Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2026/0419

 

 

 

                                           “Г” ХХК-ийн

                                     нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Долгорсүрэн,

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Ц.Одмаа,

Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, Ж.Б,

Нэхэмжлэлийн шаардлага: Өмнөговь аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч Ө.Г, С.Ө нарын 2026 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн НА-11250000008 дугаартай “Нөхөн ногдуулалтын акт”-ыг хүчингүй болгуулах,

Нэхэмжлэгч: “Г” ХХК,

Хариуцагч: Өмнөговь аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч Ө.Г, С.Ө нар,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 120/ШШ2026/0017 дугаар шийдвэр,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, Ж.Б, О.Б, Н.Б,

хариуцагч С.Ө,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Д, Ж.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э,

Хэргийн индекс: 120/2025/0024/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Г” ХХК-иас “Өмнөговь аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч Ө.Г, С.Ө нарын 2026 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн НА-11250000008 дугаартай “Нөхөн ногдуулалтын акт”-ыг хүчингүй болгуулах”-аар маргасан.

2. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 120/ШШ2026/0017 дугаар шийдвэрээр:

Татварын ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 38 дугаар зүйлийн 38.4, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.5, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч "Г" ХХК-ийн гаргасан "Өмнөговь аймгийн Татварын газрын татварын улсын байцаагчийн 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн №НА-11250000008 дугаар нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах" тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

3.1 Татварын улсын байцаагчийн илрүүлсэн 467,272,727.27 төгрөгийн зөрчил нь нэмэгдсэн өртгийн албан татвар нөхөн ногдуулах орлого биш бөгөөд зөвхөн чирэгч болон чиргүүлийг худалдах, худалдан авах гэрээний дагуу төлөх манай компанийн өрийн үлдэгдлийг зөрчил гэж үзэн, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 /Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй / дах заалтыг зөрчсөн гэж үзэн Татварын Ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 84 дүгээр зүйлийн 84.1.5 дах заалтыг үндэслэн дээрх хариуцлага ногдуулсан нь ойлгомжгүй хуулийн үндэслэлгүй.

3.2 Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.10-д "төлбөр тооцоо хийх" гэж бэлэн болон бэлэн бусаар төлбөр тооцоо хийхийг гэж заасан байдаг. 2021 оноос хойш барагдуулан явж байгаа өрийн үлдэгдэл дээр нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтын хасалт хийхгүй гэж төлбөр ногдуулсан нь үнэхээр ойлгомжгүй.

3.3 Нэмэгдсэн өртгийн албан татварын нөхөн татварт хариуцлага ногдуулахдаа Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д "Татвар төлөгчийн хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй татварт, эсхүл татварын албаны үндэслэлгүй илүү хураасан татварт тус тус алданги тооцох бөгөөд тухайн татварын жилд мөрдөх алдангийн хэмжээг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тухайн татварын жилийн 1 дүгээр сард багтаан дараах зарчмыг үндэслэн тогтооно" гэсэн заалтыг үндэслэн 21,842,196.36 төгрөгийн алданги ногдуулсан байна. Гэтэл бид энэ татварыг төлнө гэж тайлагнаагүй тул манай компанийн хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй татвар биш юм. Иймд хэрэв зөрчил гэж үзэж байгаа бол тухайн зөрчилд огт хамаарахгүй заалтаар хариуцлага ногдуулсан нь хуулийг буруу хэрэглэж хариуцлага ногдуулсан, хуульд нийцээгүй хариуцлага ногдуулсан.

3.4 2023 онд 1,432,789,000.00 төгрөгийн харилцан хамааралтай этгээдийн хооронд хийгдсэн ажил, гүйлгээг үнэ шилжилтийн тайланд тусгаагүй, тайлагнаагүй зөрчил нь Зөрчлийн тухайн хуулийн 11.19 дүгээр зүйл. “Татварын хууль зөрчих”,  11-д “Харилцан хамааралтай этгээд хооронд хийгдсэн ажил гүйлгээтэй холбоотой үнэ шилжилтийн тайланг татварын албанд хугацаанд нь гаргаагүй бол татварыг нөхөн төлүүлж:” гээд 11.3-д “үнэ шилжилтийн ажил гүйлгээний жилийн тайлангийн хувьд харилцан хамааралтай этгээд хооронд хийгдсэн ажил гүйлгээний нийт дүнгийн 2 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэсэн заалтыг зөрчсөн гээд 28,655,780 төгрөгийн торгууль ногдуулсныг бид хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь:

Манай компани нь Монгол Улсын хуулийн этгээд бөгөөд иргэн Д.Огийн 100% эзэмшилд байдаг, ганц гишүүнтэй хувийн компани юм. Д.О 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр энэхүү компанийн 100%-ийн эзэмшигч болж 2024 оны 06 дугаар сарын 04-ны өдөр өөрөө гүйцэтгэх захирал болсон тухай шалгалтын явцад татварын улсын байцаагч нарт тайлбарлан нотариатаар баталгаажсан компанийн дүрэм, Улсын бүртгэлийн цахим бүртгэлийн мэдээлэл зэргээр нотлон тайлбарласан.

