| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 171/2016/0016/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/29 |
| Огноо | 2016-01-21 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | Д.Энхтуяа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 2016/ШЦТ/29
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2016/0016//Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа,
Хохирогч Б.Ж,
Шүүгдэгч Б.А /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан сэжигтэнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн А овогт Б-ийн А-д холбогдох 201509000790 дугаартай эрүүгийн хэргийг 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, А овогт Б-ийн А /РД:............... /, ....... аймгийн ...... суманд ...... оны ...... дүгээр сарын ..... -ны өдөр төрсөн, ... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “...... ” их сургуулийн хууль зүйн сургуулийн ...... дүгээр курсын оюутан, ам бүл ..... , ................. нарын хамт ....... аймгийн ........ сум …..... дугаар баг ...... дугаар хорооллын ....... тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй
Шүүгдэгч Б.А нь 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 00 цагийн орчим ...... сумын 13 дугаар багт байрлах …..... баарны орчим иргэн Б.Ж-г хувийн таарамжгүй харьцааны улмаас хамар руу нь мөргөж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд бичигдсэн байдлаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
-Шүүхийн хэлэлцүүлэгт:
-Шүүгдэгч Б.А-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “…хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэх мэдүүлэг,
-Хохирогч Б.Ж-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “…Б.А гаас анх 1000000 төгрөг нэхэмжилсэн боловч ар гэрийн байдлыг нь харгалзан үзээд 800000 болгож өөрчилсөн. Өчигдөр Б.А хохирол барагдуулсан, бид сайн дураараа эвлэрсэн, одоо би гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. Шүүгдэгчид хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,
-Гэрч С.О-ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “…2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 22 цаг 20 минутын орчим би найз Х , А нарын хамтаар ........ бааранд орж үйлчлүүлсэн бөгөөд тухайн бааранд би нэг шил пиво уусан. Харин манай хоёр 100 грамм архи ууцгаасан. Би тухайн бааранд орохоосоо өмнө эгчийнхээ хуриманд байж байгаад ирсэн бөгөөд хуриман дээр 200 грамм архи уусан байсан. Ингээд баарнаас 23 цаг 30 минутын үед гарсан бөгөөд Х намайг Д гэх охинд янз бүрээр хэлсэн байсныг би Х-д хэлж бид хоёр хоорондоо маргалдсан. Харин А бид хоёрыг салгах гэж оролдож байсан. Тэгж байхад Х-ийн найз М , Ж нар ирээд “та нар болиоч ээ, жаахан юм байж, хүүхэдтэй юм байж хариач гичий нар минь” гээд намайг Ж нь хэлсэн. Тэгсэн чинь А “чамд ямар хамаатай юм, бид нар угаасаа харих гэж байна” гээд Ж-тай маргалдсан. Тэгсэн чинь Ж нь “би ч гэсэн хүүхэдтэй хүн, би та нараас хамаагүй эгч, хариач одоо гичий нар минь” гээд хэлсэн чинь А тэр Жаргалзаяа гэх охиныг мөргөчихсөн.” гэх мэдүүлэг /хэргийн 13 дахь тал/,
-Гэрч Э.Х-ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “… 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр би найз А-тай 19 цагт уулзаж хоёулаа хамт ......... руу явж ....... үзэж байгаад сонирхолгүй санагдахаар нь дундаас нь бид хоёр гараад ...... бааранд 22 цагийн үед орсон.
