Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 123/ШШ2020/0028

 

 

 

 

 

 

2020 оны 07 сарын 27 өдөр Дугаар Зуунмод сум

123/ШШ2020/0028

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Х.Б,

Хариуцагч: Төв аймгийн Б сумын Засаг даргад холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Төв аймгийн Б сумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/258 дугаар захирамжийн хавсралтын 4 дэх хэсэгт заасан Х.Бт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Б, түүний өмгөөлөгч Ш.Оюумаа, хариуцагч Төв аймгийн Б сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ганзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхням нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Бын шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хуулийн дагуу гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар Төв аймгийн Б сумын нутаг дэвсгэрт Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын А/38 тоот шийдвэрийг үндэслэн 5 га газрыг 15 жилийн хугацаатай 4 дүгээр багт малын тэжээлийн зориулалтаар газар эзэмших гэрчилгээ авсан. Газрыг ашиглаж үүргээ биелүүлж газрыг бүрэн хамгаалж 2014, 2015, 2016, 2017, 2018 онд ногоон тэжээл тарьж байсан ба 2019 онд үр тарианы олдоц муу байсан ба үр худалдан авч чадаагүй учир хөрсөө хамгаалж 50 ширхэг, улиас, 2000 ширхэг чацарганы суулгац суулгасан. Ингэж гэр бүлийн зориулалтаар ашиглаж, чамгүй их хөрөнгө мөнгө зарцуулсан байтал Төв аймгийн Б сумын Засаг дарга 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/258 тоот газар эзэмших эрхийг цуцлах тухай захирамж гаргаж иргэн намайг хохироож байгаа тул энэхүү 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/258 дугаар захирамжийн Х.Бт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргалаа гэжээ.

   Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Оюумаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/258 тоот захирамж нь хууль зөрчсөн захирамж байсан. 2013 оноос хойш гэр бүлийн зориулалтаар уг газрыг авсан. Уг газрыг авснаасаа хойш хуваагаад 2 га, 2 га газраар нь ашиглаж тариалалт хийгээд хангалттай үйл ажиллагаа явуулж, газрын төлбөрөө төлөөд малын тэжээл тариалж байсан. 2019, 2020 онуудад Ковид19 өвчний улмаас улс даяараа эдийн засгийн уналттай байгаа үед олон жил хүч хөдөлмөрөө зарцуулж бэлтгэсэн газраа хамгаалахын тулд чацаргана, улиас авч тарьсан. Засаг дарга захирамж гаргахдаа хууль зөрчиж гаргасан гэж үзэж байгаа. Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дүгээр зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 43.1, 47.1, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлд зааснаар Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан. Уг захирамжийн утга зүйн хувьд алдаатай, ойлгомжгүй байсан. Иргэн хүн 15 жилийн хугацаагаар хэрэглээний зориулалтаар ашигласан байхад юуг нь буруу ашигласан нь тодорхойгүй. Өөрийнхөө хөрөнгөөр хэрэглэхэд бэлэн болгосон газраа гандаж, эвдэхгүйн тулд чацарганын мод тарьсан. Хэрэгт нотлох баримтаар тухайн газар үйл ажиллагаа явуулж байсан гэх хангалттай нотлох баримт байгаа. Иймд Засаг даргын захирамжийн Х.Бт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгөхийг хүсч байна гэжээ.

            Хариуцагч Төв аймгийн Б сумын Засаг дарга Д.Ганболдын шүүхэд ирүүлсэн хариу тайлбарт: Х.Бын нэхэмжлэлтэй Төв аймгийн Б сумын 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/258 дугаар захирамжийн Х.Бт холбогдох хэсгийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Х.Б нь өөрийн эзэмшлийн газрыг 2018, 2019 онуудад тариалалт хийгдээгүй Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2, 20.2.6, 20.3, 20.4 дахь заалтыг зөрчсөн А/258 тоот захирамжийг гаргасан нь хуулийн үндэслэлтэй. 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/258 захирамж нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4 дэх заалтыг үндэслэл болгосон. Х.Б нь малын тэжээлийн зориулалттай газарт эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр мод тарьсан нь Газрын тухай хууль болон Тариалангийн тухай хууль зөрчиж байна гэжээ.