Татварын ерөнхий хуулийн 38.4-т "...жилийн тайланг жилийн эцсийн татварын тайлангийн хамт харьяалах татварын албанд хүргүүлнэ" гэж заасан байдаг. Иймд энэ тайланг бид жилийн эцсийн байдлаар тайлагнах хуулийн заалттай байна. Мөн татварын алба энэ төрлийн тайланг тайлагнах ёстой гэж манай татварын тайлангийн жагсаалтад оруулаагүй байсан. Бид энэ тээврийн хэрэгсэл борлуулсан борлуулалтыг борлуулалтаар хүлээн зөвшөөрч, цахим төлбөрийн баримтын системд тухай бүр бүртгэн аж ахуй нэгжийн орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татварын 2023 оны жилийн тайлангууддаа тусгаж, холбогдох татваруудыг төлсөн.

3.5 Тухайн нөхөн ногдуулалтын актын салшгүй нэг хэсэг болох Маягт-ХШ06/02-ийн илрүүлсэн зөрчил хэсгийн 3-т “төрийн байгууллагаас олгосон эрх борлуулсан, шилжүүлсний орлого” гэсэн зөрчлийн утга оруулсан гэсэн зөрчлийн утга оруулсан нь бид ямар нэгэн төрөөс олгосон эрх борлуулаагүй тул энэ акт илт алдаатай гэж үзэж байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

4. Хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдлыг үгүйсгэн, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

  ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдол үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

3. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд,

3.1. Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн “Татварын хяналт шалгалт хийлгэх тухай” 10а-1/762 дугаар албан бичгээр Татварын ерөнхий газарт хандан “тус албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс хэрэг бүртгэлтийн 2400200556 дугаартай мөрдөн шалгах ажиллагаа явуулахад “М” ХХК нь хамаарал бүхий ... “Г” ХХК ...-иуд руу бизнесийн үйл ажиллагаанаас олсон орлогыг нууж, хоорондоо шилжүүлэг хийж татвар төлөхөөс зайлсхийсэн, мөн компаниудын захирлууд болох ... Д.О... нар нь мөнгө угаах гэмт хэрэг үйлдэж, улсад их хэмжээний хохирол учруулж байж болзошгүй байх тул дээрх иргэн, аж ахуй нэгжүүдийн 2020-2024 оны үйл ажиллагаанд татварын хяналт шалгалтыг түргэн шуурхай хийж, үр дүнг шалгалтын материалын хамт ирүүлж, хамтран ажиллана уу” гэх хүсэлтийг хүргүүлсэн.

3.2. Улмаар Татварын ерөнхий газрын даргын 2025 оны А/26 дугаар тушаалаар батлагдсан “Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж”, Өмнөговь аймгийн Татварын газрын Татварын хяналт шалгалтын тасгийн даргын 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн татварын хяналт шалгалт хийх 1125100128 дугаар томилолтын үндсэн дээр тус газрын татварын улсын байцаагч С.Ө, Ө.Г нар “Г” ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд эрсдэлд суурилсан - бүрэн хяналт шалгалтыг хийж, маргаан бүхий 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн НА-11250000008 дугаар нөхөн ногдуулалтын актаар Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.19.11.3, Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 82 дугаар зүйлийн 82.1.2, 84 дүгээр зүйлийн 84.1.5 дахь заалтыг үндэслэн 46,727,272.73 төгрөгийн нөхөн татвар, 47,346,689.09 төгрөгийн торгууль, 21,842,196.36 төгрөгийн алданги, нийт 115,916,158.18 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоосон.

3.3. “Г” ХХК-иас нөхөн ногдуулалтын актыг эс зөвшөөрч Өмнөговь аймгийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан бөгөөд тус зөвлөлийн 2025 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 01 дугаартай тогтоолоор нөхөн ногдуулалтын актыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан бөгөөд анхан шатны шүүх Татварын ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 38 дугаар зүйлийн 38.4, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.5, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлийн хувьд:

4.1 Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т “Хувь хүн, хуулийн этгээдийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлснээс хойшх хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн доор дурдсан албан татварыг түүний төсөвт төлөх албан татвараас хасч тооцно”, 14.1.5.в-д “энэ хуулийн 14.1.5.а, 14.1.5.б-д зааснаас бусад үндсэн хөрөнгийг шууд” хэмээн төлсөн албан татварыг хувь тэнцүүлэн хасна хэмээн тусгайлан заасан.

Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтаар, нэхэмжлэгч "Г" ХХК нь "Х" ХХК-тай 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 21-11-01-01 дугаар “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж, нийт 2,695,300,000.00 төгрөгийн үнэ бүхий 136 ширхэг чирэгч, 136 ширхэг чиргүүл зээлээр худалдан авч, 2021 оны 11 дүгээр сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайландаа уг худалдан авалтын ажил гүйлгээг тусгаж, хасалт хийсэн. Ингэхдээ төлөгдөөгүй 467,272,727.27 төгрөгийн өртөг бүхий тээврийн хэрэгслийн үлдэгдэлтэй, уг худалдан авалтыг татвар ногдуулах орлогоос хувь тэнцүүлэн хасч тооцон тайлагнасан болох нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч дээрх 2021 оны 21-11-01-01 дугаар гэрээний үнэ болох 2,695,300,000.00 төгрөгийн худалдан авалтын төлбөрийг төлөөгүй атлаа нэмэгдсэн өртгийн албан татварыг “төлсөн” гэж, уг “төлсөн” татварыг хувь тэнцүүлэн хасч тайлагнасан нь хуулийн дээрх зохицуулалтад нийцээгүй. Энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчээс гаргасан “...2021 оноос хойш барагдуулан явж байгаа өрийн үлдэгдэл дээр нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтын хасалт хийхгүй гэж төлбөр ногдуулсан нь үнэхээр ойлгомжгүй” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

4.2 Татварын ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Нэг этгээд нөгөө этгээдийн, эсхүл уг этгээдүүд нь хоёр болон түүнээс дээш хуулийн этгээдийн хөрөнгө, хяналт, удирдлагын үйл ажиллагаанд шууд болон шууд бусаар оролцох замаар хоорондоо хийх ажил гүйлгээний нөхцөл, эдийн засгийн үр дүнд нөлөөлөх боломжтой доор дурдсан этгээдийг хоорондоо харилцан хамааралтай этгээд гэж үзнэ” хэмээн тодорхойлж, 11 хэлбэрийг нэрлэн зааж, 38 дугаар зүйлийн 38.2-т “Татвар төлөгч хяналтад байгаа ажил гүйлгээний мэдээллийг хадгалах, тайлагнах үүрэг хүлээнэ”, 38.4-т “Татвар төлөгч үнэ шилжилтийн ажил гүйлгээний жилийн тайланг жилийн эцсийн татварын тайлангийн хамт харьяалах татварын албанд хүргүүлнэ” хэмээн,

Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11-д “Харилцан хамааралтай этгээд хороонд хийгдсэн ажил гүйлгээтэй холбоотой үнэ шилжилтийн тайланг татварын албанд хугацаанд нь гаргаагүй...” гэх зөрчилд мөн хуулийн 11.3-д зааснаар тухайн ажил гүйлгээний үнийн дүнгийн 2 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор тус тус хуульчлан заасан.

Тухайн тохиолдолд, хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан татварын албаны мэдээлэл зэрэг холбогдох бусад баримтаар нэхэмжлэгч “Г” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.О /ИЦ87/ нь тус компанид хүний нөөцийн албан тушаал эрхэлж байгаад 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдөр гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогдсон.

Маргаан бүхий нөхөн ногдуулалтын актаар тогтоосон “харилцан хамааралтай этгээд хооронд хийгдсэн ажил гүйлгээг үнэ шилжилтийн тайланд тусгаагүй, тайлагнаагүй” гэх зөрчил нь энэ хугацаанаас өмнөх буюу тус компанийн үүсгэн байгуулагч А.М /КИ82/-ийн өөрийн 100% хувьцаа эзэмшдэг “А” ХХК-тай 2023 онд 1,432,789,000.00 төгрөгийн тээврийн хэрэгсэл борлуулсан үйл ажиллагаатай холбоотой. Татвар төлөгчөөс харилцан хамааралтай этгээд хооронд хийгдсэн ажил гүйлгээтэй холбоотой үнэ шилжилтийн тайлан өгөх хүсэлтийг харьяа Татварын албанд хүргүүлж байгаагүй. Хуулиар хүлээсэн тайланг тайлагнах үүргээ хэрэгжүүлээгүй болохыг анхан шатны шүүх үндэслэлтэй тогтоож, хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарласан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчээс гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, маргаан бүхий нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

5. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 120/ШШ2026/0017 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                      ШҮҮГЧ                                                  Н.ДОЛГОРСҮРЭН

 

                              ШҮҮГЧ                                                  Ц.ОДМАА

 

 

                   ШҮҮГЧ                                                   Г.МӨНХТУЛГА