| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 171/2016/001/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/27 |
| Огноо | 2016-01-19 |
| Зүйл хэсэг | 181.3., |
| Улсын яллагч | Б.Сүрмандах |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 2016/ШЦТ/27
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:171/2016/0012/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж, шүүгч Г.Гэрэлт-Од, Ж.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй,
Иргэдийн төлөөлөгч Ц.О,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын туслах прокурор Б.Сүрмандах,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа,
Хохирогч Л.Б ,
Шүүгдэгч Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Д-ийн Г т холбогдох 201509000591 дугаартай эрүүгийн хэргийг 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б овогт Д-ийн Г /РД:......... /, ....... оны ....... дүгээр сарын .... -ны өдөр ........ хотод төрсөн, ...... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..... , ........-ны хамт ....... аймгийн ........ сумын ........ дүгээр баг ...... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.
Шүүгдэгч Д.Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2015 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 16-17 цагийн очим ......... аймгийн ........ сумын .... дугаар багийн нутаг дэвсгэр *******ийн урд талд бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрах үйлдлийг таслан зогсоох гэсэн иргэнийг эсэргүүцэж иргэн Б.М-ийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан, архины шилийг зэвсгийн чанартай ашиглан иргэн Л.Б гийн гарын тохойг зүсэж, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэн байдлаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
-Шүүгдэгч Д.Г ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2015 оны 7 дугаар сарын 8-ний өдрийн 19 цагийн үед гэр рүүгээ ганцаараа харьж яваад *******ийн урд Б.М тэй тааралдаад маргалдаад гар зөрүүлсэн. Гэхдээ Б.М тэй юунаас болж маргалдсанаа санахгүй байна.
...шил хаанаас авсанаа сайн санахгүй байна. Эд нараас салаад зам гараад явж байтал Л.Б хойноос гүйж ирээд миний гарыг та ийм болгочихлоо гэж хэлсэн.
...Л.Б , Б.М хоёр хоёулаа зэрэг над руу дайрсан зэрэг дайрхааар нь биеэ хамгаалсан, удалгүй цагдаа ирээд авч явсан. Эрүүлжүүлэхэд очиход миний гарнаас цус гарч байсан, мөн Л.Б гийн гар бас гэмтсэн байсан.
...Л.Б , Б.М нарт тус бүр 100000 төгрөгийн хохирол төлсөн.” гэх мэдүүлэг,
-Хохирогч Л.Б гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2015 оны 7 дугаар сарын 8-ний өдөр баталионд хамаатныдаа оччихоод гэр рүүгээ харих гээд үйлчилгээний тэрүүгээр явж байтал Б.М , Д.Г хоёр автобусны буудал дээр зодолдож байсан. Би Б.М ийг танидаг учир тэр хоёр дээр очоод Д.Г ыг түлхээд М ийг аваад цаашаа явтал Д.Г нь араас ирээд гар руу шилээр хатгасан.
...эмнэлэг орж гартаа оёдол тавиулсан, намайг архи уусан байна гээд Д.Г тай хамт эрүүлжүүлсэн. 100000 төгрөг авсан, гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй.” гэх мэдүүлэг,
-Гэрч Д.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 16 цагийн орчим нөхөр М ийн хамтаар ******* дээр явж байхад галуу хочтой О-ийг нэг үл таних шар царайтай өндөр биерхүү 50 орчим насны эрэгтэй хүн хагарсан архины шил бариад зодох гэж байхад нь нөхөр бид 2 очоод болиулсан чинь тэр залуу манай нөхрийг нүүр рүү нь гараараа цохиод унагаачихсан. Тэгээд дээрээс нь нүүр рүү нь дэвсэж өшиглөөд зодоод байхаар нь салгах гэтэл намайг шилээрээ зүсчих гээд ойртуулахгүй байсан. Тэгсэн харин Б гэж манай батальонд байдаг залуу явж таараад тэр шар залууг салгаж болиулсан.
