| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ж.Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 171/2016/050/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/28 |
| Огноо | 2016-01-20 |
| Зүйл хэсэг | 100.1., |
| Улсын яллагч | А.Оргилбаяр |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 2016/ШЦТ/28
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:171/2016/0050/Э
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Мөнхтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн,
Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа,
Хохирогчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1-т заасан гэмт хэрэгт Б овогт Г-ны С эд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201509000707 дугаартай хэргийг 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ....... оны ...... дүгээр сарын .... -ны өдөр ....... аймгийн Булган суманд төрсөн, .... настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл ..... , .........-ийн хамт, ....... аймаг ........ сум ........ баг ....... гэх газарт оршин суух хаягтай, Урьд:
-..... хотын шүүхийн ...... оны ..... дүгээр сарын ... -ний өдрийн .... тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109 дүгээр зүйлийн б-д зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан,
-...... хотын шүүхийн ... оны ..... дугаар сарын ..... -ний өдрийн ...... тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109 дүгээр зүйлийн б, 63 дугаар зүйлийн б-д зааснаар 4 жил хорих,
-..... хотын шүүхийн ........ оны ...... дугаар сарын .... -ний өдрийн ... тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109 дүгээр зүйлийн б, 63 дугаар зүйлийн б-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял,
-........ хотын шүүхийн .... оны ...... дугаар сарын ..... -ны өдрийн ..... тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 3, 123 дугаар зүйлийн 1-д зааснаар 3 жилийн хугацаагаар,
-.......... аймгийн Сум дундын шүүхийн ...... оны ..... дүгээр сарын ..... -ны өдрийн ..... тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1-д зааснаар 3 жил хорих,
-...... аймгийн сум дундын шүүхийн .... оны ...... дугаар сарын .... -ний өдрийн ..... тоот шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1, 119 дүгээр зүйлийн 1, 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Г-ны С , /РД:......... /
Шүүгдэгч Г.С нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хардалтын улмаас өөрийн эхнэр Н.М-г 2009 оны 07 дугаар сарын 13-наас 2009 оны 07 дугаар сарын 14-нд шилжих шөнө төмөр утсан шилбүүрээр ороолгон бие махбодид “зүүн гуян дахь шарх, нүүр их бие, мөчдийн зөөлөн эдийн цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан,
2012 оны 01 дүгээр сарын 20-ноос 2012 оны 01 дүгээр сарын 21-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн гэртээ “хоол хийж өгсөнгүй” хэмээн шалтаглан нүүрэн тус газар өшиглөн зодож “ална” хэмээн заналхийлсний улмаас Н.М нь хөл нүцгэн гарч зугтаан улмаар бие махбодид нь “нэг шүдний мултрал, хөлийн тавхайн зөөлөн эдийн 1 дүгээр зэргийн хөлдөлт” бүхий хөнгөн гэмтэл учруулсан,
Мөн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2015 оны 09 дүгээр сарын 22-ноос 2015 оны 09 дүгээр сарын 23-нд шилжих шөнө 02 цагийн орчим ....... аймгийн ...... сумын ..... дүгээр багийн нутаг ........ задгай гэх газар гэртээ эхнэр Н.М-г бусадтай хардан зодож бэлэг эрхтэнд нь гараа хийж бие махбодид нь “бэлгийн бага уруулын урагдал” бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулан байнга зодож дарамтлан сэтгэл санаа, би махбодийн хүчирхийлэлд байлгаж тарчлаах гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэн байдлаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.