Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 79

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж, шүүгч Ч.Отгонбаяр, шүүгч А.Алтанхуяг нарын бүрэлдэхүүнтэй

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Баттөмөр хөтлөн

улсын яллагч Г.Хатанцэцэг

шүүгдэгч Б.Эрдэнэцогт, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн

иргэдийн төлөөлөгч А.Хуаныш

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201626022979 дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 2 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 3 дугаар сарын 28-нд Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсролгүй гэх, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3; эцэг, эхийн хамт Орхон аймаг, Баян-Өндөр сум, Рашаантын 15 дугаар баг, 26 дугаар гудамж 2 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй,

ял: 1. 2002 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Орхон аймгийн Сум дундын шүүхийн 236 дугаартай шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 2-т зааснаар 1 жил хорих ялаар шийтгүүлсэн,

2. 2005 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар нийт 2 жил хорих ялаар шийтгүүлсэн,

3. 2008 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 144 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар нийт 9 жил хорих ялаар шийтгүүлж, уг ялаа биечлэн эдэлж байхдаа

4. 2011 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Багануур дүүргийн шүүхийн 44 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 3 сар баривчлах ялаар шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 жил 7 сар 3 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 4 жил 10 сар 3 хоног хорих ялаар шийтгүүлж, уг ялаа биечлэн эдэлж байхдаа

5. 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 110 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 2 сар баривчлах ялаар шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 5 сар 12 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 2 жил 7 сар 12 хоног хорих ялаар шийтгүүлж,

2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 16 дугаартай захирамжаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 7 сар 15 хоногийн хорих ялыг өршөөн суллагдсан,

ФБ85032818 дугаарын регистртэй, Боржигон овогт Буянжаргалын Эрдэнэцогт

Шүүгдэгч Б.Эрдэнэцогт урьд дээрэмдэх гэмт хэрэгт хорих ялаар шийтгүүлж ялтай байхдаа буюу давтан үйлдлээр, бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед аюултайгаар хүч хэрэглэж 2016 оны 11 дүгээр сарын 28-ны орой 18 цагийн үед Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 13 А байрны орчим хохирогч Б.Цогзолмаагийн амь биед аюултайгаар хүч хэрэглэж, түүний толгойн тус газарт цохиж унаган бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан, мөнгөө өг гэж айлган сүрдүүлж гар цүнх, эм тариа, баримт бичиг, гоо сайхны хэрэгсэл, өмд, биет 500.000 төгрөг бүхий тортой эп зүйлийг дээрэмдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Б.Эрдэнэцогт шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Нэгэнт үйлдсэн хэрэг учраас нэмж юу ярих вэ дээ. Харин би хохирогчийг цохиж зодоогүй. Цүнхийг нь булаагаад зугтаасан. Хэрвээ би цохиж зодсон бол тэр настай эмэгтэй хүн улам их бэртэж гэмтэх байсан байх. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Авсан эд зүйлсээ цагдаад баригдсан даруйдаа тоо ёсоор нь буцаагаад өгчихсөн гэв.

Шүүгдэгч Б.Эрдэнэцогтын хувийн байдалтай холбоотой түүний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-н 52, 53, 54/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 51/, ялаас өршөөн хасах тухай шүүгчийн захирамж /хх-н 84-85/,

гэрч Буянжаргалын Оюуны “... Эрдэнэцогт миний төрсөн ах байгаа юм. Эрдэнэцогт ах мал малладаг байсан, сургуульд ерөөсөө сураагүй. Би тухайн үед хүүхэд байсан болохоор ахын талаар сайн мэддэггүй. Манай ах урьд нь хэрэгт холбогдон шалгагдаж байсан бөгөөд би 2005 оноос хойш ахтайгаа холбоогүй байж байгаад 2015 оны сүүлээр холбогдож уулзах болсон. Эрдэнэцогт ах одоохондоо ажил эрхэлдэггүй. Манай аав ээж хоёрын бие муу байгаа учраас аав ээжийг хараад байж байсан. Манай ах 1985 оны 3 дугаар сарын 18-ны өдөр төрсөн гэдэг бөгөөд иргэний үнэмлэх захиалаад авах үед 28-ны өдөр гэж андуурагдсан байсан. Манай ах зан араншингийн хувьд дуугүй, дөлгөөн хүн байгаа юм. Эрдэнэцогт ах архи уудаггүй бөгөөд архи уусан үедээ дуугүй л байдаг. Би ахын урьд шалгагдаж байсан хэргийн талаар мэдэхгүй” /хх-н 21-22/,

