Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2018/01470

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Н-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр  даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 184/ШШ2018/00871 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Н,

Хариуцагч А.Н-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэг 230 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Д.Н, өмгөөлөгч Г.Хишигсүрэн, Б.Минжүүрдорж,

Хариуцагч А.Н, өмгөөлөгч П.Одонтунгалаг,

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Наранбулаг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1999 оны намраас М.Цтай хамтарч ажиллаж байгаад 2010 оноос М.Цгаар дамжуулж А.Нтай танилцсан ба 2011 оноос Хэнтий, Архангай, Завханы ноолуурыг хамт авч, хамтарч ажиллаж эхэлсэн. Хариуцагч А.Н нь 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Архангай аймагт ноолуур авч байна, мөнгө гаргахгүй түгжигдчихээд байна гэж хэлээд надаас 30 000 000 төгрөг зээлсэн, энэ мөнгийг түүний 5135176929 тоот данс руу шилжүүлсэн. Түүний дараагаар 2013 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 100 000 000 төгрөг, 2013 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 100 000 000 төгрөгийг тус тус зээлдүүлсэн. Иймд зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн 230 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Д.Н нь миний түүхий эд бэлтгэх ажлыг гүйцэтгэдэг М.Цгийн ноос, ноолуурыг Улаанбаатар хотод ирэхэд нь тосож аваад борлуулах ажил гүйцэтгэдэг байсан. Надаас нэхэмжилсэн 230 000 000 төгрөг нь М.Цгийн ноолуур борлуулсан мөнгө байсан бөгөөд тухайн үед би түүхий эд цуглуулах ажлаа хийж байгаад М.Цгийн өгсөн мөнгө дууссан тухай хэлэхэд тэрээр Д.Нд байсан өөрийнхөө мөнгөнөөс над руу мөнгө шилжүүлсэн. Улмаар би уг мөнгөөр М.Цд захиалсан ноолуурыг бэлтгэн өгч тооцоо нийлсэн. 2013 оны 4 дүгээр сард М.Цгийн мөнгөөр түүний даалгасны дагуу Архангай аймгаас 3128,3 кг ноолуур бэлтгэж өөрийн баз хүргэн С.Сандагаар Улаанбаатар хот руу өгч явуулсан. Үүнийг Д.Н тосч аваад зөвшөөрлийн дагуу 4 дүгээр сарын 20-ны өдөр нийт 209 395 000 төгрөгөөр борлуулсан. Тэгээд 21-ний өдөр 139 000 000 төгрөгийг М.Цгийн данс руу шилжүүлсэн ба бэлнээр авсан 40 395 000 төгрөгийг С.Сандагт өгч түүхий эд бэлтгэх ажилд буцаан явуулсан. Харин түүхий эд бэлтгэлд яаралтай шаардлагатай болсон 30 000 000 төгрөгийг миний данс руу шууд шилжүүлсэн.

2013 оны 5 дугаар сард би Ховд аймгаас 3787 кг ноолуур бэлтгэсэн. Үүнийгээ Улаанбаатар хот руу ачуулсныг Д.Н тосон авч борлуулахад нийт 237 445 000 төгрөг болсон. Улмаар 5 дугаар сарын 25-ны өдөр М.Ц-ийн дансанд 137 445 000 төгрөг, миний дансанд 100 000 000 төгрөгийг дахин түүхий эд бэлтгүүлэхээр М.Цгийн даалгаснаар Д.Н шилжүүлсэн. Ингээд би түүхий эд бэлтгэж М.Цтай тооцоо нийлсэн. Д.Нд борлуулалтын ажлын хөлсөнд М.Ц 757 000 төгрөг өгсөн. 2013 оны 5 дугаар сарын 24-ний өдөр М.Ц 3240,5 кг ноолуур Говь-Алтайгаас ачуулсан. Үүнийг Д.Н хүлээн авч борлуулаад 204 150 000 төгрөг болсон. Энэ мөнгөнөөс Д.Н нь М.Цгийн даалгаснаар 100 000 000 төгрөгийг миний данс руу түүхий эд бэлтгэх ажилд зориулж шилжүүлсэн. Би Д.Нгээс хэзээ ч мөнгө зээлж байгаагүй, дээрх мөнгийг Д.Н-д буцаан төлөх үндэслэл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.    