С ийн өгсөн: “Орой гэртээ ирсэн чинь эхнэр байхгүй байхаар нь унтаж байсан чинь эхнэр ирээд хажуугийн орон дээр хэвтээд унтсан. Би яагаад бүхлээрээ унтаж байгаа юм бэ орондоо орж унт гээд орондоо оруулаад бид хоёр эр эмийн ажил хийсэн. Би гараа эрхтэнрүү нь оруулахад хамаг юм нь нойтон байсан. Яахаараа нойтон байдаг юм бэ гэсэн чинь юу ч дугараагүй, тэгэхээр нь гараа татаад автал эхнэрийн гуяыг дагаад цус гоожоод байсан. Тэгээд хадам орж ирээд ишнүүртэй залгуураар намайг нүдсэн. Удалгүй эмнэлэг ирсэн. Эхнэрээ ороолгосон явдлын хувьд намайг хонины өт цэвэрлэж байхад манай эхнэр ангийнхантайгаа зугаална гээд ирсэн. Би харанхуй шөнө болчихоод байхад тардаггүй юм байх даа гээд очтол тэд согтуу байсан. Би эхнэрээс утсаа авъя гэтэл авгай май утсаа ав гээд шидсэн, тэр хавиар намагтай байсан тул би олоогүй. Дараа нь гахайгаа хооллох гэтэл эхнэр ирээд чи муу юутайдаа гахай хооллох гээд байгаа юм бэ гэхээр нь би гахайны шилбүүрээр ороолгосон чинь манай охин ааваа болно яах юм бэ гэхээр нь би больсон. Харин хөлийг нь хайруулсны тухайд эхнэр гэртээ архи уусан ирэхээр нь унт гэтэл гараад гүйхээр нь би араас нь гартал жоохон охин маань нүцгэн араас гараад ирсэн. Тэгээд би буцаж гэртээ ороод охиноо хувцаслаад Б гэдэг айлд очтол хөл нь хайрагдсан байсан. Би өөрөө хөлийг нь хүйтэн усанд дүрж янзалсан” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Н.М ын өгсөн: “Г.С архи ууж эгч Н.М г байнга элдэв үгээр хэлж доромжлон зодож дарамталдаг юм. Эгч Н.М г 3 удаа ноцтойгоор гэмтэл учруулж тархийг нь хагалж, бэлэг эрхтэнг нь урж, хөлийг нь хөлдөөж байсан ба ноцтой гэмтэл учруулахгүйгээр байнга зодож, хэл үгээр доромжлон сэтгэл зүйн хувьд байнгын дарамтанд байлган их тамалдаг. Мөн төвөөс байнга согтуу ирээд ээж болон бидэн рүү дайрч хэлэх хэлэхгүй үгээр доромжилдог. Бидний зүгээс энэ хүнийг дайрч дарамталдаг юм байхгүй. Одоо эгч маань маш их айдастай сэтгэл санааны хувьд их дарамттай хэцүү байгаа. Бидний хувьд энэ хүнийг цохиж зодох чадалтай хүн байхгүй энэ хүн ч бидэнд зодуулах хүн биш, ээж маань хэдэн охидуудтайгаа амьдардаг бид нар их айдастай байцгаадаг” гэх мэдүүлэг.
Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Г.С ийн өгсөн: “...Тэгээд амбаар луу оруултал тогоотой хоолон дээр сууж асгахаар нь уурандаа цохьсон. Тэгээд үүдэн дээр байдаг гахай шилбүүрддэг шилбүүрээр ороолгосон. Тэр шилбүүр нь урдаа төмөр утастай байсан. Тэгээд өөрөө урд байдаг хар усаар хөндлөн гараад гэр рүү яваад өгсөн. 40-ийн битоноор нэг удаа нуруу руу нь цохьсон нь үнэн.
...шөнө би гэртээ ирээд унтаж байтал эхнэр М орой орж ирээд хажуугийн орон дээр унтсан. Тэгэхээр нь би хамт унтая гэсэн тэгээд миний орон дээр унтсан. Тэгээд эхнэртэйгээ бэлгийн ажил хийх гээд түүний бэлэг эрхтэн рүү гараа хийсэн нойтон байсан. Тэгэхээр нь би чиний наадах чинь ямар нойтон байгаа юм гээд хуруугаа үтрээрүү нь хийж байгаад татсан. Тэгсэн эхнэр ёоё гээд орилсон тэгээд хадам ээж орж ирсэн юм. Тэгээд М гийн салтаанаас цус гоожиж эхэлсэн. Тэгсэн ээж “чи охиныг минь яачихваа” гэхээр нь би биенийх нь юм ирсэн юм байгаа биз гэсэн. Тэгээд эмнэлэг явна гээд явцгаасан. Тэгээд би цагдаагаас айгаад энэ тэрэнгээр явж байгаад 2015 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр голын бургасны тэр хавиас цагдаад баригдсан”
... хоол хийсэн юм уу гэтэл аяганд байгаа гэж М хэлэхээр нь түүнийг нь идэх гэтэл өдрийн хийж байсан хоолны шавхарууг хамаад аяганд хийсэн, мах оруулж ирж гэсгээгээд цусыг нь гоожуулсан байдалтай байж байхаар нь энэ талаар нь хэлтэл эхнэр М намайг шоолоод хувцасаа өмсөж гарах гэхээр нь би гаргахгүй гэж уурлаад нэхий дээлнээс нь татсан чинь хаалганы босго тэгнээд хаалга хий түлхэж унсан. Тэгээд би гаргахгүй гэж бодоод өмссөн бүх хувцсыг нь тайлж гаргаж чулуудсан юм. Би тухайн үед эхнэр М г дэвсэлж цохиогүй, гарт таарсан зүйлээрээ зодоогүй өөрөө унахдаа хаалгны босго шүдээрээ дэрлэж унаад шүдээ мулталсан.
