Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 101/ШШ2020/02792

 

 

 

 

 

 

 

 

 

                                 2020          08          07  

   101/ШШ2020/02792

 

 

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                              

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Н.Б нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: О.Х холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 600,900 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Б, хариуцагч О.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Билэгсайхан нар оролцов.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

           

Нэхэмжлэгч Н.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Н.Б би О.Хтай 2018 оны 7 дугаар сарын 22-ны өдөр “Барьцаат зээлийн гэрээ” байгуулан 280,000 төгрөгийг 8 хувийн хүүтэй, 7 хоногийн хугацаатайгаар зээлүүлсэн. Барьцаат зээлийн гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан. Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч О.Х нь зээлийн төлбөрөө төлөөгүй өнөөг хүрч байна. Зээлийн гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0,5 хувийн алданги тооцож, 642 хоногийн алданги 297,600 төгрөг, үндсэн зээлийн 280,000 төгрөг, түүний хүү болох 22,400 төгрөг, нийт 600,000 төгрөгийг хариуцагч О.Хаас гаргуулж өгнө үү гэв.

                       

Хариуцагч О.Х шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2018 онд iphone6 утсыг барьцаалан, зээлээр 80,000 төгрөгийг авсан бөгөөд түүнээс хойш 1-2 хоногийн дараа эргүүлэн авч байсан. Утсыг дахиж барьцаалж зээл авах гэсэн боловч ломбард хаасан байсан болохоор энэ хүнтэй холбоо барьж дансаар 180,000 төгрөгийг авч байсан. Утсаа өгөлгүйгээр тэгээд би 9 дүгээр сард БНСУ явсан, тэнд байхад фэйсбүүкээр холбоо барихдаа учир шалтгаанаа хэлээд очих хугацааг хэлсэн. 2019 оны 6 дугаар сард Монголд ирээд ломбард байсан газар очиход өөр байгууллага байсан. Үүнээс хойш огт холбоо бариагүй. 180,000 төгрөгийг дансаар авсан тул уг зээлд тохирох хүүгийн хамт төлөхөд татгалзах зүйлгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Н.Б нь хариуцагч О.Хд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 280,000 төгрөг, хүү 22,400 төгрөг, алданги 297,600 төгрөг, нийт 600,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

            Хариуцагч О.Х нь ломбарднаас зээл авсан, мөн дансаар авсан 180,000 төгрөгийг хүүгийн хамт төлөхийг зөвшөөрч, бусад шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.                   

            Хэрэгт “*******” ХХК-ийн О.Хтай 2018 оны 7 дугаар сарын 22-ны өдөр, 2018 оны 8 дугаар сарын 19-ний өдөр тус тус байгуулсан “Барьцаат зээлийн гэрээ” авагдсан байх бөгөөд нэхэмжлэгч Н.Б нь эдгээр гэрээний үүргийг хариуцагчаас шаардаж байна.

 

            “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Н.Б бүртгэгдсэн болох нь ******* дугаартай Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байх боловч Н.Б нь иргэнийхээ хувиар нэхэмжлэл гаргаж, дээрх гэрээнүүдийн үүргийг шаардаж буй нь үндэслэлгүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэл гаргах эрхгүй байна.

 

            Зүй нь дээрх гэрээнүүдийн үүргийг “*******” ХХК нь шаардах эрхтэй ба, Н.Б нь компаниас олгосон зээл гэж шүүх хуралдаанд тайлбарлаж байна.

 

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв. 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                              

ТОГТООХ нь:

    

            1. Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч О.Хаас зээлийн гэрээний үүрэгт 600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Н.Бийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.   

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Т.ЭНХЖАРГАЛ