Хариуцагч Төв аймгийн Б сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ганзориг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төв аймгийн Б сумаас иргэн Х.Бт 5 га газрыг малын тэжээлийн зориулалттай эзэмшүүлсэн. Захирамжийн 2 дугаар хэсэгт заасан Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2010 оны 206 дугаар тушаалын дагуу газрын төлбөрөө төлж гэрээний нөхцөл болзлыг биелүүлж жил бүр гэрээ байгуулахыг үүрэг болгосон. Х.Б нь тус гэрээгээ зөрчсөн. Гэрээний 7 дугаар зүйл газар эзэмшигч Газрын тухай хуулийн 40.1.3, 40.1.5, .40.1.6, энэ гэрээний 4.2, 5.5 дахь заалтуудын аль нэгийг зөрчсөн тохиолдолд газар эзэмших гэрээ цуцлах, сумын Засаг дарга шууд шийдвэрлэнэ гэж заасан байгаа. Х.Б нь 2018 онд тариалалт хийсэн гэдгийг нотлох баримт байхгүй байна. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тухайн газар 2 жил тариалалт хийгээгүй гэж зааснаар газар эзэмших эрхийг цуцлах үндэслэл болж байна. Иймд уг захирамж нь хууль зүйн үндэслэлтэй, хууль зөрчөөгүй гэж үзэж байна гэжээ.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн Х.Б Төв аймгийн Б сумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/258 дугаар захирамжийн хавсралтын 4 дэх хэсэгт заасан Х.Бт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

Төв аймгийн Б сумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/258 дугаар захирамж нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 39.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.6 дахь хэсгийг баримталж нийт 38 иргэн, аж ахуй нэгжийн газар эзэмших эрхийн хүчингүй болгосон байх бөгөөд хавсралтаас үзвэл Х.Бын эзэмшлийн 5 га газрыг зориулалтын бусаар ашигласан гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон байна[1][1].

Маргаан бүхий газрыг анх иргэн С.Уранбилэгээс нэхэмжлэгч Х.Бт 2013 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх гэрээг[2][2] үндэслэн Төв аймгийн Б сумын Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн А/380 дугаар захирамжаар 5 га газрыг малын тэжээл тариалах зориулалтаар эзэмшүүлжээ.[3][3]

Нэхэмжлэгч Х.Бын эх Н.Янжиндулам нь Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт мал аж ахуй эрхэлдэг гэж мал тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2013, 2014, 2015, 2016, 2017, 2018, 2019 онуудын баримт[4][4], хорооны Засаг даргын тодорхойлолтыг[5][5] үндэслэн нэхэмжлэгчээс ээжийнхээ малын тэжээлийг тариалж байсан гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч нь 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 5 га газрыг эзэмшсэн бөгөөд эзэмшлийн газар дээрээ 2015 оноос хойш ногоон тэжээл тарьж, үйл ажиллагаа явуулж байсан нь Алейкс импекс ХХК болон иргэдээс ногоон тэжээлийн үрийг худалдан авч байсан тодорхойлолт[6][6], Монскай ХХК-иас тариалалт хийхэд шаардлагатай техник, хэрэгслийг түрээслэн ашиглаж байсан тодорхойлолт, гэрч Х.Баярсайхан[7][7], А.Болдбаяр нарын мэдүүлэг[8][8] зэрэг баримтаар тогтоогдож байна.

Мөн нэхэмжлэгч өөрийн эзэмшлийн газартаа чацарганы суулгац худалдан авч тариалсан нь Поливит ХХК-ийн тодорхойлолт[9][9], газрын фото зургаар нотлогдож тул нэхэмжлэгчийг газраа 2 жил дараалан зориулалтын дагуу ашиглаагүй гэж буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд газар эзэмшигчийн эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлийг заасан байх бөгөөд Б сумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/258 дугаар захирамжид ...газар эзэмших эрхийн гэрээний заалт зөрчсөн, гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй 38 иргэн аж ахуйн нэгжийн нийт 326.8 га газрыг хүчингүй болгосонд тооцсугай.. гэсэн нь утга агуулгын илэрхий алдаатай болжээ.

Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэг Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно., 24.2 дахь хэсэг Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ. 24.3 дахь хэсэгт Энэ хуулийн 24.1-д заасан ажиллагаа явагдах хэлбэр болон хамрах хүрээг захиргааны байгууллага тогтоохдоо оролцогчийн гаргасан нотлох баримт, өргөдөл, хүсэлтийг харгалзан өөрөө бие даан шийдвэрлэнэ. 24.4 дэх хэсэгт Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэж зааснаар Б сумын Засаг дарга шийдвэр гаргахын өмнө эдгээр ажиллагааг явуулаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 Хуульд үндэслэх, 4.2.5 Зорилгодоо нийцсэн бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, 4.2.6 дахь хэсэг бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах гэж заасан зарчимд нийцэхгүй хууль бус шийдвэр гаргасан байна.

Иймд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлээр иргэн Х.Бын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон Төв аймгийн Б сумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/258 дугаар захирамжийг мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно. гэж зааснаар хүчингүй болгож, шүүх шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.6, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.3, 24.4, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Бын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Төв аймгийн Б сумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А\258 дугаар захирамжийн хавсралтын 4 дэх хэсэгт заасан Х.Бт холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төв аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газраас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Бт олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ШҮҮГЧ                                              Л.ӨЛЗИЙЖАРГАЛ