...тэгээд гарч гүйгээд манай хойд талын Б гэдэг айлд очсон байсан. Тэр хооронд гүйгээд хөлөө хайруулсан байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 108-109, 207-208 дугаар хуудас/,
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Н.М гийн өгсөн: “2009 оны 07 дугаар сарын дундуур наадмын дараа намайг 10 жилийн ангийхантайгаа нийллээ, янхандаад явчлаа гээд хэрүүл өдөж эхэлсэн. Тухайн үед би өөрөө халамцуу байсан. Намайг ангийханы маань хажууд элдэвээр доромжлоод байхаар нь бид 2 маргаж байгаад би ангийханаасаа санаа зовоод С ийг дагаад гахай маллаж байгаа газарт нь очсон. Тэгээд С бид 2-оос өөр хүнгүй болохоор намайг С хээр голын эрэг дээр гахай цохидог тороосоор нуруу хэсэг рүү ороолгож, мөн 40 литрийн битон авч нурууруу шидээд мөн алх барьж байгаад зүүн гуя руу 1 удаа цохиж гуяны мах бяцалсан. Тухайн үед миний зүүн гуяны мах нь гарсан, хамаг бие хөх эрээн болоод цус шүүрээд би арай гэж С ээс зугтаад тэнд байдаг жижиг гол гаталж зугтаад төмөр зам дагаад 15-20 км орчим явган алхаж үүрээр гэртээ ирсэн.
...ээж Дарханы эмнэлэгийн гэмтлийн тасагт хүргэж ирж хэвтүүлсэн. Гэмтлийн тасагт 10 хоног эмчилгээ хийлгэсэн. Ингээд энэ талаар сумын хэсгийн төлөөлөгчид хандаж шалгуулж байгаад бие ч гайгүй болсон. Охин нялх байсан. Тэгээд хэрэг нь прокурор дээр ирэхээр нь гомдолгүй гээд эвлэрээд хэргийг нь хаалгасан.
Гэтэл С намайг гэртээ жижиг жижиг зүйлээр шалтаглан хэл үгээр доромжлох, архи уугаад элдэв байдлаар хараах, бага зэргээр гар хүрч ганц нэг цохих юм авч шидэх зэрэг үйлдэлүүд нь зогсоогүй. Энэ талаар цагдаа, эмнэлэгт хандаагүй, гайгүй болох байх гээд тэвчээд итгэж найдаад л охиноо бодоод хамт амьдараад л байсан.
Тэгтэл 2012 оны өвөл 12 билүү 1 сард ч билүү одоо санахгүй байна. С согтуу ирчихээд л намайг хий дэмий хардаад хэнтэй унтаж хэвтсэн, муу янхан гичий гэх зэргээр хараагаад надаас хоол нэхээд би аяганд нь хийгээд тавьсан цуйванг аваад ид гэтэл “би олон жил шоронгоор явлаа ийм хүйтэн хоол идэж үзээгүй гээд гарт таарсан юмаа над руу авч шидээд шүүгээнээс хутга аваад хутгалаад алаад хаячихъя гээд намайг өмдөө тайл хэнтэй унтсан шалгана гээд өмдийг тайлуулаад нүцгэлсэн. Тухайн үед миний биений юм ирсэн байсан. Тэгээд би хутгалчихаж магадгүй, зодож магадгүй гээд доогуураа хөл нүцгэн байсан гарч зугтаад гүйсээр хойд айл болох Батбаярынх уруу орсон.
... Гэрлээ эгч түмпэнд ус хийж өгч хөлийг маань дүрсэн. Тухайн үед 2 хөлний ул тэр чигтээ цайрч хайрагдсан байсан.
Энэ талаар сумынхаа хэсгийн төлөөлөгчид өргөдөл гаргаж хэсгийн төлөөлөгч Ган-Эрдэнэ байцаагч шалгаад эрүүгийн хэрэг үүсгээд прокурор дээр ирэхэд С нөгөө л гарагадаг зангаа гаргаад надаас болон ээж дүү нараас маань уучлалт гуйгаад гэмгүй царайлж байгаад тэгээд дахин охиноо бодоод мөн урьд нь С олон жил шоронд явсан хөгшин хонины насгүй болсон охиноо бод гэх зэргээр надаас гуйгаад байхаар нь би өрөвдөөд гомдолгүй гээд хэргийг хаалгасан.