...нөгөө залуу хагарсан архины шилээ барьчихсан ирээд Б гийн гар руу хатгачихсан байна лээ. Би тухайн үед нөхрийн нүүрнээс цус гараад байсан учраас авто угаалгын газраас ус авчихаад гараад ирэхэд Б гийн гарыг нөгөө залуу хатгачихсан байсан. Тэгэхээр нь би цагдаа дуудсан, цагдаа нар ирээд Б болон нөгөө шар залуу нарыг эрүүлжүүлсэн. Би харин нөхрийгөө дагуулаад эмнэлэг дээр үзүүлэхэд рентген зураг авдаг хүн нь байхгүй гэхээр нь маргааш нь үзүүлж зургаа авахуулж гэмтлийн эмчтэй нь уулзахад эрүүний яс хугарсан хадуулахад 220000 төгрөг шаардлагатай гэхээр нь нөхөр бид 2-т мөнгө байхгүй учир яваад өгсөн.” гэх мэдүүлэг /хэргийн 6 дахь тал/,
-Гэрч Т.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр би ******* дээр 16 билүү 17 цагийн орчим явж байхад ........ төвийн урд хэсэгт хүмүүс зодолдоод байгаа харагдсан. Би хараад зогсож байхад шар өмдтэй цагаан нимгэн куртиктэй өндөр том биетэй шар царайтай ах хүрч ирээд шууд гартаа барьчихсан байсан хагархай архины шилээрээ миний хоолойг зүсэх гэж дайрсан. Тэгэхээр нь би хойшоо болоод зогсоход хажуунаас М , А нар хүрч ирэхээр нь М д “энэ ах миний хоолойг зүсэх гэж байна, яасан аймаар юм бэ?” гэхэд М тэр ахад “та яагаад байгаа юм бэ?” гэж хэлсэн чинь “чи одоо юу юм бэ?” гээд М ийг цохиж газар унагаагаад толгой дээрээс нь дэвсээд зодоод байсан. Тухайн үед М ийн нүүр амнаас маш их цус гараад байсан. Харин М ийг зодуулж байхад батальонд байдаг Б гэх залуу хүрч ирээд М ийг зодож байхыг болиулсан, тэгэхээр нь би айгаад “....... ” дэлгүүрийн тийшээ яваад өгсөн. Тэгтэл хэсэг хугацааны дараа Б ийн гарыг бас нөгөө өндөр шар ах архины шилээр зүсчихсэн гээд гарнаас нь бас цус их гарчихсан байсан. Тэгж байхад цагдаа нар ирээд нөгөө өндөр шар ахыг болон Б нарыг эрүүлжүүлсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 7 дахь тал/,
-“Л.Б гийн биед гарын тохойд хатгагдсан шархтай зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир, үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 1002 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 17 дахь тал/,
-“Б.М ийн биед доод эрүүний битүү зөрөөгүй хугарал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох зааврын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно. Б.М д учирсан гэмтэл нь хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх 2015 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 1095 дугаартай шинэжээчийн дүгнэлт /хэргийн 19 дэх тал/,
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 20 дахь тал/,
-Хохирогч Б.М ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Үйлчилгээний төв дээр явж байтал Г гэх ах галуу хочтой О гэх эмэгтэй рүү согтуу дайраад зогсож байсан, тэгэхээр нь би очоод Г ахыг салгах гэтэл Г намайг гараараа нэг удаа нүүр рүү цохьсон. Тэр үед манай эхнэр бид 2-ын дундуур ороод салгах үед цаанаас танил Б хүрч ирээд Г аас намайг салгаж аваад явсан. Тэр үед Г хойноос ирээд Б гийн гарыг архины шилээр хатгачихсан юм, тэгэхдээ би Г ыг Б г архины шилээр хатгахыг хараагүй, сүүлд надад хэлсэн юм.
....тэгээд би эхнэртэйгээ хамт эмнэлэг орж үзүүлэхэд миний баруун талын эрүүний яс хугарчихсан байна гэж хэлсэн юмаа.” гэх мэдүүлэг /хэргийн 25-26 дахь тал/,
-Шинжээч эмч С.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тухайн үед иргэн Л.Б гийн биед үзлэг хийхэд зүүн гарын тохойн ар хэсэгт 1,5*2 см урттай оёдол тавьсан эдгэрсэн шархтай байсан.