“... Эрдэнэцогт ахыг батлан даалтанд авахгүй” /хх-н 23/ гэсэн мэдүүлэг

гэрч Шаравын Эрдэнэцэцэгийн “... Эрдэнэцогт миний төрсөн хүү байгаа юм. Манай хүү Эрдэнэцогт нь 1985 оны 3 дугаар сарын 18-ны өдөр төрсөн бөгөөд хөдөө Орхон аймагт манай аавтай мал дээр мал маллаж өссөн. Манай хүү сургуульд суралцаж байгаагүй. Би зургаан хүүхэдтэй бөгөөд Эрдэнэцогт миний 4 дэхь хүүхэд. Эрдэнэцогт дээрээ 3 ахтай, доороо 2 дүүтэй. Хүүд маань тогтсон ажил байхгүй бөгөөд хөөрөгний даалин хувиараа оёдог. Манай хүү урьд өмнө цагдаад шалгагдаж хоригдож байсан. Манай хүү 1985 оны 3 дугаар сарын 18-ны өдөр төрсөн бөгөөд иргэний үнэмлэх захиалаад авахад нь 1985.03.28-ны өдөр төрсөн гээд гаргаад өгчихсөн байсан. Манай хүү найз нөхөдтэйгөө нийлж архи дарс хааяа нэг уудаг. Гэрээрээ даалин хийдэг ба би хүүгийнхээ хийсэн даалинг зах дээр зардаг. Миний хүү зан араншингийн хувьд гайгүй эхийнхээ үгэнд сайн ордог. 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өглөө эмнэлгээр явж эмчид үзүүлнэ гэж гарч яваад гэртээ ирээгүй. Манай хүүд ямар нэгэн хууч өвчин байхгүй бөгөөд биеэр нь юм туураад байсан учраас эмчид үзүүлнэ гэж хэлээд гарсан. Эмчид үзүүлсэн бичиг баримт байхгүй. Эрдэнэцогт хэлэхдээ 7 хоног тариа хийлгэх шаардлагатай шинжилгээний хариу муу гарсан гэж байсан” /хх-н 24-25/ гэсэн мэдүүлэг,

Б.Эрдэнэцогтод холбогдох эрүүгийн хэргийн;

Орхон аймгийн Сум дундын шүүхийн 2002 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 236 дугаартай шийтгэх тогтоол /хх-н 60-62/,

Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоол /хх-н 63-64/,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2008 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 144 дугаартай шийтгэх тогтоол /хх-н 67-73/,

Багануур дүүргийн шүүхийн 2011 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоол /хх-н 75-77/,

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 110 дугаартай шийтгэх тогтоол /хх-н 78-82/,

Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 16 дугаартай “Ялаас өршөөн хасах тухай” захирамж /хх-н 84-85/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.                                                                                   

 ТОДОРХОЙЛОХ нь:

2016 оны 11 дүгээр сарын 28-ны орой 18 цагийн үед Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 13 А байрны орчим бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдэгджээ.

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Б.Эрдэнэцогт үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн, шүүх шинжлэн судласан

хохирогч Баасангийн Цогзолмаагийн “... 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 18 цаг өнгөрч байхад би гэр рүүгээ харих гээд явж байсан. БГД-ийн 14 дүгээр хороо Москва рестораны автобусны буудал дээр буугаад 13 а байрны хажуугаар явж байтал араас нэг хүн дагаад байх шиг санагдсан тул би эргэж хартал нэг залуу надаас хол зайтай явж байсан ба хэсэг хугацааны дараа дахиад эргээд хартал нөгөө залуу их ойрхон ард ирчихсэн байхаар нь би айгаад гүйсэн. Байрны хажуугаар эргэх гэж байхад уг залуу гүйцэж ирээд шууд миний араас толгой руу цохиод намайг мөнгөө өг гэж хэлээд миний гар цүнхийг аваад зугтаахаар нь би босоод цагдаа дуудъя гэж бодоод явж байтал цэргийн хувцастай залуу болон хоёр эмэгтэй явж байхаар нь би уг залууд гар утсаа өгөөд эгчдээ цагдаа дуудаад өгөөч гэж хэлээд цагдаад дуудлага өгсөн. Би гялгар уутанд хар өнгөтэй гар цүнх, дотуур өмд зэргийг хийгээд явж байсан ба цүнхэн дотор эрүүл мэндийн дэвтэр, бэлэн 500.000 төгрөг, эм тариа, шаргал өнгийн даавуун уутанд гоо сайхны бүтээгдэхүүнүүд, гэрийн түлхүүр зэрэг эд зүйлс байсан. Миний толгой руу 5-6 удаа цохьсон байж магадгүй гэж би бодож байгаа бөгөөд би их цочролд орсон. Одоо миний бие энд тэндээ хөндүүрлээд байна. Шүүх эмнэлэгт үзүүлнэ. Миний эд зүйлийг дээрэмдэж авсан залуу ганцаараа байсан ба мөнгөө өг гэж хэлсэн. Би газар өвдөглөөд унасан. Тэр залууг одоо харвал танина” /хх-н 18-19/,