...2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 17 цагийн алдад намайг гэртээ ирэхэд С архи уусан согтуу орилоод байсан.
...би айгаад унтаж байсан ор луу нь орж хэвтсэн. Тэгсэн чинь бэлэг эрхтэнг барьж үзээд хэнтэй янхандаж яваад ирсэн юм. Яахаараа бэлэг эрхтэн чинь хүйтэн, нойтон байдаг юм гээд миний үтрээ рүү гараа бугуй хүртлээ оруулаад эргэж гаргах үедээ бэлэг эрхтэнг маань урсан. Ингээд бие өвдөөд би ёолоод тэгсэн ээж гүйгээд ороод ирсэн. Ээж ирэхэд гэр харанхуй байсан ээж тэмтэрч байгаад гэрэл асаагаад харсан чинь С ийн гар цус болсон байсан.
...тэгээд сумын эмнэлэг, цагдаа дуудсан. Сумын цагдаа ирээгүй, сумын эмч Отгонбаяр ирж үзээд Дархан явж нарийн мэргэжлийн эмчид үзүүлээрэй гэсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 10-12 дугаар хуудас/,
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Л-ийн өгсөн: “Би ...... сумын эмнэлгийн жолоочийн ажлыг 2012 оноос хойш одоог хүртэл хийж байгаа. 2012 онд байхаа эмнэлэгт ирсэн дуудлагаар эмчтэй очсон эмч нь хэн байсныг санахгүй байна. Тухайн үед М гийн гэрт дуудлагаар очиход хажуу айл болох Б-ын гэрт М нь хөл нүцгэн хөл нь хүйтэнд хайрагдсан байдалтай байсан. М бидэнд нөхөр С согтуу агсан тавьж зодоод гэрээс хөл нүцгэн хөөж гаргаад хөлөө хүйтэнд хайруулчихлаа гэж байсан. Тэгээд эмнэлэгт хүргэж ирсэн. Цааш нь юу болсоныг мэдхгүй байна. Сая 2015 оны 09 дүгээр сард өдрийг нь санахгүй байна шөнө үүрээр шахам М гийн гэрээс дуудлага ирсэн. Эмч О-тай явж очиход М гэртээ бэлэг эрхтэнээсээ цус алдсан өмдний салтаа хэсэгтээ цус болсон байдалтай явахдаа их зовиуртай байгаа бололтой байсан. Нөхөр С нь тийм ч их согтуу биш, бага зэргийн согтолттой байсан. М гэмтсэн талаараа эмчид ярьж хэлсэн. Энэ талаар би сонсоогүй. Учир нь С хажуугаар нь чанга чанга “наад янханаа аваад яв” гээд орилоод байсан. Тэгээд М г эмч бид 2 эмнэлэг дээр авч ирсэн. Мөн цааш нь юу болсоныг мэдэхгүй байна. Гэрт нь очиход орны гудсан дээр нь цус болсон байна” гэх мэдүүлэг /хэргийн 60 дугаар хуудас/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Э-ийн өгсөн: “М эгч бид 2 хамт ажилладаг. Ажлаасаа тараад гэртээ харих болгондоо надад “гэрт С архи уусан ирсэн болов уу, яасан бол агсам тавиад хэцүү байдаг юм гээд айж эмээж байгаад л явдаг. Тэгээд маргааш нь ажилд ирэхдээ С ахад зодуулсан бол бүлцийтэл уйлсан, нойр муутай хоносон байдалтай ирээд “шөнжингөө С намайг хий дэмий хардаж цохиж зодоод хэцүү, унтаж ч чадсангүй гээд ярьдаг. С ах өөрөө их ааш авир муутай ажил төрөл хийхгүй эхнэрээрээ тэжээлгэдэг байж эхнэрээ аймар аймар хэлж доромжилдог.
... Н.М эгч 2015 оны 09 дүгээр сард бэлэг эрхтэнээ уруулж гэмтэхээс хэд хоногийн өмнө “сандалаар цохиулаад” зүүн гар нь булчин хэсэгтээ хөхөрсөн ирсэн. Цагдаад ханд гэхэд хэрэггүй гээд байдаг. Жижиг жижиг хөхөрч гэмтэж ирсэн үе М эгчид олон байгаа...” гэх мэдүүлэг /хэргийн 63-64 дүгээр хуудас/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч М.М-ийн өгсөн: “...С ахын дарамтаас айгаад би сургуулийнхаа дотуур байранд байж байгаад 2015 оны 10 дугаар сараас хойш цагдаа С ахыг бариад явсанаас хойш гэртээ ээж дүү хоёртойгоо хамт амьдарч байна.
