| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2020/03042/И |
| Дугаар | 101/ШШ2020/02516 |
| Огноо | 2020-07-09 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 101/ШШ2020/02516
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Э.Б нэхэмжлэлтэй,
Хариуцагч: НШШГГ холбогдох
Үнэлгээ хүчингүй болгуулах тухай гомдолтой иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бадам-Очир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Түвшинжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Э.Б миний бие нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 101/ШШ2019/0******* тоот захирамжийн дагуу “*******” ХЗХ-нд 12,405,777 төгрөгийг төлөхөөр болсон. Улмаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн “Шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай” 101/Ш32020/00******* тоот захирамжийн дагуу “Үүргийн гүйцэтгэлийн барьцаалсан Э.Бгийн өмчлөлийн Ү-******* бүртгэлийн дугаартай байшин, ******* бүртгэлийн дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг хөндлөнгийн шинжээчээр 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр үнэлүүлэхэд 64,100,000 төгрөгөөр үнэлэгдсэн болохыг мэдэгдсэн. Харин төлбөр төлөгчийн зүгээс уг үнэлгээг дараах шалтгааны улмаас хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Үүнд:
2015 оны 02 дугаар сарын 25-ны өдөр уг газар нь Гэр хороололын дахин төлөвлөлтөнд орох журмыг үндэслэн ГХДТ-2014/2 багцын дугаар бүхий байршилд “Б” хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэхээр шалгарсан “*******" ХХК-иас 147,247,994 төгрөгөөр газрыг, 27,695,257 төгрөгөөр байшинг тус тус үнэлж гэрээ орон сууцаар хангуулахаар гэрээ байгуулагдсан болно. Иймээс хамгийн бага үнээр тооцож хөрөнгийн үнэлгээний тайлан гаргаж, хөрөнгийг үнэгүйдүүлсэн байна.
Иймд Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, ******* тоотод байрлах Ү-******* бүртгэлийн дугаартай байшин, ******* бүртгэлийн дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалтай газрыг 64,100,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч НШШГГ, тус байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бадам-Очир шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2019/0******* дугаар захирамжаар Э.Бгаас 12,299,877 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 105,900 төгрөгийг гаргуулж “*******” хадгаламж зээлийн хоршоонд олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр үүсгэн явуулж төлбөр төлөгч Эрдэнэбатын Байгалмаад шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн боловч тогтоосон хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй. Иймд төлбөр төлөгч Э.Бгийн “*******” хадгаламж зээлийн хоршоонд барьцаалсан Баянзүрх дүүргийн *** тоот хаягт байршилтай 70.8 м.кв талбайтай эрхийн улсын буртгэлийн дугаарт бүртгэлтэй хувийн сууц, нэгж талбарын ******* дугаарт бүртгэлтэй 483 м.кв талбайтай эзэмшлийн газрыг 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн ******* тоот тогтоолоор битүүмжилж, 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн тоот тогтоолоор хураасан. Төлбөрт хураагдсан үл хөдлөх хөрөнгийн үнийн санал ирүүлэх тухай 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн , тоот мэдэгдлийг талуудад хүлээлгэн өгсөн. Талууд үнийн саналыг харилцан тохиролцоогүй байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу шинжээч томилох тухай 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 5/300 дугаар тогтоолыг талуудад танилцуулж, хөндлөнгийн шинжээч томилж, “” ХХК-иар үл хөдлөх хөрөнгийг үнэлүүлсэн. “” ХХК-ийн 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн үнэлгээний тайланг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу талуудад танилцуулж, 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн , дугаар үнэлгээний мэдэгдлийг хүлээлгэн өгсөн.
Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын явуулж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.
Зохигчдын тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Б нь хариуцагч НШШГГт холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гарсан “” ХХК-ийн 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 71/Ш дугаартай үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлага гаргажээ.
Хариуцагч нь үл хөдлөх эд хөрөнгө үнэлэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, үнэлгээ бодитой хийгдсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2019/0******* дугаартай “Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжаар нэхэмжлэгч “*******” хадгаламж зээлийн хоршоонд хариуцагч Э.Б нь 12,299,877 төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Энэхүү шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх захирамж гарч, 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 101/ГХ2020/00007 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр эхэлсэн байх бөгөөд шүүхийн шийдвэр, тогтоолыг биелүүлэх мэдэгдлийг төлбөр төлөгч Э.Бд хүргүүлж байсан байна.
НШШГГ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу холбогдох ажиллагаануудыг хийж, 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр “Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол”-ыг үйлдэж, Э.Бгийн эзэмшил, өмчлөлийн Баянзүрх дүүрэг, *** тоотод байршилтай, нэгж талбарын ******* дугаар бүхий, 483 мкв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, уг хаягт байрлах, улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, 70,8 мкв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн, 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн “Эд хөрөнгө хураах тухай тогтоол”-оор хураан авах ажиллагааг явуулжээ.
Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно” гэж заажээ.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдөр дугаартай “Үнийн санал ирүүлэх тухай” албан бичгийг Э.Бд хүргүүлсэн ба тэрээр 250,000,000 төгрөгөөр газар, хувийн сууцаа үнэлэх саналыг ирүүлсэн, уг саналыг төлбөр авагч “*******” хадгаламж зээлийн хоршоо зөвшөөрөөгүй байх бөгөөд 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 174 дугаартай албан бичгээр хөндлөнгийн шинжээч томилуулах хүсэлтийг ирүүлжээ.
Эдгээрээс үзвэл төлбөр төлөгч, төлбөр авагч нар нь үл хөдлөх эд хөрөнгийн үнийн талаар харилцан тохироогүй гэж үзэх тул НШШГГ нь 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 5/300 дугаартай “Шинжээч томилох тухай тогтоол”-оор “” ХХК-ийг үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгохоор шинжээчээр томилж, эрх, үүргийг нь тайлбарласан байна.
“” ХХК нь 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 71/Ш дугаартай “Хөрөнгийн үнэлгээний тайлан”-г гаргаж, НШШГГт мөн өдрөө хүлээлгэн өгсөн, улмаар хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу 6 дугаар сарын 04-ний өдөр төлбөр төлөгч Э.Бд үнэлгээний тайланг хүлээлгэн өгч, шийдвэр гүйцэтгэгч тэмдэглэл үйлдсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн баримт, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д “Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасан бөгөөд төлбөр төлөгч Э.Б нь энэхүү хуульд заасан хугацааг 1 хоногоор хэтрүүлсэн буюу 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр үнэлгээ хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагаа шүүхэд гаргасан байна.
“” ХХК-ийн үнэлгээгээр Баянзүрх дүүрэг, **** тоотод байршилтай, нэгж талбарын ******* дугаар бүхий, 483 мкв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, уг хаягт байрлах, улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, 70,8 мкв талбайтай, хувийн сууцыг 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар өртөгийн хандлагын үнэлгээ (PV1)-64,1 сая төгрөг, зах зээлийн хандлагын үнэлгээ (PV3)-55,5 сая төгрөг, уг 2 аргын үнэлгээний дүнг харьцуулан судалж үзээд өртгийн хандлагын үнэлгээнд 100,0 хувийн ач холбогдол өгч эцсийн үнэлгээг 64,100,000 төгрөгөөр тодорхойлов гэжээ.
Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтад зааснаар “” ХХК нь хөрөнгийн үнэлгээний тайланг гаргасан байх бөгөөд хууль зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч нь “...2015 оны 02 дугаар сарын 25-ны өдөр уг газар нь Гэр хороололын дахин төлөвлөлтөнд орох журмыг үндэслэн ГХДТ-2014/2 багцын дугаар бүхий байршилд “Б” хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэхээр шалгарсан “*******” ХХК-иас 147,247,994 төгрөгөөр газрыг, 27,695,257 төгрөгөөр байшинг тус тус үнэлж гэрээ орон сууцаар хангуулахаар гэрээ байгуулагдсан болно. Иймээс хамгийн бага үнээр тооцож хөрөнгийн үнэлгээний тайлан гаргаж, хөрөнгийг үнэгүйдүүлсэн байна” гэж гомдлын шаардлагыг үндэслэлийг тайлбарлаж байна.
“*******” ХХК-тай 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдөр ГХДТ-Б/086 дугаартай “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ”-г Э. гэгч нь байгуулсан байх бөгөөд Баянзүрх дүүрэг, **** тоотод байршилтай, нэгж талбарын ******* дугаар бүхий, 483 мкв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг орон сууцаар солихоор харилцан тохиролцож, “*******” ХХК нь өөрийн өгөх орон сууцны үнэлгээг 147,247,794 төгрөг гэж тодорхойлсон байна.
Энэхүү гэрээнд бичигдсэн үнийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гарсан “” ХХК-ийн үнэлсэн хөрөнгийн үнэлгээг тухайн хураан авсан үл хөдлөх эд хөрөнгийг үнэгүйдүүлсэн гэж үзэх үндэслэл болохгүй юм.
Өөрөөр хэлбэл хөрөнгийн үнэлгээний тайлан нь өртгийн хандлагын үнэлгээнд 100,0 хувийн ач холбогдол өгч эцсийн үнэлгээг гаргасан байх тул “” ХХК-ийн гаргасан үнэлгээг хүчингүй болгох үндэслэл тогтоогдсонгүй.
Эдгээрээс үзвэл хариуцагч НШШГГ нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгох ажиллагааг хийхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Иргэний хуульд заасан арга, журмаар явуулаагүй гэх, “” ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэхдээ зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдохгүй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Э.Бгийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан НШШГГт холбогдуулан гаргасан “” ХХК-ийн 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 71/Ш дугаартай үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Э.Бгийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т тус тус зааснаар нэхэмжлэгч Э.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШЗ2020/12428 дугаартай “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” захирамж нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үйлчилэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