“... би цүнхээ 30.000 төгрөгөөр 2016 оны 6 дугаар сард, эм тариагаа 100.000 төгрөгөөр, дотуур өмд 20.000 төгрөгөөр тус тус авч байсан. Би дээрх эд зүйлсээ үнэлэхгүй яагаад гэвэл би алдагдсан эд зүйлсээ бүгдийг нь авсан тул надад одоо гомдол санал байхгүй. Уг залуу миний араас гэнэт хүрч ирээд миний эд зүйлийг авахаасаа өмнө миний толгойн дагз, толгойн ар хэсэг рүү 5-6 удаа гараараа цохьсон бөгөөд тэр залуу намайг цохилгүйгээр миний юмыг аваад явсан байвал би араас нь гүйцэхгүй гэдгийг мэдсээр байж намайг цохьсон явдалд гомдолтой байгаа гэхдээ би бүх зүйлээ бүрэн авсан тул надад одоо гомдол санал байхгүй.

Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлттэй танилцлаа. Би хөгшин хүн болохоор биеийн байдал одоо чилээрхэж байгаа бөгөөд даралт маань байнга л ихсэж багасаж байгаа. Би шүүх хуралд суухгүй яагаад гэвэл уг хэргээс болж бие үе үе өвдөж даралт ихэсдэг болчихсон.” /хх-н 20/ гэсэн,

гэрч Чойнямын Нямсүрэнгийн “... 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 18 цагаас 22 цаг хүртэлх хугацаанд цагдаагийн ахлагч Цэндцэрэнгийн хамтаар БГД-ийн 19 дүгээр хороо, Ахуй үйлчилгээнээс Алтантөгрөг дэлгүүр хүртэл явган эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Тэгтэл Тайшир 10-аас БГД-ийн 14 дүгээр хороо 13-р байрны гадна талд 58 настай эмэгтэй хар өнгийн цүнхтэй, 500.000 төгрөгөө дээрэмдүүлчихлээ гэж зарлан мэдээлэл ирсний дараахан нэг залуу цас руу хар өнгийн гар цүнх шидээд Баянгол зах руу орж байхаар нь Цэндцэрэн бид хоёр уг залуугийн шидсэн цүнхийг нь очоод үзэхэд дотор нь эм тариа, эмэгтэй хүний нүүрний будаг, эрүүл мэндийн дэвтэр зэрэг байсан тул уг цүнхийг аваад Баянгол хүнсний зах руу ороод цүнх шидсэн залуу дээр очиход 2 тор жимс авчихсан байсан. Уг залуугийн бичиг баримтыг шалгаад хэлтсийнхээ жижүүрт хүлээлгэн өгсөн. Бэлэн 464.000 төгрөг болон эрүүл мэндийн дэвтэр, хар өнгийн цүнхтэй эмэгтэй хүний нүүрний будаг, 2 тор жимс зэргийг нь хураан авч тэмдэглэл үйлдэн жижүүрт үлдээсэн” /хх-н 26/ гэсэн,

гэрч Цэвээнравдангийн Цэндцэрэнгийн “... нэг залуу цас руу хар өнгийн гар цүнх шидээд Баянгол зах руу орж байхаар нь Нямсүрэн бид хоёр уг залуугийн шидсэн цүнхийг нь очоод үзэхэд дотор нь эм тариа, эмэгтэй хүний нүүрний будаг, эрүүл мэндийн дэвтэр зэрэг байсан тул уг цүнхийг аваад Баянгол хүнсний зах руу ороод цүнх шидсэн залуу дээр очиход 2 тор жимс авчихсан байсан” /хх-н 27/ гэсэн,