...ээжийгээ маш их өрөвддөг. Том болоод ээжийгээ, дүүтэйгээ хол газар луу аваад явна гэж боддог. Одоо би С ахтай ойрхон хамт амьдархаас үнэхээр их айж байна.” гэх мэдүүлэг /хэргийн 67-68 дугаар хуудас/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Ч-ийн өгсөн: “2009 оны зун С охины маань биеийг хөх няц болтол нь зодож байсан. Тэр шөнө би гэртээ унтаж байтал М шөнө 1-2 цагийн алдад ээжээ би ирлээ гээд орж ирээд гэрлээ асаахгүй орон дээр хэвтээд өгсөн. Тэгсэн М нэг л зовиуртай шанлаад байсан. Тэгэхээр нь зүгээр лав биш байна гээд гэрэл асаагаад хартал М хүн харахын эцэсгүй, толгойтой үс нь цустайгаа наалдсан, нүүр, нүд бие нь бүрэн хөхөрч няцарсан, зүүн гуяны ар хэсэгт нь алга дарам газар юмаар ухаад авсан юм шиг шархтай, цус гоожоод өөрөө ухаантай ухаангүй хэвтэж байсан. Тэгэхээр нь би хүүшээ юу болсон гээд сандараад хөнжлөөр охиноо ороогоод .......-ны эмнэлэг дээр аваачаад тэндээсээ Дарханы эмнэлэгт хүргэж гэмтэлд 10 хоног хэвтсэн. Охиноосоо болсон явдлыг асуухад С хөдөө хүнгүй газар аваачиж байгаад 40 битоноор охины минь нурууруу цохиж, гахай ороолгодог тороосоор оролгож, гуяны шархыг нь алхаар цохисон, тэгээд тэнд байдаг тогтоол усанд шидсэн. Охин ингээд хөл нүцгэн, бандааш, левчигтэйгээ үс нь тоос шороо болсон ирсэн. Тэгээд энэ байдлыг нь манай сумын хэсгийн төлөөлөгчид өргөдөл өгч хэрэг үүсгэн шалгаж байсан. Тэгсэн С өдөр шөнөгүй охиноос минь мөргөж сөгдөөд гуйгаад олон жил шорон оронгоор явлаа, насны бөгсөнд нарсанд биш наранд үхье гээд гуйгаад байхаар нь М уучлаад прокурор дээрээс салгаж авсан. Үүнээс хойш огт засраагүй архи тогтмол уугаад уухаараа цохиж зодоод л М г цагдаад хандаач гэхээр хэрэггүй нас нь шоронгийн ая даахгүй гээд хөдөлдөггүй.
Тэгээд 2012 оны өвөл шиг санж байна. Нэг шөнө унтаж байхад миний гар утас дуугараад аваад ярьсан арын айлынх нь Г ярьсан. Г Б-ийн хөл нь хөлдсөн байна яаралтай хүрээд ирээч гэхээр нь нэгэнт хөлдсөн юм бол эмч хэрэгтэй гээд Ж эмчийг дуудаж машинтай ирэхэд Г-ийн байшинд түмпэнд хүйтэн ус хийгээд М гийн хөлийг дүрсэн байсан. М гаас яасан юм гэхэд М С согтуу агсан тавиад зодоод өмд бандаашийг нь суга татаж гутлыг нь тайлж хаяад амь зугтаж гарч ирсэн тэгээд хөл нүцгэн амь зугтаж гарч ирсэн. Тэгээд хөл нүцгэн цасан дээгүүр гүйсээр Г-ийнд орж ирсэн байсан. Дархан орж эмнэлэгт хэвтсэн.