...Л.Б ийн биед учирсан шарх нь тохойн үе хэсэгт учирсан бөгөөд хүний гарын хөдөлгөөнийг хязгаарлаж байдаг учир хөдөлмөрийн чадвар алдагдуулах шарх мөн. Уг гэмтэл хөдөлмөрийн чадварыг 10 хувь алдагдуулж байгаа юм. гэх мэдүүлэг /хэргийн 36 дахь тал/,
-Д.Г ын биед хуруунд язарсан шархтай зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир, үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтэл нь 2015 оны 7 сард үүссэн байх боломжтой.” гэх 2015 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 1210 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 40 дэх тал/,
-Гэрч Ц.О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... тухайн өдөр би .........-ийн үүргийг гүйцэтгэж байсан юм. Орой 22 цаг 40 минутын орчим эргүүлийн офицер хошууч Ж эмэгтэйчүүдийн ордны хажуу талд маргалдсан хүмүүс гээд Д.Г , Л.Б нарыг авчирч хүлээлгэж өгсөн юм. Тухайн үед Д.Г ын биед ямар нэгэн гэмтэл шарх байхгүй, харин Л.Б гийн зүүн гарын тохойны ар талд оёдол тавиулсан байсан шинэ шархтай байсан. Тухайн үед Б гээс юу болсон талаар асуухад Д.Г гэгчийг архины шилээр хатгачихсан юм гэж хэлж байсан. Тэгээд Д.Г , Л.Б нарыг эрүүлжүүлэхийн камер луу оруулсан.”гэх мэдүүлэг /хэргийн 44 дэх тал/,
-Албадан саатуулсан хүний бүртгэл, тэмдэглэл /хэргийн 45-48 дахь тал/,
-Хохирогч Л.Б гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /хэргийн 61 дэх тал/,
-Хохирол төлсөн баримт /хэргийн 77, 112 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүгдэгч Д.Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 16-17 цагийн очим ........ аймгийн ....... сумын ...... дугаар багийн нутаг дэвсгэр *******ийн урд талд бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж иргэн Б.М ийн бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулж танхайрсан, мөн тухайн үйлдлийг таслан зогсоосон иргэн Л.Б гийн араас очиж архины шилийг зэвсгийн чанартай ашиглан гарын тохойг нь зүсэж, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч Л.Б гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...тэр хоёр дээр очоод Д.Г ыг түлхээд М ийг аваад цаашаа явтал Д.Г нь араас ирээд гар руу шилээр хатгасан.” гэх мэдүүлэг, гэрч Д.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...нөгөө залуу хагарсан архины шилээ барьчихсан ирээд Б гийн гар руу хатгачихсан байна лээ. Би тухайн үед нөхрийн нүүрнээс цус гараад байсан учраас авто угаалгын газраас ус авчихаад гараад ирэхэд Б гийн гарыг нөгөө залуу хатгачихсан байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 6 дахь тал/, гэрч Т.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тэгтэл хэсэг хугацааны дараа Б гийн гарыг бас нөгөө өндөр шар ах архины шилээр зүсчихсэн гээд гарнаас нь бас цус их гарчихсан байсан. Тэгж байхад цагдаа нар ирээд нөгөө өндөр шар ахыг болон Б нарыг эрүүлжүүлсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 7 дахь тал/, “Л.Б гийн биед гарын тохойд хатгагдсан шархтай зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.” гэх 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 1002 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 17 дахь тал/, “Б.М ийн биед доод эрүүний битүү зөрөөгүй хугарал тогтоогдлоо.” гэх 2015 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 1095 дугаартай шинэжээчийн дүгнэлт /хэргийн 19 дэх тал/, хохирогч Б.М ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би очоод Г ахыг салгах гэтэл Г намайг гараараа нэг удаа нүүр рүү цохьсон. Тэр үед манай эхнэр бид 2-ын дундуур ороод салгах үед цаанаас танил Б хүрч ирээд Г аас намайг салгаж аваад явсан. Тэр үед Г хойноос ирээд Б гийн гарыг архины шилээр хатгачихсан юм, тэгэхдээ би Г ыг Б г архины шилээр хатгахыг хараагүй, сүүлд надад хэлсэн юм.” гэх мэдүүлэг /хэргийн 25-26 дахь тал/, шинжээч эмч С.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тухайн үед иргэн Л.Б гийн биед үзлэг хийхэд зүүн гарын тохойн ар хэсэгт 1,5*2 см урттай оёдол тавьсан эдгэрсэн шархтай байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 36 дахь тал/, гэрч Ц.О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тухайн үед Д.Г ын биед ямар нэгэн гэмтэл шарх байхгүй, харин Л.Б гийн зүүн гарын тохойны ар талд оёдол тавиулсан байсан шинэ шархтай байсан. Тухайн үед Б гээс юу болсон талаар асуухад Д.Г гэгчийг архины шилээр хатгачихсан юм гэж хэлж байсан.”гэх мэдүүлэг /хэргийн 44 дэх тал/, албадан саатуулсан хүний бүртгэл, тэмдэглэл /хэргийн 45-48 дахь тал/, хохирогч Л.Б гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /хэргийн 61 дэх тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Д.Г нь “хэрэг учрал болох үед “Л.Б миний нүүр рүү цохиж, миний гарыг зүссэн” гэж мэтгэлцэж байгаа боловч гэрч Ц.О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тухайн үед Д.Г ын биед ямар нэгэн гэмтэл шарх байхгүй, харин Л.Б гийн зүүн гарын тохойны ар талд оёдол тавиулсан байсан шинэ шархтай байсан. “ гэх мэдүүлэг /хэргийн 44 дэх тал/, мөн зөрчил гаргасан этгээдийг захиргааны журмаар албадан саатуулах тухай тэмдэглэлд “Д.Г ын биед ил харагдах шарх, сорвигүй” гэж тэмдэглэсэн /хэргийн 48 дахь тал/ зэргээр шүүгдэгч Д.Г ын дээрх мэдүүлэг үгүйсгэгдэж байна.
Мөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “яллах дүгнэлт хууль ёсны шаардлага хангахгүй байна. Танхайрах үйлдлийг таслан зогсоох үйлдлийг эсэргүүцсэн гэж байгаа атлаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдээгүй, харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т заасан гэмт хэргийг үйлдэхдээ 2 хохирогчид гэмтэл учруулсан мэтээр яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт оруулж ирсэн нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл зэвсгийн чанартай зүйлээр 2 хохирогчийг цохисон юм шиг ойлгомжгүй зүйл оруулж ирсэн. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.1.1-т зааснаар хуулийг буруу хэрэглэсэн байх тул энэ хэргийг шүүх хурлаар хэлэлцэх боломжгүй, мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү” гэж мэтгэлцэж байна.
Мөрдөн байцаалтын шатанд Д.Г ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.3-т зааснаар яллагдагчаар татаж, байцаалт авсан /хэргийн 49-50 дахь тал/ боловч тухайн үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 гэсэн хүнд зүйл ангид багтан зүйлчлэгдэх боломжтой, шүүгдэгч Д.Г ын Б.М ийн биед хүндэвтэр, Л.Б гийн биед архины шилийг зэвсгийн чанартай ашиглаж хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь 1 эхлэл төгсгөлтэй, үргэлжилсэн үйлдлээр үйлдэгдсэн байх тул аль хүнд зүйл, хэсгээр дангаар зүйлчилсэн нь зөв байна.
Иймд шүүгдэгч Д.Г ыг бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, иргэн Б.М ийн бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулж, мөн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж иргэн Л.Б гийн бие махбодид хөнгөн гэмтэл учруулж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ял оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч Б.М нь гэмт хэргийн улмаас хүндэвтэр гэмтэл, Л.Б нь хөнгөн гэмтэл авч хохирсон боловч шүүгдэгч нь хохирогч нарт тус бүр 100000 төгрөгийн хохирол төлсөн, хохирогч нар нь ямар нэгэн нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Шүүгдэгч Д.Г нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хэргийн 20 дахь тал/ байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэстэй.
Шүүгдэгч Д.Г нь хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн, хувийн байдал, хохирогч төлбөрийг өөрийн санаачлагаар сайн дураар нөхөн төлсөн зэргийг харгалзан хуульд заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Г нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогч нарт төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаад
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт Д-ийн Г ыг бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, иргэн Б.М ийн бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулж, мөн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж иргэн Л.Б гийн бие махбодид хөнгөн гэмтэл учруулж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар шүүгдэгч Д.Г т 3 жил 4 сар 10 хоног /гурван жил дөрвөн сар арав хоног/ хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч Д.Г т оногдуулсан 3 жил 4 сар 10 хоног /гурван жил дөрвөн сар арав хоног/ хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298 дугаар зүйлийн 298.1.2-т зааснаар шүүгдэгч Д.Г нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогч нарт төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Г-т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ялыг энэ өдрөөс эхлэн тооцсугай.
6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Д.Г т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ
ШҮҮГЧИД Г.ГЭРЭЛТ-ОД
Ж.МӨНХТУЯА