70 хувиар 6 сарын хугацаатай тогтоолгосон болох нь Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон 0064713 дугаартай актаар тогтоогдож байна.

 

Улмаар нэхэмжлэгч нь 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл үндсэн онош Тархины голомтот гэмтэл, хөдөлмөрийн чадвар алдсан шалтгаан нь ахуйн осол гэж хөдөлмөрийн чадвар алдалтыг 70 хувиар тогтоолгосон байх бөгөөд үйлдвэрлэлийн осолд өртсөнөөс хойш “зүүн талын гар хөлөө хөдөлгөхөд хүндрэлтэй байдаг, удаан алхвал хөл өвдөх, хөл чирэгдэх байдал үүсэх, зүүн гараа ашиглан хувцасаа товчлох зэрэг нарийн үйлдлийг хийж чадахгүй нөхцөл байдалд байгаа, үүнээс шалгаалан ямар нэг ажил хийх боломжгүйд хүрээд байна” гэх үндэслэл зааж, 2018 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд олох байсан орлого болох 10,080,000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хэмжээ тогтоолгосон актыг шүүхэд ирүүлсэн боловч уг шаардлагын үндэслэлд заасан үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, нөгөөтэйгүүр хөдөлмөрийн чадвар алдсан шалтгааныг Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлстийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын бүрэлдэхүүн “Ахуйн осол” гэж тогтоосон байхад уг актыг үндэслэн “үйлдвэрлэлийн осол”-д орсон гэж үзэж, олох байсан орлогыг тодорхойлох үндэслэлгүй юм.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэдийн төлөөлөгч Б.Батхүүд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, зохигчид иргэдийн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар шүүх хуралдааныг хийсэн болно.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа болон нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ төлөх улсын тэмдэгтийн хураамжийн төлөх хугацааг хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авсан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага бүрт тохирох улсын тэмдэгтийн хураамж 405,380 /70,200+158,950+176,230/ төгрөгийг нэхэмжлэгч Ч.Таас нөхөн гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй байна. 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1, Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч “ЖЭМТ” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Ч.Тын “нэхэмжлэгч Ч.Тыг хариуцагч “ЖЭМТ” ХХК-д ажиллаж байхдаа үйлдвэрлэлийн осолд өртсөн болохыг тогтоолгох,  9 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрт 9,000,000 төгрөг гаргуулах, 2018 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хөдөлмөрийн чадвар алдсан хугацаанд олох байсан орлого болох 10,080,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч Ч.Таас улсын тэмдэгтийн хураамжид 405,380 /дөрвөн зуун таван мянга гурван зуун ная/ төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.    

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                  Т.ЭНХЖАРГАЛ

 

 

                                    ШҮҮГЧ                                                Г.БЯМБАЖАРГАЛ

 

 

                                    ШҮҮГЧ                                                Б.ЦОЛМОНГЭРЭЛ