Ингээд хамгийн сүүлд үтрээгээ гэмтээхийн өмнө буюу 2015 оны 09 дүгээр сарын сүүлээр өдрийг нь санахгүй байна С нөгөө л охиныг зоддогоороо л гэртээ ороход нь гарт таарсан юмаа авч шидээд зодуулж цохиулаад манай гэрт 2 хоносон. Тэгсэн хэрэг явдал болдог орой М г ажлаасаа ирэхэд бас л орилдгоороо орилоод согтуу байсан. Тэгээд С ийг орилоод байхаар нь М манайд унтаж байгаад С орилох нь гайгүй боллоо унтсан байх гэртээ орлоо гээд орсон. Тэгээд удалгүй 15 орчим минутын дараа унтах гэсэн нойр хүрдэггүй гараад тамхи татаж байтал М бархираад ээжээ аллаа гээд байхаар нь ороод гэрийнх нь унтраалгыг мэддэг тул асаатал гэрийнхээ зүүн талын орон дээр М зүүн гуяндаа бандааш өмд нь байсан, баруун талын хөл шалдан байхаар нь би М г юу болоод байгаа юм гээд гарнаас нь татал бэлэг эрхтэнээс нь цус гоожоод эхэлсэн. Тэгэхээр нь яачихваа гэхэд орных нь гудас хөнжил нь цус болсон байсан. С ийг хартал баруун гарын бугалга хэсэг нь урагшаа нилэнхүйдээ цус болсон, цустай гараараа тамхи ороож байсан ба яаж байгаа юм бэ С ээ чи гэхэд хэнтэй унтаж хэвтсэн нойтон хуурай байгааг үзэж заар байна уу гэж шалгасан юм гээд хэнэг ч үгүй орилоод байсан. Тэгээд эмнэлэг аваад явсан.
... Энэ бүхээс гадна С охиныг минь жижиг жижиг зөндөө л цохиж зоддог байсан. С намайг бол хар Ч , алаа худалддаг гэж байнга доромжилдог, мөн өөрийнх нь нохой баавгайгаа дуудаад нохойгоо “энэ 2-ыг шаа” гээд М , бид 2-ыг доромжилдог, тэгсэнээ М г чамтай сууж байхаар ээжтэй чинь суудаг байж гэж намайг доромжилдог...” гэх мэдүүлэг /хэргийн 70-75 дугаар хуудас/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.М ын өгсөн: “...С эгчийг маань байнга зодож цохидог эгчийг 2009, 2012 мөн сая 2015 оны 09 дүгээр сард айхтар том зодож гэмтээж байсанаас бусдаар байнгын зодож биеийнх нь энд тэндгүй хөхөрүүлдэг. Би ...... ажиллаж байхад М эгчийг С зодчихлоо эгч чинь үхлээ ирж яаралтай эгчийгээ эмнэлэгт үзүүл гээд ээж надруу утсаар хашхирна. Тэгэх болгонд нь би унаа машинаа бариад л дуудлагын эмч шиг яваад очдог байсан.
2009 онд намайг Дарханд байж байхад зун ээж над руу шөнө эгч чинь эмнэлэг дээр үхэх гээд хэвтэж байна гэхээр нь би яваад очтол ......-ны эмнэлэг дээр М эгч биеийн бүтээлгээр ороосон бүх бие нь хөх няц болсон хамаг хувцас нь норсон хувцасны гадна талаар намаг болсон мөн шарх руу нь шороо орсон үс толгой нь сэрийсэн цус шороо болсон үстэй нүүрийг нь хараад би эгчийгээ таниагүй аймаар болсон байсан. Тухайн үед эгчийнхээ энэ байдлыг хараад шууд уйлаад ухаан балартаад тэгээд өөрийнхөө машинд суулгаад Дарханд авч ирж Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт хэвтүүлсэн. Эмчилгээ сайн хийсэн.
Тухайн үед эгчийгээ салгаж авах гэж .......... аймаг руу ажил хийлгэхээр явуулсан. 2 сар гаран эгч минь С ээс зугтаж өөр орон нутагт ажил хийж байхад С ээжийн маань гэрт өдөр бүр орж ирж агсан тавьж ээжийг зовоогоод ээж бүр сүүлдээ тэсэхээ байгаад эгчийг дуудаж чи өөрийнхөө үйлийг өөрөө эдэл гээд дуудаж авч ирсэн.
Түүнээс хойг С эгчийг өдөр бүр согтуу зодож дарамтлаад 2012 оны өвөл 1 сард эгчийг гэрээсээ хөөж гаргаад хөл нүцгэн эгч маань С ээс зугтаж яваад хөлөө хөлдөөсөн байсан. Эгч маань арын айлдаа хөл нүцгэн орж амь аврагдсан байсан.
...Тухайн үед намайг Дарханд байхад ээж эгчийг Дарханы нэгдсэн эмнэлэгт .......-ны эмнэлгийн машинаар хүргэж ирсэн. Ингээд гэмтлийн тасаг олон хоног хэвтсэн. 2 хөлний тавхайн хэсэгт том том цэврүү үсэрсэн тэр цэврүүг нь арьснаас нь хуулж авсан би эгчийгээ хэд хоног эмнэлэгт сахиж байсан. Энэ үйлдлийг нь цагдаад шалгуулсан боловч бас л гомдолгүй гээд эгч С ийг салгаад авсан байсан. Тэгээд энэ байдал нь засраагүй, дахиад л архи уугаад согтуу үедээ эгчийг маань зодож цохиод манай гэрийхэнийг хэл амаар доромжлоод амьдарч байсан.