Гуравдагч этгээд шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.Н нь миний арьс шир, ноос ноолуурыг борлуулах ажилд туслах ажилтнаар 2000 оноос эхлэн ажиллаж эхэлсэн. А.Н нь 2011 оноос миний ноос ноолуурыг бэлтгэж эхэлсэн. М.Ц миний Хаан банкны 5315091441 тоот дансанд 2013 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр “Мөнгөн гүүр” ББСБ-аар дамжуулан БНХАУ-ын иргэн Зэнгээс 200 000 000 төгрөгөөр 2 удаа нийтдээ 400 000 000 төгрөгийн орлого орж ирснийг тэр өдөртөө ноолуур бэлтгүүлэх зорилгоор А.Ны данс руу 400 000 000 төгрөг шилжүүлсэн. 2013 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр дахиад Зэнгээс 100 000 000 төгрөгийн ноолуурын орлого орж ирснээс 30 000 000 төгрөгийг ноолуур бэлтгэх зорилгоор А.Ны данс руу шилжүүлсэн. 2013 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Вао-гоос ноолуурын орлого 209 600 000 төгрөг Д.Нн дансаар орж ирэхдээ 221 247 000 төгрөг болж өөр бусад хүмүүсийн мөнгөтэй хамт орж ирсэн байсан. Би өөрийн 209 600 000 төгрөгийг орлогоос 139 000 000 төгрөгийг нь Хаан банкны данс руу хийлгэж, А.Нд 30 000 000 төгрөг, С.Сандагт 40 600 000 төгрөгийг ноолуур бэлтгүүлэхээр өгүүлсний дагуу 2013 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр өгсөн байсан. Үүний дараа 2013 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр цалин 200 000 төгрөгийг ах М.Сүхбаатараар Д.Нд өгүүлсэн.

2013 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Tieyin-ээс ноолуурын орлого 282 718 000 төгрөгийг Д.Нн дансаар орж ирснээс өөрийн дансаар 250 000 000 төгрөгийг авч, 8 900 000 төгрөгийг А.Нд ноолуур ажлын тээврийн хөлсөнд шилжүүлсэн.2013 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Шила-аас ноолуурын орлого 237 445 000 төгрөг Д.Нн дансаар орж ирснээс би өөрөө 137 445 000 төгрөгийг авч үлдэгдэл 100 000 000 төгрөгийг ноолуур бэлтгүүлэхээр А.Нд өгүүлсэн. Энэхүү тайлбартай холбогдуулан банкны дансны хуулга холбогдох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн гэжээ.   

            Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 1 000 000 төгрөгийг нөхөн гаргуулахаар шийдвэрлэжээ.

            Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: 2011 оноос эхлэн хариуцагч А.Нд мах нийлүүлж танилцсан. Гэтэл шүүх нэхэмжлэгчийг хариуцагчтай 2011 оноос хамтран ажиллаж бизнес хийсэн гэжээ. Хамтран ажиллаж байсан бол Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.2, 477 дугаар зүйлд заасан шаардлага гаргах ёстой. Гэтэл нэхэмжлэгч хариуцагч нар нь дээрх хуулийн заалтын дагуу хамтран ажиллаж байгаагүй болохыг гуравдагч этгээд болох М.Ц “хариуцагч А.Н нь 2011 оноос миний ноос ноолуурыг бэлтгэж эхэлсэн” гэсэн тайлбараар нотлогдож байгаа юм.

            Гэрчүүд Д.Н, А.Н нар нь М.Цгийн удирдлага дор хамтран ажилладаг гэжээ. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Д.Нн нэхэмжлэлтэй М.Цд холбогдох “хамтран ажилласан болохыг тогтоолгох, хамтран ажилласны үр дүнд бий болсон ашгаас өөрт ногдох хэсгийг гаргуулах” иргэний хэрэг хянан хэлэлцэгдэж байгаа бөгөөд үүнээс үзвэл Д.Н нь М.Цгийн ажилтан эсэх нь тогтоогдоогүй болно. Гэрчүүд Д.Нгээс 230 000 000 төгрөгийг А.Н 3 удаагийн үйлдлээр зээлснийг гэрчилж чадаагүй ба А.Н нь М.Цд ноолуур тушаасан гэх боловч үүнийгээ баримтаар нотлоогүй.

            Шүүх нэхэмжлэгчийн дансаар орсон, гарсан мөнгийг үндэслэн хариуцагчтай нэхэмжлэгчийг хамтран ажилласан болгож, хүчээр шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасныг зөрчиж байна. Эрүүгийн хэрэг шалгах явцад “Аккурэйт-аудит” ХХК нь хараат бус аудиторын баталгаажуулах тайланг гаргахдаа Д.Нгээс санхүүгийн баримт гаргуулах тухай албан шаардлага болон хүсэлтийн аль нэгийг гаргалгүйгээр хөрөнгийн эх үүсвэр нь холбогдох санхүүгийн баримтаар нотлогдоогүй гэсэн дүгнэлт гарсан байхад уг хэрэгт хамааралгүй А.Нд мөнгө зээлдүүлсэн, зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой хэрэгт хамааруулж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон. Харин “Дабль аксиом аудит” ХХК нь Д.Нгээс М.Цгийн Хаан банкны 5315055243, 5315091441 тоот дансанд 2003-2013 оны 8 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд 19 084 628 төгрөг шилжүүлсэн болохыг нотолж дүгнэсэн нь хараат бус аудиторын баталгаажуулах тайланг гаргахдаа Д.Нгээс санхүүгийн баримт гаргуулах тухай албан шаардлага болон хүсэлтийн аль нэгийг гаргуулж үнэн зөв дүгнэлт гаргасан байна.