гэрч Оюунгэрэлийн Очирбатын “... БГД-ийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Б.Цогзолмаа нь бусдад эд зүйлээ дээрэмдүүллээ гэх дуудлага ирсэн тул дуудлагын дагуу хэргийн газарт  шуурхай очиж хохирогчийн явсан гэх маршрутынх нь дагуу хяналтын камер байгаа эсэхийг шалгахад on and on дэлгүүрийн арын хаалга руу харсан хяналтын камерт хохирогч Цогзолмаа явж байгаа дүрс байсан ба хэсэг хугацааны дараагаар нь сэжигтэн Эрдэнэцогт явж байгаа дүрс гарч байснаас өөр бичлэг авагдаагүй байсан тул илтгэх хуудас бичиж өгсөн. Би өөрийнхөө гар утсанд тухайн бичлэгийг хуулж аваад сэжигтэн Эрдэнэцогтод өөрийг нь явж байгаа дүрсийг харуулж байсан. Би тухайн гар утсаа гээчихсэн тул бичлэг одоо байхгүй” /хх-н 28/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлгүүд,

эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-н 7, 9/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-н 8, 10/, эд зүйлийн үнэлгээ /хх-н 11/ болон бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Эрдэнэцогтын хувийн байдалтай холбоотой баримтуудаас үзвэл тэрээр урьд өмнө шүүхээр 5 удаа ял шийтгүүлж, улмаар 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 16 дугаартай захирамжаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн зохих заалтад хамрагдан суллагджээ.

Шүүгчийн 16 дугаартай захирамжийн тодорхойлох хэсэгт дурдагдсанаар 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар ялтан Б.Эрдэнэцогт 7 сар 15 хоногийн хорих ялыг эдлээгүй үлдсэн байсан ба шүүх уг ялыг нь өршөөн хэлтрүүлсэн гэж үзэхээр байна.

Өршөөлийн хуулиар ялтны эдлээгүй үлдсэн хорих ялыг өршөөн хэлтрүүлснээс хойшхи хугацаанд түүний ялтай байдал үргэлжлэн тоологдоно.

Шүүгдэгч Б.Эрдэнэцогт урьд өмнө бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэгт хорих ял шийтгүүлж байсан бөгөөд ялтай байдал дуусгавар болоогүй байхад дахин бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т заасан “... урьд энэ гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд үйлдсэн ...” гэсэн бүрэлдэхүүний шинжид хамаарна.

Харин прокурор “... давтан үйлдлээр ...” гэж дүгнэснийг үндэслэлгүй гэж үзэв.

Ингэснээр хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй.

Шүүгдэгч Б.Эрдэнэцогт дээрэмдэх гэмт хэргийг үйлдэх явцдаа хохирогч Б.Цогзолмаагийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... Цогзолмаагийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. ... дээрх гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэсэн 16177 тоот дүгнэлтэд /хх-н 30/ тусгагджээ.

Иймд Боржигон овогт Буянжаргалын Эрдэнэцогтыг амь биед аюултайгаар хүч хэрэглэж бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг урьд энэ гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүхээс шүүгдэгч Б.Эрдэнэцогтод ял оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзав.

Хохирол төлбөрийн хувьд:

Хохирогч Б.Цогзолмаад дээрэмдүүлсэн эд зүйлс болон бэлнээр 500,000 нийт 630.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлс буцаан олгогдсон, тэрээр нэхэмжлэх зүйлгүй гэжээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Эрдэнэцогт 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр анх сэжигтнээр баривчлагдаж /хх-н 34/ өнөөдрийг /2017.03.03/ хүртэл нийт 94 хоног цагдан хоригдсоныг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцлоо.

Шүүгдэгч Б.Эрдэнэцогтыг хорих ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлж өөрчлөх нөхцөл байдал үгүй болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                   ТОГТООХ нь:

1. Боржигон овогт Буянжаргалын Эрдэнэцогтыг амь биед аюултайгаар хүч хэрэглэж бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг урьд энэ гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Б.Эрдэнэцогтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 5 /тав/ жил 1 /нэг/ сар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Б.Эрдэнэцогтод оногдуулсан 5 жил 1 сар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар чанга дэглэмтэй, эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Б.Эрдэнэцогтын цагдан хоригдсон 94 /ерэн дөрөв/ хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5. Б.Эрдэнэцогт бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Цогзолмаа нэхэмжлэх зүйлгүй гэснийг, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурсугай.

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Эрдэнэцогтыг цагдан хорьсонг хэвээр байлгасугай.

 

                       ДАРГАЛАГЧ,

              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             О.ЖАНЧИВНЯМБУУ

                                  ШҮҮГЧ                             Ч.ОТГОНБАЯР                                                                                  

                                    ШҮҮГЧ                                              А.АЛТАНХУЯГ