Тэгээд 2015 оны 10 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө С эгчийг маань ..... сумын ..... дүгээр багийн ........ гэх газар гэртээ бэлэг эрхтэн рүү нь гараа хийж урж гэмтээсэн байсан. Энэ хэрэг болдогоос 2 өдрийн өмнө С архи уугаад согтуу эгчийг маань гэрээсээ хөөж гаргаад 2 өдөр гэртээ оруулаагүй. Тэгээд эгч манайд байж байсан. Тэгсэн тэр шөнө эгч нөхрийнхөө араас гэрлүүгээ орсон байсан. Удаагүй ээж хашхираад байхаар ээж С ахын гэрт яваад ороход М эгч догуураа шалдан угаадсныхаа хувин дээр суусан. Хувин дотор нилээд их цус гарсан байсан. Манай эгчийн үтрээнэс цус гарч байсан. Тэгээд би эгчийг яачихваа гэхэд С ахын баруун гар шуу хүртэл цус болсон, цустай гараараа тамхи ороогоод татах гээд байж байсан. Гэрийнх нь баруун талын орон дээр гудас нь нилээд их цус болсон байсан. Эгч надад “С миний үтрээрүү өөр эрэгтэй хүнтэй унтсан уу үгүй юу гэж шалгана гээд гараа хийсэн гэж байсан. Тэгэхээр нь би эгчээс биений чинь юм ирсэн байсан юм уу гэхэд үгүй гэсэн.... гэх мэдүүлэг /хэргийн 78-79 дүгээр хуудас/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ч.О-ын өгсөн: “ Би ........ аймгийн ............-д 2015 оны 09 дүгээр сарын 21-22-ны өдрүүдэд .......-ээр ажиллаж байсан. Тэр өдөр буюу 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 03 цаг 30 минутад ...... гэсэн дугаараас иргэн М аас “С нь эхнэр М гийн үтрээрүү гараа хийсэн цус их гарч байна ирж үзээч гэсэн дуудлагын дагуу 03 цаг 55 минутанд би ....... дүгээр баг гэрт нь очиж М г үзэхэд тухайн айлд М гаас гадна ээж Ч мөн дүү М , С нар байсан. С нь согтуу байсан. М гийн өмд салтаа хэсэгтээ цусаар бохирлогдсон, түмпэнд нь ёроол хэсэгт шингэн цустай, баримжаагаар 200 грамм орчим цус байсан. Тэр цусыг сая М гийн үтрээгээс гаргасан цус, өмд рүү нь цус гоожоод байхаар нь түмпэнд суулгаад гоожсон цус нь энэ байна гээд ээж Ч нь зааж надад харуулсан. Мөн гэрийн зүүн гудсан дээр цус болсон байсан.
...гэрт нь үзлэг хийх боломжгүй байсан тул эмнэлэг дээр машинтай авч ирээд түүний үтрээнд дотуур үзлэг хийхэд бэлэг эрхтэний бага уруул 2 см орчим урагдал шархтай, тухайн урагдалтай хэсгээс цус гарсан байдалтай байсан. Дотор хэсгийг нүдээр үзэх боломжгүй учир маргааш Дархан уруу явж үтрээний ЭХО-д харуулж урагдалтай хэсэгтээ очдол тавиулаарай гэж зөвлөөд М г явуулсан. Энэ талар эмнэлгийн дуудлага мэдээллийн журналд бичигдсэн байгаа.” гэх мэдүүлэг /хэргийн 58 дугаар хуудас/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Т.Б, О.Ч, Н.М , Г.Г , Г.Б , насанд хүрээгүй гэрч С.Х нарын мэдүүлэгүүд /хэргийн 56, 65-66, 70-75, 76, 78-79, 82, 83, 69 дүгээр хуудас/
Шүүх эмнэлгийн шинжээчийн 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 1166 тоот дүгнэлт: “М гийн биед бэлгийн бага уруулын урагдлын зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэх боломжтой. ГЗТЖ-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” /хэргийн 85 дугаар хуудас/
Шүүх сэтгэц гэм судлалын эмнэлэгийн 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 95/15 тоот магадлал “Г.С нь сэтгэцийн хувьд эрүүл тул болж өнгөрсөн үйл явдлыг бодитоор тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. Г.С нь хэрэг хариуцах чадвартай” /хэргийн 90 дүгээр хуудас/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 117 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Г.С нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хардалтын улмаас өөрийн эхнэр Н.М г 2009 оны 07 дугаар сарын 13-наас 2009 оны 07 дугаар сарын 14-нд шилжих шөнө төмөр утсан шилбүүрээр ороолгон бие махбодид “зүүн гуян дахь шарх, нүүр их бие, мөчдийн зөөлөн эдийн цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан,