            М.Ц нь ноос ноолуур худалдан авах мөнгийг А.Ны дансанд шилжүүлэх тухай заавар өгч байсан болон М.Ц өөрийн мөнгө болох тухай нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад шүүх М.Цгийн мөнгө, түүний заавраар нэхэмжлэгчээр дамжигдаж хариуцагчид шилжсэн мөнгөн хөрөнгө, мөн нэхэмжлэлд дурдсан үйл баримттай цаг хугацааны хувьд ойролцоо, хэргийн оролцогч нарт хамааралтай гэж үзжээ. Хариуцагч А.Н Д.Нгээс 3 удаагийн үйлдлээр 230 000 000 төгрөг хүлээн авсан гэдэгт маргадаггүй ба буцааж төлөөгүй гэдгээ шүүхэд хүлээн зөвшөөрдөг. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх заалтын дагуу хариуцагч А.Н болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.Ц нар нь татгалзлаа нотолсон ямар нэгэн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, гэрчүүд уг үйл явдлыг гэрчлээгүй, зөвхөн нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн дансны хуулгыг үндэслэн М.Ц миний мөнгө гэж байгаа боловч эх үүсвэрээ нотлоогүй, А.Н М.Цд 230 000 000 төгрөгт ноолуур авч тушаасан тухай үйл баримт гаргаж өгөөгүй, нотолж чадаагүй М.Ц уг 230 000 000 төгрөгийн өмчлөгч гэдгээ тус тус нотлоогүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж байна.

Нэхэмжлэгч Д.Н нь хариуцагч А.Нд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 230 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч гуравдагч этгээд М.Цгийн зааврын дагуу ноос, ноолуур бэлтгэх зорилгоор түүний мөнгийг нэхэмжлэгчээр дамжуулж авсан тул эргүүлж төлөх үндэслэлгүй гэж тайлбарлан маргажээ.

            Нэхэмжлэгч нь 2013 оны 4 дүгээр сарын 22, 2013 оны 5 дугаар сарын 25, 27-ны өдрүүдэд А.Нд тус тус шилжүүлсэн 230 000 000 төгрөгийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээл гэж тайлбарлан буцаан гаргуулахаар шаардаж, нотлох баримтаар Хаан банкны мөнгөн шилжүүлгийн болон Голомт банкны банк хоорондын гүйлгээний баримтыг шүүхэд гаргажээ.

            Зохигчдын тайлбар болон гэрчүүдийн мэдүүлгээр талуудын хооронд малын түүхий эд, ноос, ноолуур бэлтгэх зорилгоор хамтран ажиллаж байсан үйл баримт тогтоогдсон, түүнчлэн нэхэмжлэгч Д.Нгийн данс руу ноос, ноолуурын мөнгө гэж БНХАУ-ын нэр бүхий иргэдээс мөнгө шилжүүлж байсныг хариуцагч А.Нд шилжүүлдэг байсан баримт хэрэгт авагдсанаас үзэхэд хариуцагчийг зээлийн гэрээний үүргээ зөрчсөн эсэхээс шалтгаалж үүргээ биелүүлэхийг шаардсан үндэслэл, эсхүл түүхий эд бэлтгэн нийлүүлэх зорилгоор хариуцагчид шилжүүлсэн мөнгийг буцааж гаргуулахаар нэхэмжилж байгаа үндэслэлийн аль нь болох нь тодорхойгүй байна. Тодруулбал, хэрэгт авагдсан дансны хуулгаар мөнгийг ямар зорилгоор шилжүүлсэн нь тодорхойгүй, гүйлгээний утга дээр “Д.Нгээс” гэж бичигдсэн зэргээс үзэхэд зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч мөнгийг шилжүүлсэн үү, эсхүл ноос, ноолуур бэлтгүүлэхээр хариуцагчид төлбөр төлсөн эсэхэд дүгнэлт хийж, талуудын хооронд ямар эрх зүйн харилцаа үүссэнийг бүрэн тодруулахгүйгээр шүүх зээл биш гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий болоогүй байна.   

Мөн тус хэргийг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгч Д.Байгалмаа хянан шийдвэрлэж байсан бөгөөд 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 8353/С захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж /1хх.88/, улмаар түдгэлзүүлсэн шалтгаан арилж 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн явуулж /1хх.118/ Ж.Лхагвасүрэн шүүгч хэргийг хянан шийдвэрлэсэн ба хэрэгт шүүх хуралдаан даргалагчийг өөрчилж Ж.Лхагвасүрэнд хэргийг шилжүүлсэн талаарх шүүгч нарын зөвлөгөөний тогтоол авагдаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсэгт заасан журмын дагуу томилогдсон гэж үзэх боломжгүй, мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.4-т заасан шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн гэж үзнэ.

Дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 184/ШШ2018/00871 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамж төлөх хугацааг шүүгчийн захирамжаар хойшлуулсныг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.ЭНХТӨР

 

             ШҮҮГЧИД                                   Д.БАЙГАЛМАА

 

                                                                                         А.ОТГОНЦЭЦЭГ