…О-г Ж гэх охин “чи одоо хүүхэдтэй юм байж хүнтэй хэрэлдэхээ болиоч” гэсэн. Тэгсэн О “чамд ер нь ямар хамаатай юм бэ?” гэхээр нь Ж “би чамайг бодвол 3 хүүхэд төрүүлсэн бацаан минь” гэснээ “эргүү гичий вэ?” гээд хэлчихсэн. Тэгсэн тэр яриаг нь А сонсчихоод “чи хэнийг гичий гээд байгаа юм бэ?” гээд Ж руу очиход А-ийн хоёр гарыг Ж бариад авсан. Тэгсэн чинь А тухайн Ж гэх охины хамар руу мөргөчихсөн. Тэгсэн нөгөө охин хамраа дараад зогсож байсан бөгөөд хамарнаас нь цус гарч байгаа зүйл харагдаагүй.” гэх мэдүүлэг /хэргийн 14 дэх тал/,
-Гэрч Д.М-ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “…А гэх охин Х-ийн таньдаг охин Ж-ийн хамар уруу нэг удаа мөргөчихсөн. Би тэгээд явж очоод “яаж байгаа юм бэ?” гээд тэр гуравт хэлэхэд нөгөө гурван охин шууд яваад өгсөн.” гэх мэдүүлэг /хэргийн 16 дахь тал/,
“…Б.Ж-ийн биед хамар ясны битүү хугарал, таславч муруйсан зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 1296 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 18 дахь тал/,
-Шинжээч С.Б-ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “…Б.Ж нь надад үзүүлэхдээ чих хамар хоолойн эмчид үзүүлсэн амбулторын карттай ирж үзүүлсэн бөгөөд тус үзлэгт Б.Ж-ийн хамрын таславч мурийсан, хамар ясны битүү хугарлын гэмтэлтэй байсан. Тухайн эмэгтэйг үзэхэд хамрын хянга нуруу нь хавантай байсан. Тэгэхээр хавантай байна гэдэг нь хамрын шинэ хугарлын гэмтэл гэсэн үг юм. Хэрвээ хуучин гэмтэл байсан бол тэр эмэгтэйн хамар нь хавантай байхгүй байх байсан. Мөн хуучин гэмтэл буюу хаван нь буусан байсан бол хянга нуруу мурийлт, таславчийн мурийлт нь энгийн нүдээр харахад мурийсан нь харагдах байсан. Уг гэмтэл нь хамар руугаа мөргүүлснээс үүсэх боломжтой.” гэх мэдүүлэг /хэргийн 24 дэх тал/,
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 39 дэх тал/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч Б.А нь 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 00 цагийн орчим ........ аймгийн ....... сумын ….. дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ....... баарны орчим иргэн Б.Ж-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар хамар уруу нь мөргөж, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Б.Ж ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “миний хамар уруу мөргөсөн” гэх мэдүүлэг, гэрч С.О-ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “…А тэр Ж гэх охиныг мөргөчихсөн.” гэх мэдүүлэг /хэргийн 13 дахь тал/, гэрч Э.Х-ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “…тэгсэн чинь А тухайн Ж гэх охины хамар руу мөргөчихсөн. Тэгсэн нөгөө охин хамраа дараад зогсож байсан бөгөөд хамарнаас нь цус гарч байгаа зүйл харагдаагүй.” гэх мэдүүлэг /хэргийн 14 дэх тал/, гэрч Д.М-ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “…А гэх охин Х-ийн таньдаг охин Ж-ийн хамар уруу нэг удаа мөргөчихсөн.” гэх мэдүүлэг /хэргийн 16 дахь тал/, “…Б.Ж-ийн биед хамар ясны битүү хугарал, таславч муруйсан зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.” гэх 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 1296 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 18 дахь тал/, шинжээч С.Б-ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “…тухайн эмэгтэйг үзэхэд хамрын хянга нуруу нь хавантай байсан. Тэгэхээр хавантай байна гэдэг нь хамрын шинэ хугарлын гэмтэл гэсэн үг юм.” гэх мэдүүлэг /хэргийн 24 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.
Шүүхийн шатанд шүүгдэгч нь хохирогч Б.Ж-д 800000 төгрөгийн хохирлыг барагдуулсан /хэргийн 75 дахь тал/-д байх тул шүүгдэгч Б.А-г гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураар бүрэн төлж барагдуулсан байна гэж үзлээ.
Шүүгдэгч Б.А-ийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хэргийн 39 дэх талд/ байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Б.А нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан, хохирогч Б.Ж нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх хүсэлт /хэргийн 75-76 дахь тал/ гаргаж байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-т заасан үндэслэлээр Б.А-д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Б.А-г эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.А нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаад
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон Тогтоох нь:
1.Шүүгдэгч А овогт Б-ийн А-г бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар шүүгдэгч А овогт Б-ийн А-д холбогдох 201509000790 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Б.А-г эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч Б.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай
4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А-д бусдын батлан даалтад өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.А-д бусдын батлан даалтад өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