2012 оны 01 дүгээр сарын 20-ноос 2012 оны 01 дүгээр сарын 21-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн гэртээ “хоол хийж өгсөнгүй” хэмээн шалтаглан нүүрэн тус газар өшиглөн зодож “ална” хэмээн заналхийлсний улмаас Н.М нь хөл нүцгэн гарч зугтаан улмаар бие махбодид нь “нэг шүдний мултрал, хөлийн тавхайн зөөлөн эдийн 1 дүгээр зэргийн хөлдөлт” бүхий хөнгөн гэмтэл учруулсан
Мөн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2015 оны 09 дүгээр сарын 22-ноос 2015 оны 09 дүгээр сарын 23-нд шилжих шөнө 02 цагийн орчим ....... аймгийн Орхон сумын ....... дүгээр багийн нутаг ....... газар гэртээ эхнэр Н.М г бусадтай хардан яахаараа бэлэг эрхтэн чинь хүйтэн, нойтон байдаг юм гэж үтрээ рүү нь гараа /бугуй хүртлээ/ оруулж гараа гаргах үедээ бэлэг эрхтэний нь урж бие махбодид нь “бэлгийн бага уруулын урагдал” бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулан удаа дараалан байнга зодож тарчлаасан, Г.С дээрхи хугацаанд удаан хугацааны турш байнгын хэвшмэл шинжтэй Н.М г гэмтэл учруулахгүйгээр байнга зодож түүнд сэтгэл санааны болон бие махбодийн өвдөлт /хөхрөлт, зулгаралт, цус хуралт/, шаналал учруулан гэр бүлийн хүчирхийлэлд байлгаж зодож тарчлаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж судлагдсан мөрдөн байцаалтын шатанд хохирогч Н.М гийн өгсөн мэдүүлэг /хэргийн 10, 12, 191-192 дугаар хуудас/, шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.М ын өгсөн мэдүүлэг /хэргийн 78-79 дүгээр хуулас/, гэрч С.Ч /хэргийн 70-75 дугаар хуудас/, Ч.О /хэргийн 58 дугаар хуудас/, Д.Л /хэргийн 60 дугаар хуудас/, гэрч Х.Б /хэргийн 61-62 дугаар хуудас/, гэрч Б.Э /хэргийн 63-64 дүгээр хуудас/, насанд хүрээгүй гэрч М.М /хэргийн 67-68 дугаар хуудас/, шүүх эмнэлгийн шинжээчийн 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 1166 тоот дүгнэлт /хэргийн 85 дугаар хуудас/ хохирогчийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан баримтууд /хэргийн 20-35 дугаар хуудас/ болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.С нь хохирогч Н.М г зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан мөн гэмтэл учруулахгүйгээр бие махбодийг өвтгөж зовоох, айлган сүрдүүлж сэтгэл санааг зовоон тарчлаах шинжтэй үйлдлүүдийг удаа дараа хийж байсан нь шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан нотлох баримтуудаар нотлогдсон болно.
Шүүгдэгч Г.С ийн өмгөөлөгч хэргийн зүйлчлэлийг 99 дүгээр зүйлийн 99.1 болгон өөрчлөн зүйлчлэхээр мэтгэлцэж байгааг шүүх хүлээн авах үндэслэлгүй, шүүгдэгч Г.С ийн дээрхи үйлдлүүд нь тарчлаах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байх тул түүнийг бусдыг зодож тарчлаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хорих ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хохирогч Н.М шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Г.С эд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр ангиллын гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөлд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг нь харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.С нь энэ хэрэгт 2015 оны 10 дугаар сарын 09-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл 102 хоног цагдан хоригдсон тул эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 295, 296, 297, 298 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар Г.С эд 01 жил 06 сар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч Г.С -д оногдуулсан 01 жил 06 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар шүүгдэгч Г.С нь энэ хэрэгт 2015 оны 10 дугаар сарын 09-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 20-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 102 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.С -д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.С -д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.МӨНХТУЯА